Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0291

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

           Ч.Б-ын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж

Нэхэмжлэгч:Ч.Б-

Хариуцагч: СБДЗД

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0073 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0953/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. НэхэмжлэгчЧ.Б-оос СБДЗДд холбогдуулан  СБДЗД-н 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0073 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтланЧ.Б-оос СБДЗД-д холбогдуулан гаргасан “СБДЗД-н 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн газар эзэмшихээр хүсэлт гаргасан байршил нь урд нь ногоон нуур, нуурын далангийн хамгаалалтын бүсэд хамааралтай байж болох хэдий ч одоо энэхүү нөхцөл байдал өөрчлөгдсөн төдийгүй сүүлийн 10 гаран жилийн хугацаанд Нийслэлийн болон СБДЗД-н захирамжаар иргэд, аж ахуй нэгжид газар эзэмшүүлсээр ирсэн.

3.2. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мөн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогддог. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буюу СБДЗД “ногоон нуур”-ын тогтоол ус бүхий байршилд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атлаа миний үйлчлүүлэгчид газар эзэмшүүлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй, эдгээр үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

3.3. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ногоон нуурт Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоосон гээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан кадастрын зургийн солбилцол нь дээрх тогтоолын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна гэж, мөн тухайн хүсэлт гаргасан байршил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хэмээн дүгнэснийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0073 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжЧ.Б-ын “СБДЗД-н 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчЧ.Б-оос 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “ ... нуурын газраас 20-40 м зайтай байрлах миний 2007 оноос хойш ашиглаж байгаа 300 м.кв ч хүрэхгүй хашааны газрын гэрчилгээг олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 дүгээр албан бичгээр “... тухайн хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй” гэж татгалзсан хариу өгчээ.

3.2. Нэхэмжлэгчээс СБДЗД-н 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн уг 17/1059 тоот “газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр”-ийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн гаргаж, үндэслэлээ “... өөр бусад иргэдэд нууран дотор газар өгсөн мөртлөө надад газар эзэмших эрх олгохгүй байгаа нь ялгамжтай хандаж байна, ... газар эзэмших хүсэлт гаргасан газар нь үерийн далангийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдоогүй” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “ энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.4-т “... аймаг нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

3.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газраас бусад газар газар эзэмшүүлэхийг хориглохоор заасан байна.

3.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хот байгуулалт, хөгжлийн газраас  анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/8358 дугаар албан бичгээр нотлох баримт шаардсаны хариуд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/3186 дугаар албан бичгээр “... тус байршил  Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т газар зохион байгуулалтын ногоон байгууламжийн бүсээр тусгагдсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08/22 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн “Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн архитектур орон зайн Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүсээр төлөвлөгдсөн, ... далан сувгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын бүсэд орж ... нуурын 200 метрийн хамгаалалтын зурваст орсон” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/6307 дугаар албан бичигт “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуурт Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоосон байна” гэж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/3186 дугаар албан бичгээр “Гео арт инженер” ХХК-ийнЧ.Б-ын нэр дээр үйлдсэн кадастрын зургийн солбицол нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна” гэж тус тус хариу ирүүлсэн байна. 

3.6. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/2616 дугаар албан бичгээр “... Нуур цөөрмийн хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсүүдтэй бүтэн талбайгаар давхцалтай байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 323 дугаар тогтоолоор батлагдсанаар аймаг, нийслэл бүрээр газрын кадастрын зураглал үйлдэж, газрын кадастрын мэдээллийн сангийн давхаргад газрын нэгдмэл санг оруулсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Ногоон нуур” гэх газар нь хот, тосгон, бусад суурины газар, дэд ангиллаар нийтийн эзэмшлийн зам, талбайд хамаарч байна” гэх хариуг өгсөн байна.

3.7. Дээрхээс үзвэл маргаан бүхий байршил нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн архитектур орон зайн Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүсээр төлөвлөгдөж, нуур цөөрмийн хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүсүүдтэй бүтэн талбайгаар давхцалтай болох үйл баримт тогтоогдож байна.

3.8. Иймд хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 дугаар албан бичгээр “... хүсэлт гаргасан байршил нь үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа тул дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй” гэх татгалзал нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/2616 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул шүүхээс хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

3.9. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2022/9194 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэлх 3 жил 3 сарын хугацаанд нэхэмжлэгчээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолд уг маргаан бүхий газар хамаарах эсэх асуудалтай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаагүй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хуульд заасны дагуу холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллагаас хангалттай цуглуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2015 оны 289 дүгээр тогтоолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо гэж бичигдээгүй, шүүхээс энэ талаар тодруулаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.

3.11. Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж тайлбарлан маргасан боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй, өгөөгүй, уг цаг хугацаанаас эхлэн газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж маргаагүй байх бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/9487 дугаар албан бичгээр СБДЗД-н Тамгын газар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/9834 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/1498 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлт гаргаж байсан нөхцөл байдлыг тодруулахыг хүсэлт гаргасан эсэх талаар тодруулахаар хандсан, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчЧ.Б-ын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус газарт хандаж газар эзэмших тухай гаргасан хүсэлт гаргаж байсныг нотлох 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 дүгээр албан бичгийг шүүхэд ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийг 2007 оноос эхлэн тасралтгүй газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь байна.

3.12. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхийн хяналтын цар хүрээ хязгаар нь СБДЗД-н 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17/1059 тоот газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр нь хуульд үндэслэх зарчимд нийцсэн эсэх болон процедурын хувьд хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөхөөр хязгаарлагдах тул нэхэмжлэгчийн “... миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан атлаа бусад иргэдэд газар эзэмших эрхийг олгож байгаа нь тэгш бус ялгамжтай хандаж байна, ...маргаан бүхий газарт нэр бүхий 13 иргэнд газар эзэмших эрх олгосон” гэх тайлбар үндэслэлд шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ