Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

      Орчуулагч, хэлмэрч: А.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

      Хохирогч М.Х,

      Хохирогчийн өмгөөлөгч С.Н,

      Гэрч Э.А, Х.С, Ш.А,

      Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2113000150087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин оршин суудаг, ам бүл 9, аав, ээж, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Ций Б, РД:0000.

    

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Ц.Б нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч М.Хын 1 тооны адууг хулгайлж, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.1 Улсын яллагч Я.Дина шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч .Хын 1 тооны адууг хулгайлж нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.” гэв.

1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч  Ц.Б нь хилс гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай.” гэв.

1.3. Шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү.” гэв.

 

            Хоёр: Эрүүгийн 211300015087 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

            2.2. Хохирогч М.Хын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

            2.3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 69-74, 76-81, 83-88 дахь тал/,

            2.4. СD дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

            2.5. Хохирогч М.Хын мэдүүлэг /хавтаст хэргийн 112-114, 117-118, 121 дэх тал/,

            2.6. Гэрч Б.Шийн мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

            2.7. Гэрч Х.Бны мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

            2.8. Гэрч Ж.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132, 135 дахь тал/,

            2.9. Гэрч Т.Жийн мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дэх тал/,

            2.10. Гэрч Х.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 148 дахь тал/,

            2.11. Гэрч Х.Тий мэдүүлэг /хавтаст хэргийн 174-176, 204-205 дахь тал/,

            2.12. Насанд хүрээгүй гэрч Ө.Жийн мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167 дахь тал/,

            2.13. Гэрч Ш.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

            2.14. Насанд хүрээгүй гэрч Ц.Жийн мэдүүлэг /хавтаст хэргийн 210-212 дахь тал/,

            2.15. Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БӨА-21-204 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 231-234  дэх тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Хохирогчийн өмгөөлөгчөөс:

            2.16. Хавтаст хэргийн 97-100 дугаар талуудад авагдсан хохиролтой холбоотой баримтууд, мөн 217 дугаар талд авагдсан “Хас” үнэлгээний үнэлгээ, 231 дүгээр талд авагдсан “Ашигт Билгүүн” ХХК-ний үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

            2.17. Шүүгдэгчийн цагаатгах байр сууринаас оролцоно. Хохирогч М.Хийн гаргаж өгсөн СД бичлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл, хяналтын камерт хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд, яллагдагч Ц.Бын мэдүүлэг, Ц.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгч Ц.Б нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

3.1. Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутгаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч М.Хын адууг хулгайлж, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            3.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

            3.2. Хохирогч М.Хын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

            3.3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 69-74, 76-81, 83-88 дахь тал/,

   3.4. СD дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

3.5. Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний өөрийн унаж явдаг цагаан зүсмийн 10-11 насны морь байсан ба уг морийг байнга өөрийн гэрт байлгаж байсан. Уг адууг өдөр бүр өглөө хашаанаас гаргаж, орой оруулж авч сургасан байсан. ...2020 оны 12 дугаар сарын 21-ний өглөө өөрийн хашаанаас гаргах үед улаан шар өнгийн нөмрөгтэй, ногт цуулбартай, нөмрөгийг дарсан оломтой, 4 хөлөнд шинэ тахтай гаргасан ба манай гэрийн ойролцоо Цагаан арал гэх газарт бэлчдэг байсан. ...Уг морийг гэрт авч ирэх шаардлага гараад Их булан гэх газарт өвөлждөг Унат овогтой Сийн гэр өндөр газарт байрлалтай тул У..Ст Цагаан арал бүтнээр харагдаж байдаг болохоор У.С руу залгаж гар утсаар асуухад таны цагаан зүсмийн морь Цагаан аралд харагдаж байна гэж хэлхээр нь 9 настай хүүг нэг хүүхэдтэй хамт дагуулж морь байгаа газрыг зааж өгөөд явуулсан. Тэгээд уг газарт очиход морь байхгүй байсан ба тэр хавьд ямаа хариулан явж байгаа хүмүүсээс асуухад танай цагаан зүсмийн морийг улаан малгайтай, хар өнгийн савхитай, хар гуталтай хүн унаж дөнгөж сая явсан гэж хэлэхээр нь миний хүү буцаж гэрт ирээд надад хэлсэн.

...2020 оны 12 дугаар сарын 22-ны өглөө Цагаан аралд ямаа хариулан явж байгаа хүмүүсээс өөрийн биеэр очиж асуухад таны цагаан зүсмийн морийг өчигдөр 15-16 цагийн хооронд улаан малгайтай, хар өнгийн савхитай, хар гуталтай, хар өмдтэй залуухан хүн унаж Цагаан арлын эхээр гарч Дружба уул руу унаж явсан гэж хэлсэн. Тэгээд тэр даруй адуугийн мөрийг хөөж явсан, уг мөр нь Дружба уул даван Өлгий сумын 9, 6, 10 дугаар багийн айлуудын гудмаар явсан байсныг тогтоож мөн уг мөр нь онгоцны буудал руу явсан байсан. ...Цагдаагийн байгууллагын хяналтын камерын хажуугаар, мөн Өлгий сумын 6 дугаар багт байрлах Танжарых хүнсний дэлгүүрийн хяналтын камерын хажуугаар явсан байна. ...Хулгайд алдагдсан адуу бол цагаан зүсмийн зөв талын гуяд босоо ур ташуур тамгатай, ямар нэгэн имгүй, урт дээл сүүлтэй, дэлийн ихэнх хэсэг нь буруу талд унасан, сүүл нь орооцолдсон, 4 хөл нь шинэ тахтай, тавхай нь том, өндөр том биетэй, том цээжтэй, бусад морийг бодоход өндөр том эрлийз маягийн биетэй 10-11 насны морь байсан. ...миний нийт гарсан хохирол бол бензинд 994750 төгрөг, бөөд 300000 төгрөг, радио нэвтрүүлэгт 80000 төгрөг, хулгайлагдсан адууны үнэлгээ тогтооход 120000 төгрөг, нийт 1494750 төгрөгийн хохирол гарсан. ...Надад учирсан дээрх хохирлыг төлж барагдуулаагүй болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-114, 117-118, 121 дэх тал/,

3.6. Гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Бахытжан бид хоёр ямаа хариулж явж байхад Цагаан арал гэх газарт өдөр бүр явж байдаг нөмрөгтэй цагаан морийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улаан өнгийн ноосон малгайтай, хар савхин хүрэмтэй, хар гуталтай хүн нөмрөгтэй цагаан морийг унаж аймаг руу Дружбагийн хөтөл руу давж явсныг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124  дэх тал/,”

3.7. Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улаан өнгийн ноосон малгайтай, хар савхин хүрэмтэй, хар гуталтай хүн нөмрөгтэй цагаан морийг унаж аймаг руу Дружбагийн хөтөл рүү давж явсныг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

3.8. Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 17 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах засварын газрын гадна машин янзалж байхад миний хажуугаар нөмрөгтэй цагаан морь унасан үл таних хүн зөрж өнгөрсөн бөгөөд гудамжаар Өлгий сумын 6 дугаар баг руу чиглэн явсан. Уг цагаан морь нөмрөгтэй байсан. ...хүнийг огт танихгүй бөгөөд улаан ноосон малгайтай бараан хувцастай нүүрийг далдлан хар өнгийн маск зүүсэн хүн байсан. ...Миний хажуугаар зөрсөн морьтой хүн бол цагаан зүсмийн том биетэй нөмрөгтэй морь байсан бөгөөд им тамгыг нь сайн анзаараагүй байсан. Уг цагаан морь унасан хүн бол Дружбагийн жижиг даваагаар давж манайх руу чиглэн ирж манай гэрийн гудмаар дээшээ явсан. ...миний хажуугаар өнгөрсөн цагаан морь унасан хүнийг дахиж харвал сайн таних болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132, 135 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

3.9. Гэрч Т.Жйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...голын эрэгт байсан хүн цагаан морийг хөтөлж 100 гаруй метр яваад эмээлгүй улаан нөмрөгтэй унаж яваад Дружбагийн хөтөл рүү яваад өгсөн. Цагаан морь унасан хүнийг дурангаар манай гэрээс 500 метрийн зайнаас Н.Х бид хоёр харсан бөгөөд дараа нь мөс бэлдэх гэж Ховд гол очиход 200 метрийн зайтай газраас нүдээр харсан. ...царайг нь харж амжаагүй бөгөөд 165-170 см орчим өндөртэй, туранхайдуу, улаан ноосон малгайтай, хар хөх куртиктэй, бараан өмдтэй, хар гуталтай 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дэх тал/,

3.10. Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед гэрийн гадаа машин янзалж байхад надаас 20 метрийн зайнаас үл таних эрэгтэй хүн цагаан зүсмийн нөмрөгтэй эмээлгүй унасан эг хүн манай хөрш болох Аын гэрийн хажуугаар гарч ирээд манай гудмаар дээшээ яваад өгсөн. Миний хажуугаар явсан цагаан зүсмийн нөмрөгтэй морь унасан хүнийг урьд өмнө огт хараагүй хүн байсан. ...дахиж харвал сайн таних бөгөөд тухайн үед 20 гаруй метрийн зайнаас зөрж өнгөрсөн. ...царай болон биеийн байдал, хувцсаар нь таних болно. ...160-170 см-ийн өндөртэй, туранхайдуу, хар царайтай, жижиг сахалтай, улаан ноосон малгайтай, хар куртиктэй, хар өмд гуталтай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

3.11. Гэрч Х.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Иргэн Цэвээний өвөлжөөний малын саравчтай хашаанд нэг тооны цагаан зүсмийн адуу уяатай байсан. ...дурангаар тухайн цагаан зүсмийн адууг Цэвээний хашаанаас 500 метрийн зайтай газраас сайн харж авсан. Тухайн үед Цэвээний өөрийн цагаан зүсмийн морийг зээ нь гэрийн цаад талын ууланд унаж мал хариулж явж байхаар нь саравчтай хашаа дотор байсан морь сэжигтэй харагдсан. ...Цэвээний зээ хүү нь өөрсдийн цагаан зүсмийн морийг унаж явж байхад хашаан дотор цагаан зүсмийн морь уяатай байсныг нэг цаг хугацаанд өөрийн нүдээр харсан. ...Саравчтай хашаа дотор байсан морь тод цагаан зүсмийн том биетэй, том цээжтэй морь байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174-176, 204-205 дахь тал/,

 

3.12. Насанд хүрээгүй гэрч Ө.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...явган хүний хашааны хаалгаар гарч өөрсдийн гудам руу орох гээд явж байхад миний араас улаан нөмрөгтэй, эмээлгүй цагаан морь унасан үл таних эрэгтэй хүн ирсэн. Тэгээд эхлээд би явган хүний хашааны хаалганаас гараад миний араас цагаан морь унасан хүн гарсан. Тухайн үед хашааны хаалга онгорхой байсан. Миний хажуугаар манай гудмаар зөрж өнгөрөөд онгоцны буудал тал руу гараад явсан. ...Уг хүнийг харахад 165-170 см-ийн өндөртэй, хар царайтай, туранхайдуу, гаднах талд улаан ноосон малгайтай, хар куртиктэй, хар өмдтэй, хар гуталтай харагдсан. ...Миний араас манай хөрш болох Ш.А ирж байсан бөгөөд тэр хүн тухайн цагаан морь унасан хүнийг ойрын газраас сайн харсан байж магадгүй, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167 дахь тал/,

 

3.13. Гэрч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 17 цаг 30 минутын үед Өлгий сумын 10 дугаар багг байрлах гэрээс гараад манай гудамжны доод талд байрлах Хыран хүнсний дэлгүүрт орж юм аваад гарч ирэхэд миний урьдаас том биетэй цагаан морь унасан үл таних хүн манай нөгөө талын битүү гудам руу орсон. Тэгээд би онгорхой гудам руу орж гэр рүүгээ явж байхад манай гэрийн доод талд нэг айлын явган хүн гардаг хашааны хаалганаас хөндлөн гарч миний урьд явж байгаад манай онгорхой гудамжаар онгоцны буудал тал руу гарч явсан. ...хашаанаас гарах үед манай хөрш айлын хүүхэд болох Ө.Жк гэх залуу тухайн явган хүний хаалгыг нээж өгч гаргасан. ...цагаан морь унасан хүнийг дахиж харвал сайн таних бөгөөд тухайн үед улаан ноосон малгайтай, хар масктай, хар куртик /савхи/, хар гуталтай, өндөр биетэй, хар царайтай, туранхайдуу хүн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

3.14. Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: .”...Х.Т нь манай цагаан зүсмийн морийг маш сайн таньдаг бөгөөд өдөр бүр түүний гэрийн урьд талаас очиж мал усалдаг болохоор манай цагаан зүсмийн морийг сайн таньдаг. Манай хөрш болох Ала /Тилекберген / манай гэрийн хавьд байнга хонт хариулдаг бөгөөд заримдаа манай гэрт ч ирж цай ууж явдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 210-212 дахь тал/,

3.15. Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-21-204 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 231-234 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

3.16. Хэдийгээр шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хэрэгт авагдсан гэрч  Б.Шийн “...Цагаан арал гэх газарт өдөр бүр явж байдаг нөмрөгтэй цагаан морийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улаан өнгийн ноосон малгайтай, хар савхин хүрэмтэй, хар гуталтай хүн нөмрөгтэй цагаан морийг унаж аймаг руу Дружбагийн хөтөл руу давж явсныг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124  дэх тал/,

Гэрч Х.Бы “...Цагаан арал гэх газарт өдөр бүр явж байдаг нөмрөгтэй цагаан морийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улаан өнгийн ноосон малгайтай, хар савхин хүрэмтэй, хар гуталтай хүн нөмрөгтэй цагаан морийг унаж аймаг руу Дружбагийн хөтөл руу давж явсныг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124  дэх тал/,

Гэрч Ж.Ахын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “...миний хажуугаар нөмрөгтэй цагаан морь унасан үл таних хүн зөрж өнгөрсөн бөгөөд гудамжаар Өлгий сумын 6 дугаар баг руу чиглэн явсан. Уг цагаан морь нөмрөгтэй байсан. ...хүнийг огт танихгүй бөгөөд улаан ноосон малгайтай бараан хувцастай нүүрийг далдлан хар өнгийн маск зүүсэн хүн байсан. Олон сар хоног өнгөрсөн тул ямар хувцастай явсныг мартсан байна. Миний өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132, 135 дахь тал/

Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...20 метрийн зайнаас үл таних эрэгтэй хүн цагаан зүсмийн нөмрөгтэй эмээлгүй унасан эг хүн манай хөрш болох Ахжайыхын гэрийн хажуугаар гарч ирээд манай гудмаар дээшээ яваад өгсөн. Олон сар хоног өнгөрсөн тул ямар хувцастай явсныг мартсан байна. Миний өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148 дахь тал/

Гэрч Х.Тилекбергений “Цэвээний өвөлжөөний малын саравчтай хашаанд нэг тооны цагаан зүсмийн адуу уяатай байсан. ...дурангаар тухайн цагаан зүсмийн адууг Цэвээний хашаанаас 500 метрийн зайтай газраас сайн харж авсан. Тухайн үед Цэвээний өөрийн цагаан зүсмийн морийг зээ нь гэрийн цаад талын ууланд унаж мал хариулж явж байхаар нь саравчтай хашаа дотор байсан морь сэжигтэй харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167 дахь тал/

Гэрч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 17 цаг 30 минутын үед Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэрээс гараад манай гудамжны доод талд байрлах Хыран хүнсний дэлгүүрт орж юм аваад гарч ирэхэд миний урьдаас том биетэй цагаан морь унасан үл таних хүн манай нөгөө талын битүү гудам руу орсон. Олон сар хоног өнгөрсөн тул ямар хувцастай явсныг мартсан байна. Миний өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186-187 дахь тал/ мөн шүүх хуралдаанд орсон гэрч нар шүүгдэгчийн хувцасны өнгийн хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч анх цагдаагийн  газарт өгсөн мэдүүлэг маань үнэн зөв гэж мэдүүлсэн тул дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ханалттай нотлогдсон гэж үзлээ.

 

Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:

4.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Ц.Бын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.3. Шүүгдэгч Ц.Б нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна. 

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

4.5. Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг  ойлгодог юм.

Шүүгдэгч нь 1 бод мал хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзнэ. 

4.6. Иймд шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Тав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

5.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

 

5.2. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр “1 тооны нас гүйцсэн хурдан морь 3500000 төгрөг байх боломжтойг тодорхойлсон дүгнэлт /хавтаст хэргийн 231-234 дэх тал/ мөн 100000, 120000 төгрөг төслөн бэлэн мөнгөний баримууд /хавтаст хэргийн 216, 230 дахь тал/, Баян-Өлгий аймгийн олон нийтийн радио телевизор зарлуулсан үед төлсөн 80000 төгрөг,  адууг ирж хайсан зардал бензинд 994750 төгрөг /хавтаст хэргийн 98-99 хуудас/  нийт 4797750 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Боос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. 

5.3. Харин өмгөөлөгчийн хөлст төлсөн 500000 төгрөг, бөөд өгсөн 300000 төгрөг гэх нийт 800000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хохирогч М.Х өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 500.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно. Өөрөөр хэлбэл хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.  

            Хохирогч М.Хын бөөд өгсөн хохирол гэж 300.000 төгрөг нэхэмжилж, нотлох баримт гаргаж өгсөн боловч 300.000 төгрөг өсгөн гэдэг нь нотлогдоогүй бөгөөд үүнийг шүүгдэгчээр гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Зургаа: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6.1. Шүүгдэгч Ц.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

6.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Ц.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

6.4.Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

6.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Тас шүүгдэгч Ц.Быг шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон тул зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү гэжээ.

 

6.6. Шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

6.7. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

 

6.8. Шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар хорих ял оногдуулж, үүнийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулах тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

6.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

6.10. Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

6.11. Тодруулбал, шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

6.12. Хэрэв шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.

6.13. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна. 

6.14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD диск 2 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 

6.15. Шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

7. Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Боос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Ц Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн СD 2 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Боос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4794750 /дөрвөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулан хохирогч М.Хт олгож, илүү нэхэмжилсэн 800000 /найман зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 8. Шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр авсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.Д