Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар       2022/ШЦТ/103            

 

 

 

2022           08             24                                                       2022/ШЦТ/103                                  

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: М.Бөхгарьд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бөхгарьдад холбогдох эрүүгийн 2229002050106 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Оюутолгой” ХК-д өрөм тэсэлгээний ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант 3 дугаар баг, Хутагтын 9-990 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бандгай овогт Мөнхтогтохын Бөхгарьд /РД:КЙ90021097/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Бөхгарьд нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Гоёотын 213 тоотод 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж, Б.Жаргалсүрэнтэй маргалдаж улмаар нүүр хэсэгт 4-5 удаа мөргөж, зүүн гарын бугалга хэсэгт хутгаар 1 удаа хатгасны улмаас тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар дахь цус хуралт, зүүн нүдний алиман салстын харвалт, 12,41-р шүд унасан, 11,22шүдний доргилт, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бөхгарьдад холбогдох эрүүгийн 2229002050106 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бөхгарьд мэдүүлэхдээ:

Хохирогч Жаргалсүрэнд гэмтэл учруулсанд маргах зүйл байхгүй. Архи уучихсан байсан тэгээд маргалдсан юм шиг байгаа юм. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Хохиролд нийт 5,550,000 төгрөг төлсөн гэв.

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгч миний бие шүүгдэгч М.Бөхгарьдын өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн оролцсон. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас миний үйлчлүүлэгч М.Бөхгарьдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх саналаа хэлж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогддог. Эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай байсан өглөөнөөс эхлэн уусан гэж өөрөө ч мэдүүлдэг. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 550,000 төгрөг өгсөн. Хэргийн хүрээнд хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч сайн дураараа 5,550,000 төгрөг өгсөн. Алтангарьдын мэдүүлэгт “Жаргалсайхан Бөхгарьдтай маргалдаад чаддаг юм бол зодчих гээд хатгаад байхаар нь би голоор нь орсон. Дараа нь ахаа уучлаарай гээд яриад сууж байхад Жаргалсүрэн эхнэрийн хамт орж ирээд чи чаддаг юм бол зодчих гээд байсан” гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа торгох ялын тухайд санал нэг байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-18 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жаргалсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 29, 31дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Шинэ-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Номингийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтангарьдын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 334 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бөхгарьдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

-Хохирогч Б.Жаргалсүрэнгийн эмчийн тэмдэглэл, компьютерт томографийн шинжилгээ, хохирлын баримт /хавтаст хэргийн 58-61, 62-63, 66 дахь тал/,

 

-Шүүгдэгч М.Бөхгарьдын хувийн байдалтай холбоотой баримтууд, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70-81, 88, 91-92 дахь тал/,

 

- Хохирогч Б.Жаргалсүрэнгийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 118, 133 дахь тал/,

 

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт М.Бөхгарьдын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 119 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч М.Бөхгарьд нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гоёотын 213 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж, Б.Жаргалсүрэнтэй маргалдаж улмаар нүүр хэсэгт 4-5 удаа мөргөж, зүүн гарын бугалга хэсэгт хутгаар 1 удаа хатгасны улмаас тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар дахь цус хуралт, зүүн нүдний алимны салстын харвалт, 12,41-р шүд унасан, 11,22 шүдний доргилт зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-18 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жаргалсүрэнгийн өгсөн ...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ээж, эхнэр хүүхдийн хамт Гарьдаа гэх найзындаа очсон юм. Бид нар хөдөө явах гээд байж байсан чинь Бөхгарьд нь орж ирээд намайг чи хэн юм бэ гээд цохихоор нь гараараа хаасан чинь нүүр лүү хэд хэдэн удаа мөргөсөн. Тэгсэн чинь миний хамраас цус гарахаар нь доош тонгойгоод байж байхад Бөхгарьд нь над руу 2 хутга бариад дайрахаар нь өөрийгөө хамгаалаад Бөхгарьдыг тэвэрч аваад цааш нь түлхсэн чинь эргээд над руу дайрахдаа миний гар луу хутгалчихсан. Тэгээд зүүн гараас цус их гарч байсан учраас Гарьдаар эмнэлэг хүргүүлсэн. М.Бөхгарьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Бөхгарьд гэх хүнийг цохисон зодсон зүйл байхгүй би гар хүрээгүй... Миний зүүн нүд хавлаж хөхөрсөн. Мөн үүдэн 3 шүдний нэг нь уначихаар нь би буцаагаад хийсэн одоо 3 шүд хөдөлсөн хөндүүр байна. Зүүн гарын бугалага хэсэгт нэг удаа хутгалсан эмнэлэг дээр ирээд 6 оёдол тавиулсан... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Нэмж шалгуулах зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жаргалсүрэнгийн дахин өгсөн “...Яг ямар шалтгааны улмаас Бөхгарьд надтай муудаж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би хөдөө явах гээд ээж, эхнэрийнхээ хамтаар Алтангарьдын гэрт очоод би гэрт нь ороод сууж байсан чинь гаднаас Бөхгарьд машинтайгаа хашаа руу ороод ирэхээр нь би өмнөөс нь машинаа холдуулах гээд гартал машинаасаа бууж ирээд намайг толгойгоороо миний нүүрний хэсэгт 4-5 удаа мөргөхөд миний хамар, шүднээс цус гарчихаар нь би буцаж Алтангарьдын гэрт ороод цусаа угааж байхад Бөхгарьд араас дахиж орж ирэнгүүтээ "би чамайг алнаа” гэж хэлээд миний зүүн гарын бугалга хэсэгт нэг удаа хутгаараа хатгачих шиг болсон. Тэгээд Бөхгарьд намайг хатгачихаад гэрээс гараад явчихсан тухайн үед миний гарыг Алтангарьд боож өгөөд эмнэлэгт хүргэж өгсөн...хүрч ирээд шууд цохиж аваад нүүр лүү 2-3 удаа мөргөсөн зодоод байсан болохоор би сайн мэдэхгүй тухайн үедээ шоконд ороод өөр хүнтэй муудаж маргалдсан талаар нь сайн мэдэхгүй байна. 2 ширхэг хиймэл шүд хийлгэхэд 5.000.000 төгрөг шаардагдаж байгаа. Би уг мөнгийг Бөхгарьдаас гаргуулан авах хүсэлтэй байна. Надад өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жаргалсүрэнгийн 2022.08.17-ны өдөр дахин өгсөн “...М.Бөхгарьд нь намайг эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад 06 дугаар сарын 24-ний өдөр эм тариа авах, замын зардалд 550.000 төгрөг шилжүүлсэн. Мөн өнөөдөр буюу 08 дугаар сарын 17-ны өдөр миний шүдний эмчилгээнд шаардлагатай байгаа 5.000.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн... Үлдэгдэл мөнгийг бид хоёр дараа хоорондоо авахаар тохиролцсон байгаа...Надад одоо хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй...Би хэргийн материалтай танилцахгүй...Шүүх хуралд суухгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх  тал/

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Шинэ-Эрдэнийн өгсөн "...Манай гэр бүлийнхэн хөдөө гарч Хөндий гэдэг газар очиж Алтангарьд гэдэг хүнээр тахилга хийлгэх гээд Гоёотын 213 тоот хашаан дотор ороод зогссон Алтангарьд гэдэг хүнтэй уулзах гээд манай нөхөр гэрт нь ороод 20 минут орчим болж байхад хашаанд дотор өөр нэг машин орж ирсэн манай нөхөр машин ирлээ гадаа гарч машинаа холдуулах гээд гарч ирэхэд арын машинаас Бөхгарьд гэдэг залуу гарч ирээд манай нөхрийг мэндийн зөрөөгүй ирээд гараараа цохисон манай нөхөр яаж байгаа юм бэ чи гэсэн чинь ганц гарын цохилтын ая даахгүй байна уу гээд мөргөсөн хоёр гарыг нь хориглоод барьсан чинь дахиад хоёр удаа мөргөсөн тэгээд манай нөхрийн амнаас цус гараад байхаар нь Алтангарьдын гэрт ороод угаалтуур дээр зогсож байхад нь Бөхгарьд гэдэг хүн гэр лүүгээ орж хутга авч гарч ирээд Алтангарьд гэдэг айлын гэр лүү нь яваад орсон ороод ах руугаа би чамайг алах уу би өөрийгөө алах уу гээд хутгаа барьчихаад яваад байсан. Гэрээс гарахдаа үүдэнд манай нөхөр зогсож байхад хажуугаар нь өнгөрөхдөө хутгалчхаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтангарьдын өгсөн “...Би тухайн өдөр уул тахиж, Жаргалсүрэнгийн тахилыг давхар хийх ажлаар орой 20 цагийн орчимд Жаргалсүрэнг гэртээ дуудаж миний машинаар хамт явах гээд Жаргалсүрэн манай гэрт ирээд Одгариг гэх залуу хамт явна гэж ярьсан байсан болохоор тэр хүнийг хүлээгээд манай гэрт Жаргалсүрэн орж ирээд сууж байхад гэнэт гаднаас машинаа холдуулаарай гэж хүн бахирах шиг болсон тухайн үед би Жаргалсүрэнг гарч машинаа холдуулаарай гэж хэлээд Жаргалсүрэнг гадагшаа гаргасан чинь гадаа хүмүүс шуугилдаад бахирахаар нь гараад очсон чинь Жаргалсүрэн Бөхгарьдтай маргалдаад чаддаг юм бол зодчих гээд хатгаад байхаар нь би голоор нь орж Бөхгарьдыг бариад байж байсан чинь Жаргалсүрэн дахиад "чи чаддаг юм бол зодчих" гээд Бөхгарьд руу дайраад байхаар нь би Бөхгарьдыг тавьчихсан чинь Жаргалсүрэн рүү очоод толгойгоороо нэг удаа Жаргалсүрэнгийн нүүрний хэсэгт нэг удаа мөргөчих шиг болсон тэгсэн Жаргалсүрэнгийн хамраас цус гараад доошоо цусаа гоожуулаад машинаа налаад зогсож байсан. Бөхгарьд тухайн үед Жаргалсүрэнг мөргөчихөөд над руу бас уурлаж дайраад "Чамайг ална" гэх мэтээр доромжлоод байхаар нь би "чаддаг бол алаарай” гэж хэлчихээд гэр лүүгээ ороод явчихсан чинь Бөхгарьд араас гартаа хутга барьчихсан орж ирээд над руу агсарч байж байгаад гэнэт ухаан ороод надаас "ахаа уучлаарай" гээд яриад сууж байтал араас нь Жаргалсүрэн эхнэрийнхээ хамтаар орж ирээд "чи яахаараа намайг зоддог юм бэ? чи чаддаг юм бол зоочих" гээд Бөхгарьд руу дайраад байсан чинь Бөхгарьд гэнэт уурлаад Жаргалсүрэнг дахиад гараараа нэг удаа нуүрний хэсэгт нь цохиод авсан. Тэгээд дахиж цохих гээд гараа далайтал Жаргалсүрэн гараараа хааж байгаад Бөхгарьдын гарт байсан хутганд нь зүсүүлчихсэн. Тэгээд би чи яагаад хүн хутгалчихваа гээд босоод очсон чинь Бөхгарьд манай гэрээс гараад явчихсан тэгэхээр нь би гарыг нь боогоод эмнэлэгт Жаргалсүрэнг хүргэж өгсөн. Архи уусан байсан нэлээн согтсон байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний Албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн "1.Б.Жаргалсүрэнгийн биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, хамар дахь цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, 12, 41-р шүд унасан, 11,22-р шүдний доргилт, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтлүүд үүсчээ. 2.3үүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Хоёр шүд унасан /12,41-р шүд/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зурэг тус тус хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Бөхгарьд нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Бөхгарьд нь хохирогч Б.Жаргалсүрэнгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Бөхгарьдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Бөхгарьдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Бөхгарьд болон түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч Б.Жаргалсүрэнгийн биед “тархины доргилт, зүүн нүдний зовхи, хамар дахь цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, 12, 41-р шүд унасан, 11,22-р шүдний доргилт, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт болон амбулаториор эмчлүүлэгсдийн картаар тогтоогдож байна.  /хавтаст хэргийн 47-48, 58-63 дахь тал/      

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Жаргалсүрэнг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Шүүгдэгч М.Бөхгарьд нь хохирогч Б.Жаргалсүрэнд гэм хорын хохиролд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 550.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 5.550.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 73, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/

 

Хохирогч Б.Жаргалсүрэн нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь шүүхийн шатанд 2022.08.23-ны өдөр гаргасан “Б.Жаргалсүрэн миний бие шүүгдэгч Бөхгарьдаас хохирол төлбөрт 5.5 сая төгрөг авсан. 2022.08.24-ний өдрийн 14:30 цагаас товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хэргийн материалтай танилцсан нь үнэн болно” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 133 дахь тал/

 

Иймд хохирогч Б.Жаргалсүрэн нь шүүгдэгч М.Бөхгарьдаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч М.Бөхгарьд нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гоёотын 213 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж, Б.Жаргалсүрэнтэй маргалдаж улмаар нүүр хэсэгт 4-5 удаа мөргөж, зүүн гарын бугалга хэсэгт хутгаар 1 удаа хатгасны улмаас “тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар дахь цус хуралт, зүүн нүдний алимны салстын харвалт, 12,41-р шүд унасан, 11,22 шүдний доргилт зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл” үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.    

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь “улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан ба улсын яллагчийн гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч М.Бөхгарьд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч М.Бөхгарьдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Бөхгарьд нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч М.Бөхгарьдад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Бандгай овогт Мөнхтогтохын Бөхгарьдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөхгарьдад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бөхгарьдад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Жаргалсүрэн нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг, шүүгдэгч М.Бөхгарьд нь хохирогч Б.Жаргалсүрэнд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 5.550.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч М.Бөхгарьд нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөхгарьдад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН