| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1199/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1219 |
| Огноо | 2022-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1219
2022 08 17 2022/ШЦТ/1219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Г.Чанцалдулам,
хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Ц,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 02180 2165 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Г овогт *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” худалдааны төвийн орчимд “УБ-КАБ” такси үйлчилгээний ажилтан Б.Ц-ыг эхнэр Т.И-тай хардсаны улмаас зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийг эхнэртэйгээ хардаад цохисон. Гэхдээ хохирогчийн мэдүүлэгтээ хэлсэн шиг олон удаа цохиогүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдөр шилжих шөнө UBCab-Онлайн такси үйлчилгээнд явж байсан. Дуудлагын дагуу кино үйлдвэрийн арын зам дагуу байрлах зочид буудлын гадна очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Би эмэгтэйг нь суулгаад 4-5 минутын дараа оффицеруудын ордон дээр очоод дөнгөж зогсох үед энэ залуу үг хэлэлгүй машины хаалга онгойлгоод намайг өшиглөж, хэд хэдэн удаа цохисон. Таксины мөнгөө өгөхгүй эхнэрээ чирээд цааш зугтаад явахаар нь би хойноос нь гүйж очоод яаж байгаа юм бэ? гэж асуухад намайг хэл амаар доромжилсон. Би үүдний харуул ахаас энэ хавьд камер байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлсэн. Дараа нь цагдаагийн газар дуудлага өгч шалгуулсан. Миний шүд суларсан. Би гомдолтой байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,
- Хохирогч Б.Ц-ын Би УБ-КАБ такси үйлчилгээний жолоочийн ажил хийдэг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн эмнэлгийн ойролцоо явж байтал такси авахаар хүн дуудлага өгсөн байсан бөгөөд байрлалаар нь яваад очиход Монел гэрлэн дохиотой уулзварын хажууд байрлах буудлын үүднээс 1 эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүнээр таксинд суулгуулсан. Офицеруудын тойргоор Баянзүрх дүүргийн 16-р хороо, Генерал худалдааны төв чиглэлд зогсоход, 1 эрэгтэй хүн ирээд үгийн зөрүүгүй хаалга онгойлгоод, “Чи энэ пиздатай явсан уу? Чамайг ална” гэж хэлээд миний цээж рүү өшиглөөд нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж, мөн түүний дараа хөлөөрөө 3 удаа нүүр рүү өшиглөж зодчихоод такси авсан эмэгтэйг 2-3 удаа цохичихоод цаашаа тэр хоёр Амгалан хотхоныг чиглэлд зугатаачихсан. Тэр хүнд зодуулсан асуудлаас болж миний доод уруул дотор талдаа хавдсан, дээд үүдэн 3 шүд хөдөлчихсөн, цээж хөндүүртэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал./,
Хохирогчийн дахин өгсөн “...Би намайг зодсон хүнийг одоо харвал танина. ******* гэх хүн нь намайг зодсон хүн мөн байна. Уг гэмтлүүдийг надад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө намайг такси үйлчилгээ явуулж байхад үйлчлүүлсэн эмэгтэйг тухайн өдрийн 2 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал зочид буудлын урд тосож авсан залуу учруулсан. Ингэхдээ намайг машины жолооны хүрдний ард сууж байхад машины хаалга онгойлгоод баруун хөлөөрөө нүүр рүү 3 удаа, цээжний баруун дээд хэсэг рүү 2 удаа, цээжний зүүн дээд хэсэг рүү 1 удаа, баруун гараараа толгойны дагзны баруун хэсэг рүү 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал./,
- Гэрч Т.И-ийн "... Ингээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Генерал баарны гадна буусан. Таксинд байхдаа нөхөртэйгөө маргалдсан ба манай нөхөр ******* намайг хэнтэйгээ ууж идээд байгаа гээд хардаад байсан. Ингээд намайг таксинаас буухад манай нөхөр намайг тосож авсан ба таксины жолоочтой хардаад маргалдсан. Тэгээд таксины жолоочтой маргалдаад заамдалцаад байсан. Би тэгэхээр нь түрүүлээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны 25 тоот гэр рүүгээ ороод унтаж амарсан. Намайг буухад манай нөхөр *******, таксины жолооч нар нь маргалдаад нэгнийгээ заамдаад зогсож байсан. Би тэгэхээр нь гэр рүүгээ түрүүлээд явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал./,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5687 дугаартай “...Б.Ц-ын биед баруун дээд үүдэн 1, 2, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35-р тал./,
- Яллагдагч *******-ын “ ... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” худалдааны төвийн орчимд “УБ-КАБ” такси үйлчилгээний ажилтан Б.Ц-ыг эхнэр Т.И-тай хардсаны улмаас зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5687 дугаартай “...Б.Ц-ын биед баруун дээд үүдэн 1, 2, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч О.Ц гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Энэ хэргийг нийгмийн аюулын хор шинж, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгын хувьд хувийн сэдэлттэй гэмт хэрэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж байна. Энэ хэргийг олон нийтийн газар үйлдсэн байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаа үйлчилгээний ажилтанд олон нийтийн газар халдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг хойшлуулж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч О.Ц эрүүгийн хариуцлагын саналдаа: Эрүүгийн хариуцлага нийгэмд учруулсан хор уршиг, хохиролтой нийцэж байх ёстой. Мөн шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх хэрэгтэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогчоос уучлалт гуйгаагүй, гэмшсэнээ илэрхийлээгүй, өөрийн санаачилгаар хохирол төлбөр төлөөгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******: Хэлэх зүйлгүй гэв.
Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 7.582.366 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогчид зайлшгүй учруулсан баримттай хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Хохирогч нь 7.582.366 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохиролын төлбөрөөс хэн хэрхэн хэзээ юунд хэрэглэсэн нь тодорхойгүй зогсоолын төлбөр 3000 төгрөг, төрийн банкны зарлагын 8000 төгрөгийн баримт, “Шунхлай Трейдинг” ХХК-ийн 46.366 төгрөг, болон өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг гэм хор, хор уршгийн шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос 25.000 төгрөгийг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо, Зээл 20-11 тоот хаягт оршин суух Б.Ц-т олгож, 8.557.366 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч Б.Ц энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ