Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/919

 

 

 

 

 

 

 

  2022         09          28                              2022/ШЦТ/919

 

 

                               

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Ё.О, түүний өмгөөлөгч О.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: С.Э нар оролцсон эрүүгийн 2209000001260 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1969 оны 12 дугаар сарын 24-ны өдөр, Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Ё.О

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.О нь согтуугаар 2022 оны 06 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Станцын автобусны буудлын орчим “Зорчигч тээвэр гурав” компанийн эзэмшлийн улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн маркийн нийтийн автобусны хажуугийн цонхны шилийг чулуугаар цохиж, устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ё.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Миний бие ээжийгээ нас барсны дараа ах дүү нарынхаа гэрт богино хугацаагаар амьдардаг байсан бөгөөд сэтгэл санаагаар унасны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Одоо миний бие том ахынхаа гэрт амьдарч байгаа дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэв....” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр энэхүү хэрэг гарсан. Манай байгууллага өглөө бүр 8:00 цагаас шуурхай хурал хийдэг. Дээрх хурлаар автобусны гэмтлийн талаар буюу шүүгдэгчийн буруутай үйлдлийн талаар мэдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлан 1.137.500 төгрөг гарсан. Гэхдээ энэ нь зөвхөн цонхны шилний үнэ бөгөөд бид шүүгдэгчээс цонхийг наасан силкон, ажилчдын хөлс болох 862.500 төгрөгийг давхар нэхэмжилж байна...” гэв.

Эрүүгийн 2209000001260 дугаартай хэргээс:

“Д” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт / /хх-ийн 5 дугаар хуудас/,

Техникийн комиссын акт /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хохирогч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ё.О нь согтуугаар 2022 оны 06 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Станцын автобусны буудлын орчим “Зорчигч тээвэр гурав” компанийн эзэмшлийн УБЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Нанжин /Nanjin/ маркийн нийтийн автобусны хажуугийн цонхны шилийг чулуугаар цохиж, устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-н “...Ажлын өдөр болгоны өглөө 08:45 минутанд манай байгууллага шуурхай хуралддаг. Энэ хурлаар 3-136 граж дугаартай автобусны шилийг согтуу иргэн хагалсан гэдэг мэдээллийг олж мэдсэн. Хохирлыг буруутай этгээдээс гаргуулна. Жолооч Д.Г-тэй огт уулзаагүй...” гэх мэдүүлэг,

“Д” хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь  зах зээлийн үнэлгээгээр 1.137.500 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан,

Гэрч Д.Гийн “Би зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-ийн жолоочоор ажиллаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдөр 15 цагийн үед Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-ийн ч25 дугаар чиглэлийн 0336 УБЗ улсын дугаартай автобусаар тоосгоны үйлдвэр, хорооллын эцэс гэсэн чиглэлд автобус жолоодож явж байгаад тоосгоны үйлдвэрээс хороолол орох гээд Бэлхийн станцын буудал дээр зогсоод хүнээ авчхаад хөдлөх гэж байтал автобусны шил хагарсан, эргээд хартал автобусны баруун талын хажуугийн шил хагарсан байсан, би автобуснаасаа буугаад хагалсан хүнийх нь араас очтол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу хүн байсан, би очиж барьж аваад л цагдаа дуудсан юм. Тухайн хүн автобусны буудал дээрээс орж ирээд суусан, автобусны картаа дарахгүй, карт байхгүй, мөнгө байхгүй, гээд байсан, тэгэхээр нь картгүй бол буучих гэж хэлэхэд буусан, буунгуутаа л автобусны шилийг цохиод хагалсан. Чулуугаар цохиод хагалсан байна лээ” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.О нь согтуугаар 2022 оны 06 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Станцын автобусны буудлын орчим “Зорчигч тээвэр гурав” компанийн эзэмшлийн УБЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Нанжин /Nanjin/ маркийн нийтийн автобусны хажуугийн цонхны шилийг чулуугаар цохиж, устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хохирогч Г.Ц-гийн мэдүүлэг, “Д” хөрөнгийн үнэлгээний газрын тайлан бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.О-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба шүүгдэгч Ё.О-ын үйлдлийн улмаас 1.137.500 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгч Ё.О-т Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-аас хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон эд зүйлийн үнэлгээ болох 1.137.500 /нэг сая нэг зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цд олгохоор шийдвэрлэж, 862500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин,  цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тус тус шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ё.О-т бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцон,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Ё.О-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ё.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                           ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Ширээ овогт Ё.О-ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-ыг 700 /долоон зуун мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ё.О-аас 1.137.500 /нэг сая нэг зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 862.500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгөнд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөс цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ё.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ДАРЬСҮРЭН