Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 474

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо,  .............................. оршин суух, Боржигин овогт Д.М /РД:................................../

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаанбулаг, ......................... тоотод оршин суух, Хиад боржигон овогт Г.Э   /РД:............................./

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М , хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Э   нь Өмнөговь аймгийн Эрдэнэс таван толгойн уурхайгаас Цагаанхад руу 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд 5 удаа рейс хийж 449,15 тонн нүүрс тээвэрлүүлж тээврийн хөлс болох 35 932 юань болсноос өнөөдрийн байдлаар 23 000 юанийг өгсөн байна. Үлдэгдэл 12 932 юань төлөгдөөгүй өнөөдрийг хүрлээ. Г.Э   нь утсаар ярьхад өгнө гэж хэлдэг байсан боловч одоог хүртэл өгөлгүй намайг хохироосоор байна. 12.932 юань нь төгрөгөөр шилжүүлэхэд 4 849 500 төгрөг болж байна. 2014 оноос хойш миний бие Г.Э  той Өмнөговь аймгийн Даланзадгад суманд уулзах гэж зургаагаас дээш удаа өөрийн биеэр хувийн машинтайгаа өөрийн зардлаар бензин, тос хийж уулзахаар очсон боловч уулзсан нь 3-4 удаа болно. Нэг удаа Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад сум буцаад Улаанбаатар хот орох зардал 250 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг болсон. Миний энэ шалтгааныг харгалзан үзэж Г.Э  оос мөнгөн дүнгийн хүү болох 650 500 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э   гэх хүнтэй 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 12-ны хооронд нийт 5 рэйс хийсэн. 35 932 юанаас 23 000 юаныг шилжүүлж авч үлдэгдэл 12 932 юань одоо болтол төлөгдөөгүй явж байгаа. Тээвэр хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авах хүсэлтэй байна,  хариуцагчтай 4 889 589 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хохиролгүй болгосон тохиолдолд эвлэрэх боломжтой  гэв.

Хариуцагч Г.Э   шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2013 оны 12 дугаар сард “БТ ” ХХК нь тээврийн машин бүртгэж байна гэсний дагуу очиж захирал Баатартай уулзахад хувь гэрээг бүртгэхгүй. Өөрийн хоёр машинаа аж, ахуй нэгжийн нэрээр бүртгүүл, тооцоо хийхэд амар гэсний дагуу өөрийн аж, ахуй нэгж дээр түрээсийн хоёр машинаасаа гадна таньж мэдэх хэдэн хүний машиныг бүртгүүлж тээвэрт явуулж эхэлсэн. Дээрх бүртгэлд 8422УНО улсын дугаартай жолооч Жанчив, 1543УНЦ улсын дугаартай жолооч Б  гэх хүмүүс бүртгүүлэхдээ хувь хүмүүс гэсэн байсан. Сүүлд тооцоо хийхэд Д.М  ирж анхны тооцоо хийсэн. Нийт 35 932 юанийн үлдэгдэлтэй байснаас 23 000 юанийг барагдуулж 12 932 юанийн үлдэгдэлтэй байгаа юм. “БТ ” ХХК-ийн удирдлага зөвхөн аж, ахуй нэгжтэй тооцоо хийнэ гэж тохирсноо зөрчиж тээврийн падаануудыг хурааж авснаасаа хойш тооцоогоо хийхгүй янз бүрийн шалтаг хэлж, сүүлдээ холбоо барьж чадахаа больсноос үүдэн энэхүү нөхцөл байдал үүссэн болно. Өнгөрсөн хугацаанд дээрх компанийн захирал, санхүү, менежертэй биечлэн уулзах, утсаар холбогдох, хаана байгаа газарт нь очиж нэхэмжилж, жолооч нар болон тэдний ар гэрийнхнийг яриулах зэргээр хөөцөлдсөөр нийт 291 819 юань авахаас 193 000 юанийг 6 удаа цувуулж авсан ба үлдэгдэл 98 000 юанийг аваагүй болно. Орж ирсэн мөнгийг рейсний тоонд тааруулан жолооч нарт тухай бүрт нь олгож байсан. Гэтэл “БТ ” ХХК нь 2014 оны 04 дүгээр сараас хойш зарим нэг жолоочийн тооцоог надад мэдэгдэлгүй хийснийг мэдээд захирал Бт нь ......... утсаар хэлж давхар тооцоо хийх, түлш, сэлбэгийн мөнгө суутгагдахгүй үлдэж хохирч болзошгүйг сануулсан. Мөн үлдэгдэл тооцоог барагдуулахыг шаардсан. Гэтэл надтай тооцоо дууссан гэдэг яриаг тарааж миний утсыг авахгүй холбогдохгүй болсон. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлын талаар Д.М тай ярих уулзах үеэр тайлбарлаж, албан тоот хийж өгч ирсэн ба Д.М  нь өөрийн биеэр хоёр удаа ирж уулзсан. 2015 оноос 2016 онуудад утсаар холбогддог байснаа сүүлдээ ална хэмээн заналхийлж хэд хэдэн удаа ярьснаасаа хойш холбогдоогүй. Энэ хугацаанд би мөн л “БТ ” ХХК-ийн араас хөөцөлдсөөр байсан. 2014 оноос хойших хугацаанд миний бие оршин суугаа хаяг, утасны дугаараа өөрчлөөгүй, бусдаас зугтаж чирэгдэл учруулсан зүйлгүй болно. Мөн хугацаанд түрээсийн машинуудаа буцааж хураалгаснаар барьцааны мөнгөө хятад талаас эргүүлж авч чадаагүй. Өөрт ноогдох тээврийн хөлсийг аваагүй, орлого тасарсан учир банкны зээлийн хүү зогсож шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хохирол барагдуулах арга хэмжээ авахуулж, түлш сэлбэг авсан жолооч нарын тооцоог “БТ ” ХХК нь хийснээр давхар өрөнд орон зэргээр хохирсон билээ. Нэхэмжлэлтэй холбоотой дээрх тайлбарыг гаргаж байгаа бөгөөд “БТ ” ХХК-тай үлдэгдэл тооцоог хийсэн нөхцөлд Д.М ын тээврийн тооцоог хийх боломжтой гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүрэг үүсэх үед 12 932 юань ямар ханштай байсан тухайн үеийн ханшаар тооцож төлбөрөө төлж, эвлэрэн хэлэлцэх боломжтой. 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эрх нь зөрчигдсөн гэж хэлэхээр байна. Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны шаардах эрх үүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Д.М  нь 2016 оноос хойш шаардах эрх үүссэн гэж урьдны шүүх хуралдаанд тайлбарладаг, Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон. Эдгээр нөхцөлүүдийг харгалзан үзэж шүүхээс үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 12 932 юаныг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэг, мөн хуулийн 75 дугаар зүйл, 76 дугаар зүйл, 79 дүгээр зүйлд  заасан хөөн хэлэлцэх хугацааг хуулийн дагуу тогтоож  дээрх асуудлыг үнэн зөв шийдэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч Г.Э  оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 7 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа  4 889 589 төгрөг болгон багасгасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ “Г.Э   нь ... 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд 5 удаа рейсээр 449,15 тонн нүүрс тээвэрлүүлж, тээврийн хөлс болох 35 932 юань болсноос ... 23 000 юанийг өгсөн ... үлдэгдэл 12 932 юань төлөгдөөгүй өнөөдрийг хүрлээ. ... 12.932 юанийг төгрөгөөр шилжүүлж 4 889 589 төгрөгийг Г.Э  оос гаргуулна ...” гэж үндэслэж,

Хариуцагч татгалзлаа “... Нийт 35 932 юанийн үлдэгдэлтэй байснаас 23 000 юанийг барагдуулж 12 932 юанийн үлдэгдэлтэй байгаа ... “БТ ” ХХК нь зөвхөн аж, ахуй нэгжтэй тооцоо хийнэ гэж тохирсноо зөрчиж тээврийн падаануудыг хурааж авснаасаа хойш тооцоогоо хийхгүй янз бүрийн шалтаг хэлж, сүүлдээ холбоо барьж чадахаа больсноос үүдэн энэхүү нөхцөл байдал үүссэн бөгөөд ... “БТ ” ХХК-тай үлдэгдэл тооцоог хийсэн нөхцөлд Д.М ын тээврийн тооцоог хийх боломжтой” гэж үндэслэжээ.

Зохигчдын дээрх тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч /ажил гүйцэтгэгч/ ажил гүйцэтгэх буюу нүүрс тээвэрлэх, хариуцагч /захиалагч/ хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэстэй байна. Энэ тухай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ нь хэлбэрийн хувьд тусгай шаардлага тавигдахгүй, өөрөөр хэлбэл гэрээг ямар ч хэлбэрээр байгуулж болохоор заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д.М  7 000 000 төгрөгийн нэхэмжлэлээ багасгаж 4 889 589 төгрөг нэхэмжилдэг бөгөөд дээрх мөнгийг нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол банкны гадаад валютын  /юань/ ханш /хх-140/-аар 1 юанийг 378.10 төгрөгөөр бодож 4 889 589 /12 932 юань х 378.10= 4 889 589/ төгрөг  нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д заасан “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно” гэснийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь зөв гэж үзнэ.

Хариуцагч Г.Э   нь нэхэмжлэгч Д.М т 12 932 юань төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь “... нийт 35 932 юаны үлдэгдэл байснаас 23 000 юанийг барагдуулж 12 932 юаны үлдэгдэлтэй байгаа” /хх-64/ гэх тайлбар, “Юүншү глобал” ХХК-ийн захирал Г.Э  ын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  “Нүүрс тээвэрлэлтийн төлбөрийн тухай” тодорхойлолтод /хх-153/ “... Д.М ын эзэмшилд байдаг ... машинууд нь ... нүүрс тээвэрлэсэн бөгөөд ... үлдэгдэл нь 12 932 юань үлдсэн болно. ...” /хх-153/ гэх баримтаар тогтоогдож байна. Гагцхүү дээрх төлбөрийг гуравдагч этгээд буюу “БТ ” ХХК-тай тооцоо хийснээр төлөх боломжтой гэх агуулга бүхий тайлбар гаргадаг боловч “БТ ” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18/40 дугаар албан бичигт /хх-84/ “... тээвэрлэлтийн тооцооны үлдэгдэл ... Энхболдын хүү Төрболдод өгснөөр тооцоо дууссан ...”, “БТ ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18/96 дугаар албан бичигт /хх-129/ “... Г.Э   гэх хүнд ямар нэг өглөг авлагын тооцооны үлдэгдэл байхгүй ...” гэх тайлбараар хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Д.М ын Хаан банкны валютын 5753628250 дугаар дансанд хариуцагч Г.Э  оос 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18 000 юань, 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 юанийг тээврийн хөлс /хх-155/ гэж шилжүүлж байсныг хариуцагч няцааж тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, улмаар мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.” гэж заасан байх тул үүрэг үүссэн үе буюу 2013 оны 12 дугаар сарын 09-13-ны өдрийн Монгол банкнаас зарласан юанийн албан ёсны ханшийг /хх-144/ үндэслэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлох ёстой гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ. Талууд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзвэл шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссанаар тооцоход нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно. Гэвч мөн хуулийн 79 дүгээр зүйлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлийг зохицуулсан бөгөөд 79.1-д “... эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Э   2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт бичгээр гаргасан /хх-153/, “... Д.М  өөрийн биеэр 2 удаа ирж уулзсан. 2015-16 онд утсаар холбогддог байсан” /хх-65/ гэх тайлбараар хариуцагч /үүрэг хүлээсэн этгээд/ үүргээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж мөн зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолно. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болон гэрээ байгуулсны дараа мөнгөний ханш өссөн, буурсныг нотлох баримт хэрэгт цуглараагүй бөгөөд Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-60/50 дугаар албан бичиг /хх-144/ нь юанийн төгрөгтэй харьцах ханшийг тодорхойлсноос бус мөнгөний ханш өссөн, буурсныг илтгэх баримт бус тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй заалт гэж үзнэ.

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Г.Э  оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 889 589 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М т олгож шийдвэрлэлээ. Хариуцагч Г.Э   гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байвал буруутай этгээдэд холбогдуулан зөрчигдсөн эрх, ашиг, сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргахдаа “БТ ” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18/40 дугаар албан бичиг /хх-84/, түүний хавсралт /хх-85/, мөн компанийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18/96 дугаар албан бичиг /хх-129/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-140/, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-60/50 дугаар албан бичиг /хх-144/, “Юүншү глобал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  “Нүүрс тээвэрлэлтийн төлбөрийн тухай” тодорхойлолт /хх-153/, Д.М ын Хаан банкны валютын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-155-157/ зэргийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийг үндэслэлээ.

Хавтаст хэргийн 3-56 дугаар талд авагдсан баримт тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, “Юүншү глобал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн төлбөрийн тухай” тодорхойлолт /хх-59/, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 0014411 дугаартай пүүний баримт /хх-90/, нүүрс тээвэрлэлтийн нэгдсэн дүнгийн хүснэгт /хх-91-92/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.М  7 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хангаж шийдвэрлэсэн 4 889 589 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 93 183 төгрөгийг хариуцагч Г.Э  оос гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Г.Э  оос 4 889 589 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М т олгосугай.

2.Нэхэмжлэгч Д.М  нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 889 589 төгрөг нэхэмжилсэн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э  оос 93 183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР