Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 819

 

 

 

 

 

 

   2019          8             15                                             2019/ДШМ/819                                 

 

Ж.Б, Д.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

яллагдагч Ж.Б, Д.Н нарын өмгөөлөгч Ц.Энхмандах,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1485 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Ж.Б, Д.Н нарт холбогдох 11808058040165 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. .

 

.;

 

Ж.Б, Д.Н нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоотод байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгийн цоожийг эвдлэн, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, аккумлятор цэнэглэдэг нарны толь, 100 ампертай аккумлятор, 380 вольтийн 150 метр урттай цахилгааны утас, худгийн трос, цахилгаан тасдагч, хөрөө, эмээл зэрэг хөрөнгийг нь хулгайлан авч, хохирогч С.Ядамсүрэнд 1.995.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Эрдэнэбаярт 400.000 төгрөгийн хохирол /нийт 2.395.000 төгрөгийн/ учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын амны задгайд байрлах иргэн А.Уранзаяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 3 ширхэг нарны толь, нарны зай 2 ширхэг, 48 инчийн “Sony” загварын зурагт, олон үйлдэлтэй хутга, гар чийдэн, “Next” загварын том будаа агшаагч, жижиг будаа агшаагч 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, ариун цэврийн цаас 1 ширхэг, DVD тоглуулагч 1 ширхэг, эрэгтэй өвлийн урт түрүүтэй гутал 1 хос, “ECO” загварын спортын эмэгтэй гутал 2 хос, “Garnet” загварын спорт эмэгтэй гутал 1 хос, “Adidas” загварын спорт гутал 2 хос, эрэгтэй өмд, 25 кг цагаан будаа зэрэг хөрөнгийг нь хулгайлан авч, хохирогч А.Уранзаяад 7.341.900 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагаас 05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун Турууны 13-01 тоотод байрлах иргэн Д.Эрдэнэчимэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн вакум цонхоор хууль нэвтэрч, 49 инчийн “Panasonic” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Д.Эрдэнэчимэгт 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Б нь Ц.Эрдэнэсүхтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоотод байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгт хууль бусаар нэвтэрч, “Хунчир” гэх эмийн ургамал 100 килограммыг хулгайлан авч, хохирогч С.Ядамсүрэнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б, Д.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын сонгон авсан өмгөөлөгч нь хохирогч нарын зарим эд зүйл болох эмээл, нарны зайн толь, олон үйлдэлтэй хутга, аккумлятор зэргийг яллагдагч нарын ар гэрийн хүмүүс олж ирсэн тул хохирогч нарт буцаан олгох ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг гаргасан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарын алдагдсан эд хөрөнгийг олж тогтоох, буцаан олгох, хохирлыг барагдуулах зэрэг хуульд заасан хийж гүйцэтгэх ажиллагааг хангалтгүй хийсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.16 дахь заалтад заасан "хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой" өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй. ...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч Ж.Б, Д.Н нарт холбогдох хэрэгт нууц ажиллагааны магадлагаа гэх баримтыг хэрэгт тусгалгүй шүүхэд тусад нь ирүүлсэн...мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа буюу үр дүнг хэрэгт тусгаагүй байгаа нь шүүхийн хэлэлцүүлэг, хуралдаанаар хэлэлцэх боломжгүй, мөн нотлох баримтаар тооцох эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн...мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг хэрэгт тусгаагүй атлаа, хэргийн оролцогч нарт танилцуулсан гэж тайлбарлах боловч энэ талаар үйлдсэн тэмдэглэл, баримт хэрэгт байхгүй. ...Яллагдагч Д.Нийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Гэндэнгийн Н, Дуламсүрэнгийн Н нэрээр тус тус шийтгэх тогтоолуудын хуулбарууд хэрэгт авагдсан байх ба яллагдагч Д.Н нь овог нэрээ хэзээ өөрчилсөн эсэх талаар холбогдох шийдвэр, түүний төрсний бүртгэлийн лавлагаа хэрэгт байхгүй...эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаанаас Ж.Бат-Эрдэнийг Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 195 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Д.Нийг 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус ял шийтгэгдэж байсан гэх лавлагаа хэрэгт авагдсан байх боловч энэ талаарх тогтоолууд хэрэгт авагдаагүй...яллагдагч нар нь нэг өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчихгүй байх хуулийн шаардлагыг хангах үүднээс яллагдагч нарын өгсөн мэдүүлгийг үзвэл тэдний ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг анхаарах нь зүйтэй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: ...яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, яллагдагчийн ар гэрийнхнээс шүүхийн шатанд хулгайд алдагдсан эд зүйлсийг биетээр гарган өгсөн нь хохирол нөхөн төлүүлэх ажиллагаатай холбоотой бөгөөд энэхүү ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ." гэж, 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно." гэж тус тус заасны дагуу шүүх хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой. ...Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн нягтлалгүйгээр дүгнэлт хийсэн байна. Мөрдөгч 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Ж.Б, Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Энхмандах нарт "мөрдөгчийн нууц ажиллагааны магадлагаа"-г буюу нууц ажиллагааны үр дүнг танилцуулж, гарын үсэг зуруулж, баталгаажуулан тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт хавсаргасан. Мөн Д.Н урьд нь 6 удаа ял шийтгүүлэхдээ Гэндэнгийн Н, Дуламсүрэнгийн Н нэрээр аль, алинаар нь ял шийтгүүлж байсан болон овгоо солиулж байгаагүй, эхээрээ овоглодог талаараа тус тус мэдүүлэг өгсөн /3 дугаар хх-ийн 240 дүгээр хуудас/ бөгөөд 3 дугаар хавтас хэргийн 69 дүгээр хуудсанд "Иргэн Д.Н нь /ЧБ71062079/ төрсний бүртгэлд анх бүртгүүлэхдээ төрсөн эх А.Дуламсүрэнгээр овоглон бүртгүүлсэн байх ба одоогоор иргэний бүртгэлийн мэдээллийн санд овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлд бүртгэгдээгүй болно” гэсэн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/689 дугаартай Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын албан тоот, Д.Нийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр Дуламсүрэнгийн Н болох нь хангалттай тогтоогдсон. ...Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар Д.Н, Ж.Б нарын 1990, 1992 онд ял шийтгүүлж байсан нь тогтоогдсон ба энэ талаар 1993, 1995 оны буюу дараагийн ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын шүүгдэгчийн биеийн байцаалт болон тодорхойлох, тогтоох хэсэгт тодорхой тусгагдсан. Хэрэгт хавсаргаагүй гэх шийтгэх тогтоолууд нь шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад нөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд хүргэх нөхцөл байдал биш байх тул хэрэгт заавал хавсаргах шаардлагагүй юм. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцуулахаар заасан байдаг. Гэтэл яллагдагч Ж.Б, Д.Н нарын хувьд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой буюу гэмт хэрэг үйлдсэн талаараа эсрэг сонирхол илэрхийлсэн мэдүүлэг өгөөгүй, энэ талаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан мэдүүлэг авахдаа тодруулсан. Иймд шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, Ж.Б, Д.Н нарт холбогдох эрүүгийн 1808058040165 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1485 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Ж.Б, Д.Н нарын өмгөөлөгч Ц.Энхмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцлийн 5 дахь хэсэгт тайлбар хэлэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлд заасан өмгөөлөгчөөр оролцож болохгүй тохиолдол тогтоогдоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй. Ж.Б, Д.Н нарын хувьд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгөөгүй тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх яллагдагч Ж.Б, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгах ажиллагааг хийсэн байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

 

Шүүгчийн захирамжид заасан “...нууц ажиллагааны магадлагаа гэх баримтыг хэрэгт тусгалгүй шүүхэд тусад нь ирүүлсэн...мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа буюу үр дүнг хэрэгт тусгаагүй байгаа нь шүүхийн хэлэлцүүлэг, хуралдаанаар хэлэлцэх боломжгүй, нотлох баримтаар тооцох эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн...” гэх асуудлын тухайд, мөрдөн шалгах нууц ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалжийг хамгаалах зорилгоор үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч, мөрдөх албаны даргаас нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж хэрэгт хавсаргах бөгөөд Ж.Б, Д.Н нарт холбогдох хэрэгт нууц ажиллагааны магадлагааны талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд дурдаж, эрүүгийн хэрэг, материалыг шилжүүлэхэд дагалдах баримтад тусгах мэдээлэлд “...мөрдөгчийн нууц магадлагаа 24 хуудас, СД-3 ширхэг...” гэж тусгасан /4хх-89/ байгаа хэдий ч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эдгээр баримтыг дугтуйлж, битүүмжлээгүй /хэлбэр талаасаа/ ирүүлжээ. Энэ ажиллагааг хэргийг заавал прокурорт буцааж хийлгэхгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Ж.Б, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1485 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Б, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Ж.Б, Д.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Д.ОЮУНЧУЛУУН

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН