Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1220

 

  2022        08          17                                        2022/ШЦТ/1220

 

                             

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206000001931 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Т овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны хойд талд байрлуулсан иргэн С.Д-ийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 13-47 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний нөхөр болох С.О нь унаж байх үед нь “машинд чинь хувцсаа хийчихье” гэж түлхүүрийг нь авсан боловч улмаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж, авч явсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн С.Д-ээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4, 6 дугаар хуудас/,

- Хохирогч С.Д-ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байтал нөхөр С.О нь орой 20.00 цагийн үед гэртээ орж ирэхдээ ажлын газрын хүн машинд хувцас хийчихээд ирье гэж хэлээд машины түлхүүр авч гараад тэр чигтээ машин авчихсан тул автобусаар ирлээ гэж хэлсэн тул цагдаад мэдэгдсэн. Нөхрийн маань унаж явсан машиныг би банк бусаар лизингээр өөрийн нэр дээр гэрээ хийж авч байсан юм. Ажлын газрынх нь хүн болох Түвшинтөгс гэж хүн авч явах үед нөхөр маань машинаа “Цагаан хуаран” хотхоны хойд талд барилгын гадна байрлуулсан гэсэн. Машин авч явсан хүн нь манай нөхөртэй хамт барилга дээр ажилладаг гэсэн. Өмнө нь манай нөхрөөс машин авч явж байгаагүй гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Гэрч С.О-ын “Надтай хамт ажилладаг ******* нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын ажил дээр ажиллаж байгаад 11:00 цаг өнгөрч байхад ажил гарчихлаа, бригадын дарга буу гэсэн, машинд чинь хувцсаа тавьчихъя гэж хэлээд машины түлхүүр аваад явсан. Тэгээд ******* автомашины түлхүүр авч яваад ирэхгүй болохоор нь залгасан чинь “Ахмадын хорооллын энд байна, орлоо” гэсэн. Тэгээд би машинаа очиж үзэхэд байхгүй, дахин дахин үзэхэд байхгүй байсан. ******* рүү залгахад утаа авахгүй, миний утас машинд үлдсэн болохоор өөрийнхөө гар утас руу залгахаар авахгүй байсан. Тэгээд ******* тухайн өдөр ажилдаа ирээгүй, маргааш нь бас ажилдаа ирээгүй, манай эхнэр гар утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Эхнэр лүү нь залгасан чинь тийм хүн байхгүй гэсэн. Тэгтэл 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай дарга утсаар яриад “******* машиныг чинь авчирч өгөөд түлхүүрийг нь үлдээсэн байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

- *******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цагаан хуаран” хотхоны хойд талд байрлуулсан иргэн С.Д-ийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 13-47 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний нөхөр болох С.О нь унаж байх үед нь “машинд чинь хувцсаа хийчихье” гэж түлхүүрийг нь авсан боловч улмаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож 2 өдөр авч явсан болох нь С.Д, гэрч С.О нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ******* нь хохирогч Д-ийн өмч болох автотээврийн хэрэгслийг өөрт нь мэдэгдэлгүй жолоодон явсан санаатай үйлдэл, хохирогчийн өмчлөх, эзэмших эрх ашгийг хохироосон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Шүүгдэгч *******-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

            Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хохирол төлбөргүй байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хохирогчид автомашиныг нь буцаан өгсөн, хохирогч С.Д нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт *******-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ