Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

  2019         8            15                                                2019/ДШМ/818                                 

 

Б.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ө.Батбаяр,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Дт холбогдох 1805030950273 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.

 

Б.Д нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн айлтгалын бичээчээр ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, тухайн байгууллагад 26.792.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Дээс 9.632.589 /есөн сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун наян ес/ төгрөг гаргуулж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг, хохирогч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаас аудитын дүгнэлт гаргуулсан гэх 4.320.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхисныг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэж заасан. Шийтгэх тогтоолд "Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй" гэжээ. Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. Прокурор хэргийг хянаад 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Дт гардуулсан байна. Прокурор хэргийг хянаж байхдаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, үүний дараа мөрдөгч хэрэг прокурорын хяналтад байх үед яллагдагчаас мэдүүлэг авч, хэргийг шүүхэд шилжүүлсэн...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, ял сонсгоогүй зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй байна...шүүгдэгч Б.Д нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллагдагчаар татагдаагүй, тус зүйл ангиар ял сонсож, мэдүүлэг өгөөгүй, энэ зүйл ангиар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй тул тухайн зүйлд заасныг үгүйсгэх талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлт болон яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжид тусгаагүй заалтаар яллагдагчийг гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлгүй юм. Тухайлбал, шүүх шийдвэр гаргахдаа удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 2, 4, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2  дахь хэсгүүдийн аль ч хэсэгт шүүгч нь прокурорын яллах дүгнэлт үйлдсэн болон яллагдагчаар татсан тогтоолд заасан зүйл ангийг өөрчлөх эрх олгогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж, 2 дахь хэсэгт "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно" гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д "урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга" гэж тодорхой заасан. Анхан шатны шүүхээс Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчлэлийг өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт  "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг буюу 50.000.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд хамаарахаар байхад 26.792.000 төгрөгийн хохирлыг их хэмжээнд хамааруулсан нь ойлгомжгүй, хохирлын хэмжээ хүрэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу Б.Дт анх эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд тэрээр бага насны 2 хүүхэдтэй, бөөрний үрэвсэлтэй биеийн байдал муу байгаа тул хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний биеийн байдал болон бага насны хоёр хүүхдийг асран хамгаалах хүнгүй зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ө.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Д нь гандантэгчэнлин хийдэд учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч байгууллагын зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн айлтгалын бичээчээр ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд кассын орлогын мөнгийг хувьдаа завшиж, тухайн байгууллагад 26.792.000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

 

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ө.Батбаярын “...өдөрт орж ирсэн мөнгө нь компьютерийн программ дээр хадгалагдаад үлддэг байсан. Сүүлд шүүж үзэхэд 26.792.000 төгрөг тушаагаагүй нь илэрсэн. Энэ талаар Дт өөрт нь хэлэхэд би мэдэж байгаа одоо төлнө гэж хэлээд 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 1.792.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5.500.000 төгрөг нөхөж төлсөн, одоо 9.500.000 төгрөг төлөөгүй байгаа. ...” /хх 21-23/,

гэрч Б.Няндуучамбуугийн “... Б.Д нь бичээчээр ажиллаж байх хугацаандаа өдрийнхөө орлогын мөнгийг надад дутуу тушаадаг байсан. Би “чи мөнгөө бүрэн гүйцэд тушаагаарай, наадах чинь асуудалтай шүү” гэж хэлэхэд одоохон, маргааш тушаана гэж хэлдэг байсан. ...” /хх 26/,

гэрч Ш.Отгонбаатарын “...Би 2015 оны 4 дүгээр сард Гандантэгчэнлин хийдэд ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд нягтлан бодох бүртгэл нь стандартын дагуу хөтлөгдөөгүй маш замбараагүй байхаар нь аудит оруулахад бичээчээр ажиллаж байсан Д нь орлогоо дутуу тушаасан нөхцөл байдал илэрч, 26.792.000 төгрөгийн авлага үүсгэж 17.292.000 төгрөгийг төлүүлсэн. ...” /хх 25/ гэх мэдүүлгүүд,

 “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “...Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн айлтгалын бичээч Б.Д нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал айлтгалд авсан мөнгөн хөрөнгөөс байгууллагын мөнгөн хөрөнгөд тушаагаагүй дутагдуулсан 26.792.000 төгрөгөөс 2017 онд 17.292.00 төгрөгийг төлж барагдуулан 9.500.000 төгрөгийг төлөөгүй өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. ...” /хх 30-34/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 28 дугаартай “...шинжилгээгээр Б.Д нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн айлтгалын бичээчээр 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа 26.792.000 төгрөгийн дутагдал гаргасан нь тогтоогдож байна...Б.Дийн 2016 онд ажилласан хугацааны амралтын мөнгө болох 427.411 төгрөгийг бодож олгоогүй байсныг тооцуулан дээрх дутагдлаас хасч тооцсон болно. ...” /хх 135-142/ гэх дүгнэлт,

2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Дийг хурлын бичээчээр томилсон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн захиргааны 32 дугаар шийдвэр /хх 156/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Хэрэгт авагдсан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн захиргааны 32 дугаартай “Б.Дийг хурлын бичээч”-ээр томилсон шийдвэр, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд, Б.Дийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

 

Б.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

 

Прокуророос Б.Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд харин анхан шатны шүүх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулжээ.

 

Б.Дт холбогдох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг өдрөөс эхлэн хөрөнгө завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид харгалзан үзэхээр байна.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас “үлэмж хэмжээний хохирол учирсан” гэх хүндрүүлэх шинж байхгүй болсноос гадна, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрч, гэмт хэргийн улмаас бусдад /их хэмжээний/ учирсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээтэй байхаар хуульчилжээ.

 

Гэтэл шүүгдэгч Б.Дийн 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 26.792.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

 

Дээрх байдлуудыг үндэслэн, прокуророос Б.Дт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Батбаярын “...зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Боржигон овгийн Баярсайханы Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Дт мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

4. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан “...зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Д нь  65 /жаран тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Д.ОЮУНЧУЛУУН

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН