Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2283

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр     Дугаар 181/ШШ2018/02283         Улаанбаатар хот          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: М овогт Б Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НТС ХХК-д холбогдох

 

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 600,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2017 оны 6 дугаар сараас туршилтын ажилтнаар ажилд орсон. 2017 оны 9 дүгээр сард үндсэн ажилтан болсон. 2018 оны 1 дүгээр сард үндэслэлгүйгээр халагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажилд томилсон. Хариуцагчаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажилдаа ор гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Шүүхийн шийдвэр бичгээр гарсныг хурал болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа аваад 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр очиход ажилд авах боломжгүй гэсэн дахиад 4 хоногийн дараа очиход 2 хоногийн дараа ир гэсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа орсон.

Би энэ хооронд 1 сар цалингүй байсан тул 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. Энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа.

Ажилдаа эргэн ороход намайг элдвээр хавчиж дарамталж хог шүүрд гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан. Энэ ажлыг хийхгүй байсан учир надад 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. 2 удаа зөрчлийн хуудас өгсөн бол сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт байхгүй. Тэгэхээр үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа. Би зөрчлийн хуудаст заасан алдаа дутагдал гаргаснаа үгүйсгээгүй, 3,000 төгрөгийг төлсөн байгаа. Гэхдээ журамд заасан шийтгэл ногдуулах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан болсны дараа л нэхэмжлэгчийг ажилдаа буцаад орох мэдэгдэл өгсөн. Гэтэл ажилдаа орохгүй байсан тул уг мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөн адил ажилдаа орохыг мэдэгдсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд нь батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа ор гэсний дагуу орсон байдаг.

Нэхэмжлэгч нь бэлэн мөнгө хүссэн өргөдөлд нярвын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан зөрчил гаргасан байдаг. Мөнгө олгох баримт хуурамчаар бүрдүүлсэн тул зөрчлийн хуудас өгсөн байдаг.

Мөн 1 зөрчлийн хуудас нь цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан хийлгэх ажил үүргээ хийгээгүй учир олгогдсон. Эдгээрийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цнь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 600,000 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. 

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00878 дугаар шийдвэрээр НТС ХХК-ийн захирал нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/21-18 тоот тушаалаар Б.Цыг Өргөө 4 салбарын зохион байгуулагчийн ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 44 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,337,028 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б/68 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг НТС ХХК-ийн зохион байгуулагчийн албан тушаалд томилсон байх ба 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилдаа орохыг мэдэгдсэн мэдэгдлийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид биечлэн, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шуудангаар тус тус хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үйл баримт хэргийн баримтуудаар тогтоогдож байх ба талууд үүнд маргаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд цалин хөлсгүй байж хохирсон үндэслэлээр хариуцагчаас 600,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөхдөө “шүүхийн шийдвэр гарсан өдөр нь ажилдаа орж ажиллах тушаал гарч, үүнээс хойш 2 хоногийн дараа энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн, ажил үүргээ өөрийн буруугаас гүйцэтгээгүй тул цалин олгох үндэслэлгүй” гэж маргасан.

 

Нэхэмжлэгч энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гаргасан тул шүүх гомдлыг үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Шүүх 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанаас танилцуулан сонсгомогц шүүхийн шийдвэр хүчинтэй болдог, харин зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар шүүхийн уг шийдвэр хүчин төгөлдөр болно.

 

Энэ маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 120 дугаар зүйлийн 120.1.1, 120.2-т заасан хугацааг тоолох нь чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

Манай тохиолдолд танилцуулан сонсгосноор хүчинтэй болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч тэр даруй хүлээн зөвшөөрч шийдвэрийг биелүүлэх ажиллагааг мөн өдрөөс хийсэн байх боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг бичгээр гарч, түүнийг гардан авах хүртэл ажилдаа эргэж ороогүй, хүлээсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Тэгэхээр шүүх хариуцагчийг ажилтны хөдөлмөрлөх эрхийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл ажилдаа орохгүй хүлээсэн нь өөрийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй гэж шууд үзэх хууль зүйн үндэслэл мөн болохгүй байна.

 

Учир нь, шүүх 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гаргаж танилцуулан сонсгосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр гарсан, үүнийг хуралдаан болсноос хойш 14 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч гардан авсан, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан нь тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хүсэл зориггүй нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж үзэх бөгөөд энэ хугацаанд хариуцагч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа хүсэл зоригоо бичгээр илэрхийлж байсныг нэхэмжлэгч бодитоор мэдсэн, ойлгож байсан гэж үзвэл 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэх боломж бүрдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангаагүй гэх үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Б.Цнь НТС ХХК-ийн зохион байгуулагчийн албан тушаалд өдрийн 30,387 төгрөг /шүүхийн шийдвэрээр 44 хоногийн цалинд 1,337,028 төгрөг гаргуулсныг хоногт хувааж тооцсон/-ийн цалинтай ажиллаж байсан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч НТС ХХК-аас 303,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 296,130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Цын ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НТС ХХК-д даалгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

НТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04б/60 тоот “Б.Цд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1, 16.3.4-т заасныг баримтлан үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20%-аар бууруулах сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулсан байна.

 

Хэргийн баримт, нэхэмжлэгчийн зөвшөөрсөн тайлбараар зөрчлийн 2 хуудаст заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь тогтоогдсон гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн ажлын байранд 4 зохион байгуулагч ажилладаг болох нь тогтоогдсон ба зохион байгуулагч нь “Үйлчилгээний танхимын заалыг эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм зааврын дагуу бэлдүүлэх, кино театрын доторх, гаднах талбайн цэвэрлэгээ, үйл ажиллагааг бүрэн хянаж шалгаж бүрэн хариуцаж ажиллах үүрэг”-ийг ажлын байрны тодорхойлолтоор хүлээдэг бөгөөд Б.Цд өгсөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зөрчлийн хуудсанд энэ үүргээ зөрчсөн гэж үзсэн байна.

 

Дөрвөн зохион байгуулагч ажилладаг ажлын байранд “Өглөө бүр цэвэрлэх гадна талбайг бүрэн цэвэрлүүлэх, түүнд хяналт тавьж ажиллах үүргийг нэг зохион байгуулагч дангаар хариуцах эсэх, тухайн өдөр ажилдаа эргэж орсон ажилтанд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлэх боломж бүрэн байсан эсэх тодорхойгүй, тэрчлэн удирдлагаас хэдийд өгсөн ямар үүрэг даалгавар биелүүлээгүй нь тодорхойгүй байна.

 

Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл, гаргасан гэх нэг зөрчил нь бодитой эсэх, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн “оройн ээлжийн зардлын бүртгэл дээр нярвын гарын үсгийг хуурамчаар зурсан, ажилчдын гарын үсэгтэй баримтыг санхүүгийн баримтаас дур мэдэн авч явсан” гэх зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.4-т “өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах, цаг тухайд нь биелүүлэхгүй байх” зөрчилд шууд хамаарах эсэх асуудал тодорхойгүй, ойлгомжгүй болжээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, НТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04б/60 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан НТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04Б/60 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож,  НТС ХХК-аас 303,870 төгрөг гаргуулж Б.Цд олгож, Б.Цын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НТС ХХК-д даалгаж, Б.Цын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 296,130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА