Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт /илтгэгч шүүгч/ даргалж, Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, шүүгч Б.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

            Нэхэмжлэгч: ХА АТТД Б.Г нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ХА МХГ-т холбогдох,

            Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Г нар /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХА-ийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г, түүний өмгөөлөгч Э.Ц, иргэдийн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганжууржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь иргэн Ө.Б-тай харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ХЭ17/03 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба Хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлийг тохирно гэсний дагуу Хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалингийн хэмжээ 395500 төгрөг байхаар харилцан тохиролцсон байхад акт тавьсан нь үндэслэлгүй байна.

            Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байна, 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно”, 231 дүгээр зүйлийн 231.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно”, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 231, 232 дугаар зүйлд заасан хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцож болно” гэж тус тус заасан. Мөн Хөдөлмөрийн гэрээнд тус үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 4 дүгээр сарын А/45 дугаар тушаалаар баталсан цалингийн сүлжээнд өөрчлөлт орсон тохиолдолд ажилтны үндсэн цалинд өөрчлөлт орж болно гэж заасан нь зайлшгүй цалингийн шатлалаар цалинжуулна гэсэн үг биш юм.

            Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид ажилтан гэх/-ийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ” гэж заасны дагуу тухайн иргэний харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс нь /547400 төгрөг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошоо ороогүй болно.

            Иймд иргэн Ө.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хууль зөрчөөгүй, Хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай 5946000 төгрөгийн акт тавьсан нь үндэслэлгүй байх тул Мэргэжлийн хяналтын хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаартай цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б овогтой Г нь ХА-ийн АТТДар ажилладаг. ХА-ийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Ггийн тавьсан цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай  2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаар актыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.Тухайн байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Авто тээврийн газарт Мэргэжлийн хяналтын газраас яагаад гэнэт шалгалт хийх болов? Даргыг нь буруутгах ашиг сонирхол байна гэж бодож байна. Ө.Б нь ажлын цагийг баримталдаггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авдаггүй байсан байна. Эдгээр зөрчлийн улмаас цалинг нь туршилтын ажилтнаар өгч байсан болов уу. Улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Авто тээврийн төвд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тус байгууллагын сахиул Ө.Бийн цалинг туршилтын хугацааныхаар 2017 оны 5 дугаар сараас эхлэн олгосон зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн, цалингийн зөрүүг нөхөн олгуулах тухай актыг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тавьсан.

            Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны Б/587 дугаар тушаалаар Ө.Бийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сахиулаар 6 хүртэл сарын туршилтын хугацаагаар томилсон байсан. Уг 6 сарын хугацаанаас хойшхи хугацааны цалингийн зөрүүг тооцож гаргасан.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заасан. Уг заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн. Хуулийн заалт ийм байхад Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга нь сахиул Ө.Бийг 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын хугацаанд туршилтын ажилтнаар цалинжуулж, хохироосон байна.

            Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны А/50, 2019 оны А/13, 2019 оны А/144 тоот тушаалуудаар аймгийн Авто тээврийн төв, ...салбарын ажилтны албан тушаалын үндсэн цалингийн сүлжээг тус тус шинэчлэн тогтоосон. Ө.Бид олгох нөхөн төлбөрийг дээрх цалингийн сүлжээний дагуу тооцож гаргасан.

            Нэхэмжлэгч АТТ-ийндарга нь Ө.Бийг байгууллагын үйл ажиллагаанд оролцдоггүй, цагаа бүртгүүлдэггүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байгаагүй гэж тайлбарлаж байгаа ч Ө.Б нь сахиулаар томилогдон, цалин авч байсан тул түүнийг тус байгууллагад ажиллаж байсан гэж үзнэ. Иймээс өөрийн тавьсан актыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ггөөс 2021 оны 03 дугаар сарын 15-нд бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Г нь АТТ-ийндаргын хувьд захиргааг төлөөлөх эрх бүхий удирдах ажилтан мөн, удирдлагын үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын цалингийн сүлжээг баталсан тушаалуудыг мөрдөх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн, 0064003 тоот шийтгэлийн хуудсаар 150,000 төгргөөр торгохоор шийдвэрлэсэн.

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015.06.24-ны өдрийн А/115 тоот тушаалаар батлагдсан “аймгийн АТТ-ийннийтлэг дурэм”-ийн 3.1.2-д “...үйлдвэрийн газраас олгосон санхүүжилтийг батлагдсан хуваарь, зориулалтын дагуу зарцуулах” гэсний дагуу АТТ-ийндарга, нягтлан бодогч нар нь санхүүгийн 1, 2 дугаар гарын үсэг зурж, дээд шатны байгууллагаас ирсэн төсвийг захиран зарцуулах эрхтэй байна.

            Автотээврийн төвийн даргын чиг үүргийг биелүүлээгүй тул Автотээврийн төвд холбогдуулан акт тавьсан, ажилтан хүний цалин хөлс авах, адил албан тушаалд адил цалин авах эрхийг зөрчсөн тул тухайн АТТ-ийнданснаас уг актын биелэлтийг хангуулахаар дарга, нягтлан бодогч нарт үүрэг болгож актад дурдсан гэжээ.

       Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн нөхөн төлбөр олгох тухай акт нь хуульд нийцсэн, хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн, хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан,  ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй байдлыг олж тогтоож хүний эрх, адил хэмжээний цалин олгох, хүний үндсэн эрхийг хангуулах чиглэлээр тавигдсан акт гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хөндөгдсөн эрхийг сэргээх талаар хуульчилж өгсөн. Энэ утгаараа Мэргэжлийн хяналтын газар хүний эрхийг хэрэгжүүлж тухайн нутаг дэвсгэрт Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Төрийн хяналт шалгалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан дүрэм журмын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байдаг. Тухайн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Ө.Бийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу туршилтын хугацаагаар ажиллуулах хуулийн заалтыг зөрчиж 2 жил 7 сар туршилтын хугацаагаар ажиллуулж үндсэн цалин авах эрхийг хөндсөн.  Нэхэмжлэгч нь Ө.Б ажлаа хийдэггүй, зааварчилгаа өгөх гээд дуудахад ирдэггүй , ажлын цаг барьдаггүй байсан гэдэг. Ө.Бийн ажлаа хийдэггүй талаар хавтас хэрэгт авагдсанаар нотлогддоггүй. Хавтаст хэрэгт авагдсан Ө.Бийн  цалинг шүүгээд үзэхэд цалин хассан,  ажил тасалсан цаг, сахилгын арга хэмжээ авсан талаар нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгөөгүй байдаг. Ө.Б ажлаа хийхгүй байсан учир туршилтын хугацаагаар ажиллуулсан гэсэн үндэслэлгүй тайлбар өгдөг. Тухайн байгууллагад хөдөлмөрийн харилцаа олон жил зөрчигдөж байсныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч илрүүлж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан байдаг. Гэтэл Б.Г нь иргэн хүнийхээ хувьд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Б.Гын ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Г нь итгэмжлэлгүйгээр төлөөлж нэхэмжлэл гаргах эрх байхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт  нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэж заасан байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т  “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 Шүүх хуралдаанд оролцсон: Иргэдийн төлөөлөгч Ц.Э дүгнэлтээ:Цалингийн зөрүүг олгох нь зөв” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ХА-ийн АТТД Б.Г нь ХА-ийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Ггийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай” 22-01-001/05 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ХА-ийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Ггийн тавьсан цалингийн зөрүү нөхөн олгуулах тухай  2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаар актыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.Тухайн байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Хариуцагч ХА-ийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн АТТ-ийнүйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/587 дугаар тушаалаар тус төвийн сахиулаар томилогдсон Ө.Бид 2017 оны 5 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын хугацаанд туршилтын хугацааны цалин олгож байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, дутуу олгосон үндсэн цалингийн зөрүү болох 5946000 /таван сая есөн зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг нөхөн олгуулах тухай актыг 2020 оны 3 дугаар 17-ны өдөр Хэнтий аймгийн Автотээврийн төвд тавьжээ.

            Акт гарсны дараа зөрчлийн хэрэг нээж  /хх-28-81 дэх тал/, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 6, 8.1-д заасан шийтгэлийг холбогдогч Б.Гад оногдуулж, түүнийг 150,000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөр 5,946,000 төгрөг нийт 6,096,000 төгрөгийг төлөхийг даалгасан 0064003 шийтгэлийн хуудсыг /хх-39 дэх тал/ үйлджээ.

            Нэхэмжлэгч нь шийтгэлийн хуудастай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, талууд маргаагүй тул шүүх шийтгэлийн хуудсын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнарангийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/587 дугаар тушаалаар Ө.Бийг Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн сахиулаар 6 хүртэл сарын туршилтын хугацаагаар томилсон ба 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг төлөөлж захиргаа сургалт, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.М байгуулсан байна.

            Үүнээс үзэхэд ажил олгогч нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазар байна.

            Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай /хх-241дэх тал/ тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан ““Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын схемээс үзэхэд Хэнтий аймгийн Авто тээврийн төв нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь салбар болох нь тогтоогдож байна.

            Дээрх тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрэм /хх-242-248 дах тал/, аймгийн АТТ-ийндаргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хх-236-240 дах тал/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн А/115 тоот тушаалаар /хх-231-235 дах тал/ баталсан  “Аймгийн Автотээврийн төв”-ийн нийтлэг дүрмийн зохицуулалтаас дүгнэхэд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь салбар Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Гад захиргааг төлөөлж хөдөлмөрийн харилцаанд оролцож тус төвийн ажилтнуудыг ажилд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах, цалин хөлсийг тогтоох, олгох, эрх олгогдоогүй байна.

            Тухайлбал: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/129 тоот “Аймгийн Автотээврийн төв”-ийн нийтлэг дүрмийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай /хх-229 дэх тал/ тушаалын 1-т Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн А/115 тоот тушаалаар баталсан  “Аймгийн Автотээврийн төв”-ийн нийтлэг дүрмийн  4.2-т Төвийн дарга, менежер, техникийн үзлэгийн инженер, ахлах нягтлан бодогчийг Үйлдвэрийн газрын захирал томилж, чөлөөлнө” гэснийг “Төвийн ажилтнуудыг Үйлдвэрийн газрын захирал томилж, чөлөөлнө гэж, 4.3.1-т “Төвийн батлагдсан бүтэц, орон тоонд тохируулан энэ журмын 4.2-т зааснаас бусад ажлын байранд хүний нөөцийг судалж, томилж, чөлөөлөх гэснийг  төвийн батлагдсан бүтэц, орон тоонд тохируулан хүний нөөцийг судалж саналаа Үйлдвэрийн захиралд хүргүүлэх гэж өөрчлөн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж ажиллахыг  аймгийн АТТ-ийндарга нарт үүрэг болгосон.

            Иймд Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнарангийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/587 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн сахиулаар 6 хүртэл сарын туршилтын хугацаагаар томилсон Ө.Бийг сахиулын ажилд жинхлэн томилох тушаал гаргаагүй, туршилтын хугацааны цалин олгож, цалин хөлсийг дутуу олгосон гэж  ХА-ийн АТТД Б.Гыг буруутгах боломжгүй байна. Хариуцагчаас ажил олгогч гэж үзэж, АТТ-ийндаргын чиг үүргийг биелүүлээгүй гэж аймгийн Автотээврийн төвд холбогдуулан акт тавьсан гэж тайлбарладаг. Гэвч хэргийн 2 дугаар хавтасын 21 дэх талд авагдсан салбарын 0002659 дугаартай гэрчилгээнд “салбар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй.Эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна” гэж тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Хэнтий аймгийн Автотээврийн төв нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй учраас Автотээврийн төвд холбогдуулан акт тавьсан нь үндэслэлгүй байна.

            Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг үйлдвэрийн газраас олгосон санхүүжилтийг батлагдсан хуваарь зориулалтын дагуу зарцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, үйлдвэрийн газрын захирлын тушаалаар баталсан цалингийн сүлжээг мөрдөж ажиллаагүй гэж маргадаг боловч Ө.Бийг сахиулын ажилд жинхлэн, олгох цалин хөлсийг тогтоосон ажил олгогч Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаал гараагүй байхад  аймгийн АТТ-ийндаргыг сахиулын цалингийн сүлжээгээр Ө.Бийг цалинжуулаагүй гэж буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл хариуцлага хүлээлгэх субъект нь аймгийн Автотээврийн төв биш байна. Түүнчлэн салбарын 0002659 дугаартай гэрчилгээнд 2017 оны 05 дугаар сарын 25 нд Б овогтой Г-г даргаар томилсныг нэмэлт өөрчлөлтөөр бүртгэснээр Б.Г нь салбарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, салбарт нь холбогдуулан тавьсан улсын байцаагчийн акттай маргах эрхтэй. Дээрх үндэслэлээр хариуцагч ХА-ийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Г нь, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын орон нутаг дахь салбар Хэнтий аймгийн Автотээврийн төвд холбогдуулан Хэнтий аймгийн АТТ-ийнсахиул Ө.Бийн дутуу олгогдсон цалингийн зөрүүг тооцож, 5946000 /таван сая есөн зуун дөчин зургаан мянган/ төгрөг нөхөн төлүүлэхээр тавьсан акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.12.2-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасантай нийцэхгүй байна гэж  шүүх үзэв.

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Э “Цалингийн зөрүүг олгох нь зөв” гэсэн дүгнэлтдээ Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Хэнтий аймгийн АТТ-ийналь нь буруутай талаар дурдаагүй нь учир дутагдалтай боллоо гэж шүүх дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.11, 10.12.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ХА-ийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22-01-001/05 дугаар актыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ХА-ийн МХГраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БАЯРЦОГТ

 

                                               ШҮҮГЧИД                        Х.ЭРДЭНЭТУЯА

 

                                                                                        Б.ЦЭРЭНХАНД