Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 161/2022/0136/Э |
Дугаар | 2022/ШЦТ/133 |
Огноо | 2022-09-07 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/133
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дк даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2213000000165 дугаартай, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, яс үндэс Казак, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, тус аймгийн Цагааннуур тосгоны ерөнхий боловсролын сургуулийн зохицуулагч ажилтай, ам бүл-5, хадам эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овгийн Б-ны Б.Б, регистрийн дугаар БМ84070503
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арман” нэртэй байрны 4 давхрын 11 тоотод оршин суух, хохирогч R P-ын орон сууцанд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд цэвэрлэгээ хийх явцдаа чемодан дотор байсан 2400 доллар, 15000 рупиг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Монгол төгрөгөөр 8091822 төгрөгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.1. Улсын яллагч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
1.2 Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
2. Эрүүгийн 2213000000165 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. Иргэн С.А-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-12 дахь тал/,
2.3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 22/34 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
2.4. СD-нд хуулбарласан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
2.5. Иргэн Б.Б болон хохирогч Ram Prakash нараас мөрдөгчид гаргаж өгсөн тайлбар хүсэлт /хавтаст хэргийн 29-32 дэх тал/,
2.6. Хохирогч хохирогч Ram Prakash-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42, 46 дугаар хуудас/,
2.9. Монгол Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/52 дугаартай албан бичиг, хохирлын хүснэгт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
2.10. Яллагдагч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Бөөс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4.1. Шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арман” нэртэй байрны 4 давхрын 11 тоотод оршин суух, хохирогч Ram Prakash-ын орон сууцанд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд цэвэрлэгээ хийх явцдаа чемодан дотор байсан 2400 доллар, 15000 рупиг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Монгол төгрөгөөр 8091822 төгрөгийг хулгайлсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
4.1.1. Иргэн С.Аблайханаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
4.1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-12 дахь тал/,
4.1.3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 22/34 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
4.1.4. СD-нд хуулбарласан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
4.1.5. Иргэн Б.Б болон хохирогч Ram Prakash нараас мөрдөгчид гаргаж өгсөн тайлбар хүсэлт /хавтаст хэргийн 29-32 дэх тал/,
4.1.6. Хохирогч R P-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймагт ажиллах хугацаанд өөрийнхөө хэрэгцээндээ хэрэглэхээр “АЙСИТИ” ХХК-иас надад 3500 гаруй доллар авч ирж байсан санагдаж байна. Улаанбаатар хотоос авч ирсэн доллароос хэрэгцээндээ хэрэглээд үлдсэн байсан 2400 доллар, Энэтхэг улсын 15000 рупеег Өлгий сумын 5 дугаар багт байрлах 1-18 байрны 11 тоотод хадгалж байгаад гэрээсээ алдсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...,
...Би тухайн мөнгийг унтлагын өрөөний хувцас хийдэг шүүгээний дээр байсан ба хар өнгийн том цүнх дотор бор өнгийн жижиг цүнхэнд 900 гаруй задгай доллар, уг цүнхэнд эхнэрийн түрийвч байсан ба уг түрийвчинд 1500 гаруй доллар нийт 2400 доллар, мөн бор өнгийн жижиг цүнхэнд задгай 15000 рупиг бас хадгалж байсан...,
“...Б.Б нь надад учирсан 8091822 төгрөгийн хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулж өгөөгүй байгаа бөгөөд Б.Б нь надад анх 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэргээ хүлээж уучлалт гуйх үедээ учирсан хохирлыг 4 сарын дотор бүрэн барагдуулж өгнө гээд баталгаа бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42, 46 дахь тал/,
4.1.7. Гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн орчимд надад Рам гэх хүн надад байхгүй хооронд гэрт их цэвэрлэгээ хийгээрэй гэж хэлээд гэр бүлээрээ Ховд аймаг руу явах үед нь би гэрт нь үлдээд тус айлд их цэвэрлэгээ хийгээд 15 цагийн орчимд гарсан. Тус орой нь Ботагөз эгч над руу залгаад Рам гэртээ байгаа юу? маргааш гэртээ байх уу? гэж асуусан. Би Рамыг Ховд аймаг руу явсан талаар хэлэхэд маргааш Рамын гэрийг хамт цэвэрлэнэ шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би Рамын гэрт 16 цаг 15 минутад би ирсэн ба араас 16 цаг 30 минутын орчимд Ботагөз эгч ирсэн. Би хувцас индүүдэж байсан тухайн үед Ботагөз эгч чийгтэй цэвэрлэгээ хийж байсан ба надад хэлэхдээ Рамын гэр бүлд намайг ирсэн гэж битгий хэлээрэй гэж хэлсэн. Таныг Рам ирж цэвэрлэгээ хий гэж хэлээгүй юм уу? гэж асуухад над руу Рам залгаад шалгаарай гэж хэлсэн гэж байсан. Тэгээд бид 2 цэвэрлэгээ хийж эхэлж байх үед би хүүхдийн өрөөнд хувцас индүүдэж эвхэж байх үед Ботагөз эгч би гадагшаа гараад хүнд юм өгчхөөд ирье гэж хэлээд гараад 10-15 минутын дараа эргэж ирээд гялс цэвэрлэгээгээ дуусгаад явцгаая гэж хэлсэн. Тэгээд хурдан хугацаанд цэвэрлэгээ хийгээд 17 цаг 30 минутын орчимд Рамын гэрээс Ботагөз эгч бид 2 гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
4.1.8. Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хохирогч Рамыг дагуулж мөн Б.Бийн хамт гадна гарч уулзахад Б.Б нь танай гэрээс алга болсон бэлэн мөнгийг би авсан юм, намайг уучлаарай, би бүх буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх зэргээр Рамаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58, 60 дахь тал/,
4.1.9. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг зөвшөөр байна. ... 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би өглөөнөөс 16 цаг хүртэл гэртээ их цэвэрлэгээ хийсэн бөгөөд урд өдөр нь П.Рамын гэрийн үйлчлэгч Жайнагүлтэй хамт П.Рамын гэр цэвэрлэхээр ярьж тохиролцсон байсан ба Жайнагүл бид хоёр хоорондоо утсаар ярьж тус өдөр 16 цагт П.Рамын гэрт очиж их цэвэрлэгээ хийхээр тохиролцсон юм. Би 16 цаг 30 минутын үед П.Рамын гэрт очиход Жайнагүл нь оччихсон П.Рамын гэр цэвэрлэж байсан...,
...Би П.Рамын гэрт ирэх үед Жайнагүл нь хувцас индүүдэж байсан бөгөөд би унтлагын өрөөний тоос шороог нь арчина гээд унтлагын өрөөд ороход хувцасны шүүгээн дээр хар өнгийн чемодан байсан. Уг чемоданыг онгойлгоод дотор нь байсан түрийвчтэй мөнгө байсныг аваад өөрийнхөө гар цүнхэнд нууж хийгээд П.Рамын гэрийг цэвэрлэж дуусаад П.Рамын гэрээс гараад шууд гэр рүүгээ харьсан юм. Түүний дараа би гэртээ очоод цүнхээ онгойлгоод П.Рамын гэрээс авсан түрийвчтэй мөнгийг үзэхэд түрийвчинд нийт 2400 доллар, 15000 орчим рупи байсан юм...,
...би тухайн чемоданыг онгойлгохдоо ямар нэгэн багаж зэвсэг ашиглаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
5.3. Шүүгдэгч Б.Б нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
5.4. Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж 2400 доллар, 15000 рупиг хулгайлж, Ram Prakash-д 8091822 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ram Prakash-д учирсан хохирлыг 4 сарын дотор төлж өгнө гэж гарын баримт өгсөн тул шүүгдэгч Б.Б нь хохирогч Рам Пракашт 8091822 төгрөгийн төлбөртэй байна гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүгдэгч Б.Б нь амар хялбар аргаар шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэлгүй бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгөнд хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
2.4. Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
2.6. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 7 /долоо/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын болон, Ногооннуур сумын Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
2.7. Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 7 /долоо/ сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
2.8. Хэрэв шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
2.9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
2.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
2.11. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Баы Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын болон Ногооннуур сумын Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бээс 8091822 /найман сая ерэн нэгэн мянга найман зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Р П-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан СD дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д