| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/90 |
| Огноо | 2022-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/90
2022 07 01 2022/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Шүүгдэгч: С.Сэмжид /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сэмжидэд холбогдох эрүүгийн 2229000000064 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан багт оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сандагсүрэнгийн Сэмжид /РД:ЙЮ91021317/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Сэмжид нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Оранж авто засварын газарт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчим С.Төмөрбаатартай маргалдаж нүүрэн хэсэг рүү толгойгоороо мөргөж, толгой хэсэг рүү нь гараар 1-2 удаа цохисны улмаас хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дайврын дотор булан дахь цус хуралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сэмжидэд холбогдох эрүүгийн 2229000000064 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сэмжид мэдүүлэхдээ:
Тухайн өдөр 2 лааз пиво уусан байсан. Би уучихсан байсан тэр гражыг худалдаж авч байгаа гээд дарга цэргийн нэгэндээ томорсон асуудал үүсээд хоорондоо муудалцсан, гараад ир гэж дуудаж байгаад мөргөсөн. Араас нь дуудаад ирэхгүй байхаар очоод өшиглөсөн, миний буруу. Би хохирогчид хамраа тэгшилнэ гэхээр нь 700,000 төгрөг, 800,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг өгсөн, хохирогч одоо гомдол саналгүй болсон гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Төмөрбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Галбадрахын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 226 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сэмжидийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дах тал/,
-Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
-С.Сэмжидийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 38-41, 53-58, 64-69 дэх тал/,
-Хохирогч С.Төмөрбаатарын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт бичсэн хүсэлт /хавтаст хэргийн 75 дахь тал/,
-Шүүгдэгч С.Сэмжидийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч С.Сэмжид нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оранж” авто засварын газарт С.Төмөрбаатартай маргалдаж нүүрэн хэсэг рүү толгойгоороо мөргөж, толгой хэсэг рүү нь гараар 1-2 удаа цохисны улмаас “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дайврын дотор булан дахь цус хуралт гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Төмөрбаатарын өгсөн "...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16-17 цагийн орчимд ажил дээрээ буюу Оранж авто засвар луу орж очиход дотор Сэмжид машин янзлах гэж байсан нэг хүний хамт байсан. Би гаднаас Галаа гэх залуугийн хамт орж ирээд машин янзлах гэж байсан учраас Сэмжидийг багажаа холдуулж бай би талбайд машин оруулах гэж хэлсэн чинь өөдөөс уурлаад хэрэлдээд байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би гараад явсан чинь араас ирээд хоёулаа зайтай гарч байгаад хэдэн үг сольё гэхээр нь дагаад явж байсан чинь континерын хажуу булангаар эргэнгүүтээ намайг нэг удаа нүүрний хэсэгт толгойгоороо мөргөхөд миний хамраас цус гарахаар нь би буцаж яваад континерын үүдэнд байх угаалтуурт нүүрээ угааж байсан чинь Сэмжид араас дахиж хүрч ирээд миний баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн тэнд хамт байсан хүмүүсээс гарч ирж салгасан миний хамраас цус гараад угааж байсан учраас яг хэн салгасныг нь бол мэдэхгүй байна. Тэгээд би нүүрээ угаачихаад буцаад засвар луу орсон чинь Сэмжид машин дуудаад өөрийнхөө багажнуудыг аваад явсан. Сэмжид манай засварын газарт өөрөө кондэйшн цэнэглэдэг юм...Нэлээд согтсон байдалтай байсан. Гадаа намайг мөргөхөд континерын хажууд бол хүн байгаагүй...Миний хамар мурийсан, баруун талын хавирга хэсэгт хөндүүр болсон байгаа өөр ямар нэгэн бэртэл гэмтэл бол байхгүй...Миний хамар мурийчихсан байгаа учраас үүнийг тэгшлүүлж янзлуулахад шаардагдах зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Төмөрбаатарын дахин өгсөн “...Сэмжид миний эмчилгээнд шаардлагатай бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Би хэргийн материалтай танилцахгүй...Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Галбадрахын өгсөн “...С.Төмөрбаатар, С.Сэмжид хоорондоо муудаж маргалдаад барьцалдаж аваад хоорондоо цохилцоод байх шиг болохоор нь би голоор нь орж салгасан. Тэгээд намайг салгасны дараа С.Сэмжид намайг гэрт хүргээд өгчих гэхэд нь би тухайн үед хүүхэдтэйгээ явж байсан болохоор хүүхэд айчих байх гэж бодоод Сэмжидийг орхиод явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн “...1.С.Төмөрбаатарын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дайврын дотор булан дахь цус хуралт гэмтэл үүсжээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Сэмжидийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагт Оранж засварын газар дээр очиж өдөр 13 цаг хүртэл ажлаа хийж байхад Рэнцэн, Төмөрбаатар 2 гаднаас архи уучихсан орж ирсэн. Би тухайн үед засварын газарт хамт ажилладаг Мөөгий, Төрөө гэх 2 хүнтэй гражид 0.75 литрийн савлагаатай Эдэн архи нэгийг уугаад сууж байхдаа Төрөө өнөөдөр архи уучихсан юм чинь бөөнөөр ажиллахаа больё амаръя гэж яриад сууж байхад гаднаас Төмөрбаатар орж ирээд багажаа хумьж яв гэж над руу уурлаад байхаар нь би өөдөөс нь хэрэлдээд хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж аваад би гараараа Төмөрбаатарын толгой, нүүр хэсэгт 1-2 удаа цохисон тэгсэн чинь гаднаас Галаа орж ирээд бид хоёрыг салгахад Төмөрбаатар гараад явчихсан. Би араас нь гарч очоод дахиж маргалдаад хэрэлдэж байх үедээ би Төмөрбаатарын нүүр хэсэг рүү нь толгойгоороо нэг удаа мөргөчихсөн чинь хамраас нь цус гараад нүүрээ дараад цаашаа яваад өгсөн тэгэхээр нь араас нь яваад очсон чинь гражийн гадна байсан угаалтуурт нүүрээ угаагаад тонгойж байхад нь дуудсан чинь эргэж харахгүй байхаар нь араас нь очиж нэг удаа хөшиглөсөн юм... С.Төмөрбаатар өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Сэмжид нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Сэмжид нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.Сэмжид нь хохирогч С.Төмөрбаатарын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Сэмжидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Сэмжидийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Сэмжид нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч С.Төмөрбаатарын биед “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дайврын дотор булан дахь цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 23-24 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн С.Төмөрбаатарыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 9 дэх тал/
Хохирогч С.Төмөрбаатар нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Төмөрбаатарын өгсөн “С.Төмөрбаатар миний бие нь эрүүгийн 2229000000064 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байгаа бөгөөд С.Сэмжид нь надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бид хоорондоо эвлэрч миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 75 дахь тал/
Иймд хохирогч С.Төмөрбаатар нь шүүгдэгч С.Сэмжидээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч С.Сэмжид нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оранж” авто засварын газарт С.Төмөрбаатартай маргалдаж нүүрэн хэсэг рүү толгойгоороо мөргөж, толгой хэсэг рүү нь гараар 1-2 удаа цохисны улмаас “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дайврын дотор булан дахь цус хуралт гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул шүүгдэгч С.Сэмжидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Сэмжид нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Сэмжидэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сандагсүрэнгийн Сэмжидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сэмжидэд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Сэмжидэд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч С.Төмөрбаатар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч С.Сэмжид нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сэмжидэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН