Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2277

 

 

 

  

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр          Дугаар 181/ШШ2018/02277            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: З овогт С М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Б Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

С.М, Б.Б нар нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд С.М нь 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай Б.Бд шилжүүлэхээр тохирч, зээлийн барьцаанд Б.Бгийн өмчлөлийн орон сууц, З.Лхагвабаярын өмчлөлийн авто зогсоолыг тус тус барьцаалсан.

Гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч хариуцагч нь 240,000 төгрөг төлсөн байдаг ба нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээсэн бөгөөд хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид “барьцаа хөрөнгөө өөр газар барьцаалан зээл авч, авсан зээлээрээ гэрээний үүргээ биелүүлэх боломж олгох”-ыг хүссэн хүсэлт гаргасан байдаг. Үүний улмаас мөн өдөр талууд үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хийж, нотариатаар батлуулсан бөгөөд мөн өдрөө зээл төлөгдөөгүйн баталгаа болгож хариуцагч өөрийн гараар “төлбөрийг барагдуулаагүй нь үнэн болно, зээлийн гэрээг түр төлбөр төлснөөр цуцалж, нотариатаар орсон нь үнэн болно” гэсэн тайлбарыг нэхэмжлэгчид бичиж өгсөн байдаг.

Үүнээс хойш хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ы өдөр 500,000 төгрөг гээд нийт 7,000,000 төгрөг төлсөн нь өмнөх төлбөртэй нийлээд бүгд 7,240,000 төгрөг болсон.

Үндсэн зээл 10,000,000 төгрөг дээр хүү 1,800,000 төгрөгийг нэмэхэд 11,800,000 төгрөг болсон бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 7,240,000 төгрөгийг хасвал 4,560,000 төгрөгийн үүрэг үлдсэн байгаа. Энэ төлбөрийг төлөх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан учир зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хоногийн 0,5%-аар тооцож алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрсэн учир үлдсэн үүргийн 50%-аар 2,280,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд анх гаргасан шаардлагаа багасгаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэлд 4,560,000 төгрөг, алданги 2,280,000 төгрөг, нийт 6,840,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Үүрэг дуусгавар болсон хэлцлийн тухайд барьцаа хөрөнгийг чөлөөлж, өөр газарт барьцаалах замаар Б.Б зээл авах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл тул зээлийн гэрээний үүргийг энэ хэлцэлд үндэслэн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Б нь С.Мгаас авсан зээлийн төлбөрөө бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэ нөхцөл байдал нь үүрэг дуусгавар болсон тухай хэлцлээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Б.Бгийн өөрийн гаргасан гэх тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг анхаарна уу гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан тайлбар, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,840,000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба анх гаргасан шаардлагаа 10,860,000 төгрөгөөр багасгасан байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлдүүлэгч С.М 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй шилжүүлэх, зээлдэгч Б.Б тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт зээлийг буцаан төлөх, хэрэв заасан хугацааг хэтрүүлбэл хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Талууд мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Г-2203009933 дугаарт Б.Бгийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 72 гудамж, 955 г тоот хаягт байршилтай, 330 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043542 дугаарт З.Лхагвабаярын өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны зоорийн давхар 15 тоот хаягт байршилтай, 16,7 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулжээ.

 

Хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангасан зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж С.М, Б.Б нар гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Харин нэхэмжлэгч нь барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, энэ гэрээ нь маргааны зүйлд хамаарахгүй учир шүүх түүний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзнэ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зээлдүүлэгч С.М нь 10,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй тул шүүх түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд талууд маргадаг, энэ асуудал маргааны зүйл болжээ.

 

Хэрэгт авагдсан С.Мгийн Хаан банк дахь 5029790385 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 7,240,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдсон, талууд үүнд маргаагүй, төлбөр төлсөн талаар үүнээс өөр баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний дагуу Б.Б төлбөрөө бүрэн төлсөн болох нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ээр нотлогдож байгаа гэж тайлбарлаж маргасан ба хариуцагч тал энэ хэлцлийн хуулбарыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архиваас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан болох нь “Хуулбар үнэн” тэмдгээр тогтоогджээ.

 

 Зохигчдын хооронд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” хийгдсэн болох нь хариуцагч талаас гаргасан хуулбар баримтаар нотлогдож байгаа бөгөөд талууд уг хэлцэлд зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Энэ хэлцлээр талууд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 10,000,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаанд бариулсан эрхийн улсын бүртгэлийн Г-2203009933 дугаарт Б.Бгийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 72 гудамж, 955 г тоот хаягт байршилтай, 330 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь Б.Бгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “...барьцааг ББСБ-д барьцаанд тавьж, зээл авч иргэн С.Мгийн зээлийг төлөх тул 10,000,000 төгрөгийг ББСБ-аас гаргах хүртэл төлбөрийг барагдуулаагүй нь үнэн болно. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Мтай хийсэн зээлийн гэрээг түр төлбөр төлснөөр цуцалж, нотариатаар орсон нь үнэн болно. ББСБ-аас зээл гарсны дараа С.Мгийн зээлийг барагдуулна” гэсэн агуулга бүхий хүсэлтээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.

 

Шүүх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Б.Б нийт 240,000 төгрөг төлсөн байсан үйл баримт, “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивд хадгалагдаж байгаа байдал, Б.Бгийн өөрийн гараар бичсэн гэх дээрх хүсэлтэд зурагдсан түүний гарын үсэг, бичгийн хэв нь хэргийн нэхэмжлэлийн хувь гардуулсан, эрх үүрэг тайлбарласан баримтууд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тайлбарын бичгийн хэв, гарын үсгийн загвартай энгийн нүдээр харахад илэрхий зөрүүгүй байгаа зэрэг нөхцөл байдалд үндэслэн зохигчид “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ийг зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэснийг нотлох агуулгаар бус харин эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны эрхийг дуусгавар болгож, дахин тухайн хөрөнгийг барьцаалах замаар бусдаас зээл авах зорилгоор хийсэн байна гэх дүгнэлтэд хүрлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэлцлээр тохирсон эрх, үүргийг үүсгэх зорилгогүй, уг хэлцлийн үндсэн дээр хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг тул шүүх энэ шинжийг агуулсан талуудын хооронд хийгдсэн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хууль зүйн үр дагавар үүсэхгүй учир зээлийн гэрээгээр хүлээсэн Б.Бгийн үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Энэ хэлцлээс өөр үүрэг дуусгавар болсон гэж үзэх үйл баримт хэргийн баримтад байхгүй учир хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн төлсөн 7,240,000 төгрөгийг зээл, түүний хүүгийн нийт төлбөрөөс хасаж тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй, алданги шаардах эрх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар нэхэмжлэгчид үүссэн, шаардаж буй хэмжээ нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байх тул шүүх хариуцагч Б.Бгаас үндсэн зээлд 4,560,000 төгрөг, алдангид 2,280,000 төгрөг буюу нийт 6,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Бгаас 6,840,000 төгрөгийг гаргуулж С.Мд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 246,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА