| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/91 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Д |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
2022 07 04 2022/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Дөлгөөн,
Шүүгдэгч: Б.Баасандорж /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасандоржид холбогдох эрүүгийн 2229001820088 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, лам мэргэжилтэй, Цогтцэций сумын Тус амгалан машид дэлгэрэх хийдэд их голч буюу лам ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг, Цагаан овоогийн 1-14 тоот хаягт оршин суух, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Батсүхийн Баасандорж /РД:У393102692/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Баасандорж нь Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 2 дугаар багийн Цагаан овоо 1-14 тоотод оршин суух гэртээ 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Б.Бүрэнцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь цохиж, тохойлдох зэргээр зодож эрүүл мэндэд нь “2 нүдний дээд болон доод зовхи, 2 талын хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасандоржид холбогдох эрүүгийн 2229001820088 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баасандорж мэдүүлэхдээ:
Би эхнэртэйгээ 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй, нялх хүүхэдтэй мөртлөө архи дарс уугаад байхаар нь эхнэрийн нүүрэн тус газар 1 удаа гараараа цохиж, 1 удаа тохойлдож цохьсон. Өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан, бид эвлэрсэн, хохирогчийн хувьд гомдол саналгүй гэв.
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Бүрэнцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 12-13, 16-17 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баасандоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
-Шүүгдэгч Б.Баасандоржийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.21-ний өдрийн 30 дугаартай, 2017.07.25-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 33, 37, 38, 39, 40, 48-53, 54-58 дахь тал/,
-Шүүгдэгч Б.Баасандоржийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/,
-Хохирогч З.Бүрэнцэцэгийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 63, 64 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Баасандорж нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 2 дугаар баг, Цагаан овоо 1-14 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Б.Бүрэнцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь цохиж, тохойлдох зэргээр зодож, түүний биед нь “2 нүдний дээд болон доод зовхи, 2 талын хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Бүрэнцэцэгийн өгсөн "...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд байдаг гэртээ найз Болорцэцэгтэй 2 ширхэг 0.75 граммын Экс нэртэй архийг хоёулаа хувааж ууж дуусгачхаад байж байхад манай нөхөр Баасандорж хөдөөнөөс ирсэн. Тэгээд нөхөр ороод "яагаад архи дарс уугаад байгаа юм. Гэр орноо цэвэрлэхгүй, хоол унд хийгээгүй” юм гэж хэлэхээр би найзыгаа гаргаж өгчхөөд ирье гэж хэлээд бид хоёр Шинэ өглөө руү явж 1 шил архи, 4 ширхэг лаазтай пиво авч уучхаад бид хоёр 22 цагийн үед Шинэ Өглөөгөөс гарч манай найз Болорцэцэг зам дээрээс машин зогсоогоод явахаар би гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ орж иртэл манай нөхөр “чи одоо хаашаа явчихдаг юм, архи дарс уугаад” гэж хэлэхээр би нөхрөө гэрээсээ хөөсөн тэгээд бид хоёр хэрүүл маргаан хийж манай нөхөр нүд рүү гараараа цохиж аваад тэгээд тохойгоороо нүд рүү дахиад тохойлдчихоод гэрээс гараад явсан... Манай нөхөр намайг зодож гэмтэл учруулсан гэхдээ миний буруугаас болсон. Би архи дарс уусан..." гэа мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 277 дугаартай шинжээчийн “1.З.Бүрэнцэцэгийн биед 2 нүдний дээд болон доод зовхи, 2 талын хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсжээ 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Баасандоржийн яллагдагчаар өгсөн: "...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг гэртээ ирсэн. Би 2022 оны 05 дугаар сарын 18-наас 21-ний өдөр хүртэл Манлай суманд хүний буяны ажилд явж байгаад ирсэн юм. Тэгээд намайг гэртээ ирэхэд манай эхнэр согтуу байхаар би эхнэрийгээ "хүүхдийн хажууд архи дарс уугаад, гэр орноо цэвэрлээгүй, холоос ирж байхад хоол унд байхгүй” гэж хэлсэн чинь манай эхнэр гадаа гарч 00 орлоо гээд гараад явсан. Тэгээд гэрт орж ирээгүй хэдэн цагаар алга болж байгаад орой 20-21 цагийн үед гэртээ ирсэн нэлээн их архи уучихсан согтуу орж ирэхээр миний тэвчээр барагдаж би нүүр лүү нь нэг удаа цохиж аваад толгой руу нэг удаа тохойлдож авчхаад гэрээс гарч яваад найз Сугиртай гудамжинд таараад би нэг нэг шил 0.5 граммын Соёрхол нэртэй архийг уучихаад буцаад Сугирыг дагуулаад гэртээ ирсэн чинь манай эхнэрийг нүүр ам нь хөхөрчихсөн байсныг харчхаад Сугираа гэрээс гараад явчихсан тэгтэл удаагүй манай гэрт 2 цагдаа орж ирсэн. Намайг манлай сумаас ирэхэд манай эхнэр гэртээ архи уусан согтуу байсан би тэгээд архи дарс уулаа гэж хэлсэн. Тэгээд дахиад архи уучихсан орж ирэхээр би уурлаад эхнэрээ зодсон. Эхнэрээ зодсон нь миний буруу. Би нүүр лүү нь цохиж гэмтэл учруулсан. Удаан уулзаагүй найзтайгаа уулзаагүй гэж хэлсэн. Бусдаар бол гэр бүлийн ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй архи уулаа гэж би уурлаад цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Баасандорж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Баасандорж нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Баасандорж нь хохирогч З.Бүрэнцэцэгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Баасандоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баасандорж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч З.Бүрэнцэцэгийн биед “2 нүдний дээд болон доод зовхи, 2 талын хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-22 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн З.Бүрэнцэцэгийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 9 дэх тал/
Хохирогч З.Бүрэнцэцэг нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан “З.Бүрэнцэцэг миний бие нөхөр болох Баасандоржтой муудалцаж миний биед хөнгөн гэмтэл учруулсан ч миний биед элдэв хүнд гэмтэл гараагүй бид хоёрын хооронд одоо маргаан байхгүй тул хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх, шүүхэд хэргийг хянан хэлэлцэх үед “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болох шүүх хуралд хохирогч Бүрэнцэцэг миний бие оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй, Баасандоржид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх бичгээр гаргаж өгсөн хүсэлтээр тус тус нотлогдож байна. /хавтаст хэргийн 63, 79 дэх тал/
Иймд хохирогч З.Бүрэнцэцэг нь шүүгдэгч Б.Баасандоржоос “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Баасандорж нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 2 дугаар баг, Цагаан овоо 1-14 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Б.Бүрэнцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь цохиж, тохойлдох зэргээр зодож, түүний биед нь “2 нүдний дээд болон доод зовхи, 2 талын хацар дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул шүүгдэгч Б.Баасандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Баасандорж нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Баасандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Батсүхийн Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баасандоржийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Баасандоржид оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч З.Бүрэнцэцэг нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Баасандорж нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баасандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН