Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
Хэргийн индекс | 105/2022/1131/Э/220/2022/0826 |
Дугаар | 2022/ШЦТ/1158 |
Огноо | 2022-07-29 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1158
2022 07 29 2022/ШЦТ/1158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шинжээч эмч Н.Э /цахимаар/,
шүүгдэгч *******р, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт *******-т холбогдох эрүүгийн 2206 00000 0148 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
О овогт *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр бүл март” дэлгүүрийн хойд талын зам дээр иргэн О.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар орой бүр заал авдаг байсан. Тэгээд 12 цагийн үед заал авах гээд явж байх үед нэг охин миний машиныг цохисон. Тэгээд машинаасаа буухад бүгдээрээ над руу дайрсан. Хажууд байсан найз Бүрнээ бид нарыг салгасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.Б-ы “... 2021 оны 11 сарын 27-ны орой 23 цаг 30 минутын үед найз Батхүрэлийн гэрээс төрсөн өдөр тэмдэглэчихээд гарч явсан. Тэгээд Гэр бүл мартын хойд талын байр руу ордог автомашины зам дээр автомашин руугаа явах гэтэл 96-91 УБЭ улсын дугаартай, хар өнгийн, тоёота приус-30 маркийн суудлын автомашин хойд талаас гарч ирээд сигналдаад хажуу талаар гараад явсан. Тэгсэн чинь манай охин Уранбилэг тэр автомашины хойд талаас цохисон чинь тэр автомашин зогсоод дотроос нь 20 орчим насны 3-4 залуучууд бууж ирсэн. Тэгээд 1 метр 80 см орчим өндөртэй эрэгтэй манай охин руу дайраад хэрэлдээд байхаар нь би охиноо өмөөрөөд та нар яах гээд байгаа юм гээд очсон чинь 1 метр 80 см орчим өндөртэй туранхай залуу гараараа зүүн нүд болон нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. ... Миний зүүн нүд тойрч хөхөрч, нүдний шил хагарч зүсэгдсэн, үүдэн дээд шүдний шаазангаар бүрсэн байсан хиймэл шүд унасан, хиймэл шүд тогтоож байсан эрүүл шүдний хэсэг хугарсан, толгой бага зэрэг өвдөж байгаа. ...Тэр өндөр нуруутай эрэгтэйгээс өөр хүн миний биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
- Хохирогч Н.У-ы “...шаргал өнгийн куртектэй зогсож байсан эрэгтэй манай нөхрийн нүд болон нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиход манай нөхөр доошоо тонгойхоор нь би очиж татаад салгах гэж байхад тэр шаргал куртектэй эрэгтэй цаашаа явах үедээ санамсаргүй миний зүүн нүд хэсэг рүү гараа саваад цохичих шиг болсон. Тэгээд би нөхрийгөө автомашинд суулгах үед миний зүүн нүд юм харахгүй таглачихсан юм шиг болж байгаад 10-15 минутын дараа гайгүй болсон. ...Тэр эрэгтэйг манай нөхөр болон би цохиж зодсон зүйл байхгүй. Манай охин аавыг цохичихлоо гээд 2 удаа алгадсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Гэрч С.М-н “...машины урд зам голлоод 6-7 хүмүүс согтуу, зам дээр зогсож байсан. Тэгээд У машин барьж байсан тул гэрлээрээ эхлээд дохиход холдохгүй байхаар нь сигнал дарсан чинь холдоогүй бөгөөд У машинтайгаа тухайн хүмүүсийн цаагуур нь тойрч гарах гэж явж байхад тухайн хүмүүс сүртэй юм бэ гэж орилоод цагаан өнгийн нарийнхан эд зүйл цонх руу эмэгтэй охин нь гэх хүн шидсэн. Хонгор бид хоёр хөдлөе гэж хэлээд У машинаа хөдөлгөхөд машины арын гупер дарагч төмөр, арын далбааг араас цохисон. ...Тухайн охины аав нь миний шүд унасан гэж байсан. Би шүдийг нь хараагүй бөгөөд хэлтэс дээр ирээд харахад үүдэн 4 шүд хугараад унасан байсан. Тухайн ахын зүүн нүдний доор зүсэгдсэн байсан. ...ээжийнх нь нүд хөхөрсөн байгаагүй, харин хэлтэс дээр ирэхэд орж ирсэн. У хүрэн шаргал өнгийн куртек өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
- Гэрч *******-ийн “...тухайн залуу нь манай аавын нүүр рүү нь үгийн зөрөөгүй 1 удаа гараараа цохиод, доошоо тонгойход нь өвдгөөрөө нүүр рүү нь өвдгөлсөн. Аавыг цохисны дараа би тухайн залуугийн шанаа хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Би настай хүний шүдийг нь, нүдийг нь сохолчихлоо шүү дээ, нүдний шил нь хагараад гэхэд би төлчихнө гэж хэлсэн. ...Ээж салгах үедээ тухайн залуугийн тохойнд нь цохиулсан гэж хэлсэн. Би тухай жолооч залууг эд зүйлээр цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Гэрч П.М-ийн “...Тухайн дуудлага мэдээлэлд очиход 50 гаруй насны эрэгтэй хүн миний шүдийг хугалсан, намайг зодсон гэж хэлсэн. Зодсон гэх хүн нь приус машины жолооч гэх туранхай өндөр шар царайтай залуу байсан. Тухайн залуугаас юу болсон талаар нь асуухад 50 орчим насны эрэгтэй хүн олуулаа явж байсан. Би зам тавьж өг гэхэд чи яагаад сигналддаг юм гэж хэлээд намайг машинаас заамдаж буулгаад цохиж зодсон. Тэгэхээр нь би зөрүүлээд энэ хүнийг цохисон. Би нүүр лүү нь цохисон гэж тухайн залуу хэлсэн. ...Анх очиход тухайн 50 орчим насны эрэгтэй хүн намайг энэ залуу зодсон, миний хиймэл шүд хугарсан гээд амаа ангайж харуулсан. Амнаас нь бага зэргийн цус гарсан байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
-Гэрч Т.Э-ийн “...Баярсайханы нүүр, ам нь цус болсон, нүдний шил нь хагарсан байсан. Би тэнд байсан өндөр залуу дээр очоод та нар яаж байгаа юм бэ, аав шигээ хүний нүүр, амыг ингэж цохидог нь яаж байгаа юм бэ гэхэд тухайн залуу юм хэлээгүй. Тэгээд дахиад зодолдох шинжтэй, өндөр залуу давшилаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,
- Гэрч Б.Х-ын “би найзуудтайгаа орой болгон тогтмол заал авдаг бөгөөд тухайн орой 00 цагт заал авах цагтай байсан би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 13-24 тоот гэрээс найз М, У хоёр намайг машинтай 23 цаг өнгөрч байхад манай гэрээс ирж авахаар болоод би У-ын машин дээр алхаж ирэхэд Гэр бүл мартын арын 5 давхар 2 байрны автомашины зам дээр зогсож байсан. Би машинд суугаад бид 3 хөдлөх гээд машин зам дээр согтуу хүмүүс зогсож байсан...Тэгсэн чинь тухайн шүд нь унасан гэх ах аавын охин холдож бай би өөрөө зодолдъё гээд дайраад байсан, би У-ыг тухайн хүнийг зодож цохиж байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр тал/,
- Шинжээч эмч Н.Э-ийн “...Зүүн нүдний цус хуралт, шүдний хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн бүх гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч О.Б-ны биед үзлэг хийхэд зүүн дээд үүдэн дүгээр шүд хуучин үгүй буйл мөлгөр, зүүн дээд 2 дугаар шүд баруун дээд 1 дүгээр шүдийг зөрж нарийсгасан хүзүү хэсгээр хөндлөн хугарсан, ирмэг хурц, баруун дээд үүдэн 2 дугаар шүдийг зорж нарийсгасан, хүзүү хэсгээр хөндлөн хугарсан ирмэг хурц, баруун дээд үүдэн 2 дугаар шүдийг зорж нарийсгасан байна. 2 шүд нь хүзүүвч буюу буйлны түвшинд хугаралтай байсан ба ийм хугарлыг бугалгаар нь авч үздэг, О.Б-ны гүүрэлсэн шүдэлбэрийг тогтоож байгаа онгорхой буюу унасан шүдний 2 талын зорж нарийсгасан өөрийнх нь ясан шүд хугарсан гэсэн үг /байнгын шүд/ тийм учраас цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 125 дугаар тал/,
- Шинжээч эмч Н.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11912 дугаартай шинжээчийн дүгнэлтээ уншиж танилцуулаад гаргасан дүгнэлтээ дэмжиж байна гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11912 дугаартай шинжээчийн “...1. Н.У-ы биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүсэх боломжтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11913 дугаартай шинжээчийн “...1. О.Б-ы биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зүүн дээд үүдэн 2 дугаар, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүсэх боломжтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,
- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /Эрүүгийн 2206 00000 0148 дугаартай хэрэгт хохирогч О.Б-аас Смайл арт ХХК-д 6.640.000 төгрөгөөр эмчлүүлж эмчилгээний зардал төлсөн талаарх тоот, үйлчлүүлэгчийн үзлэгийн карт/, /хх-ийн 129-130 дугаар тал/,
- Хаан банкны дансны хуулга /хх-ийн 131 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр бүл март” дэлгүүрийн хойд талын зам дээр иргэн О.Б-ыг нүд нүүр толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
-Шинжээч эмч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн“...Зүүн нүдний цус хуралт, шүдний хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн бүх гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч О.Б-ы биед үзлэг хийхэд зүүн дээд үүдэн дүгээр шүд хуучин үгүй буйл мөлгөр, зүүн дээд 2 дугаар шүд баруун дээд 1 дүгээр шүдийг зөрж нарийсгасан хүзүү хэсгээр хөндлөн хугарсан, ирмэг хурц, баруун дээд үүдэн 2 дугаар шүдийг зорж нарийсгасан, хүзүү хэсгээр хөндлөн хугарсан ирмэг хурц, баруун дээд үүдэн 2 дугаар шүдийг зорж нарийсгасан байна. 2 шүд нь хүзүүвч буюу буйлны түвшинд хугаралтай байсан ба ийм хугарлыг бугалгаар нь авч үздэг, О.Б-ы гүүрэлсэн шүдэлбэрийг тогтоож байгаа онгорхой буюу унасан шүдний 2 талын зорж нарийсгасан өөрийнх нь ясан шүд хугарсан гэсэн үг /байнгын шүд/ тийм учраас цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 125 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11913 дугаартай шинжээчийн “...1. О.Б-ы биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зүүн дээд үүдэн 2 дугаар, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүсэх боломжтой байна.” /хх-ийн 43-44 дүгээр тал/ гэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: *******-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь анхны мэдүүлгээр нотлогдож байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн шатанд нэг зүйл тодорхой болж байна. Шинжээчээс асуухад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулахад тодорхой ойлголтыг ярьлаа. Нэгдүгээрт ясны шүд хугарахад гэмтлийн зэрэг тогтоогдоно. Гэхдээ гэмтлийн зэрэг тогтоогдоход тодорхой шалгуур байхыг зохицуулсан. 11913 гэсэн шинжээчийн дүгнэлтэд 2 шүдийг хөндлөн хугарсан гэж илэрхийлсэн. Гэхдээ асуухаар углуургаар хугарсан гэдэг зүйлийг огт яриагүй. Мөн мэдүүлэг өгөхдөө ч гэсэн хэлсэн байдаг. Сэргээгдэх эсэх боломжтой гэдгийг тогтоох шаардлагатай. Өөрөө мэдэхгүй гэж байгаа бол сэргээгдэх боломжтой эсэх асуудлаас гэмтлийн зэрэг мөн үү гэдэг нь яригдана. Бэхэлсэн 2 шүд нь бэхлэлттэй юу гэдэг дээр дүгнэлт өгөх боломжгүй гэж хэлж байна. Гэтэл өөрөө гэмтлийн зэрэг тогтоох журмын 60 дахь хэсэгт бэхлэлтгүй шүд байвал хугарсан тохиолдолд хэдэн шүд байсан ч гэсэн гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн тодорхой шалгуурыг тавьдаг. Энэ нөхцөл байдал эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлт ач холбогдолгүй, үйл баримт тогтоогдохгүй байна. Хариулах боломжгүй гэж байна. Углуургаар хугарсан гэдгийг сая л хэлж байна. Түүнээс дүгнэлтдээ дурдаагүй. Эрүү хэсэгтээ хурц байгаа учраас эрүүнээс дээшээ түвшин байгаа гэж ойлгож байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Гэм буруу дээр буюу цохисон үйл баримт дээр маргахгүй. Согтуу хүмүүс машин тэргийг нь өшиглөөд буугаад ирэхэд нь 2-3 удаа цохисон гэдгийг гэрч Молор-Эрдэнэ хэлсэн байна. Би шүүгдэгчийг зөвтгөөгүй. Гэмтлийн зэрэг нь шинжээчийн дүгнэлт, саяны мэдүүлгийг харахад хөнгөн зэрэг эсэх нь эргэлзээтэй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь хохирогч О.Б-ы эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч О.Б-ны эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт Н.У-г хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажилагааг хийсэн байх боловч түүнд учирсан хохирлыг У санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж прокурор яллах дүгнэлтдээ дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын саналдаа: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийн нөхцөл байдлын хувьд маргахгүй байгаа нь байцаагдаж байгаа хэлбэрээс харагддаг. Тухайн нөхцөл байдалд хохирогчийг 2-3 удаа алгадсан байна. Хохирлыг өчигдөр нөхөн төлсөн. Өөрөөс нь шалтгаалахгүй маш их мөнгө нэхэмжилсэн. Энийг хэлээд яахав. Гэвч өөрийнхөө хэмжээнд хохирлыг төлсөн учраас уг нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тусгасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Энэ хүүхэд гудамжинд согтуу явж байгаад ийм нөхцөл байдал үүссэн бол би ийм зүйл ярихгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзээд нэг удаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******: Хэлэх зүйлгүй гэв.
Шүүх шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх ял оноохдоо шүүгдэгч тухайн нөхцөл байдалд эрүүл байсан, уг маргаан үл ойлголцлыг таслан зогсоохын оронд нэг бус хүний биед халдаж бусдад хохирол учирч болох нөхцөл байдлыг мэдсээр байж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан түүнийг торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч нь хохиролд баримтаар 7.425.579 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд буюу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 7.425.000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нар нь цаашид гарах гэм хор, хор уршигийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ