Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 98

 

Ж.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02636 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Дын

Хариуцагч В.Тд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 510 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Л.Г, В.Т нарт 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 7 000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хуацаатай зээлдүүлсэн. Тухайн үед намайг мөнгөтэй байгааг манай хамаатан В.Т мэдэж байсан, тэрээр Л.Г бид хоёрыг зуучлан энэхүү зээлийн гэрээг байгуулсан бөгөөд Л.Г-тэй ярилцаж тохиролцоод 7 000 ам.долларыг хүлээлгэж өгсөн. Энэ үед В.Т хамт байсан. Миний бие мөнгө зээлүүлснээс хойш 1 сарын дараа эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед Л.Ганцэцэг, В.Т нартай холбогдоод мөнгийг үргэлжлүүлээд зээлж, хүүг нь төлнө гэж хэлсэн учир би хүлээн зөвшөөрч, гэрээ цааш сунгагдсан. Л.Г нь мөнгийг В.Т авсан, би аваагүй гэж хэлсэн. Мөнгийг хэд хэд хуваан өгсөн, ингэхдээ Л.Г биш, В.Т төлдөг байсан. Үлдэгдэл 2 800 ам.доллар байгаа. Гэхдээ хүү төлөөгүй, үндсэн зээлээсээ л төлж байсан. Хамгийн сүүлд буюу 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 601 ам.доллар төлсөн үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Иймд гэрээнд заасны дагуу нэг сарын хүүг давхар нэхэмжилж байна. 7 000 ам.доллар/ 3=210 ам.доллар нэг сарын хүү юм. Иймд В.Таас 2 800 ам.доллар, нэг сарын хүү 210 ам.доллар, нийт 3 010 ам.доллар буюу 7 318 062.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Ж.Д, В.Т нарын гаргаж өгсөн дэвтрүүд хоорондоо 1 000 000 төгрөгөөр зөрсөн боловч түүнийг Ж.Д авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хасч, 2 510 ам.долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч В.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Г Ж.Даас 7 000 ам.доллар хүүтэй зээлж, олон сар хүүг нь төлж байгаад БНСУ руу ажиллахаар явсан. Тэрээр надад “би бараа аваад танай хамаатан болох Ж.Дт хүүг нь сар бүр төлсөн, үндсэн мөнгөнөөс нь 3 000 ам.доллар, 1 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь чи өгчих” гээд 7 000 000 төгрөгийн барааг өгсөн. Л.Г бараа бөөнддөг байсан болохоор бид хоёрын хооронд барааны үнийн өр, авлага байдаг байсан. Иймээс би Л.Ганцэцэгийн өмнөөс Ж.Дт 3 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 100 ам.доллар, 4 дүгээр сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 100 ам.доллар, 8 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг өгсөн. Сүүлд үлдэгдэл 2 000 000 төгрөгийг гэрт нь ороод өөрийнх нь нөхрийн хажууд өгсөн гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Ж.Дын зээлийн гэрээний үүрэгт В.Таас 3 010 ам.доллар буюу 7 318 062 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 039 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт  "... Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсан буюу хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл  нь хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч В.Т нар нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харилцан хүсэл зоригоо илэрхийлэн 7 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэхээр тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

В.Т нь Л.Ганцэцэгээс бараа авч, авсан бараагаа худалдаж, 7 000 000 төгрөг төлсөн гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээнд Л.Ганцэцэг гарын үсэг зурсан боловч зээлийг эргүүлэн төлсөн гэх баримтуудад В.Тын гарын үсэг зурагдсан. Түүний шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудтай таардаг. Хариу тайлбарт бичсэн 3 000 ам.доллар, 1 000 000 төгрөгийг өгсөн гэх баримтууд байдаг. Харин 7 000 000 төгрөг өгсөн гэх баримт байхгүй.

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... хариуцагч В.Т нь Л.Ггт мөнгө зээлдүүлэхэд хамт байсан, зээлийн төлбөрийг Ж.Дт хүлээлгэн өгч байсан гэх үндэслэлүүд нь нэхэмжлэгч Ж.Дт Л.Гтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн В.Таас шаардах эрхийг, хариуцагч В.Тд зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус үүсгэхгүй юм” гэжээ.

Гэрээг байгуулж, гарын үсэг зурсан этгээд нь Л.Г боловч мөнгийг хүлээн авч, буцаан төлж байсан хүн нь В.Т юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. өөрөөр хэлбэл мөнгийг В.Т авснаар зээлийн гэрээ байгуулагдаж, тэрээр авсан мөнгөө буцаан төлж байсан. Шүүх дээрхийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч В.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 510 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь Л.Ггт 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 7 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Ж.Д, Л.Г нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Хариуцагч В.Т нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “.. зээлийг би аваагүй, ... Л.Г Ж.Дт өгөх зээлийн үлдэгдлийг намайг төлчих гэсэн” гэж тайлбарлан, мэтгэлцжээ.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох талаар зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч В.Т нь нэхэмжлэгчид 4 удаагийн үйлдлээр нийт 4 702 ам.доллар төлсөн болох нь нотлогдсон байдаг. Гэхдээ гэрээний тал буюу Ж.Д, Л.Г нар зээлийн үүргийг заавал биечлэн гүйцэтгэхийг заагаагүй тул В.Т, Л.Г-ийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэж үзнэ. Иймээс үлдэх үүргийг зээлдэгч буюу үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцах тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 132 039 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

                                                                                                   Ч.ЦЭНД