Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
Хэргийн индекс | 144/2022/0070/Э |
Дугаар | 2022/ШЦТ/78 |
Огноо | 2022-06-15 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
2022 06 15 2022/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Гантулга,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: Э.Энххүслэн нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Энххүслэнд холбогдох эрүүгийн 2029001670054 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2-р хороолол, Тээвэрчдийн гудамж 46-52 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Лувсанчүлтэм овогт Энхнямын Энххүслэн /РД:УХ98041795/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Энххүслэн нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд байхдаа тээвэрт явуулахаар бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох “Аз хур трэйвэл” ХХК-ийн эзэмшлийн 24-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 22 ширхэг дугуйг завшиж, нийт 12.910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Энххүслэнд холбогдох эрүүгийн 2029001670054 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энххүслэн мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Би 5 сард их сургуулиа төгссөн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, урьд оюутан байсан учир хохирлоо төлж чадаагүй, одоо сургуулиа төгссөн учраас ажил хөдөлмөр эрхэлж, хохирлоо төлж барагдуулна. Би хохирлоос 3.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг 1 жилийн хугацаанд төлнө. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн тэнэг үйлдлээсээ болж, ийм байдалд орсондоо гутарч байна. Би анх жолоо барьж, богинын тээвэрт явъя чадна гэж хэлээд тээврийн хэрэгслийг авсан. Тэгээд бага зэрэг мөнгөний шаардлага гаргаад машины 12 дугуйг зарсан, үлдсэн 10 дугуй нь миний хараа хяналтгүй тээврийн хэрэгслийг хээр орхисноос алга болсон. Өөрийнхөө гэм буруу гэдгийг ойлгож байна. Энэ дээр надад маргаад байх зүйл байхгүй гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Э.Энххүслэн Улаанбаатар хотоос Цагаан хад руу машин барих зорилгоор Эрдэнэхүүгийн хамт ирдэг. Замдаа Мэндбаяр гэдэг хүнтэй хамт ирсэн. Мэндбаяр нь “Аз хур трэйвэл” ХХК-ийн жолооч ажилдаг хүн байсан. Энххүслэн гуйсны дагуу Мэндбаяр нь “Аз хур трэйвэл” ХХК-ийн машиныг Энххүслэнд хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн хүлээн авсан тээврийн хэрэгслээ Энххүслэн нь эхлээд машиныг тээвэрт явах зорилгоор авсан боловч тухайн машиныг барьж чадахгүй нь гээд эхлээд 2 дугуйг нь хүнтэй тохиролцоод зарсан байдаг. Нэг мэдсэн хүмүүс дугуй сольж байгаа юм уу гээд баахан хүмүүс шавчихсан байсан гэдэг мэдүүлгийг Энххүслэн өгдөг. Тухайн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байдаг, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Энэ нь тухайн гэмт хэрэг гарах болсон үндсэн том шалтгаан болж байна. Хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч талын “Аз хур трэйвэл” ХХК-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Тээвэрт явъя гэсэн хүн болгонд ямар ч бичиг баримтгүй, гэрээ хэлэлцээр байхгүй шууд машинаа хүлээлгэж өгсөн байдлаас болж тухайн гэмт хэргийг завших гэмт хэргийг үйлдэх нөхцөл бүрдсэн. Тийм учраас гэмт хэрэг гарах шалтгаан бол шүүгдэгчийн буруутай үйлдэл, шунахайн сэдэлтэй санаатай үйлдлээс хохирогчийн үйлдэл нөлөөлж байна гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Хохирлын хувьд 12,910,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлбөрийн асуудал дээр маргах зүйл байхгүй, шүүдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Хохирлоос 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг шүүхээс гаргасан хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шийтгэх тогтоолын доторх хэсэгт бол хохирогчид хор уршгийг нөхөн төлж барагдуулбал мөнгөн төлбөр хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд хийх талаар тусгаж өгнө гэж заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа учраас шүүхээс хохирол төлбөрийн хувьд нэг жилийн хугацаа олгож өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,
-С.Мэндбаярын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-32 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-38 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-48 дахь тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мэндбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-83, 86-87 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэмхүүгээс авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 88-90 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батсүхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №8650 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 106-108 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Энххүслэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 135-38 дахь тал/,
-Э.Энххүслэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргасан хүсэлт, Э.Энххүслэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролд 3.000.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 143, 182, 221-222, 223-226 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.Энххүслэн нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд байхдаа тээвэрт явуулахаар бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох “Аз хур трэйвэл” ХХК-ийн эзэмшлийн 24-15 ӨМҮ улсын дугаартай чирэгч толгой, 19-18 ТЧ улсын дугаартай чиргүүлийн нийт 22 ширхэг дугуйг завшиж, “Аз хур трэйвэл” ХХК-д нийт 12.910.000 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-38 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-48 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболдын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд манай компанид жолоочоор ажилладаг С.Мэндбаяр гэх залуу Улаанбаатар хотоос танихгүй 2 хүний хамт ирээд нутгийн залуу байгаа юм машин барих гэж ирсэн гэж надад танилцуулаад С.Мэндбаяр 2 машин өгчих гэхээр нь би манай компанийн хашаанд байсан 2 машиныг зааж өгөхөд тэр 2 залуу 24-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар болж компанийн хашаанаас унаад ажилд гарсан. Түүний маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр намайг “Аз хур трэйвэл” ХХК-ийн байранд байж байхад С.Мэндбаяр гэх залуу утсаар залгаад манай компанийн 24-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ачаандаа орохгүй байна гэхээр нь би машиныг нь олж авах санаатай Цагаан хад суурьшлын бүсэд явж байхад замын хажуу талд 24-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнуудыг хуучин дугуйгаар сольж тавьсан байдалтай орхиод явчихсан байсан. Тэр үед би өөрөө машинаа зааж өгөөд түлхүүрийг нь тэр хүмүүст өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мэндбаярын өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад руу ажилдаа явах гээд унаа хайж байгаад фейсбүүк хаягаар зар олж үзээд холбогдож 5-уулаа хамт явж Цагаан хаданд маргааш өглөө нь 23-ны өдрийн 07:30 цагт ирж хоёр хүнээ буулгачихаад жолооч Эрдэмхүү мөн хамт явсан Энххүслэн гэж өөрсдийгөө дуудах 2 залуутай 3-уулаа компанийн кемп дээр очсон. Тэр хоёр болохоор замдаа урагшаа Цагаан хад орж машин олж барих санаатай олж өгөөч гэж гуйгаад, тэгээд манай компанид жолооч хэрэгтэй болохоор тус болох санаатай 24-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн. Тэгсэн тэр 2 уг тээврийн хэрэгслийг өглөө 10 цагийн орчимд авч яваад маргааш өглөө нь “Ёл ресурс” ХХК-ийн НАПТ-ын талбайн зүүн 22 ширхэг сайн дугуйнуудыг хуучин дугуйгаар сольж завшаад явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэмхүүгийн өгсөн: “...Цагаанхад гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн орчимд очсон. Тэгж явахдаа замд хамт явсан нэг ахтай урьд ажиллаж байсан нүүрсний машин барьж байсан талаараа ярилцаж байсан тэгсэн тэр ах машин олж өгөхөөр болсон... Тэгээд Энххүслэн нэг нүүрсний машин авсан... тэгээд би машинтайгаа хамт 2 машинтай явж, машин авсан газраас өөр газар очиж хоёулаа хоолонд орчихоод Энххүслэн “миний найз наанаа байж бай би машинаа байрлуулчихаад хүрч ирээд хамт явж үйзэл дээр зар өгч хүн олж өгье тэгээд миний найз яв” гэчихээд яваад 1 цаг орчим болоод машингүй ирснээ "би ер нь машин барихаа больчихлоо олон хонох юм байна хил давж тээвэр хийчихээд буцах болвол 14 хоног тусгаарлагдах юм байна” гээд ...хоёулхнаа Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-90 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбаярын өгсөн: “...Би 2010 оноос эхлэн Цагаан хаданд очиж ажилласан ба одоог хүртэл ажиллаж байна... Цагаан хаданд ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн удаа дугуй худалдаж авч байсан тухайн үедээ сэлбэгийн дэлгүүр болон цагаан хадны зарын групп дээрээс зар харж байгаад худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8650 дугаартай “...12.910.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 106-108 дахь тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Энххүслэн нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх ба Э.Энххүслэн нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд байхдаа тээвэрт явуулахаар бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох “Аз хур трэйвэл” ХХК-ийн эзэмшлийн 24-15 ӨМҮ улсын дугаартай чирэгч толгой, 19-18 ТЧ улсын дугаартай чиргүүлийн нийт 22 ширхэг дугуйг завшиж, “Аз хур трэйвэл” ХХК-д нийт 12.910.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Э.Энххүслэнгийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Энххүслэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Энххүслэнг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энххүслэн, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
“Аз хур трэйвэл” ХХК нь өөрийн эзэмшлийн 24-15 ӨМҮ улсын дугаартай чирэгч толгой, 19-18 ТЧ улсын дугаартай чиргүүлийн нийт 22 ширхэг дугуйг алдаж, 12.910.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8650 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “...22 ширхэг, шинэвтэр дугуй, нийт 12.760.000 төгрөг, эд хөрөнгө солих зардалд 150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 106-108, 79-80 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “Аз хур трэйвэл” ХХК-ийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Ариунболдыг тус тус тогтоосон нь үндэслэлтэй, гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 76-77 дахь тал/
Хохирогч “Аз хур трэйвэл” ХХК нь хохиролд нийт 12.910.000 төгрөг нэхэмжилсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболдын өгсөн “...алдагдсан 22 ширхэг дугуйны үнэлгээний дүнгээр буюу 12.910.000 төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч Э.Энххүслэн нь хохиролд 3.000.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Аз хур трэйвэл” ХХК /захирал Ж.Адилцэцэг/-д төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 79-80, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт/
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Энххүслэнгээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 9.910.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Аз хур трэйвэл” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Э.Энххүслэн нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд байхдаа тээвэрт явуулахаар бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох “Аз хур трэйвэл” ХХК-ийн эзэмшлийн 24-15 ӨМҮ улсын дугаартай чирэгч толгой, 19-18 ТЧ улсын дугаартай чиргүүлийн нийт 22 ширхэг дугуйг завшиж, “Аз хур трэйвэл” ХХК-д нийт 12.910.000 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс “...шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” саналыг тус тус гаргасан.
Шүүхээс улсын яллагчаас шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энххүслэнд 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Э.Энххүслэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших” ба шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагаас илүүтэйгээр нийтийн ашиг сонирхолд тустай ажил хийлгэх нь шүүгдэгчийг нийгэмшүүлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзсэн учраас шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Энххүслэнгийн яллагдагчаар цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Энххүслэнд хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энххүслэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лувсанчүлтэм овогт Энхнямын Энххүслэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энххүслэнд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Энххүслэнгийн яллагдагчаар цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Э.Энххүслэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Энххүслэнгээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 9.910.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Аз хур трэйвэл” ХХК-д олгосугай.
7. Шүүгдэгч Э.Энххүслэнд хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энххүслэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН