Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/888

 

 

 

 

 

 

 

 

   2022        09          14                             2022/ШЦТ/888

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

Шүүгдэгч С.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  И.Н

Улсын яллагч: Г.Т нар оролцсон эрүүгийн 2209000001401 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “И Энд Си дизайн” ХХК-д зургийн инженер ажилтай гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ө овогтой С.Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зу” гэх бааранд согтуурсан үедээ тус баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан иргэн Н.А-ыг тодорхой шалтгаангүйгээр толгойн тус газарт нь пивоны шил шидэж цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

Эрүүгийн 2209000001401 дугаартай хэргээс:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10009 дугаартай:

1. Н.А-ын биед зулайд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 26-27 -р хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” гэх бааранд согтуурсан үедээ тус баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан иргэн Н.А-ыг тодорхой шалтгаангүйгээр толгойн тус газарт нь пивоны шил шидэж цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.А-ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найз залуу Э.А-ын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “З” бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд жижиг талбай буюу 180 тоот-н бүжгийн талбай дээр бүжиглэж байхад гэв гэнэт толгой руу хүчтэй цохилт мэдрэгдсэн. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй, эргээд харахад намайг цохисон хүн согтуу бололтой газарт унаж байсан. Тэгээд ариун цэврийн өрөө ороод үзтэл толгойноос их хэмжээний цус гарч байсан. Ингээд би найз залуудаа хандан миний толгойг хэн цохисон юм бэ гэхэд цохисон хүнийг хамгаалагчийн хамт барьсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж намайг цохисон хүнийг цагдаад хүлээлгэж өгсөн байсан..., Би гомдолтой байна. Миний хувьд Тайван Улсад магистрын сургуульд сурдаг. Түүнд цохиулснаас болж үе үе миний толгой хатгуулж өвдөн, дотор муухайрдаг болсон. Тухайн үед нэлээн хүчтэй цохиулсан бөгөөд энэ байдлаас болж би гадуур гарахаас айдаг болсон, бие махбод болон сэтгэл санаад хохирол учраад байна. Иймд би цаг хугацаа, сэтгэл санаа, бие махбодоор хохирсон тул 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.А-ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд найз охин А-ын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “З” нэртэй бааранд орсон. Тэгээд бид бааранд хүний 2 шил пиво уугаад бүжиглэсэн. Ингээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэлээн согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу хүн гарч ирээд хүмүүсийг мөрлөх, болон эмэгтэй хүмүүсийг бэлхүүсээр нь тэврэх зэрэг үйлдэл гаргаад байсан. Гэтэл тэр хүн манай найз охин болох А-ын араас нь очиж өгзөгнөөс нь барих гэж оролдоод, мөн бэлхүүснээс нь тэврээд байсан. Би очоод “чи болиоч ээ” гээд гарнаас нь татаад холдуулахад тэр хүн гартаа барьсан байсан пивоны шилээр А-ын толгой руу цохисон. Тэгэхээр нь би тухайн хүнийг барьж авах гэтэл над руу пивоны шилээ саваад дайраад байхаар нь би түүнийг тэвэрч аваад цаанаас хамгаалагч нар ирээд аваад явсан. Би А-ын хажууд очиход түүний толгойноос цус гарсан байдалтай, уйлсан байсан. Тэгсэн А нь цагдаа дууд, нөгөө хүн чинь хаана байна гэхээр нь би баарны тек рүү очиход хамгаалагч нар түүнийг сул тавьсан. Тэр залуу эргээд бүжгийн талбай дээр ирэхэд нь би түүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд тэр залуу надаас хэд хэдэн удаа зугтахыг оролдсон..., ” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10009 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зу” гэх бааранд согтуурсан үедээ тус баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан иргэн Н.А-ыг тодорхой шалтгаангүйгээр толгойн тус газарт нь пивоны шил шидэж цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.А-ын мэдүүлэг, Гэрч Э.А-ын мэдүүлэг, бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, үйл явдал болох зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал С.Б нь  хохирогч Н.А-ын биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч С.Б-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Ад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Ө овогтой С.Б-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН