Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102   

 

 

2022           08             23                                                       2022/ШЦТ/102                                

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: А.Алтансан /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Алтансанд холбогдох эрүүгийн 2229000000105 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Оюутолгой” ХК-ийн гүний уурхайд оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Манлай сум, 2 дугаар баг, Үйзэний 2 дугаар гудамжны 08 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Адъяагийн Алтансан /РД:КЕ85082311/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Алтансан нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын цагдаагийн хэсгийн байранд цагдаагийн дэд ахлагч Б.Ууганбаярын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн маргалдаж, толгой хэсэг рүү нь өшиглөсний улмаас тархи доргилт, баруун шилбэнд шарх, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Алтансанд холбогдох эрүүгийн 2229000000105 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтансан мэдүүлэхдээ:

Цагдаагийн алба хаагчтай маргалдаж байгаад гарахдаа толгой руу нь өшиглөсөн. Миний буруу. Манлай сумаас Ханбогд сум орох бензин тос хийж өгөөд бэлнээр 300,000 төгрөг өгсөн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ууганбаярын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 28, 30-31 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Хулангийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жавзангийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд А.Алтансангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-51 дэх тал/,

 

-Хохирогч Б.Ууганбаярын эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 53, 54-58 дахь тал/,

 

-А.Алтансангийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/62 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61-68 дэх тал/,

 

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт А.Алтансангийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 89 дэх тал/,

 

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт хохирогч Б.Ууганбаярын гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Алтансан нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын цагдаагийн хэсгийн байранд цагдаагийн дэд ахлагч Б.Ууганбаярын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн маргалдаж, ноцолдож, толгой хэсэг рүү нь өшиглөсний улмаас тархи доргилт, баруун шилбэнд шарх, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ууганбаярын өгсөн ...Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Манлай сумын төвд байрлах гэртээ байж байхад 86011310 дугаараас Жавзаа гэдэг эмэгтэй хүн утсаар залгаад Манай нөхөр намайг зодох гээд хувцас хунар ураад байна. бид хоёр одоо сумын төвийн холбооны өмнө талд байна. гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд би албаны хувцастайгаа уг дуудлага өгсөн газарт очиход сумын хойд хэсэгт байрладаг Холбооны байшингийн өмнө талд 4 хүн зогсож байсан, би тэгээд тэр 4 хүн дээр очоод дуудлага мэдээлэл өгсөн “Жавзаа“ гэх эмэгтэй хүнтэй уулзаад юу болсон талаар асуухад "Манай нөхөр Алтансан намайг ажилдаа явуулахгүй гээд миний цүнхтэй хувцсыг аваад явчихлаа. би одоо ажилдаа явмаар байна. "Оюу Толгойн” ХХК-ний автобус ирсэн гэж хэлсэн. Жавзаатай хамт ээж нь төрсөн дүү охин, Жавзаагийн хүүхэд хамт байсан. Алтансан байхгүй байхаар би Жавзаагаас "Алтансан хаана байгаа юм ба гэхэд Жавзаа Алтансан миний хувцсыг аваад машинтай явсан" гэж хэлсэн. Би тэгээд сумын төвөөр Алтансанг хайгаад явж байхад сумын баруун талын байранд байдаг "Түшиг" дэлгүүрийн урд талын зогсоол дээр машинтайгаа явж байхад нь таараад Алтансантай уулзаад "Та яагаад эхнэр хүүхдээ зодоод байгаа юм бэ? Та хувцас хунарыг нь буцааж өгөө" гэж хэлээд Алтансанг сумын цагдаагийн байр руу дагуулж ирсэн. Тэр үед байрны хойно Жавзаа болон түүний дүү охин зогоож байхаар би дуудсан. Би тэгээд ажил руу Алтансанг дагуулж ороод байж байхад Алтансангийн эхнэр нь дүүгээ дагуулаад орж ирээд Жавзаа нь би хувцас хунараа авъя, ажилдаа явмаар байна" гэж хэлэхэд Алтансан Жавзаа руу хүрч очоод боож аваад доош дарахаар би Алтансангийн араас татаад "больцгоо, та нарын маргалдаж, зодолддог газар биш шүү" гэж хэлсэн чинь намайг хойш нь түлхсэн чинь бид гурав арагшаа савж би ханыг толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд эхнэрээ тавихгүй байхаар би Алтансангийн араас хоёр гараараа барьж байгаад хойш татсан чинь Алтансан бид хоёр шалан дээр давхардаж би Алтансангийн доор нь унасан. Би тэр үед өрөөний шалан дээр толгойгоороо унасан Би тэгэхээр нь Жавзааг гараад байж бай гэж хэлэхэд Жавзаа эмэгтэй дүүгээ дагуулаад гарсан. Би тэгээд Алтансантай маргалдаж байгаад би үүдний коридорын хаалганы босго дээр таварцаглаад цаашаа унасан чинь Алтансан миний толгой руу баруун хөлөөрөө 1 удаа дэвсчихээд ажлаас гараад явчихсан. Би араас гартал машинаа унаад явчихсан байсан. Би тэгээд сумын төлөөлөгч Сайнзаяад болсон зүйлийн талаар хэлэхэд аймгийн жижүүр рүү мэдэгд гэж хэлсэн. Би сумын эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эмч үзээд “Толгой хөдөлсөн байж магадгүй, аймаг рүү явж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  24-25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ууганбаяр дахин өгсөн: “...миний хохирлыг барагдуулж надад бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Би хохирол гомдолтой холбоотой баримт гаргаж өгөхгүй...Миний зүгээс А.Алтансанд ямар нэгэн гомдол санал байхгүй...Би шүүх хуралд оролцохгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Хулангийн өгсөн “...Намайг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Өмнөговь аймгийн Манлай сумын төвд байдаг гэртээ байж байхад сумын цагдаа Ууганбаяр залгаад биеэ үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Би тэгээд сумын эмнэлэг дээр очоод сумын цагдаа Ууганбаярын биеийг нь үзэхэд даралт 129/80, 140/90, зүрхний цохилт 117, амьсгал 19, хүчилтөрөгч 94, баруун хөлийн шилбэнд бага зэрэг шалбархай, хоёр гарын шууны арьс бага зэрэг хуулбарсан байдалтай байсан, өгүүлэмж нь "толгой руугаа дэвсүүлсэн" гэх биед өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Онош нь толгойн доргилттой, толгой дүүрч өвдөнө, эргэнэ, дотор муухайрана нүд бүрэлзэнэ бөөлжис хүрнэ” гэсэн зовиуртай байсан, биеийг үзээд 5 төрлийн эм эмийн эмчилгээг бичиж өгсөн, мөн Өмнөговь аймаг БОЭТөвийн гэмтлийн эмчид үзүүлэх толгойн зураг авахуулж онош тодруулахаар 13 А маягтаар илгээсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жавзангийн өгсөн Би нөхөр Алтансантай 2016 оноос танилцаж хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон юм. Тэгээд 2021 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр намайг хардаж үүнээс болж бид хоёр тусдаа амьдрах болсон юм. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт Өмнөговь аймаг Манлай суман дээрээс ажилдаа явах гэж "Оюу Толгой" ХХК сумын төвд байдаг автобусны буудал дээр очиход манай нөхөр “Оюутолгой" ХХК-ний автобусаар ажлаасаа бууж ирсэн юм би зөрөөд ажилдаа явах гэж байхад манай нөхөр Алтансан хүрч ирээд намайг машинд суу гэхээр би машинд чинь суухгүй гэж хэлсэн чинь миний өмсөж байсан хувцаснаас зуураад цамцны энгэрийг урчихаад намайг түлхэж унагаачихаад миний цүнхтэй хувцсыг аваад явчихсан. Тэр үед надтай хамт манай ээж Баярсайхан, дүү Ану-Эрдэнэ нар байсан. Би тэгээд сумын цагдаа Ууганбаярт очиж болсон зүйлийн талаар хэлж дуудлага өгчихөөд бид гурав цагдаагийн байрны гадаа нь зогсож байхад сумын цагдаа Ууганбаяр нь манай нөхрийг машинтай нь дагуулж ирээд өрөө рүүгээ дагуулаад орохоор би араас очоод Алтансанд одоо болсон бол би цүнхтэй хувцсаа аваад ажилдаа явлаа гэж хэлсэн чинь Алтансан цагдаагийн үүдний коридорт намайг хоёр гараараа хоолойг боохоор би гарыг тавиулах гэхэд цагдаа Ууганбаяр "одоо больцгоо" гэж хэлээд Алтансангийн араас татсан чинь бид гурав давхралдаад шалан дээр унасан. Тэр үед ээж гаднаас орж ирээд боосон гарыг нь тавиулахаар би өрөөнөөс цүнхтэй хувцсаа аваад хойшоо явж автобусандаа сууж байхад араас Алтансан гүйж ирээд миний гар утсыг авах гээд байсан. Тэр үед араас цагдаа ирээд тэгээд Алтансанг аваад явсан би тэгээд ажилдаа явсан... миний өмсөж байсан хувцасны энгэрийг урсан өөр гэмтэл шарх надад учраагүй, тэр үед цагдаа Алтансанг тайван бай, асуудлыг тайвнаар ярилц, энд хэрүүл маргаан хийж болохгүй гэж хэлж байсан. Алтансан миний хоолойг боохоор нь цагдаа салгах гээд Алтансангийн араас татсан тэр үед бид 3 шалан дээр ханараад унасан. Цагдаа Ууганбаяр, Алтансанг цохиж зүй бусаар харьцсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаартай “1.Б.Ууганбаярын биед тархи доргилт, баруун шилбэнд шарх, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.  3.Б.Ууганбаярын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.  4.Б.Ууганбаярын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Алтансангийн яллагдагчаар өгсөн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Би тухайн үед эхнэр Жавзантай маргалдаж байгаад уурандаа цагдаагийн алба хаагчийн бие эрх чөлөөнд нь халдсан байсан надад хууль ёсны шаардлага тавьж байсан... Миний буруу хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Алтансан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

"Хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэж Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тодорхойлжээ.

 

Хохирогч Б.Ууганбаяр нь Өмнөговь аймгийн Манлай сумын цагдаагийн хэсэгт эргүүлийн цагдаагаар ажилладаг болох нь түүний А-0011356 дугаартай ажлын үнэмлэх /цагдаагийн албан хаагчийн 31778 хувийн дугаартай/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Алтансан нь хууль сахиулагч Б.Ууганбаярыг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын цагдаагийн хэсгийн байранд албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан маргалдаж, улмаар ноцолдож, толгой хэсэг рүү нь өшиглөсний улмаас тархи доргилт, баруун шилбэнд шарх, баруун зүүн шуунд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Алтансан нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Алтансан нь хохирогч Б.Ууганбаярын хэрэгжүүлж буй албаны чиг үүргийг эсэргүүцэж, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийн шинж болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Алтансанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Алтансанг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Алтансан нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч Б.Ууганбаярын биед “тархи доргилт, баруун шилбэнд шарх, баруун зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/-ээр тогтоогдож байна.       

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Ууганбаярыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Хохирогч Б.Ууганбаяр нь шүүгдэгч А.Алтансангаас “гэм хорын хохиролд 300.000 төгрөг авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан Өмнөговь аймгийн Манлай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ууганбаяр би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа биендээ бэртэл аван эмчилгээний мөнгө болох 300.000 төгрөг бүрэн хүлээн авсан болно. Ямар нэгэн гомдол санал байхгүй. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 90 дэх тал/

 

Иймд хохирогч Б.Ууганбаяр нь шүүгдэгч  А.Алтансангаас “гэм хорын хохиролд 300.000 төгрөг авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч А.Алтансан нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын цагдаагийн хэсгийн байранд цагдаагийн дэд ахлагч Б.Ууганбаярын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн маргалдаж, ноцолдож, толгой хэсэг рүү нь өшиглөсний улмаас тархи доргилт, баруун шилбэнд шарх, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.    

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох” саналыг гаргасан ба улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 61 дэх тал/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгч А.Алтансанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Алтансан нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Алтансанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүргэд овогт Адъяагийн Алтансанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтансанд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтансанд 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтансанд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Алтансанд оногдуулсан 3.150.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч А.Алтансан нь хохирогч Б.Ууганбаярт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 300.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Шүүгдэгч А.Алтансан нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтансанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН