Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82                  

 

 

2022           06             23                                                        2022/ШЦТ/82                                 

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: Т.Батбаяр /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Батбаярт холбогдох эрүүгийн 2229000000072 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаан булаг 2-16 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Түшээт ван овогт Туяагийн Батбаяр /РД:КЮ02322418/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Батбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багт байрлах, “Оюу толгой” ХК-ийн амрах байрны гадна тамхины цэг дээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Д.Шижирболдтой маргалдаж нүүр хэсэгт гараа атгаж цохисны улмаас хамар ясны хугарал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Батбаярт холбогдох эрүүгийн 2229000000072 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батбаяр мэдүүлэхдээ:

Ам бүл долууллаа амьдардаг. “МАК”-д ажилд орохоор хүсэлтээ өгсөн байгаа.

Одоогоор бол барилгын ажил хийж байгаа. Тухайн үед би 2 лааз пиво уусан байсан.

Тамхины цэг дээр хараад байхаар нь очоод 2 удаа хацарт нь цохьчихсон. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, үнэн зөв гарсан гэж бодож байна. Хохирогч надаас 7 хоногийн цалинд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн, үүнийг нь би шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд төлье. Өөрөөр хохирогч надад гомдол санал байхгүй гэсэн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Д.Шижирболдын Өмнөговь аймгийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Шижирболдын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Наранбатын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Зулхүүгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай  “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Батбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

-Хохирогч Д.Шижирболдын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

-Т.Батбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50-52, 65-66, 67дахь тал/,

 

-Т.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 65, 6 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Шижирболдын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 73 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Батбаярын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.Батбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант 3 дугаар багт байрлах “Оюу толгой” ХК-ийн амрах байрны гадна тамхины цэг дээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Д.Шижирболдтой маргалдаж нүүр хэсэгт гараа атгаж цохисны улмаас Д.Шижирболдын биед “хамар ясны хугарал” гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Шижирболдын өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед ажлаа тараад ажлынхантайгаа “Оюутолгой” ХХК-ийн амралтын байрны уушийн газарт орж байгууллагаас өгдөг норм болон 0.33 литрийн хэмжээтэй 4 сав пиво хүн бүр өгдөг. Тэр пиво биллиард тоглонгоо ууж дуусаад уушын газрын үйлчилгээ 22 цаг гээд хаах болоод найз Наранбатын хамт дэлгүүр ороод тамхи гоймон ундаа аваад гэртээ харьж гоймонгоо дарж идчихээд 23 цагийн үед тамхины цэг дээр очиход тамхины цэг дээр хоёр залуу сууж байсан. Тэгээд би тамхи гаргаж ирээд тамхиа татаад зогсож байхад нэг залуу нь намайг хараад байна уу гэхээр нь үгүй ээ би хараагүй гэхэд нөгөө залуу босож ирээд миний баруун талын шанаа руу цохичихоор нь хөөе чи яаж байна аа гэсэн чинь нөгөө гараараа нүдний өмнүүр даллаад одоо харагдаж байна уу гэхээр нь харагдахгүй байна гэсэн чинь дахиад миний баруун шанаа руу цохичихсон. Тэгэхэд нь манай найз чи одоо болиочээ гэсэн чинь чи зүгээр бай чамайг ч гэсэн ална шүү пизда минь гэхэд манай найз хорихоо больсон чинь дахиад миний нүдний урдуур гараараа харагдаж байна уу хөөе гэхээр нь би харагдахгүй байна гэхэд чи ямар том пизда вэ, чиний наад харагдахгүй байна гэдэг үг чинь уур хүргээд байна пизда минь гээд байхаар нь би зөрүүлээд цохих гэхэд манай найз боль боль гээд болиулахад нөгөө залуу чи пиздаа минь чиний наад харагдахгүй байна гэж хэлээд байгаа чинь уур хүргээд байна шүү гээд дахиад над руу ирэхээр нь би нөгөө залуу тэврээд авахад намайг газар унагаагаад миний хоолойг багалзуурдаж базаад би амьсгалж чадахгүй байсан чинь манай найз болиоч чи хүн аллаа ш дээ гэхэд нөгөө залуу болиод миний дээрээс боссоноо одоо харагдаж байна уу пиздаа минь чи үхлээ шдээ гэж хэлээд намайг дахиад цохичихсон Тэгэхэд хамраас цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Шижирболдын дахин өгсөн "...Миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан. Өөрөөр ямар нэгэн бэртэл гэмтэл үүсгэсэн зүйл байхгүй...Хохирол нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт, хавсаргуулах баримт бичиг байхгүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Наранбатын өгсөн “...Өрөөнд очоод тамхи татах гээд гарахад тамхины цэг дээр 2 залуу байсан тэгээд тамхи татаад байж байхад нэг нь Шижирболдыг чи хараад байна уу гэж асуусан тэгэхэд нь хараагүй байна гэж хэлэхэд босож ирээд харагдахгүй байна уу гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа цохиод авсан тэгснээ одоо харагдаж байна уу гэж асуусан тэгээд томроод байхаар нь би голоор нь орж салгасан тэгэхэд нөгөө хүн нь дайраад байсан тэгснээ чамайг ална шүү холд гээд байсан. Тэгээд Шижирболдыг цохисон хүн дахиад хэд хэдэн удаа цохисон... сүүлд нэрийг нь мэдсэн Батбаяр гэдэг хүн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Зулхүүгийн өгсөн “...чи муухай хараад байна уу гэсэн тэгэхэд хараагүй байна гэхэд чи муухай хараад байна гэж хэлээд цохиод...Батбаярын биед халдсан хүн байхгүй байх Батбаяр л цохиод байсан...Муудах шалтгаан байхгүй байсан Батбаяр л уурлаад муухай хараад байна уу гээд зодоон эхлүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

-Шүүхийн шижнилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай шинжээчийн “1.Д.Шижирболдын биед хамар ясны хугарал гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Батбаярын өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд ажлаасаа буугаад амрах байрандаа амарч байхад хамт ажилладаг ах маань бааранд байна гарч ирээд нормоор өгдөг 4 лааз пивоо аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би бааранд очиж пиво авч өгсөн чинь намайг 2-ыг нь уучихаад яв гэхээр нь би тэр ахтайгаа хамт баар хаатал биллиард тоглож байгаад баар хаахаар нь амрах байр луугаа явсан. Байрны гадаа очоод тамхины цэг дээр тамхи татаад сууж байхад танихгүй 2 залуу ирээд хажууд тамхи асаагаад тамхи татаад зогсож байсан тэгснээ нэг залуу нь над руу хараад байхаар нь би юугаа хараад байгаа юм бэ гэсэн чинь хэн чамайг харсан юм бэ пизда минь гэхээр нь босож очоод гараараа даллаад одоо харж байна уу? гэсэн чинь тэр залуу намайг гараараа цохисон чинь тэр нь намайг оноогүй. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь нөгөө залуу газарт унаад өгсөн тэгээд би буцаад явах гэсэн чинь босож ирээд хойноос хашгираад цамцнаас зуураад байхаар нь дахиад нэг удаа баруун гараараа нүүрэн тус газарт нь цохисон чинь дахиад уначихсан тэгэхээр нь би дээрээс нь дарж цамцнаас нь заамдаж дарж хэвтэж байгаад тайвшрахаар нь босоод яваад өгсөн... Намайг тамхи татаад сууж байхад хараад байхаар нь би юу хараад байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс цохих гэж оролдсон тэгэхээр нь би зөрүүлээд цохисон юм... Шижирболдын найз нэг танихгүй залуу байсан, надтай хамт Зулхүү явж байсан тухайн үед өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Батбаяр нь хохирогч Д.Шижирболдын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

  

Хохирогч Д.Шижирболдын биед “хамар ясны хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 34-35 дахь тал/-ээр тогтоогдож байна.     

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Шижирболдыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 16 дахь тал/

 

Хохирогч Д.Шижирболд нь шүүгдэгчээс хохиролд 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болох нь хохирогчоос шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичгээр ирүүлсэн “2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр болох шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй, хэрэгтэн Т.Батбаяраас нэхэмжилж буй мөнгө 1.500.000 төгрөг” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “..Хохирогч надаас 7 хоногийн цалинд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн, үүнийг нь би шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд төлье...” гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батбаяраас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Шижирболдод олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь хохирогч Д.Шижирболдод эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант 3 дугаар багт байрлах “Оюу толгой” ХК-ийн амрах байрны гадна тамхины цэг дээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Д.Шижирболдтой маргалдаж нүүр хэсэгт гараа атгаж цохисны улмаас Д.Шижирболдын биед “хамар ясны хугарал” гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.     

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 67 дахь тал/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түшээт ван овогт Туяагийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батбаярт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Батбаярт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батбаяраас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Шижирболдод олгохоор, Шүүгдэгч Т.Батбаяр нь хохирогч Д.Шижирболдод эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Т.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН