| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/01509/И |
| Дугаар | 02028 |
| Огноо | 2018-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 02028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” ХХК/РД: /-д холбогдох,
14 608 960 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Я.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Я.Б нь “Т” ХХК-тай 2014 оны 05-р сарын 01-ний өдөр 0362 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулан Нийслэлийн Налайх дүүргийн 7-р хороонд баригдаж байсан “Шинэ налайх” хороололын 12-р байр, 1-р орц, 4-н давхарын 11 тоот гэх хаягт 37.28 м.кв 2 өрөө байрыг захиалахдаа урьдчилгаанд 13 308 960 төгрөгийг төлсөн юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар захиалагч нь 30 хувийн урьдчилгаа болох 13 308 960 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр төлөх, гүйцэтгэгч нь байрыг батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэн захиалагч талд 2014 оны 3-аас 4-р улиралд багтаан хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаанд байрыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн тохиолдолд захиалагч нь үлдэгдэл төлбөрийг төлөх, төлбөр бүрэн төлөгдсөнөөр байрны ордерыг захиалагчийн нэр дээр гаргаж өгөх” үүргийг тус тус хүлээж, харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчиж, дээрх байрыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд оруулаагүй байна.
Захиалагч нь захиалсан байраа хэзээ ашиглалтанд орохыг тус компанийн борлуулалтын ажилтнаас 2014 оны сүүлээр тодруулахад 2015 оны 2-р улиралд ашиглалтанд орно гэсэн ба ингээд гүйцэтгэгч талаас байрыг яаралтай ашиглалтанд оруулах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж эхэлсэн. Түүнчлэн боломжит хугацаанд байр ашиглалтанд орохыг хүлээсэн боловч мөн дээрх хугацаанд ашиглалтанд ороогүй, хэзээ орох эсэх нь тодорхойгүй, түүнийг хохироосоор байсан тул тэрбээр 2016 оны 01-р сарын 10-ны өдөр гэрээгээ цуцлах, улмаар урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөө буцаан авах тухай хүсэлтийг тус компанид гаргасан байдаг.
Гэтэл тус компани нь 2016 оны 07-р сарын 08-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах №0362 тоот гэрээг цуцлах тухай” албан тоотоор гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн ба уг мэдэгдлийн 2 дах заалтад “Гүйцэтгэгч захиалагчаас төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6-р зүйлийн 6.1, 6.2-т заасны дагуу олгоно” гэх зүйлийг тулгасныг нэхэмжлэгч нь тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гараар бичиж гарын үсгээ зурсан. Учир нь гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ зөрчиж, захиалагчийг хохироосон атлаа урьдчилгаанд “төлсөн төлбөрөөс суутгал хийж буцаан олгох, ингэхдээ тухайн төлбөрийг хэзээ олгох эсэх нь тдорхой бус байсан. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдах болсон шалтгаан нь гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаатай холбоотой байхад захиалагч талд үндэслэлгүйгээр хохирол учруулах байдлаар гэрээг цуцлах нь холбогдох хууль болон шударга ёсонд нийцэхгүй биз ээ. Хэдий тийм боловч Захиалагч нь хүлээцтэй хандаж, тухайн үед хууль шүүхийн байгууллагад хандаагүй бөгөөд гуйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрийг буцаан олгох төлөвлөгөөнд орчихсон байгаа, удахгүй дээрх байрыг бусдад зараад урьдчилгаа төлбөрийг бүрэн гүйцэд олгоно гэсэн тул хангалттай хугацаанд хүлээсэн ба түүнээс хойш байр ашиглалтанд орж, бусдад зарагдсан боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөхийг шүүхийн өмнөх шатанд удаа дараа шаардаж, очиж уулзахад мөн дээрхийн адил буцаан олгох төлөвлөгөөнд орчихсон байгаа, таниас өмнө гэрээ байгуулсан хүмүүсийн буцаан олголтыг өгөөгүй байгаа, тэдгээр хүмүүсийн буцаалтын өгсний дараа өгнө, дараа сард олгоно, өнөөдөр, маргааш гэх зэргээр худал хэлж, хууран мэхэлж хугацаа заасаар өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа.
Нэхэмжлэгч нь утсаар болон уулзаж хариуцагчаас байрны урьдчилгаанд төлсөн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад дээрх байдлаар худал хэлж, хууран мэхэлж төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, саад учруулан түүний эрх зүйн байдлыг дордуулаад байсан. Цаашид нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах үүднээс эрх зүйн туслалцаа авч байгаа болно.
Иймд хариуцагч болох “Т” ХХК-иас Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 13 308 960 төгрөг, эрх зүйн туслалцаа авахад төлсөн 1 300 000 төгрөг зэрэг нийт 14 608 960 /арван дөрвөн сая зургаан зуун найман мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд Я.Бийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт М.Эрдэнэбилэг миний бие нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Төлөөлүүлэгчийн олгосон итгэмжлэлийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Я.Б хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан урьдчилгаанд төлсөн 13 308 960/арван гурван сая гурван зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг, эрх зүйн туслалцаа авсан төлбөр 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, бүгд 14 608 960/арван дөрвөн сая зургаан зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Т” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулсан гэх тайлбар ирүүлсэн.
2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр № 0362 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № 0362 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах тухай баримтаар нотлогдож байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь 37.28/гучин долоо зууны хорин найм/ м.кв орон сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № 0362 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах тухай баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Гэрээнд зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 37.28/гучин долоо зууны хорин найм/ м.кв орон сууцны урьдчилгаа төлбөрт хариуцагчид нийт 13 308 960/арван гурван сая гурван зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № 0362 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах тухай баримтаар нотлогдож байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь 2014 оны 3-4-р улиралд багтаан байрыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № 0362 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах тухай баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба өөрийн татгалзалаа баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.
Хариуцагч нь 2014 оны 3-4-р улиралд багтаан байрыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх ба нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Гэрээг цуцалсан болох нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № 0362 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах тухай баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилгаа төблөр 13 308 960/арван гурван сая гурван зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгчид 13 308 960/арван гурван сая гурван зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Хариуцагч нь 13 308 960/арван гурван сая гурван зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг сайн дураар төлөөгүйтэй холбогдон нэхэмжлэгч нь шүүхэд хандан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан төлбөрт нийт 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкин дахь 5024390235 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлбөрийг буцаан төлөөгүй үйлдэл, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан үйлдэл зэрэг нь шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгчид 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бүгд 14 608 960/13 308 960+1 300 000=14608960/ /арван дөрвөн сая зургаан зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас бүгд 14 608 960/арван дөрвөн сая зургаан зуун найман мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Бөд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ