Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар   2022/ШЦТ/81       

 

 

2022           06             20                                                       2022/ШЦТ/81                                  

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Гантулга,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.Цогбаатар /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цогбаатарт холбогдох эрүүгийн 2229000000067 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Дэйфү” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4 дүгээр баг, Их-Ус 3-07 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хуацай овогт Гадъяанагийн Цогбаатар /РД:СБ80032413/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Хуацай овогт Гадъяанагийн Цогбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘’Таван толгой‘’ уурхайн аман дээр иргэн Г.Алтансүхийг хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цогбаатарт холбогдох эрүүгийн 2229000000067 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цогбаатар мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид бэлнээр 500.000 төгрөг өгсөн, мөн эм тариа, замын зардал зэргийг өөрөөсөө төлсөн. Хохирогч гомдол саналгүй болсон гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Алтансүхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 19-20 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Дамдинбазарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 236 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Цогбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, 

 

-Г.Цогбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, иргэнд олгох тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, дипломын хуулбар /хавтаст хэргийн 49, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 60, 71-74 дэх тал/,

 

-Г.Цогбаатар болон Г.Алтансүхийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 

- Хохирогч Г.Алтансүхийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 84 дэх тал/,

 

-Шүүгдэгч Г.Цогбаатарын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Цогбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘’Таван толгой‘’ уурхайн аман дээр иргэн Г.Алтансүхийг хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Алтансүхийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой аман дээр би 16:00 цагийн үед архи ууж эхэлсэн юм. Тэгээд архиа ууж байгаад би нүүрс тээврийн машиндаа ороод тасраад унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь миний гуя хөндүүр оргиод байхаар нь үзтэл хутгалчихсан байсан. Тэгээд удалгүй байж байтал Г.Цогбаатар эмийн сангаа аваад хүрч ирээд миний хөлөнд боолт хийж өгөөд дараа нь эмнэлэг дуудсан юм... Г.Цогбаатар буцаж над дээр ирэхдээ би хүнтэй андуураад хутгалчихлаа гээд тухайн үед ирж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярсайханы өгсөн: "...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн гадна талбай дээр ... Г.Алтансүхийн машинд бид нар архи хувааж уусан... өөрийн нүүрс тээврийн машин руу очиж байж байгаад буцаад иртэл Г.Цогбаатар Г.Алтансүх гэдэг залууг хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Дамдинбазарын өгсөн: "...би 2022 оны 04 сарын 24-ний өдөр Г.Алтансүхийн төрсөн өдөр өнгөрсөн ч гэсэн гээд нэг шил архи аваад Таван толгойн аман дээр нэг шил архи хамт хувааж уугаад би машиндаа амраад хамт уусан хүмүүс тараад явсан юм... 2022 оны 04 сарын 25-ны өглөө Г.Цогбаатар Г.Алтансүхийн биед халдсан талаар Г.Баярсайханаас сонсож мэдсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн “1. Т.Алтансүхийн биед зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  37-38 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Цогбаатарын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Таван толгой ХХК-ийн аман дээр Дамдинбазар, Алтансүх, Баяраа, бид нар архи ууж байгаад ...би "Дэйфү ХХК-ийн захирал фейсбуүктээ байна" гээд хэлээд байж байтал Дамдинбазар “чи согтуу байж дарга нар луу яриад хэрэггүй” гээд надад хэлсэн. Тэгээд тэрнээс болж бид нар маргалдаад байж байгаад би машинд байсан хутгаа аваад айлгах санаатай явж байтал нүүрс тээврийн машинд хүн байхаар нь би очоод машинд нь нэг удаа андуураад хатгачихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Цогбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Цогбаатарт нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Цогбаатар нь хохирогч Г.Алтансүхийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Цогбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Цогбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Цогбаатар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Г.Алтансүхийн биед “зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ээр тогтоогдож байна.      

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Г.Алтансүхийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 11 дэх тал/

 

Хохирогч Г.Алтансүх нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан “...Г.Алтансүх миний биед Г.Цогбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө халдсан. Г.Цогбаатар нь миний биед хутгаар зүүн гуянд хатгаж, гэмтэл учруулсан. Гомдол санал байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлбөр тооцоогоо бүрэн барагдуулсан” гэх хүсэлтээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 84 дэх тал/

 

Иймд хохирогч Г.Алтансүх нь шүүгдэгч Г.Цогбаатараас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г.Цогбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘’Таван толгой‘’ уурхайн аман дээр иргэн Г.Алтансүхийг хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.     

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Г.Цогбаатар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Цогбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Цогбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Г.Цогбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Хуацай овогт Гадъяанагийн Цогбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цогбаатарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Цогбаатарт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Г.Алтансүх нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Цогбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цогбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН