Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 123/2022/0069/З |
Дугаар | 221/МА2024/0294 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0294
С.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С,
Нэхэмжлэлийн шаардлага: “Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/274 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, С.Б-ийн өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0003 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: хариуцагч М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 123/2022/0069/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б-оос “Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/274 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, С.Б-ийн өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0003 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1.4, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Т нарын “Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/274 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, С.Б-ийн өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүхээс “Анхны газар өмчлөгч болоох Б.Бд маргаан бүхий газрыг өмчлөх эрх хуульд заасан журмаар олгогдоогүй, тодруулбал Б.Б нь тухайн газрыг өмчлөх эрхгүй байх тул уг маргаан бүхий газрын худалдан авсан Д.Х болон уг газрыг бэлэглэлийн гэрээгээр өмчилсөн гэх С.Б- нар нь маргаан бүхий 5000 м.кв газрыг өмчлөх эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ” хэмээн үзсэн.
3.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүтгэлд бүртгэж тухайн иргэн газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” хэмээн заасан байдаг.
3.3. Өөрөөр хэлбэл газар өмчлөх эрх нь хэн нэгэн хүний гарын үсэг зурах, эсхүл газрын өмчлөгч боллоо гэх үгээр бий болдоггүй, улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсоноор өмчлөх нь баталгааждаг байна. Тийнхүү нэхэмжлэгч С.Б-т маргаан бүхий газрыг нь анх буюу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авахад Д.Хын нэр газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байсан. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.Б-ийн нэр дээр 1863374018** нэгж талбарын дугаар бүхий газрыг Г-1426***** дугаарт бүртгэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.
3.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв бай бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” хэмээн заасан байдаг. Тус хуулийн зохицуулалтаас үзвэл улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бүртгэл нь үнэн зөв байх зарчмын дагуу явагддаг бөгөөд иргэд гагцхүү тэрхүү бүртгэлээр баталгаажсан үнэн зөв мэдээллийг баримтлан өмчлөх эрх олж авах, шилжүүлэх зэрэг үйлдэл хийдэг. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг газар өмчлөх эрхгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм”
3.5. Түүнчлэн анхан шатны шүүхээс анхны өмчлөгч Б.Б нь тус газрыг өмчилж авах хүсэлтээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21.1 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гаргаагүй хэмээн үзсэн.
Гэвч нэхэмжлэгч С.Б- нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх эрхийг дагуу тус газрыг өмчилж аваагүй юм. Монгол Улсын иргэний хуульд заасан гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авсан. Монгол Улсын иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд гэж тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тус газрын шударга өмчлөгч юм.
3.6. Төрийн захиргааны байгууллагын ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг өмчлөх эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлэн авсан нэхэмжлэгчид хариуцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй юм.
Хэрэв төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэж байгаа бол үр дагаврыг төр хариуцах ёстой ба үүнийг хуулийн газар худалдан авсан иргэнд хариуцуулсан нь буруу болсон.
Мөн анхан шатны шүүхээс Үндэслэх хэсгийн 2.5-т “2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу олгогдоогүй байна” хэмээн дүгнэсэн. Ингэхдээ анхны өмчлөгч Б.Бд “Газар өмчлүүлсэн хувийн хэрэг байхгүй байна” байх тул хуульд заасан журмын дагуу олгогдоогүй гэж үздэг.
3.7. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2-т “2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн иргэдэд хувийн хэрэг байхгүй, хувийн хэрэг үүсгэж хадгалагдаагүй нь тогтоогдож байна” хэмээн шүүх өөрөө тогтоосон атал зөвхөн Б.Бтэй холбоотой хувийн хэрэг байхгүй учир түүнд зохих журмын дагуу газар олгогдоогүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2024/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч холбогдох хуулийг тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Б- нь Т аймгийн Б сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан “Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/274 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, С.Б-ийн өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, өмчлөх эрхийг хэрэгжүүлж ирсэн, ... тухайн газрыг анх өмчилж авсан анхны өмчлөгч Б.Бгийн мэдээлэл байх ёстой, ... захирамжийн хавсралтаар заагдсан нэр өөр байгаагаас анх газар өмчилсөн иргэний эрх нь хөндөгдөж байна,... ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр кадастрын мэдээллийн сангаас хассан, ... Д.Г хуурамчаар захирамж гаргаж байсан гэх асуудалтай 2016 оны А/143 дугаар захирамжтай холбоотой асуудал хөндөгдөөгүй... Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, оролцоог хангаагүй гэж тайлбар ирүүлсэн” гэж тайлбарлажээ.
2.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж тус тус заасан.
2.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б сумын Засаг даргад хандан “газрын кадастрын бүртгэлийг сэргээн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай” хүсэлт гаргасныг тус сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/274 дугаар албан бичгээр “Иргэн С.Б- нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн байна.
2.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Сумын Засаг дарга, газрын даамал нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэж, газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтэд өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж болон түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүйтэй холбогдуулан татгалзсан хариу өгсөн шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс энэ талаарх хууль ёсны шаардлага хангасан баримтуудыг гаргаж өгсөн гэж маргаагүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Бгээс Б.Мд “... газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, гэрчилгээ хүлээн авах, бусдад худалдах бэлэглэх, төлбөр тооцоо хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах” итгэмжлэлийг олгож, Б.М нь С.Б-гээс олгосон дээрх итгэмжлэлийн дагуу Д.Хтай 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, С.Б-гийн газар өмчлөх эрхийн 000512092 дугаар гэрчилгээтэй Б сумын нутаг дэвсгэрт Эрдэнэ, 3-р баг, Поошигт гэх байршилд 5000 м.кв газрыг Д.Хт худалдсан байна.
2.5. Улмаар Д.Х нь Т аймгийн Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаснаар тухайн газрын өмчлөгчөөр Д.Хыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 005114*** дугаар гэрчилгээг олгосон байна.
Үүний дараа Д.Х нь С.Б-той 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Газар бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, өөрийн өмчлөлд бүртгэгдсэн, маргаан бүхий 5000 м.кв газрыг нэхэмжлэгч С.Б-т бэлэглэж, Т аймгийн Улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргаснаар тус газрын өмчлөгчөөр С.Б-ийг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005750** дугаартай гэрчилгээг түүнд олгосон байна.
2.6. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд Б сумын нутагт газар өмчилж авахаар ирүүлсэн 15 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Б сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийн хавсралтад маргаан бүхий газрын анхны өмчлөгч хэмээн өөрийгөө тайлбарлан маргаж буй нэхэмжлэгч Б.Бгийн нэр байхгүй, газар өмчлүүлсэнтэй холбоотой хувийн хэрэг байхгүй, газар өмчлөхийг хүссэн өргөдөл бүртгэгдээгүй байна.
2.7. Харин Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Б сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамж, түүний хавсралт гэх баримтын 2 дугаарт Б сумын нутаг дэвсгэрт Эрдэнэ, 3-р баг, Поошигт гэх байршилд 5000 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б.Бд гэж тодорхойлсон байна.
2.8. Гэтэл нэхэмжлэгчийн өөрт нь газар эзэмшүүлсэн гэх шийдвэр нь сумын Засаг даргын Тамгын газрын архив, газрын хувийн хэргийн баримтуудад өөр иргэнд өмчлүүлж шийдвэрлэснээр хадгалагдсан болох нь тогтоогдсон байна.
Тухайлбал, хэрэгт авагдсан Б сумын Засаг даргын Тамгын газрын архив, газрын даамлын бичиг баримт, газрын нэгж талбарын дугаар бүхий хувийн хэргүүдэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан баримтуудаар сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/143 дугаар захирамжид 15 иргэнд газар өмчлүүлж, хавсралтын 2 дугаарт “өмчлөгч-Хурцбилэгийн Гантуул, Колонкийн урд Цаг уурын 1-р гудамж, 64 тоот хаягт 5000 м.кв” гэж бичигдсэн, харин маргаан бүхий 5000 м.кв газрыг Б.Бд өмчлүүлсэн гэх Б сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамж болон нэгж талбарын 1860333740***** дугаар бүхий газрын хувийн хэрэг, мөн тус сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн иргэдэд газрын нэгж талбарын хувийн хэрэг үүсгэж хадгалагдаагүй, Б.Б, Б.М нараас газар өмчлөхөөр гаргасан гэх өргөдөл бүртгэгдээгүй, Б.Б, Б.М нарын иргэний үнэмлэх, өргөдөл, кадастрын зургууд зэрэг баримтууд хадгалагдаагүй болох нь тогтоогдсон байна.
2.9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэж заажээ.
2.10. Т аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт дүгнэж, 2016 оны төлөвлөгөө батлах тухай” 10/07 дугаар тогтоолоор 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх хэмжээ” хэсэгт Эрдэнэ багийн “Байгаль суурин”, “Хөшөөт” нэртэй газруудад нийт 17 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн, харин “Поошигт” нэртэй газарт иргэдэд газар өмчлүүлэхээр төлөвлөөгүй байна.
2.11. Мөн Т аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаар тогтоолоор Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар ажиллаж байсан Д.Г нь тус сумын Засаг даргын “газар өмчлүүлэх тухай” захирамжийг хуурамчаар үйлдэж газар олгосон” болох нь тогтоогдож байгаа боловч уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөн М.Алтантуяагийн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг Т аймгийн Прокурорын газрын 2023 ооны 06 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.12. Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 3 албаны мөрдөгч, комиссар Б.Эрдэнэсайханаас хэрэг бүртгэлтийн 193400368 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т аймгийн Б сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэгт “... 2016 оны 03 дугаар сард Т аймгийн Б суманд газрын даамлаар томилогдсон, ... сумын Засаг даргаас “иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчил” гэсэн үүрэг чиглэл өгч ажиллаж чадахгүй бол ажлаас чинь чөлөөлнө гэх дарамт шахалт ихээр үзүүлдэг байсан, ... ажилтайгаа үлдэхийн үлдэхийн тулд Б сумын Засаг даргын иргэдэд газар өмчлүүлэх захирамжийг хуурамчаар үйлдэж байсан, ... Газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд сумын Засаг даргын газар олгох захирамжийг 10 орчим удаа хуурамчаар үйлдэж байсан” гэж мэдүүлж, гэрч Б сумын архив бичиг хэрэг хариуцан ажиллаж байсан Н.Нямдорж тус шүүхэд “... 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/143 дугаар захирамжийн огноог би бичсэн миний бичгийн хэв мөн байна. Захирамжийн хавсралт дээр Засаг дарга гарын үсэг зурдаггүй” гэж тус тус мэдүүлсэн байна.
2.13. Шүүхийн үзлэгийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлд “тус газар үл хөдлөх хөрөнгө байхгүй бөгөөд хашаа хатгаагүй” гэж, мөн хэрэгт Т аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/79 дугаар албан бичгээр “1860333740***** нэгж талбартай газар нь өөр иргэн, аж ахуй нэгжийн эзэмшил өмчлөл болон улс, орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтын газартай давхцалгүй” гэх тодорхойлолт бүхий баримт хавсаргадсан байх боловч дээрх баримтуудаар Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Б.Бгийн гаргаж өгсөн Б сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/1413 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 2 дахь хэсэг буюу Б.Бд гэж заасан шийдвэрийг Б сумын Засаг дарга гаргасан болох нь тогтоогдохгүй, тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Г захирамжийн хавсралтын 2-т иргэн Г-д Эрдэнэ багийн Колонкийн урд байршилтай 5000 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг өөрчлөн Б.Бд Эрдэнэ багийн Поошигт нэртэй газарт 5000 м.кв газар өмчлүүлсэн байдлаар хавсралтыг өөрчлөн хэвлэсэн, Д.Гээс Засаг даргын захирамжийн хавсралт дахь иргэдийн нэрсийг сольж, хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
2.14. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум дүүргийн Засаг даргад гаргах”, 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй”, 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч С.Б-т хуульд заасан журмын дагуу газар өмчлөх эрх үүссэн болох нь тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй байна.
2.15. Иймээс нэхэмжлэгч С.Б-оос талууд хооронд байгуулагдсан гэх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн газар өмчлөх эрх үүссэн хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй, иргэнд газар өмчлүүлсэн хууль ёсны захирамж байхгүй байхад зөвхөн 0005750** дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий 1860333740***** нэгж талбарын дугаартай газрыг хууль ёсоор өмчлөх эрхгүй гэж үзэхээр байх тул хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэх үндэслэлгүй байна.
2.16. Эдгээр үндэслэлээр шүүхээс хариуцагчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/274 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул С.Б-ийн өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
2.17. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Газар өмчлөх эрх нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноор өмчлөх нь баталгааждаг ..., ....С.Б- нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх эрхийг дагуу тус газрыг өмчилж аваагүй ... гэрээний дагуу өмчлөх эрх олж авсан ..., ....Төрийн захиргааны байгууллагын ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг өмчлөх эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлэн авсан нэхэмжлэгчид хариуцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй ..., ... Б.Бтэй холбоотой хувийн хэрэг байхгүй учир түүнд зохих журмын дагуу газар олгогдоогүй гэж дүгнэх нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0003 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1.4, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/274 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, С.Б-ийн өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ