| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2022/0077/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/84 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/84
2022 06 27 2022/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Шүүгдэгч: Б.Алтанхуяг /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Алтанхуягт холбогдох эрүүгийн 2229000000077 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Оргилуун Хайрхан” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилладаг, ам бүл 1, Өмнөговь аймаг, Манлай сум, Далай 4 дүгээр баг, Аргалантын бууцад оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Лагнаа овогт Батсайханы Алтанхуяг /РД:КЕ86083110/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2022 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн орчим Өмнөговь аймгийн Манлай сумын баруун хойно 500 метр зайд байрлах ногооны талбайд Б.Хувьтөгөлдөрийн гэрт гаднаас орж ирж үл ялих зүйлээр шалтаглаж зүүн нүд рүү өшиглөж, нүүр, мөр хэсэгт лоомоор цохисны улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун өвдөг, 2 шилбэний цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Алтанхуягт холбогдох эрүүгийн 2229000000077 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанхуяг мэдүүлэхдээ:
Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай эхнэр архины хамааралтай Хувьтөгөлдөр архи ууж ирчихээд эхнэр, хүүхэд айлгаад байдаг юм. Тухайн өдөр эхнэр Хувьтөгөлдөртэй байна гэхээр нь уур хүрээд очоод цохьчихсон юм. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохиролд 1,600,000 орчим төгрөг төлсөн гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хувьтөгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14-15 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхтүвшингийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Шүрцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Алтанхуягийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
-Хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, эмчийн тэмдэглэл, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 61-68 дахь тал/,
-Шүүгдэгч Б.Алтанхуягийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 71, 72, 73, 74, 75, 76 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2022 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн орчим Өмнөговь аймгийн Манлай сумын баруун хойно 500 метр зайд байрлах ногооны талбайд Б.Хувьтөгөлдөрийн гэрт үл ялих зүйлээр шалтаглаж, зүүн нүд рүү өшиглөж, нүүр мөр хэсэгт лоомоор цохисны улмаас түүний биед “тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд болон доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун өвдөг, 2 шилбэний цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд” үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хувьтөгөлдөрийн өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Манлай сумын баруун хойно байх ногооны талбай дээр эхнэр болох Ц.Ганцэцэг бид хоёр ногоо тарих гээд үр суулгаж байсан. Тэгээд орой 23 цагийн үед ажлаа дуусгаад талбай дотор байдаг гэртээ хоёулаа амарч байсан. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч 03 цаг болж байсан байх унтаж байхад гэрт Алтанхуяг орж ирсэн тэгээд намайг лоомоор цохиж зодоод байсан. Тэгээд би босоод гэрт байсан лоомыг авах гэсэн чинь миний мөр лүү цохисон тэгээд гар эвгүй болсон... Алтанхуяг нь манай эхнэр Ганцэцэгийн салсан нөхөр байсан хоёр хүүхэдтэй одоо Алтанхуягийн хүүхэд Ганцэцэг бид хоёр дээр байдаг салсан эхнэртэй нь хамт амьдарлаа гэж тэгсэн гэж бодож байна... Тухайн үйл явдал Манлай сумаас баруун хойш 1 км зайд байх ногооны талбай дээр болсон асуудал яг тодорхой хаяг байхгүй...Миний зүүн нүд рүү өшиглөж байсан яг хэдэн удаа цохиж өшиглөсөн талаар мэдэхгүй байна ямар ч байсан лоомоор баруун мөр лүү цохисон тэгээд гар хөл рүү зөндөө олон удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хувьтөгөлдөрийн дахин өгсөн “...Б.Алтанхуяг хохирол бүрэн барагдуулсан манай эхнэрийн 5591045699 дугаартай дансанд 1.617.000 төгрөг шилжүүлсэн надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Би шүүх хуралд суух шаардлагагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхтүвшингийн өгсөн “...нэг сэрсэн чинь Манлай сумын баруун хойно байдаг ногооны талбай дээр байсан Хувьтөгөлдөр гэдэг хүн дээр очсон байсан тэгээд би буугаад очсон чинь зодолдсон юм шиг байсан Хувьтөгөлдөр гэрээсээ гараад зугатааж байсан араас нь Алтанхуяг гараад ирсэн тэгээд би буцаад машиндаа сууж байтал Алтанхуяг гараад ирсэн тэгээд би Алтанхуягтай хамт гэрийнх нь гадаа машинд хоносон..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганцэцэгийн өгсөн “...Тухайн өдөр сумын баруун хойно байх ногооны талбай дээр ногоо тарьж байгаад 23 цагийн үед тухайн талбай дээр Хувьтөгөлдөр бид хоёр гэрт амарсан тэгээд 03 цагийн үед байх Алтанхуяг гэрт орж ирээд Хувьтөгөлдөрийн цохиж зодоод эхэлсэн тэгээд Хувьтөгөлдөр гэрээс гараад явсан...Тухайн үйл явдлыг харсан үзсэн хүн байхгүй Хувьтөгөлдөр, Алтанхуяг бид гурав л байсан гадаа машинд Мөнхтүвшин байсан өөр харсан үзсэн хүн байхгүй...Алтанхуяг төмөр авч орж ирсэн тэрүүгээрээ цохиод байсан шөнө гэрэл муутай байсан тул хаана хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай шинжээчийн “1.Б.Хувьтөгөлдөрийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун өвдөг, 2 шилбэний цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хамар ясны хугарал гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна, бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Алтанхуягийн яллагдагчаар өгсөн “...Ганцэцэг, Хувьтөгөлдөр хоёр унтаж байсан тэгэхээр нь уур хүрээд Хувьтөгөлдөрийн мөр, хөл хэсэгт нь барьж байсан төмрөөрөө 2 удаа цохисон тэгээд Хувьтөгөлдөр гэрээс гараад зугтаасан тэгэхээр нь Ганцэцэгтэй юм ярьж байгаад гараад явсан өөр зүйл болоогүй... өмнө нь Ганцэцэг надад хэлэхдээ Хувьтөгөлдөрөөс салсан дандаа хутга шөвөг барьдаг архи уудаг хэцүү юм байна лээ гэж надад хэлж байсан. Ганцэцэг дээр миний хоёр хүүхэд хамт байдаг. Тэгээд бид хоёр байнга уулздаг намайг хүрээд ир гэдэг ийш тийшээ хүргээд өг гээд байсан ойр дотно байсан. Тухайн өдөр салсан гэсэн Хувьтөгөлдөртэй хамт унтаж байхаар нь уур хүрээд гарт байсан төмрөөр хөл хэсэгт нь нэг нэг удаа цохисон тэгээд Хувьтөгөлдөр гэрээс гараад зугтаасан өөр зүйл болоогүй...би бүх хохирол зардлыг барагдуулсан хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Алтанхуяг нь хохирогч Б.Хувьтөгөлдөрийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Алтанхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Алтанхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Б.Хувьтөгөлдөрийн биед “тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд болон доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун өвдөг, 2 шилбэний цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 30-31 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Хувьтөгөлдөрийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 7 дахь тал/
Хохирогч Б.Хувьтөгөлдөр шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Хувьтөгөлдөрийн өгсөн “Б.Алтанхуяг хохирол бүрэн барагдуулсан манай эхнэрийн 5591045699 дугаартай дансанд 1.617.000 төгрөг шилжүүлсэн надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/
Иймд хохирогч Б.Хувьтөгөлдөр нь шүүгдэгч Б.Алтанхуягаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, мөн шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд 1.617.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2022 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн орчим Өмнөговь аймгийн Манлай сумын баруун хойно 500 метр зайд байрлах ногооны талбайд Б.Хувьтөгөлдөрийн гэрт үл ялих зүйлээр шалтаглаж, зүүн нүд рүү өшиглөж, нүүр мөр хэсэгт лоомоор цохисны улмаас түүний биед “тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд болон доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун өвдөг, 2 шилбэний цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд” үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 71 дэх тал/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Алтанхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Алтанхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лагнаа овогт Батсайханы Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Алтанхуягт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Б.Хувьтөгөлдөр нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, мөн шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд 1.617.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтанхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН