Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2329

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02329

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “НБХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: “О Ц Д” ХХК-д холбогдох,  

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хугацаа хэтрүүлсний алдангид нийт 102,461,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“НБХ” ХХК нь “О Ц Д” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16/02 дугаартай “Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулсан. “НБХ” ХХК нь гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 22-оос 28-ны хооронд нийт 375 тонн 160 кг өнгө асфальтобетон хольц нийлүүлсэн бөгөөд мөн “О Ц Д” ХХК-ийн хүсэлтээр 74 тонн 440 кг суурь асфальтобетон хольц нийлүүлсэн юм.

“О Ц Д” ХХК нь гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу нийт 78,307,800 төгрөг төлөх үүрэгтэй, мөн гэрээний 2.3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн үүргээ 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор дуусгах ёстой байсан боловч 2016 оны 6 дугаар сард төлсөн 10,000,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, тооцооны үлдэгдлийг нийлж 68,307,800 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан.

Бид гэрээний 2.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 776 хоногт нийт 265,034,264 төгрөгийн алданги бодогдох юм. Энэ дүнг Иргэний хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж тооцоход 34,153,900 төгрөг болж байна.

Бид уг нь Д.Батжаргал захирлын төлбөрийн чадваргүй байдлыг ойлгоод түүнтэй эвлэрэх гэж төлбөртөө тооцож ажил үүрэг гүйцэтгүүлэх санал гаргасан боловч хүлээн аваагүй тул маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Бид доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй. Хариуцагч санхүүгийн хувьд хэцүү байгааг нь мэдэж байгаа учир эвлэрье гэсэн. Гэтэл эвлэрээгүй бөгөөд хариуцагч шүүхэд тайлбараа өгөөгүй тул зөвшөөрсөн гэж үзнэ.

Санхүүгийн хүндрэлтэй байгаа байдлаараа түрүү барих үндэслэлгүй. Үнэхээр доголдолтой байсан бол 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл төлбөрийн хэмжээг баталгаажуулахгүй байсан. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хоолой нь өвдсөн байсан бол маргааш нь яагаад бидэнд хандаагүй юм бэ?, бүхэл бүтэн компани шүү дээ. Одоо энэ мэт худлаа тайлбар тавих нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна

Иймд “О Ц Д” ХХК-аас асфальтобетон хольцын үнэ 68,307,800 төгрөг, алданги 34,153,900 төгрөг нийт 102,461,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Гэрээ байгуулсан нь үнэн, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд асфальт авсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр авсан 109 тонн өнгө асфальт дээр гологдол гарсан. Бид уг асфальтыг талбай дээр асгуулж, дэвсэж дуусаагүй байхад эхнээсээ хуулуулах шаардлага гарсан байдаг. Асфальтаас тос гарч, дэвсээд индүүдэх явцад нягтрахгүй тос ялгараад байсан. Үүнээс бусад нь асуудал гаргаагүй. Асфальтын байдлыг Шангрила төвийн инженерүүдэд хэлж, тэдэнтэй тохирч зүсвэр хийхээр болсон Малайз инженерүүд ийм асфальт авахгүй гэсэн учир тэр даруй “Ялгуусан” ХХК-аас бид өөр асфальт авч дэвссэн. Сүүлийн машин асфальтыг бүр хаяулсан байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 109 тонн асфальтаас гологдол гарахад тэр даруй н.Оюунцэцэг гээд “НБХ” ХХК-ийн асфальт хариуцаж байсан хүн рүү утсаар мэдэгдсэн. Тухайн үед миний хоолой сөөсөн байсан учир миний яриаг ойлгохгүй байсан бөгөөд манай инженерээс асууя гэсэн асуусан байх ёстой.

Энэ гологдлоос болж бидэнд илүү зардал гарсан байгаа. Бид аргагүйн эрхэнд “Ялгуусан” ХХК-аас машин тэргээ ломбардад тавьж байж 30,000,000 гаран төгрөгөөр бэлэн мөнгөөр асфальт авч ажлаа дуусгаж хүлээлгэн өгсөн. Энэ байдлаас үүдээд Шангрилагаас мөнгөө авч чадаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан бидний мөнгийг гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн байгаа. Ийм шалтгаан байсан учир “НБХ” ХХК-д үлдэгдэл мөнгийг төлөхгүй хүлээж байсан.

Төлбөрийн үлдэгдэл 68,307,800 төгрөг байгаа нь үнэн. Гэхдээ бид “НБХ” ХХК-д өөр ажлыг үнэгүй ажил хийж өгсөн, мөн “Энгүүн Орд” ХХК-д ажил хийж өгсний төлбөрт авах 10,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь “НБХ” ХХК-ийн өрөнд тооцсон гэж үзэж байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо төлөх төлбөр байхгүй, дууссан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “НБХ” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 68,307,800 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангид 34,153,900 төгрөг, нийт 102,461,700 төгрөгийг хариуцагч “О Ц Д” ХХК-аас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нийлүүлсэн 109 тонн өнгө асфальт нь чанаргүй байсан, үүний улмаас нэмэлт зардал гарсан, тэрчлэн өөр бусад байдлаар төлбөр төлөгдсөн гэж үзэж байгаа тул үндэслэлгүй гэж маргасан.

           

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16/02 тоот “Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч “НБХ” ХХК нь 350 тонн өнгө асфальтобетон хольц нийлүүлэх, хариуцагч “О Ц Д” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 18,375,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 42,875,000 төгрөгийг буюу нийт 61,250,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байх ба талууд хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 375,16 тонн өнгө асфальтобетон хольц, 74,44 тонн суурь асфальтобетон хольц тус тус нийлүүлсэн, хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 68,307,800 төгрөг байгаа болох нь талуудын энэ үйл баримтад маргаагүй тайлбар, “НБХ” ХХК-ийн харилцахын дэлгэрэнгүй гэх баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдов.

 

Одоо нэхэмжлэгч нь гэрээний дагуу болон хариуцагчийн хүсэлтээр нийлүүлсэн гэх асфальтобетон хольцын төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 68,307,800 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

 

Хариуцагч төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа бөгөөд үндэслэлээ 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нийлүүлсэн 109 тонн өнгө асфальтобетон хольц нь чанарын шаардлага хангаагүйгээс болж өөр газраас асфальтобетон хольц авах, ажлыг дахин гүйцэтгэх зэргээр зардал их гарсан, мөн өөр компанид хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс нэхэмжлэгч шууд суутгах замаар төлбөрөө авахаар тохирсон тул үлдэгдэл төлбөрт дүйцсэн гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд хэрэв худалдагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд худалдан авагч нь хуулиар тогтоосон хугацааны дотор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхийг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эдэлдэг.

 

Гэхдээ тодорхой тохиолдолд хуулиар олгогдсон шаардлага гаргах энэ эрхээ худалдан авагч алддаг бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан эдгээр тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй хүлээн авсан тохиолдол хамаардаг.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шүүх тухайн хэргийг шийдвэрлэхийн тулд худалдагч гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн эсэх, худалдан авагч доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан эсэх нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр 350 тонн өнгө асфальтобетон хольцыг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч үүнээс 25,16 тонныг илүү хэмжээтэй шилжүүлснээс өөрөөр чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж үзэх үйл баримт болон аж ахуйн үйл ажиллагаандаа байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнийг шалгаж авах үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдсонгүй.

 

Тиймээс хариуцагч 190 тонн өнгө асфальтобетон хольц нь чанарын шаардлага хангахгүй байсан үндэслэлээр шилжүүлэн авсан бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзах эрхгүй.

 

Мөн нэхэмжлэгчээс илүү шилжүүлсэн 25,16 тонн бүтээгдэхүүнийг хариуцагч хүлээн авсан учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5-д заасны дагуу хариуцагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Хэргийн баримтаар хариуцагч нь төлбөртөө тооцуулах ажил гүйцэтгэсэн гэж үзэх, тэрчлэн бусдаас авах авлагаа нэхэмжлэгчийн төлбөрт шууд шилжүүлэн тооцуулахаар шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийг төлбөр төлсөн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс нийлүүлсэн 74,44 тонн суурь асфальтобетон хольцын тухайд талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээнд тусгагдаагүй учир амаар хийсэн хэлцлээр шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага тавигдаагүй учир амаар хийсэн хэлцлээр нэхэмжлэгчээс шилжүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээн авсан хариуцагч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнийг төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч худалдсан бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 68,307,800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талууд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16/02 тоот “Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ”-ний 2.4-т “Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж дуусгаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө.” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бүтээгдэхүүний үнэ 65,653,000 төгрөг, амаар хийсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүтээгдэхүүний үнэ 12,654,800 төгрөг буюу нийт 78,307,800 төгрөг төлөх үүргийг хариуцагч хүлээснээс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн, ингэхдээ аль гэрээний дагуу шилжүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг төлсөн нь тодорхойгүй байна.

 

Дээрх төлбөр төлсөн огноо нь бичгээр байгуулсан гэрээнд заасан төлбөр төлөх хугацаатай тохирохгүй байх тул шүүх амаар хийсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн бүтээгдэхүүний төлбөр гэж үзэв.

 

Тэгэхээр нэхэмжлэгч нь бичгээр байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой төлбөр 65,653,000 төгрөгөөс хоног тутамд 0,5%-тай тэнцэх алданги шаардах эрхтэй байна.

 

Төлбөр төлөх сүүлийн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байсан учир нэхэмжлэгч энэ хугацаанаас хойш алданги тооцсон нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч 32,826,500 төгрөгийг шаардах эрхтэй, харин амаар хийсэн хэлцлийн дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 2,654,800 төгрөгөөс алданги тооцож шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь алданги 32,826,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх боловч шүүх талуудын мэтгэлцээний явцад тогтоогдсон хариуцагч компанийн санхүүгийн чадавх сул, төлбөр төлөх боломж муу байгаа нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ингэхдээ нэхэмжлэгчийн анхны шаардсан анзын хэмжээ болох 34,153,900 төгрөгийг 50%-аар бууруулах замаар хариуцагчаас алдангид 17,076,950 төгрөгийг гаргуулах нь хэргийн нөхцөл байдал, талуудын хүсэл зориг, хуулийн зохицуулалтад нийцнэ гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч компаниас үндсэн төлбөрийн үлдэгдэл 68,307,800 төгрөг, алданги 17,076,950 төгрөг буюу нийт 85,384,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 17,076,950 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.5, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан “О Ц Д” ХХК-аас 85,384,750 төгрөгийг гаргуулж “НБХ” ХХК-д олгож, “НБХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,076,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 584,874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

            3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА