| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1121/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1131 |
| Огноо | 2022-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1131
2022 07 25 2022/ШЦТ/1131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч Ж.П,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан И овогт Б-н М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 01981 1721 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
И овогт Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулан 4-р хэсэг, тоотод оршин суух иргэн Ж.П-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийнх нь гал тогооны өрөөний жижиг вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтэрч, дээр үеийн хийцтэй цулгүй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хийцтэй, цулгуй мөнгөн аяга 5 ширхэг, жолоо цулбуургүй мөнгөн тоногтой суран хазаар 1 ширхэг, Герман 2 нүдний ногоон өнгөтэй дуран 1 ширхэг, цэвэр оюу чулуун дунд гарын хөөрөг, айфони 4 эс гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ж.П-д нийт 2.608.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Би 2017 оны хэрэг учраас ингэсэн тэгсэн гэж тодорхой санахгүй байна. Гэхдээ энэ айл руу орж эдгээр эд зүйлийг авснаа санаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.П мэдүүлэхдээ: Би хохирлоо гаргуулж авмаар байна. Хохирол маань маш бага үнэлэгдсэн байна. Нэгэнт үнэлчихсэн байгаа учраас хохирлын хэмжээгээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /1 дүгээр хх-н 36 дугаар хуудас/,
- Алдагдсан эд зүйлсийн нийт 2.608.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-н 100-101 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 37-41 дүгээр хуудас/,
- Хохирогч Ж.П-ын: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд манай хүү 12:10 минутын үед гэрээс хамгийн сүүлд гарсан. Тэгээд би үдээс хойш 15 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн гал тогооны өрөөний жижиг вакум цонх онгорхой байсан, гэрийн хаалга, цоож зүгээр байсан бөгөөд уг жижиг цонхны тавцан дээрх эд зүйлс газар унасан байдалтай байсан. Гэрийн эд хогшил онгичсон байдалтай байсан. Гэртээ байсан эд зүйлээ бүртгэж үзтэл гэрээс дээр үеийн хийцтэй цулгүй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хийцтэй, цулгуй мөнгөн аяга 5 ширхэг, жолоо цулбуургүй мөнгөн тоногтой суран хазаар 1 ширхэг, Герман 2 нүдний ногоон өнгөтэй дуран 1 ширхэг, цэвэр оюу чулуун дунд гарын хөөрөг, айфони 4 эс гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 44 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Т-ийн: “...Би Б.Мөнгөнсүхийг танина, бага байхдаа интернэт тоглоомын газарт байнга тоглодог байсан, тэгээд М-тэй тоглоом тоглож байгаад танилцсан...би 2017 онд .... гэсэн утасны дугаар ашигладаг байсан...Майдарыг сайн танина, манай найз байгаа юм, би Налайх дүүргийн ЭМСҮТ-д сурч байгаад танилцаж байсан....... гэсэн дугаараа М-т өгч ашиглуулж байснаа санахгүй байна, найзууд маань гуйвал өгөөд явуулчихдаг байсан...М, М нар хамт ЭМСҮТ-д хамт сурч байсан найзууд байгаа юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 116 дугаар хуудас/,
- Гэрч Б.М-ын: “...Би Б.М гэх хүнийг танина, анх 2017 онд Налайх дүүрэгт интернэт тоглоомын газарт тоглож байгаад танилцсан. Би тэр өдөр /2017.09.17/ өөрийн найз Б.М-тэй Нарантуул зах дээр очиж уулзсан. Тэгээд М “найзад нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна” гээд мөнгөн аяга 5-6 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс барьчихсан явж байсан. Тэгээд М “найздаа эдгээрийг зараад өг” гэж хэлсэн тул би Нарантуул захын урд байрлах “Малчин” нэртэй дэлгүүрт ороход 30-35 орчим насны 160-16 см орчим өндөртэй эгч байхаар нь би мөнгөн бүс, мөнгөн аяга зэргийг нь үзүүлээд зарах гэж байгаа юм гэхэд, тэр эгч надад сайн санахгүй байна, 2 сая гаран төгрөгөөр худалдаж авъя гэсэн тул би зөвшөөрч мөнгөн эдлэлүүдийг нь зараад мөнгийг нь найз М-д өгсөн. Тэгээд би М-д “найз нь Дархан явах гэж байна” гэж хэлэхэд чи холбоо барих утасгүй байгаа бол энэ утсыг барьж бай гээд надад айфони-4 маркийн хар өнгийн гар утас өгсөн. Би тухайн үед Б.М-ийг хулгайн эд зүйл надаар заруулж байна гэж мэдээгүй, мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлэхээр нь өөрийнхөө эд зүйлийг зарж байна гэж бодсон...М надад ямар нэгэн шан харамж, бэлэн мөнгө өгсөн зүйл байхгүй....М-ийн намайг түр ашиглаж бай гээд өгсөн айфони 4 гар утсыг би тэр өдрөөс хойш 1 cap гарангийн дараа Дархан-Уул аймгаас ирээд гар утсыг нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 118-120 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.М-ийн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...тухайн үед cap өдрийг нь санахгүй байна, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байшингийн цонхоор ганцаараа орж 2 нүдний дуран 1 ширхэг, 1 ширхэг ногоон өнгөтэй хөөрөг, айфони 4 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 2- 3 ширхэгийг хулгайлж аваад зүс таних Майдартай утсаар холбогдож, Нарантуул захын урд байрлах Малчин дэлгүүрийн орчимд уулзаж, хулгайлсан эд зүйлийг манай ахын эд зүйл байгаа юм зараад өгөх үү гэж хэлээд М-т өгч заруулсан, учир нь би бичиг баримтгүй байсан тул М-ыг гуйсан...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, одоогоор хохирлыг барагдуулсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 134 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулан 4-р хэсэг, ... тоотод оршин суух иргэн Ж.П-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийнх нь гал тогооны өрөөний жижиг вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтэрч, дээр үеийн хийцтэй цулгүй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хийцтэй, цулгуй мөнгөн аяга 5 ширхэг, жолоо цулбуургүй мөнгөн тоногтой суран хазаар 1 ширхэг, Герман 2 нүдний ногоон өнгөтэй дуран 1 ширхэг, цэвэр оюу чулуун дунд гарын хөөрөг, айфони 4 эс гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ж.П-д нийт 2.608.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл, алдагдсан эд зүйлсийн нийт 2.608.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ж.П-ын мэдүүлэг, гэрч Д.Т, гэрч Б.М нарын мэдүүлэг, яллагдагч Б.М-ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт ‘хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах’ гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Б.М нь хохирогчийн гэрт цонхоор нь орж тэдний эзгүйд эд хөрөнгийг нь авч гаран бусдад худалдаж хэрэглэсэн байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх ашиг хөрөнгөнд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.М нь хохирогч П-ын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан хохирол учруулсан нь шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.М-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,шүүгдэгч Б.М-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 18 хоногийн хорих ял дээр 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 44 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчээс 2.608.000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: Энэ хэрэг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байна. Сүүлд гарсан Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих гэдэгт багтаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солино гэж заасан байна. Тэгэхээр үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.М нь...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулна гэв.
Шүүх шүүгдэгч Б.М-д ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, урьд нь ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 17.1-3-3.1 дэх заалтад зааснаар шийтгүүлсэн 8 жил 10 хоног 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 18 хоногийн хорих ял, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д эдлээгүй үлдсэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж хорих ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ж.П нь шүүгдэгч Б.М-ээс 2.608.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.М-ээс 2.608.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.П-д олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдлаа.
Шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б.М-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.М-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 10 хоног 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 18 хоногийн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д эдлээгүй үлдсэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ээс 2.608.000 төгрөг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 4 хэсэг Хужирбулан ... тоот хаягт оршин суух Ж.П-д олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ