Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 02029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “У” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ШЕ газар

 

Хариуцагч: Н газар нарт холбогдох,

 

Тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Д.Лхагвасүрэн, Э.Цээпилмаа, хариуцагч ШШГЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая, хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уны нэхэмжлэлтэй Их цавчир ХХК-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00500 дугаартай шүүгчийн захирамжаар “387,594,447 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Олимпын гудамж, 23-р байр 1 тоот хаягт байршилтай 214 мкв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 13-р хороолол 8 байр 21 тоот хаягт байршилтай 30 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлээгүй тул 2016.09.20-ны өдрийн 4234 дугаартай шүүгчийн захирамж, 429 дугаартай гүйцэтгэх хуудас гарч 2016.09.22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн  шийдвэр гарснаас хойш нийт 388,642,408 төгрөг төлөхөөс 100,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 288,642,408 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны үл хөрөнгө эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу битүүмжлэн, үнэлгээ тогтоох зорилгоор 2017.06.15-ны өдөр шинжээч томилж 2017.06.20-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2017.07.25-нд 2 дахь дуудлага худалдаа явагдсан ч үнийн санал ирээгүй тул 2018.04.23-ны өдөр санал болгох ажиллагаа явагдаж барцаа хөрөнгийг Уанд олгохоор шийдвэрлэсэн.

ШЕ газар буюу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцон санал болгосон ажиллагаа болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.05.15-ны өдрийн 4/34 дүгээр гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолыг тус тус  хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн авлаа.

Дээрх тогтоолд Нгазрын төлбөр төлөгч Их Цавчир ХХК-ийн худалдан борлуулагдаагүй хөрөнгийг төлбөрт тооцон санал болгосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйтэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтад нийцээгүй гэх үндэслэл дурджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 6 дугаар сард шинээр батлагдсантай холбоотойгоор дуудлага худалдаа явуулах журам, хөрөнгийн үнэлгээ, төлбөрт тооцож өгөх ажиллагааны журам өөрчлөгдсөн ба дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх өмнөх хуулийн дагуу явагдсан байсан. Гэтэл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр нь уг ажиллагаанд шинэ хуулийг ашиглах шаардлагатай гэж үзсэн агуулгатай байх ба үүний улмаас дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцож өгөх үнэлгээ өөрчлөгдсөн, энэ нь төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулсан агуулгатай байна.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим хэсгийг, ялангуяа шинэ хуулийн дагуу дахин явуулахад төлбөр авагчид ашиггүй цорын ганц шатыг дахин явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинэ хуулиар уг ажиллагааг явуулах ёстой гэж үзэж байгаа бол уг ажиллагааг эхнээс нь явуулж үнэлгээний шатанд, дуудлага худалдааны шатанд тус тус хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг төлбөр авагчид олгох гэж үзэж байна.

Мөн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгоод зогсохгүй, 1 дахь заалтаар “санал болгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулах” үүргийг Нгазарт өгсөн нь “ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхээс хэтэрсэн, “хөтөлсөн” шинжтэй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд ШЕ газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг, мөн шийдвэр гүйцэтгэлийн 6281221 дугаартай ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчлэн найруулагдсан хууль 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 2 дуудлага худалдаа энэ хууль хэрэгжихээс өмнө болсон. Дагаж мөрдөх хуулийн талаар зохицуулалт ороогүй. Өмнөх хуулиар зохион байгуулсан. Өмнөх хуулиар үүссэн ажиллагаа төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх гэсэн ойлголттой байсан. Төлбөр авагч тал хөрөнгийг одоо хүртэл эзэмшилдээ шилжүүлж аваагүй. Энэ ажиллаагаа шинэ хуульд нийцэх ёстой гэж байгаа бол төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөж байгааг харгалзаж энэ ажиллагааг эхнээс нь явуулж болох байсан. Гэтэл төлбөр авагчийн эрх ашгийг зөрчсөн. Тухайн үед өмнөх хуулийн дагуу төлбөр авагч нар үнийн саналд гомдол гаргадаггүй. Хөрөнгө худалдан борлогдоогүй бол төлбөрт нь тооцож өгдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн хөрөнгөд ямар нэгэн үнэлгээ тогтоолгоогүй. Хэрвээ шинэ хуулиар явах байсан бол дуудлага худалдаанд бид өөрсдөө оролцох гэх мэт боломж байсан. Эрх зүйн байдлыг дордуулсан ганц заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй.” гэв.

 

Хариуцагч ШШГЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00500 дугаар захирамжаар хариуцагч “Их цавчир” ХХК нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжилсэн 387 594 447 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 23-1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 8-21 тоот 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч “У” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 23-1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууцыг битүүмжпэн хурааж, үнэлгээ тогтоолгоход 535 000 000 төгрөгөөр үнэлэгдэж, албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлогдоогүй хөрөнгийг Нгазар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлбөрийн үнийн дүн болох 388 642 408 төгрөгийн хэмжээгээр төлбөр авагчид санал болгосон.

Төлбөр төлөгч “Их цавчир” ХХК-иас тус албанд хандаж гаргасан гомдлоор бүртгэлийн 16281221 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хянаж, санал болгох ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтыг зөрчсөнийг тогтоож, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.2, 271.3.3-т заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот тогтоолоор санал болгосон ажиллагааг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжпэгч “У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/Ш2016/00500 дугаар захирамжаар хариуцагч “Их цавчир” ХХК нь нэхэмжпэгч “У” ХХК-ийн нэхэмжилсэн 387 594 447 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Олимпийн гудамж, 23 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү- 2204000976 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 8 дугаар байрны 21 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч “У” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч “Их цавчир” ХХК-ийн захиралд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Долгормаа өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Олимпийн гудамж, 23 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 153/11/30 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153/11/30 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал авахад харицан тохиролцоогүй, үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 535 000 000 төгрөгөөр үнэлсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндөнгийн шинжээчийн үнэлсэн зах зээлийн үнэлгээ болох 535.000.000 төгрөгийн 70 хувь 374 500 000 төгрөгөөр 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны үнэлгээчийн тогтоосон үнэ болох 535.000.000 төргөгийн 50 хувиар тооцон 267 500 000 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу төлбөрт тооцож төлбөр авагчид шилжүүлсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “У" ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “У” ХХК хариуцагч ШЕ газар, хариуцагч Нгазарт холбогдуулан тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ШЕ газар нь санал болгосон ажиллагааг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн гэж маргасан.

 

Хариуцагч Нгазар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00500 дугаар захирамжаар “Их цавчир” ХХК нь “У” ХХК-д 387 594 447/гурван зуун наян долоон сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, улсын тэмдэгтийн хураамжид 1 047 961/нэг сая дөчин долоон мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 23 байр, 1 тоот 214 м.кв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 8 байр, 21 тоот 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн болох нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16281221 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолын хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өрийн № 3/13189 мэдэгдэл болон 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/14237 мэдэгдлийн хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Их цавчир” ХХК нь 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Нгазар нь 1 тоот орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хураасан болох нь зохигчийн тайлбар, Эд хөрөнгийг хураасан 153/11/30 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2-т “Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө;” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т зааснаар хариуцагч Нгазар нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, шинжээч нь 1 тоот орон сууцны зах зээлийн үнэ цэнэ 535 000 000/таван зуун гучин таван сая/ төгрөг болохыг тодорхойлсон болох нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

         

          2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон байх ба хариуцагч нар тус хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэг хүлээсэн байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 72 дугаар зүйлийн 72.1-т “Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ...”, 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон ... зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нгазар нь 1 тоот орон сууцны зах зээлийн үнэ цэнэ болох 535 000 000/таван зуун гучин таван сая/ төгрөгийн 70/дал/ хувь болох 374 500 000/гурван зуун далан дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 535 000 000/таван зуун гучин таван сая/ төгрөгийн 50/тавь/ хувь болох 267 500 000/хоёр зуун жаран долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй болох нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өрийн № 3/13189 мэдэгдэл, № 3/13190 мэдэгдэл, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн № 3/14237, № 3/14238 мэдэгдэл, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3/446 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн № 3/17026 мэдэгдлийн хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 73 дугаар зүйлийн 73.1-т “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно ...” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нгазар нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид 1 тоот орон сууцыг төлбөртэй суутган авахыг санал болгосон болох нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 4/30705 мэдэгдлийн хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн № 4/4187 мэдэгдлийн хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар Санал болгох ажиллагааны тэмдэглэлийн хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3, 271.3.1, 271.3.2-т зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгийг санал болгосон ажиллагааг хүчингүй болгосон болох нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч ШЕ газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим хэсгийг шинээр явуулсан тохиолдолд уг ажиллагааг эхнээс нь шинэ хуулиар явуулах ёстой гэж маргаж байна.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тус хуулийг буцаан хэрэглэх тухай заагаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч нар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тус хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхнээс явуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нарын явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕ газрын Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар тогтоол, хариуцагч Нгазрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕ газрын Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар тогтоол, хариуцагч Нгазрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ