Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 115/ШШ2021/0002

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж

             Гомдол гаргагч: Боржигон /иргэний үнэмлэхэд бичигдсэнээр, хх-ийн 5-р хуудас/ овогт Ц-ийн Г-ын гомдлоор

              Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ажилтай, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч /018 дугаартай, Улсын ахлах байцаагчийн эрхийн үнэмлэх, хх-ийн 21-р хуудас/ Ц.С-д холбогдуулан үүсгэсэн

Тус нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №1448552 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч иргэн Ц.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г, тус итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.А /цахимаар/, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдол болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болж өнгөрсөн бөгөөд дээрх сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдэн  “Шинэ эвсэл” байгуулан  улмаар иргэн Ц-ийн Г миний бие “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшин оролцсон юм.

Энэ сонгуульд оролцохдоо Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 30, 32 дугаар зүйлд зааснаар “Шинэ эвсэл”-ээс хуульд заасан нөхцөл болзлыг хангаж Дорноговь аймгийн 8 дугаар тойрогт нэр дэвшиж ялагдал хүлээсэн.

Миний бие хуульд зааснаар хандивын данс нээлгэсэн. Мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр 38430999 /гучин найман сая дөрвөн зуун гучин мянга есөн зуун ерэн  есөн/ төгрөгийн хандив цугларсан бөгөөд сонгуулийн зардалдаа зарцуулсан. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.3 дахь хэсэгт зааснаар бусад зардлыг өөрийн хөрөнгөөр тус сонгуульд оролцсон юм.

Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу өөрийн төлөөллийн байгууллага болох “Шинэ эвсэл”-ийн төв штаб руу явуулсан болно.

            Мөн орон нутгийн сонгуулийн хорооноос тухайн нам, эвсэл, нэр дэвшигч нарын менежер болон бусад ажиллагсдад сонгуулийн тухай хуулийн талаар сургалт сурталчилгаа хийхдээ сонгуулийн тайлан, хандивын талаар ямар ч ойлголт өгөөгүйгээс өнөөдөр миний бие Улсын Их хуралд нэр дэвшсэнийхээ төлөө 10000000 төгрөгөөр торгуулахад хүрээд байна.

            2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын “нягтлан бодох бүртгэлийн” улсын ахлах байцаагч Ц.С-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448552 дугаартай Шийтгэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь  хэсэгт зааснаар 10000 нэгжээр торгох шийтгэх хуудсыг явуулжээ. Гэтэл дээрх хуудсыг харахад ямар нотлох баримтыг үндэслэж шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй, зөрчил гаргагчаас ямар нэгэн тайлбар, мэдүүлэг аваагүй зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт нам, эвсэл, нэр дэвшигч гэж заагласан байгаа бөгөөд улсын ахлах байцаагч Ц.С-ийн бичсэн шийтгэх хуудаст иргэн Ц.Г гэж заасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь иргэн Ц.Г миний бие, бие дааж нэр дэвшээгүй харин “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн болно.

            Иймд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448552 дугаартай Шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа;

Сонгуулийн ерөнхий хороо, Дорноговь аймгийн Төрийн сан, Аудитын газрын зүгээс ямар нэгэн тайлбар мэдээлэл, санамж өгөөгүй. Би нягтлан бодогчийн хувьд аудитын тайлан өгдөг талаар мэдэж байсан болохоор Дорноговь аймгийн Аудитын газарт очиж “тайлангаа яах ёстой вэ, явцын тайлан өгдөг санагдаж байна” гэж асуусан.

Гэтэл “орон нутгийн сонгуулийн тайланг манайд өгнө, Улсын их хурлын сонгуулийн зардлын тайланг Үндэсний Аудитын газарт өгдөг. Тэдний цахим сайт руу нь ороод мэдээлэл ав” гэж хэлсэн. Бусад нэр дэвшсэн хүмүүс тайлан гаргах талаар ямар ч ойлголтгүй байсан. Би сайт руу нь орж утсыг нь аваад холбогдоход та нар явцын тайлангаа цахимаар өг, эцсийн тайлангаа цаасаар нь өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод байрлах захирал /Ц.Г/-ын туслах Б-тай холбогдож түүгээр дамжуулж эцсийн тайланг хүргүүлэхээр эх хувиар нь болон и-мэйл хаягаар явуулсан. Би мөн Б-ыг Сайн аудит ХХК-тай холбож өгсөн. Гэтэл Б нь эцсийн тайланг “Шинэ  эвсэл”-д өгнө гэж ойлгоод “Шинэ эвсэл”-рүү өгсөн байна, мэдээлэл бүрхэг байснаас ийм асуудал болсон гэж ойлгож байгаа. Над руу Дорноговь аймгийн Төрийн сангийн хэлтсээс залгаад шийтгэлийн хуудсаа ав гэж хэлсэн. Гэвч захирал Ц.Г-ын эгч нь итгэмжлэл аваад шийтгэлийн хуудсыг очиж авсан. “Шинэ эвсэл”-ээс бусад тойргуудад нэр дэвшсэн нэр дэвшигч нар мөн сонгуулийн тайлангаа өгөөгүй байсан. Захиралтай хамт нэр дэвшсэн Б.Э нь сонгуулийн тайлан гаргах талаар мэдээгүй байсан тул явцын болон эцсийн тайлангаа бас өгөөгүй байсан. Миний хувьд захирлын сонгуулийн зардлын явцын тайланг би өөрөө хариуцан явуулж байсан. Гомдол гаргагчийн талаас гаргасан гомдлыг дэмжиж оролцож байгаа. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний 144/8552 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ц.Г нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд “Шинэ эвсэл”-ээс Дорноговь аймгийн 8-р тойрогт нэр дэвшиж ялагдал хүлээсэн. Тэрээр хуульд зааснаар хандивын данс нээлгэж мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр 38.430.999 төгрөг цугларсан бөгөөд энэ мөнгийг сонгуулийн зардалд зарцуулсан.  Хуульд зааснаар сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу өөрийн төлөөлөх байгууллага болох “Шинэ эвсэл”-ийн төв штаб руу явуулсан. Орон нутгийн сонгуулийн хорооноос тухайн нам эвслийн нэр дэвшигчийн менежер болон бусад хүмүүст Сонгуулийн тухай хуулийн талаар сургалт сурталчилгаа хийхдээ сонгуулийн хандивын тайлангийн талаар ямар нэгэн ойлголт өгөөгүйгээс болж миний үйлчлүүлэгч 10 сая төгрөгийн торгууль төлөхөд хүрсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт нам, эвсэл, нэр дэвшигч гэж заагласан байна. Гэтэл шийтгэлийн хуудсанд зөвхөн иргэн Ц.Г гэж заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тийм учраас Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагч Ц.С-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 144/8552 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Утсаар мэдэгдсэн гэдэг асуудал дээр хариу тайлбарыг бичиж хүргүүлсэн. Хариу тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан. Сонгуулийн ерөнхий хороо болон төрийн захиргааны төв байгууллагаас явцын болон эцсийн тайлантай холбоотойгоор заавар журам гаргасан боловч энэ талаар сургалт сурталчилгаа явуулаагүй, тухайн сонгуулийн штабт энэ талаар мэдэгдээгүй. Хууль буруу хэрэглэсэн тухайд нэр дэвшигч Ц.Г-д хариуцлага тооцож байгаа юм уу, эсвэл иргэн Ц.Г-д хариуцлага тооцож байна уу гэдэг нь тодорхой бус байгаа нь шийтгэлийн хуудаснаас харагдаж байна. Тийм учраас хуулийг буруу хэрэглэж тухайн шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр бус гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагч Ц.С би,  Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч С.Н-оос 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд “Шинэ эвсэл” намаас нэр дэвшсэн Ц.Г-тай холбоотой “Хандивын дансны зардлын тайлан мэдээг Үндэсний аудитын газарт ирүүлээгүй” тул  арга хэмжээ авч ажиллах тухай албан бичигтэй танилцаад дараах арга хэмжээг авч ажилласан. Уг албан бичигтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигч Ц.Г-тай холбогдон өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөх талаар хэлсэн боловч ирээгүй тул цаашид  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх боломжгүй болж 11 дүгээр сарын 04-ний өдөр 2019000250 дугаартай зөрчлийн хэрэг нээн ажилласан. Мөн холбогдогчоос 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 99111113 дугаарт холбогдон мэдүүлэг авах талаар танилцуулсан бөгөөд өмгөөлөгч ажиллаж байгаа Үндэсний аудитын газарт бичиг явуулсан бичгийн хариу хүлээнэ гэсэн шалтгаанаар өгөөгүй.

 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 88111113, 99111113 дугаар луу залгахад утсаа аваагүй.  2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөн 88111113, 99111113 дугаар луу залгахад мөн утсаа аваагүй.

 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дээрх утастай холбогдон корона вируст халдварт  /covid-19/ өвчин гарсантай холбогдуулан  өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөх боломжгүй бол мэдүүлгийг бичгээр гарган цахим хаягаар ирүүлэх талаар мэдэгдсэн боловч мэдүүлэг ирүүлээгүй.

 Зөрчлийн хэрэгт Монгол Улсын Сангийн яамны 10 сарын 22-ны өдрийн 7/6746 тоот, Сонгуулийн ерөнхий хорооны 12 сарын 01-ний өдрийн 2/383 тоот, Үндэсний аудитын газрын 12 сарын 28-ны өдрийн 01/3445, 01/3444 тоот албан бичиг, Дорноговь Хаан банкны салбараас ирүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримт бичиг бүрдүүлэн ажиллаж Ц.Г нь Үндэсний Аудитын газарт хандивын дансны эцсийн тайлан мэдээгээ хүргүүлээгүй нь нотлогдож холбогдогч Ц.Г-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох  шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж торгууль шийтгэлийн хуудас бичиж 2020 оны 12 дугаар сарын 31-нд 99111113 дугаарт залган мэдэгдсэн болно. Торгууль шийтгэлийн хуудсыг холбогдогчийн хүсэлтээр түүний эхнэрийн эгч Д.П-д 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж, улмаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч С.Н-оос 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаартай албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагч Ц.С-д хаяглаж ирүүлсэн. Монгол улсын Ерөнхий аудитораас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны явцын тайлан болон зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй, хандивын орлогыг буцаан шилжүүлээгүй, нам, эвсэл, нэр дэвшигчдийн нэрсийг ирүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасан эрх бүхий нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасан нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Иймд нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт холбогдох арга  хэмжээ авч, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох шийдвэрийг ирүүлнэ үү гэсэн 8 хуудас албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгасан. Үндэсний Аудитын газраас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаартай албан бичигт зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай  Сангийн яам руу ирүүлсэн бичгийг уншиж танилцуулъя.

Энэ бичигт Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т нэр дэвшигч санал авах өдрөөс 30 хоногт багтаан зардлын тайлангаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т нэр дэвшигч, нам, эвсэл болон авсан хандивын сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө олон нийтэд ил тод мэдээлж төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар Үндэсний Аудитын газарт 2020 оны 12 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү гэсэн 5 хуудас хавсралттай Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитор З гэх хүнээс ирсэн албан бичиг байна. Энэ албан бичгийн хавсралтад зааснаар манай аймаг буюу Улсын Их Хурлын 8-р тойрогт “Шинэ эвсэл”-ээс Ц.Г, Б.Э гэсэн 2 хүн нэр дэвшсэн байсан ба эцсийн болон явцын тайлангаа Б.Э нь ирүүлээгүй, эцсийн тайлангаа Ц.Г нь ирүүлээгүй гэсэн албан бичиг байсан. Тус албан бичгийг Үндэсний Аудитын газраас Сангийн яам руу өгөөд Сангийн яамнаас Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсэн. Ингээд үүний дагуу прокурорын хяналтаар зөрчлийн хэргийг нээж явуулсан.

Уг албан бичигтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигч Ц.Г-тай холбогдон өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөх талаар хэлсэн боловч ирээгүй тул цаашид хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх боломжгүй болж 11 дүгээр сарын 04-ний өдөр 2019000250 дугаартай зөрчлийн хэрэг нээн ажилласан.

 Мөн холбогдогчоос 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 99111113 дугаарт холбогдон мэдүүлэг авах талаар танилцуулсан бөгөөд өмгөөлөгч ажиллаж байгаа Үндэсний аудитын газарт бичиг явуулсан бичгийн хариу хүлээнэ гэсэн шалтгаанаар тайлбар мэдүүлэг өгөөгүй.

 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 88111113, 99111113 дугаар луу залгахад утсаа аваагүй.  2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөн 88111113, 99111113 дугаар луу залгахад мөн утсаа аваагүй.

 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дээрх утастай холбогдон корона вируст халдварт  /covid-19/ өвчин гарсантай холбогдуулан  өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөх боломжгүй бол мэдүүлгийг бичгээр гарган цахим хаягаар ирүүлэх талаар мэдэгдсэн боловч мэдүүлэг ирүүлээгүй. Зөрчлийг хянан шийдвэрлэх явцдаа дээрх нэр дэвшигчтэй холбоотой Үндэсний аудитын газарт тайлангаа хүргүүлээгүй гомдлыг зөрчлийн хэрэг нээж шалгаж байгааг дурдаж, иймд “Шинэ эвсэл”-ээс албан ёсоор бүртгүүлсэн эсэх мөн хандивын дансны мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн дотор ирүүлэхийг хүссэн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан бичгийг Монгол улсын Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Үүнийг хүргүүлэхдээ прокуророос зөвшөөрөл авч прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн.

Энэ албан бичгийн хариу Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д гэх хүнээс ирсэн. Тус албан бичигт танай 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 3/1622 дугаартай албан бичиг болон Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 91/92 дугаар зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 8-р тойрогт нэр дэвшигчдийн мэдээллийг хавсралтаар хүргүүллээ гэсэн байна. Хавсралтад нэр дэвшигч Ц.Г, Б.Э нартай холбоотой хаягийн мэдээллийг ирүүлсэн байна. Үүний дагуу бид Үндэсний аудитын газарт бичиг явуулсан. Үндэсний Аудитын газрын даргын гаргасан журам дээр сонгуулийн хандивын данс нээх, хандив авах талаар журамласан байна. Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1566 гэсэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхий Аудитор З-д явуулсан. Энэ бичгийн дагуу 2 бичиг ирсэн. Уг албан бичигт Дорноговь аймгийн Засаг дарга О.Б танаа гэж хаяглан, танай байгууллагаас ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1766 дугаартай албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4 дүгээр зүйлд нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заалтын дагуу сонгуулийн 8-р тойрогт “Шинэ эвсэл”-ээс 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар албан бичгээр Үндэсний Аудитын газарт ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтад “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшсэн Ц.Г нь сонгуулийн зардлын эцсийн тайлангаа ирүүлээгүй болохыг мэдэгдэж байна. Тус тойрогт “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч Ц.Г нь сонгуулийн явцын тайлангаа ирүүлснийг нотлох баримтыг хүргүүлж байна. Энэ албан бичгийн дагуу сонгуулийн эцсийн тайлангаа хүргүүлээгүй байна гэдэг нь нотлогдож байна гэж үзэж шийтгэлийн хуудсыг бичсэн. Эдгээр нотлох баримтуудыг зөрчлийн хэргийн материалд хавсаргасан гэв. Ерөнхий аудиторын баталсан журмын дагуу үйл ажиллагааг явуулсан бөгөөд гомдлыг шүүхээр шийдүүлэх саналтай байна гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүнд хавсаргасан баримтууд, гомдлыг эс зөвшөөрч хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад цуглуулсан болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн болон хариуцагчаас гаргасан тайлбарууд зэргийг үнэлж, дүгнэн  гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Гомдол гаргагч иргэн Ц.Г нь хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25–д заасныг үндэслэн түүнд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 10 000 000 төгрөг /арван сая/ -өөр торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448552 дугаартай “Шийтгэлийн хуудас” –ыг эс зөвшөөрч түүнийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд,

            Гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх гомдлын шаардлагын үндэслэлийг:

- Шийтгэлийг ямар нотлох баримтыг үндэслэж оногдуулсан нь тодорхойгүй, зөрчилд холбогдогчоос тайлбар аваагүй зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан  журмыг зөрчсөн,

- Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “нам, эвсэл, нэр дэвшигч” гэж заагласан байхад шийтгэлийн хуудаст “иргэн” гэж зааж шийтгэл оногдуулснаар хуулийг буруу тайлбарлаж, хэрэгжүүлсэн,

- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлд заасан сонгуулийн хандив, зардлын тайлангийн талаар орон нутгийн Сонгуулийн хороо болон холбогдох этгээдээс сургалт, сурталчилгаа, мэдээлэл хийж байгаагүй нь шийтгэл хүлээлгэхэд нөлөөлсөн гэх үндэслэлүүдээр тайлбарлан маргаж байна.

3. Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн  хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

 2020 онд болсон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам”, “Бүгд найрамдах нам”, “Үнэн ба Зөв нам”, “Монголын үндэсний ардчилсан нам” гэх намууд нэгдэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /цаашид Сонгуулийн тухай хууль гэж товчлох/-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу “Шинэ эвсэл” гэх намуудын эвслийг байгуулан сонгуульд оролцохоор болж, мөн хуулийн 30, 32 дугаар зүйлүүдэд зааснаар тус эвслээс гомдол гаргагч иргэн Ц.Г нь нэр дэвшин, бүртгэгдсэнээр тэрээр Дорноговь аймаг дахь сонгуулийн 8 дугаар тойрогт өрсөлдсөн нь түүний шүүхэд ирүүлсэн гомдолд дурдагдсан байдал, хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчил шалган шийдвэрлэсэн баримтууд дахь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/883 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 61, 62-р хуудас/-аар тогтоогдож байна.

Гомдол гаргагч нь ийнхүү сонгуульд өрсөлдөх явцдаа Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3 дахь зүйлд заасны дагуу Сонгуулийн зардлын данс нээлгэн, сонгуулийн үйл ажиллагааны хугацаанд ашиглаж байсан нь хариуцагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт болох Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн Үндэсний Аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/3444 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг түүнд хавсаргасан “Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй” гэх баримтын “Сонгуулийн зардлын данс нээлгэсэн банкны нэр”, “дансны дугаар” гэсэн хэсгүүдэд  бичигдсэн  ХААН банкны 5381262035 дугаар бүхий данс, мөн “Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай” Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №02 дугаартай тогтоолын дагуу Хаан банкны Дорноговь аймаг дахь салбараас ирүүлж байсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/5360/690 дугаар бүхий нэр дэвшигч Ц.Г-ыг тус банкны 5381262035 тоот харилцах дансыг эзэмшдэг тухай тодорхойлолт, түүнд хавсаргасан тухайн дансны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 79, 81-84-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байхын хамт,

Нэр дэвшигч Ц.Г нь Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” /цаашид “А/45 дугаар тушаалаар батлагдсан журам” гэх/-ын Арван долоо дугаар зүйлд заасан хугацаа, шаардлагын дагуу сонгуулийн зардлын явцын тайлангаа Үндэсний аудитын газарт хүргүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч болох эрх бүхий албан тушаалтны хувьд Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн Улсын ерөнхий байцаагч /С.Н/ -ийн “Арга хэмжээ авч ажиллах талаар” ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаартай албан бичиг /хх-ийн 49-р хуудас/-ийг үндэслэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 –т заасан харьяаллын дагуу, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 –д зааснаар зөрчлийн хэрэг нээн /хх-ийн 45-92-р хуудас/ нэр дэвшигч Ц.Г-ыг сонгуулийн зардлын эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй гэх үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасны дагуу гомдол гаргагч иргэн Ц.Г-ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №1448552 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулжээ.

4. Дээрх маргаанд холбогдох хууль, журмын зохицуулалтыг авч үзвэл:

Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид “сонгуулийн зардал” гэх/ гаргана”, 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна” гэж заасан байгаатай уялдан,

Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “ ... , нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, А/45 дугаар тушаалаар батлагдсан журам дахь “Сонгуулийн зардлын тайлан”-ийн тухай Арван зургаа дугаар зүйлийн 16.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаргана”, мөн журам дахь “Сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргах” тухай Арван ес дүгээр зүйлийн 19.1-д “Хуулийн 57.3-т заасны дагуу ..., нэр дэвшигч санал авах өдрөөс  хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын эцсийн тайланг энэ журмын 17 дугаар зүйлд заасан тайланг өссөн дүнгээр эцэслэн гаргаж, аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт ирүүлнэ” гэж тус тус заасан байгаагаас үзэхэд,

Нэр дэвшигч нь  А/45 дугаар тушаалаар батлагдсан дээрх журмын Нэг дүгээр зүйлийн 1.1 –д заасан зорилго болох “...Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсон зорилгод нийцүүлэн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж нээлгэсэн хандивын дансны зарцуулалтын талаарх тайланг төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацаанд багтаан хүргүүлэх үүргийг хууль болон журмаар хүлээсэн байх бөгөөд,

Тус тайланг хүлээн авсан Үндэсний аудитын газар  нь Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ”, мөн А/45 дугаар тушаалаар батлагдсан журмын “Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын эцсийн тайланг хянах, дүнг мэдээлэх” тухай Хорин нэг дүгээр зүйлийн 21.1-д “Үндэсний аудитын газар энэ журмын 19.1-д заасны дагуу ирүүлсэн сонгуулийн зардлын эцсийн тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ” гэж заасан үүргийг мөн хэрэгжүүлэхээр байна.

Дээрх хууль, журамд заасан зорилго, зохицуулалтуудаас үзэхэд нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс сонгуулийн хандивыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд бүрдүүлж, түүнийг зориулалтын дагуу зарцуулсан талаарх тайланг хуульд заасан хугацаа, шаардлагын дагуу гаргаснаар энэ нь сонгогч иргэд, олон нийтийн зүгээс сонгуульд оролцож буй аливаа нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуульд оролцохдоо хууль, журмыг сахин биелүүлж, шударга байдлыг хангаж байгаа эсэх талаарх үнэн зөв, албан ёсны бодит мэдээлэлтэй ил тод танилцах, түүнд үндэслэн өөрсдийн сонгох эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нөгөө талаар тэдгээр нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс хуулиар хориглосон, сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулахаас урьдчилан сэргийлэх ач холбогдол, үр дагаврыг бий болгосон өргөн утга, агуулга бүхий байна.

 Харин Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 –д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, мөн зүйлийн 2 –т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж тус тус зааснаар “зөрчил”-ийн үндсэн шинжийг тодорхойлсон байгаа ба,

Энэ дагуу мөн хуулийн тусгайн анги дахь “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил”–д тус хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлүүд хамаарахаар зохицуулагдсан бөгөөд үүнээс гомдолд холбогдох маргаанд хамаарч буй зохицуулалт болох мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасан байгаагаар гомдол гаргагч болох нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.3-т “..., нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан ..., төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, А/45 дугаар тушаалаар батлагдсан журмын “Сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргах” тухайг зохицуулсан Арван ес дүгээр зүйлийн 19.1-д “ ..., нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын эцсийн тайланг ... Үндэсний аудитын газарт ирүүлнэ” гэж тус тус заасны дагуу хуульд заасан шаардлага хангасан сонгуулийн зардлын эцсийн тайлангаа дээрх хууль, журмын тухайн заалтуудад заасан хугацаанд буюу сонгуулийн санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй тухайн үйлдэл нь дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид заасан “зөрчил”-ийн үндсэн шинжийг агуулж, улмаар мөн хуулийн тусгай анги дахь “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил”-д хамаарахаар зохицуулагдсан байна.

5. Гэтэл гомдол гаргагч иргэн Ц.Г нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд “Шинэ эвсэл” нэртэй эвслээс нэр дэвшин сонгуульд оролцохдоо сонгуулийн зардлын эцсийн тайланд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Сайн-Аудит” ХХК нэртэй хувийн аудитын хуулийн этгээдээр хуульд заасны дагуу “Хараат бус аудитын дүгнэлт”-ийг /хх-ийн 128-132-р хуудас/ гаргуулсан боловч тухайн тайлангаа дээр дурдсан хууль, журамд заасан 30 хоногт багтаан төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй нь хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтууд дахь Монгол Улсын Ерөнхий аудитораас Сангийн яаманд хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 2880 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох “Сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй нэр дэвшигчид”-ийн 40 дүгээрт бичигдсэн байдал, Үндэсний аудитын газраас Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт болон тус аймгийн Засаг даргад тус тус ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/3444, 01/ 3445 дугаартай албан бичиг /хх-ийн 50-55, 64, 75-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шаардсанаар гомдол гаргагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар дахь “...нэр дэвшигч Ц.Г сонгуулийн зардлын тайлангийн хувийг “Шинэ эвсэл”-ийн ажлын албанд 2020 оны 07 сарын 07-ны өдөр ирүүлснийг албажуулсан байна. Гэвч тус эвслийн сонгуулийн төв штаб нь нэр дэвшигч нарын тайланг  нэгдсэн журмаар авах, хуульд заасан холбогдох байгууллагад нэгдсэн журмаар хүргүүлэхийг үүрэгжүүлсэн дүрэм, журам гаргаагүй байна...” гэсэн тайлбар, уг тайлбарт хавсарган ирүүлсэн “Шударга иргэдийн нэгдсэн нам”-ын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай албан бичигт “... нэр дэвшигч Ц.Г нь сонгуулийн зардлын тайлангийн хувийг “Шинэ эвсэл”-ийн ажлын албанд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн болно. Гэвч уг тайлангийн хувийг “Шинэ эвсэл”-д ирүүлсэн гэж ойлгож ҮАГ-д хүргүүлээгүй болно...” гэж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гарган ирүүлсэн “Шинэ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний ардчилсан намын Шинэ эвсэл”-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн 01 дугаартай албан бичиг дэх  “...нэр дэвшигч Ц овогтой Г-ын сонгуулийн зардлын эцсийн тайланг Эвслийн ажлын албаар дамжуулан ҮАГ-т хүргүүлэхээр хүлээлцэн авсан болно” гэж дурдсан байдлууд /хх-ийн 124, 127, 161-р хуудас/ болон,

Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй “... Улаанбаатар хотод байдаг захирал /Ц.Г/-ын туслах руу эцсийн тайланг эх хувиар нь болон и-мэйл хаягаар явуулсан боловч уг туслах нь “Шинэ эвсэл”-д өгнө гэж ойлгоод эвсэл рүү өгсөн байна...” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаар гомдол гаргагч иргэн Ц.Г нь нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн тухай 57 дугаар зүйлийн 57.3 дахь зүйлд заасныг болон тус хуулийг үндэслэж гарсан А/45 дугаар тушаалаар батлагдсан журмын  Арван ес дүгээр зүйлийн 19.1 –д тус тус заасныг  зөрчсөн бөгөөд тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан зөрчлийг бий болгожээ.

6. Нэр дэвшигчийн зүгээс тухайн үед сонгуулийн зардлын явцын тайланг Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан журамд заасан хугацаанд холбогдох байгууллага болох Үндэсний аудитын газарт өмнө нь хүргүүлж байснаар тэрээр дараагийн тайлан болох сонгуулийн зардлын эцсийн тайланг мөн хуульд заасны дагуу холбогдох этгээдэд хүргүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой байсан нөхцөл байдал тогтоогдож байх ба гэтэл гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүхэд одоо гаргаж буй тайлбараар орон нутгийн сонгуулийн хорооноос сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нар болон тэдгээрийн менежер, бусад ажиллагсдад Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн хандив, зардлын тайлангийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж байгаагүй нь шийтгэл хүлээлгэхэд нөлөөлсөн гэх тайлбарыг гомдлын шаардлагын нэг үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ нь дээр тогтоогдож буй тухайн зөрчилд хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөгдөх болон түүнийг хөнгөрүүлж үзэх үндэслэл болж чадахгүй юм.

Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, тус хуульд заасан журмын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэр дэвшигч” гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг” ойлгохоор заасны дагуу нэр дэвшигч тухайн Монгол Улсын иргэнд түүний үйлдсэн зөрчилтэй нь холбогдуулан шийтгэл хүлээлгэснийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.25-д заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд, харин тогтоогдож буй зөрчилд холбогдох шийтгэлийг мөн хуульд заасны дагуу оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2.-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчим болон,

 Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасан шийтгэл оногдуулах үндэслэл зэрэгт нийцэж байх тул гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлын шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж буй хариуцагчийг шийтгэл оногдуулахдаа хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэгжүүлж “иргэн”-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж буй тайлбарыг  шүүх хүлээн авах боломжгүй байна.

Мөн гомдол гаргагч нь тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, мэдүүлэг аваагүй, ямар нотлох баримтыг үндэслэн шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлээр хариуцагч болох эрх бүхий албан тушаалтныг буруутгаж байх боловч эрх бүхий тус албан тушаалтны зүгээс уг зөрчилд холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээн, уг ажиллагааг мөн хуульд заасан журмын дагуу  хэрэгжүүлсэн болох нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2019000250 дугаартай “Зөрчлийн хэрэг”-ийн материал, түүнд авагдсан холбогдох нотлох баримт /хх-ийн 32-94-р хуудас/ -уудаар,

 Мөн тус ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчилд холбогдогч буюу гомдол гаргагч иргэн Ц.Г-аас мэдүүлэг авах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч тэрээр тус ажиллагаанд ирээгүй, түүнчлэн зөрчлийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийн талаар түүнд мэдэгдэж, улмаар түүний хүсэлтийн дагуу уг шийдвэрийг өөр этгээдээр дамжуулан гардуулсан зэрэг нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчил шалган шийдвэрлэсэн баримтууд дахь эрх бүхий албан тушаалтны үйлдэж баримтжуулсан тэмдэглэл /хх-ийн 70-73, 85, 89-р хуудас/-үүд зэргээр тус тус нотлогдож байна.

Үүнээс дүгнэвэл зөрчилд холбогдогчийн үйлдсэн зөрчил нь эрх бүхий албан тушаалтны хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн бусад ажиллагаа, холбогдох нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдож байгаа тул зөрчилд холбогдогчийн хувьд уг ажиллагааны явцад түүнд мэдэгдэж байсны дагуу хүрэлцэн ирж мэдүүлэг, тайлбар өгөөгүй байдал нь  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн тухайн шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл болох торгуулийн төлбөрийг эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, зөрчилд холбогдогчид боломж олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч иргэн Ц.Г-ын нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагч Ц.С-гийн 2021 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийн №1448552 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 25 дахь зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч иргэн Ц.Г-ын нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагч Ц.С-гийн 2021 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийн №1448552 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба гомдлыг мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ЦЭНД