Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Ж.Чулуунчимэг,

Хохирогч: Ч.Лагнаадорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.Чулуунчимэгт холбогдох 201616010057 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

  Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв, баруун суугийн 1-1а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мянгат овгийн Жигмэддоржийн Чулуунчимэг РД: /КБ78033002/           

Шүүгдэгч Ж.Чулуунчимэг нь 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд гудамжинд бүдэрч унан биедээ хүнд гэмтэл учирсан үед өөрийн нөхөр Ч.Лагнаадоржийг зодсон гэж хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдээлэл өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Чулуунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө оройны 21 цагийн үед найз Саранбямбын гэрт очоод 2 шил пиво уусан.

Ajil\Shiitgeh togtool\2016 on\2016_11_02_№46_252.2_J.Chuluunchimeg.docx 

Дараа нь 23 цагийн үед Саранбямба бид 2 Дөлгөөн говь баранд очсон. Манай нөхөр миний утас руу залгаад байсан учир би охиноо дагуулаад гэр лүүгээ явсан. Гэртээ харих замд соёлын төвийн баруун талд нөхөртэйгээ таарсан. Манай нөхөр загнаад араас хөөгөөд байсан. Намайг зодох гэж байна гэж санаад зугтаасан боловч дугуйнд таварцаглаад хөндлөн төмөр дээр ойчсон гэв. Миний хэвлий орчмоор өвдсөн учир 20 гариу минут хэвтсэн. Гэрт ирсний дараа миний ухаан балартаж босож чадахгүй байсан. Манай хадам ээж өвчин намдаах эм өгсөн боловч зүгээр болохгүй байсан учир манай нөхөр шөнийн 03 цагийн үед сум төвийн эмнэлэг авч явсан.  Миний биеийг Дэлгэрмаа эмч үзээд хагалгаанд орох шаардлагатай аймгийн төвөөс эмч дуудна гэж хэлсэн. Хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан. Тухайн үед би нөхөртөө гомдсон учир нөхрөө зодсон гэж худал мэдүүлэг өгсөн. Хууль мэдэхгүйн улмаас худал мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ч.Лагнаадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруутай үйлдлийн  улмаас ханий маань бие өвдөж, өнөөдөр шүүгдэгч нэр зүүж шүүх хуралдаанд оролцож байна” гэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч Ч.Чулуунчимэг нь 2016 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд гудамжинд бүдэрч унан биедээ хүнд гэмтэл учирсан үед өөрийн нөхөр Лагнаадоржийг зодсон гэж хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдож байна. Энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нь шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутуу болон хувийн байдал тус тус нөлөөлсөн байна. Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд Ж.Чулуунчимэгийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6  дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн завсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 5-8-р хуудас/, 

Ж.Чулуунчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн “...Манай нөхөр Лагнаадорж миний утас руу залгаад байхаар нь би хүүхдээ Сарнайгийн хүүхэдтэй хамт аваад тэндээс гарч гэр лүүгээ явж байтал гэрийн баруун талд байх Соёлын төвийн урд талд Лагнаадорж тааралдсан. Лагнаадорж уурлаад хаагуур яваад байгаа юм бэ яагаад утсаа авахгүй байгаа юм гээд үгийн зөрүүгүй миний хэвлийний хэсэг рүү гараараа хүчтэй  цохичихсон юм. Тэгээд би амьсгаа авч болохгүй газар уначихсан, тэнд хэсэг хэвтэж байгаад арай гэж босоод хэвлийгээ гараараа дараад бөхийж явсаар гэртээ орж очоод хэвтсэн.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

Ж.Чулуунчимэгийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...мнай нөхөр Лагнаадорж уурлаад хаагуур яваад байгаа юм бэ гээд над руу чиглээд явахаар нь би айгаад цаашаа гэр лүүгээ зугтаагаад гүйтэл газар бүдэрч тэнцвэрээ алдаад Соёлын төвийн зүүн талд газар булсан байсан хөндлөн урт төмөр дээр хэвлийгээрээ тохоод уначихсан. Лагнаадорж гэрт орж ирээд баахан загнаж байгаад гараад явсан. Хадам ээж намайг чи яагаад алга болчихдог юм бэ гээд эм өгөөд байж байтал гаднаас Сарнай гэрт орж ирсэн. Дуудлагын сувилагч эмч нар яасан юм бэ гэж асуухаар нь харанхуйд гадаа явж байгаад газар булсан байсан төмөр дээгүүр таварцаглаад тохоод унасчихсан юм гэж хэлсэн, эмч нар намайг үзэд чи яг үнэнээ хэл хүнд зодуулчихсан юм биш үү гээд байсан. Би тэгээд манай нөхөр цохичихсон юм гэж худлаа хэлсэн. Эмнэлэг дээр анх очоод бие маш их өвдөөд ухаантай ухаангүй хоёрын хооронд байсан тэгээд нөхөртөө гомдсон байсан учир тэгээд хэлчихсэн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 12-13-р хуудас/, 

Гэрч Б.Саранбямбын өгсөн: “Намайг Чулуунчимэгийн гэрт нь орж очоод яасан талаар асуухад манай нөхөр Лагнаадорж намайг зодох гээд байхаар нь би зугтаагаад уначихлаа гэж байсан. Би Лагнаадоржид ч яасан сүртэй юм бэ бид хоёр яавал гэж гэж хэлэхэд Лангаадорж хохь чинь гэж хэлсэн өөр юм хэлээгүй зогсож байгаад гараад явсан. “ гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хуудас/,

Гэрч Д.Дэлгэрмаагийн өгсөн: “ Чулуунчимэг нь эмнэлэг дээр ирэхдээ ухаан санаа хэвийн, асуусан зүйлд хариулан ярьж байсан. Чулуунчимэгийн биед учирсан гэмтэл нь гадны хүчин зүйлийн улмаас үүссэн гэмтэл байсан учир энэ алаар асуухад газар булсан дугуйн дээр унасан гэж байснаа сүүлдээ хүн өшиглөсөн юм гэсэн. Гэхдээ хэнийг нь хэлээгүй юм.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 15-р хуудас/,

Гэрч Х.Жуулын өгсөн “...Лагнаадорж нь гэртээ байхгүй бэр Чулуунчимэг гэдэс хэвлийгээ гараараа дараад хэвтэж байсан, яасан бэ гэж асуухад юу ч хэлээгүй ёо ёо гээд ёолоод л байсан, гэртээ ирэхдээ л Чулуунчимэг гэдсээ дарчихсан орж ирсэн би гадаа хашаанд гэрийнхээ ойролцоо зогсож байхад тийм байдалтай гэрийнхээ хойд хаалгаар орж ирээд гэртээ орсон” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-р хуудас/, 

Гэрч Ч.Мөнхсайханы өгсөн “...ээж миний утас руу залгаж Лагнаа ахтай муудалцсан, тэгээд зугтааж байгаад гэрийн хойд талын төмөр дээгүүр тохоод уначихсан. Тэгээд бие нь өвдөөд хагалгаанд орсон гэж ярьж байсан. Би яг тодорхой сайн мэдэхгүй байна.“ гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 18-р хуудас/,  

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 21-28-р хуудас/

Ч.Лагнаадоржийн сэжигтнээр өгсөн “... хаашаа алга болоод хаагуур тэнээд байгаа юм гээд өөдөөс нь очтол эхнэр надаас зугтаад цаашаа гүйсэн, тэгээд харанхуйд Соёлын төвийн зүүн талаар байдаг газар булсан төмөр дээгүүр таварцаглаад уначих шиг болсон. Би Соёлын төвийн гадна шатан дээр хэсэг суусан. Эхнэр тэнд хэсэг хэвтэж байгаад босоод гэр лүүгээ явах шиг болсон. Би харанхуйд сайн хараагүй, тэндээ хэсэг сууж байгаад тайвшраад гэртээ очтол эхнэр хэвлийгээ дараад хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 62-р хуудас/,

Шинжээч эмч Б.Ганшагайг байцаасан “...Хавирганы хугарал болон дэлүүний няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ер нь уг гэмтэл нь хатуу мохоо гадаргуутай зүйл дээр унах болон цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл юм” гэсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 85-р хуудас/,

Ч.Лагнаадоржийн хохирогчоор өгсөн “...ээж болон Саранбямба хоёр хамт байж байгаад Саранбямба гэрээс гараад явсан. Түүнээс хойш эхнэрийн бие сайн болохгүй байхаар нь би машинаар авч яваад эмэнэлэг дээр ирээд үзүүлсэн. Тэгээд тэнд эхнэрийг хэвтүүлээд байж байтал намайг цагдаа дээр авч ирсэн. Би яасан юм бол гэсэн танай эхнэр таныг зодсон гэж хэлсэн, одоо эхнэр чинь хагалгаанд орж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 88-р хуудас/,

Ж.Чулуунчимэгийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн үед нөхөртөө маш их гомдсон байсан, ганц удаа гадуур яваад ирэхэд хүлээж чадахгүй, түүнээс л болж ийм юм боллоо гэж бодож байгаад Лагнаадоржийг зодсон гээд худлаа хэлчихсэн юм ...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 98-99-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Чулуунчимэг нь 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд гудамжинд бүдэрч унан биедээ хүнд гэмтэл учирсан үед өөрийн нөхөр Ч.Лагнаадоржийг зодсон гэж хүнд гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдээлэл өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Ж.Чулуунчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Чулуунчимэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй талаараа мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байгаа тул оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Мянгат овогт Жигмэддоржийн Чулуунчимэгийг хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан худал мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чулуунчимэгийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Чулуунчимэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Ж.Чулуунчимэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Чулуунчимэгт хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтанд сануулсугай. 

6.Ялтан Ж.Чулуунчимэгт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтанд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.   

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА