Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар   2022/ШЦТ/106     

 

 

2022           09             05                                                       2022/ШЦТ/106                                  

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: Д.Доржсүрэн /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Доржсүрэнд холбогдох эрүүгийн 2229001890113 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 9-21 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хөмчид овогт Даваадоржийн Доржсүрэн /РД:ЙО86120914/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулах ‘’Арвас баян’’ ХХК-ийн ажилчдын амрах байранд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энхээг үл ялих зүйлээр шалтаглан цээжин тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Доржсүрэнд холбогдох эрүүгийн 2229001890113 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Доржсүрэн мэдүүлэхдээ:

Манай өрхийн сарын орлого 1.800.000 төгрөг, өмнө нь ажиллаж байсан газраасаа гарсан, одоо Хангийн боомтод ажил хийх гэж байгаа. Би болсон үйл явдлыг санаж байгаа, анх цагдаа дээр очоод айгаад цохиогүй гээд хэлчихсэн, хохирогчийн цээж хэсэгт өшиглөсөн, хохиролд 300.000 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Б.Энхээгийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхээгийн гаргасан мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Цэвээнсамбуугийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Саруулбуянгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Думхүүгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Цэвээнсамбуугийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тогтохбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8348 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Доржсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

-Рентген зургийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

 

-Д.Доржсүрэнгийн эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81, 82 дахь тал/,

 

-Хохирогч Б.Энхээгийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 89 дэх тал/,

 

-Шүүгдэгч Д.Доржсүрэнгийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулах ‘’Арвас баян толгой’’ ХХК-ийн ажилчдын амрах байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энхээг үл ялих зүйлээр шалтаглан цээжин тус газар нь өшиглөж, биед нь “өвчүү ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.   

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхээгийн өгсөн ...Жолооч Ц.Самбуу эхнэрийн хамт мөн компанийн эмч бид 4 эмчилгээ хийлгэж байхад гаднаас хамт ажиллаж байсан хоёр жолооч орж ирсэн. Тэр орж ирсэн хоёр жолоочийн нэг нь Ц.Самбууг зодож эхлэхээр нь би очиж салгаад хаалгаар гаргаж байхад бид хоёр хамтдаа унасан. Газар хэвтэж байхад нөгөө хамт орж ирсэн залуу миний цээжний гол хэсэгт өшиглөсөн, хамт байсан хүмүүс салгаж чадаагүй болохоороо цагдаа дуудсан. Доржсүрэн гэдэг залуу уг гэмтлийг учруулсан. Би тухайн үед унахдаа гэрээс гараад л дөрвөн хөллөөд унасан, Тогтохбаатар миний дээрээс унаагүй. Бид хоёр зэрэгцээд унасан. Унаад босох хооронд Доржсүрэн намайг өшиглөхөд миний цээжинд хөндүүр орсон харин Тогтохбаатартай унасан үед ямар нэгэн бэртэл гэмтэл гараагүй. Би тухайн үед Доржсүрэнтэй муудаж маргалдсан зүйл байхгүй... Надад санал хүсэлт байхгүй... Хэргийн материалтай танилцахгүй, мөн шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Саруулбуяны өгсөн “...Дунхүүгийн гэрт орж тариа дусал залгаад Цэвээнсамбуу, Дунхүү, Энхээ бид дөрвийг сууж байхад гаднаас Тогтохбаатар, Доржсүрэн нар хамт орж ирэнгүүтээ Дунхүү, Цэвээнсамбуу, Энхээ гурвыг архи авч өг гээд шаардаад байсан. Тэгсэн чинь Дунхүү эгч өөдөөс нь уурлаад та нар надаас архи нэхдэг хэн юм бэ? Гээд Тогтохбаатартай хэрэлдээд байсан. Тэгж хэрэлдэж байгаад Цэвээнсамбуу уурлаад Тогтохбаатарыг орон дээр сууж байхад нь түлхэж унагасан чинь Доржсүрэн Цэвээнсамбуу руу яагаад орноос түлхэж байгаа юм бэ гэж уурлаад босож ирээд Цэвээнсамбуутай заамдалцаад авахаар нь би Доржсүрэнг салгаад гэрээс авч гараад гадаа Доржсүрэнтэй юм яриад зогсож байсан чинь гэр дотроос Энхээ, Тогтохбаатар нар зууралдаад, Цэвээнсамбуу араас нь хамт гарч ирж байсан тэгсэн чинь Энхээ, Тогтохбаатар нар гэрээс гарахдаа зууралдаад хамт унасан тухайн үед Цэвээнсамбуу тэр хоёрыг салгах гээд хамт зууралдаад байх шиг байсан Цэвээнсамбуу, Тогтохбаатар, Энхээ гурвыг зууралдаж байгааг Доржсүрэн харчихаад Цэвээнсамбуу, Энхээ хоёрыг нийлээд Тогтохбаатарыг зодож байна гэж ойлгоод миний хажууд зогсож байснаа тэр гурав луу гуйж очоод Энхээ салгаж байх шиг байсан тэгсэн чинь гэр дотроос дусал залгуулсан Дунхүү эгч орилохоор нь би дусал залгачихсан байсан учраас яараад гэр лүү яваад орсон чинь Дунхүү өлгөчихсөн дуслаа гартаа барьчихсан өөдөөс гарч ирж байсан тэгэхээр нь би буцаад гарсан чинь Энхээ газарт унаад цээжээ дарчихсан Доржсүрэн заамдчихсан дээр нь зогсож байсан. Цэвээнсамбуу, Тогтохбаатар нар хоорондоо маргалдаад зогсож байсан... Тийм хугарал үүсэхээр хүчтэй бол унаагүй. Барьцалдаж байгаад бие биеийгээ татаад биеийнхээ жингээр л газарт унасан. Тэгж өвчүүний яс хугарахаар бол хүчтэй унаагүй. Тогтохбаатар, Доржсүрэн нарыг гэрт орж ирэхээс өмнө би Дунхүү эгчид дусал залгаад, Цэвээнсамбуу, Энхээ нарын хамтаар нэг гэрт сууцгааж байсан тухайн үед Энхээгийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл бол ажиглагдаагүй биеийн байдал хэвийн байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дунхүүгийн өгсөн ...Тэгж маргалдаж байгаад Тогтохбаатар манай нөхөртэй барьцалдаж аваад зууралдаад байсан чинь Доржсүрэн нь манай нөхрийг зодох гээд босоод ирэхээр нь Саруулбуян эмч Доржсүрэнг аваад гарсан. Саруулбуян эмч, Доржсүрэн нарыг гарсны дараа Тогтохбаатар нь дахиж манай нөхөртэй муудалцах гээд дайраад байхаар нь Энхээ Тогтохбаатарыг салгаж аваад гэрээс гарсан. Тухайн үед нь би гэр дотор дусал залгуулчихсан байсан учраас хөдөлж болохгүй байсан. Тэд нар гарсныхаа дараа намайг гэрт байхад Энхээ "миний цээж рүү өшиглөчихлөө, цээж эвгүй болчихлоо" гээд ёолж дуугарч байгаа нь сонсогдсон тэгэхээр нь би дуслаа бариад гараад очсон чинь Саруул эмч тэд нарыг салгаад Энхээг гэр лүүгээ оруулж байсан...'' гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Цэвээнсамбуугийн өгсөн "...Тогтохбаатар, Доржсүрэн нар гаднаас согтуу орж ирээд бид нараас архи мөнгө нэхэж, архи авч өг гээд байсан. Тэгэхээр нь би “Та нар архиа болио, одоо болсон байна, архи хэрэггүй” гэж хэлсэн чинь Дунхүү "та нар яах гээд архи нэхээд байгаа юм бэ" гэж хэлсэн чинь манай эхнэртэй маргалдаж над руу дайраад цохих гээд дайраад байхаар нь би боль гэж хэлээд цааш нь нэг удаа түлхсэн чинь Тогтохбаатар орноос унасан. Тэгсэн чинь хамт явж байсан Доржсүрэн босож ирээд над руу зодох гээд дайрахад нь Саруулбуян эмч голоор нь орж салгаад Доржсүрэнг гэрээс аваад гараад явчихсан. Тэр хоёрыг гарсны дараа Тогтохбаатар над руу уурлаж зодох гээд дайраад байхад нь Энхээ голоор орж ирж Тогтохбаатарыг гэрээс чирээд аваад гарах гэж байхдаа тэр 2 газарт унасан. Тэгээд би тэр хоёрыг газарт уначихаар нь очоод босгож байхад Доржсүрэн гүйж ирээд Энхээг татаж салгаж аваад цээжний хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь гэрээс Саруулбуян эмч гарч ирээд Доржсүрэнг салгаад цааш нь аваад явчихсан удаагүй цагдаа ирээд аваад явсан... Ямар ч байсан Тогтохбаатартай зууралдаад газарт уначихаар нь би босгох гэсэн чинь Доржсүрэн гүйж ирээд цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Ямар ч байсан тийм хүчтэй бол унаагүй. Энхээ, Тогтохбаатар нар газарт унаад зүв зүгээр босох гэж байтал Доржсүрэн гүйж ирээд Энхээгийн цээжний хэсэгт өшиглөхөд Энхээ гараараа цээжээ дараад хэвтчихсэн тэгсэн чинь Саруул эмч ирээд Доржсүрэнг салгасан. Тэгээд салгасны дараа Энхээ надад амьсгаа авахад хүндрэлтэй болчихлоо цээж эвгүй болчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тогтохбаатарын өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 19 цаг орчимд Доржсүрэн бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоёр ширхэг архи ууж дуусаад хажуу талын гэрт жолооч Цэвээнсамбуу эхнэрийн хамт байж байхад нь хамт сууж байгаад жолооч нарын талаар маргалдсан. Тэгээд Цэвээнсамбуу бид хоёр барилцаж аваад байж байтал араас Энхээ татаж гаргаад гэрийн үүдэнд давхраараа унасан. Унахдаа Энхээ ах намайг татаад миний дээр давхарлагдсан байдалтай унаад Энхээ түрүүлээд босох гэтэл Доржсүрэн ирээд цээжин хэсгийн зүүн талд нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөтөл кемпийн эмч тэврээд гэр лүү нь аваад орсон. Түүнээс хойш бүгд гэр гэрлүүгээ ороод амарцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8348 дугаартай "1. Б.Энхээгийн биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухай хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48- 49 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Доржсүрэнгийн өгсөн "...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд хамт ажилладаг Тогтохбаатар гэх залуутай хамт өөрийнхөө машинд сууж байгаад 2 ширхэг "Талын хар" нэртэй архийг хувааж уучихаад тогооч эгч Дунхүүгийн гэрт очсон чинь тэдний гэрт Саруул эмч, Цэвээнсамбуу, Дунхүү, Энхээ нар гэрт нь сууж байсан. Тухайн үед Тогтохбаатар түрүүлээд гэрт нь яваад орчихсон би араас нь алхаж очоод гэрт нь ороход Тогтохбаатар, Цэвээнсамбуутай муудаад маргалдаад байсан. Тэгсэн чинь Цэвээнсамбуу, Тогтохбаатарыг орон дээр түлхэж унагаад тэр 2 хоорондоо зууралдаад байж байхад нь Энхээ голоор нь орж салгаж байсан. Энхээ тэр 2-ыг салгаж байх үед би Саруул эмчтэй хамт гадаа гараад юм яриад зогсож байхад Энхээ Тогтохбаатарыг чирээд гэрээс гарч ирж байх үедээ гэрийн босгонд тээглээд газарт уначихсан. Тогтохбаатар Энхээ нар газарт уначихаад Энхээ Тогтохбаатарыг дээрээс нь цохиод байх шиг байхаар нь би очоод Энхээгийн цээжний хэсэгт нь нэг удаа өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8348 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Доржсүрэн нь хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Доржсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Доржсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.Энхээгийн биед Б.Энхээгийн биед өвчүү ясны хугаралбүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8348 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/-ээр тогтоогдож байна.       

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Энхээг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Хохирогч Б.Энхээ нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан Б.Энхээ миний бие 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Арвас баян толгой ХХК-ийн амрах байранд амарч байх үедээ Д.Доржсүрэнд зодуулсан. Эрүүгийн 2229001890113 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байгаа бөгөөд Доржсүрэнтэй эвлэрч хохирол гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх, тус шүүхэд гаргасан “Жолооч Доржсүрэнгийн хэрэгт хохирогчоор холбогдож 2022.09.05 өдрийн шүүх хуралд Б.Энхээ миний бие шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул Доржсүрэнгээс ямар нэгэн гомдол байхгүй” гэх хүсэлтээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 89, 105 дахь тал/

 

Иймд шүүгдэгч Д.Доржсүрэн нь хохирогч Б.Энхээд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 300.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулах ‘’Арвас баян толгой’’ ХХК-ийн ажилчдын амрах байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энхээг үл ялих зүйлээр шалтаглан цээжин тус газар нь өшиглөж, биед нь “өвчүү ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.      

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 83 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байх тул шүүгдэгч Д.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Доржсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Хөмчид овогт Даваадоржийн Доржсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доржсүрэнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Доржсүрэнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Доржсүрэн нь хохирогч Б.Энхээд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 300.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Доржсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Доржсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН