Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112    

 

 

2022          09             15                                                        2022/ШЦТ/112                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ

Иргэний нэхэмжлэгч: Т.Болорцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Н.Алтангэрэл нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 2229001620078 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, шугам хоолойн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин 5-р гудамж 118 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан овоогийн 925 тоот хаягт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хайнаг овогт Нямдаваагийн Алтангэрэл /РД:КЮ90032691/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Алтангэрэл 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Сет инженеринг” ХХК-ийн төв кемпийн агуулах ил талбайгаас Перкинс үйлдвэрийн Комлер-100 маркийн цахилгаан үүсгүүрийг 05-87 ӨМЭ улсын дугаартай Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, их хэмжээний буюу 52.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Алтангэрэлд  холбогдох эрүүгийн 2229001620078 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Алтангэрэл мэдүүлэхдээ:

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Ланд-105 маркийн машинтайгаа явж байсан. Хөдөөний бололтой 2 хүн дэлгүүрээс бараа авчихаад “Унаа олдохгүй байна. Хүргээд өгөөч” гэхээр нь хүргэж өгөх гээд Баян-Овоо сум руу явсан. Баян-Овоо сум руу төмөр зам дагаад явж байхад хүнгүй талд багаж, тоног төхөөрөмж байсан. Тэр 2 хүнийг хүргэж өгчихөөд буцаж замдаа хүнгүй байхаар нь машин чирж явах зориулалтын 4 дугуйтай 2 ижил генератор байсныг ухарч зогсоод авсан. Тэр шөнөө Манлай суманд байх таньдаг айлынхаа грашд аваачиж тавьсан гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Прокурорын газраас Н.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэхээр шинжээч томилохоор болсон. Үүний дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан ирсэн байдаг. Уг тайлангаар цахилгаан үүсгүүр нь 44,333.330 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдож байна. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэн дүүрэн дэмжиж, Н.Алтангэрэлд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэхийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр ямар нэг байдлаар маргахгүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд Н.Алтангэрэл биечлэн оролцож тухайн болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай санал нэг байна. Хулгайлагдсан эд зүйл болох цахилгаан үүсгүүрийг хохирогчид хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 05-87 ӨМЭ улсын дугаартай Ланд-105 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Т.Болорцэцэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч Т.Болорцэцэгт тухайн тээврийн хэрэгслийг буцаан олгох эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Болорцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Уг машиныг би энэ хүнтэй суухаасаа өмнө өөрийн хөрөнгөөр авсан. Машинаа эргүүлж авахыг хүсэж байна. Нялх хүүхэдтэй тул шүүгдэгчид бага ял оногдуулж өгнө үү гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,

 

-Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 16-21 дэх тал/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-32 дахь тал/,

 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантөмөрийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баатарсүхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэдэндамбын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Болорцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

-Ашид БилгүүнХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-922/3859 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62-65 дахь тал/,

 

-Ашид БилгүүнХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №1001099 дугаартай Автотехникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

 

-И-Сет Инженеринг” ХХК-ийн хүсэлт, ажлаас гарсан ажилчдын жагсаалт /хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Алтангэрэлийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

 

-Н.Алтангэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэл, иргэнд олгох тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Өмнөговь аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022.06.23-ны өдрийн 392 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004.11.02-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 84, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 116, 121-123 дахь тал/,

 

-Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 159-172 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Н.Алтангэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Сет инженеринг” ХХК-ийн төв кемпийн агуулах ил талбайгаас Перкинс үйлдвэрийн Комлер-100 маркийн цахилгаан үүсгүүрийг 05-87 ӨМЭ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-J100” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон, харин их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдохгүй байна гэж тус тус үзсэн болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Алтангэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Сет инженеринг” ХХК-ийн төв кемпийн агуулах ил талбайгаас Перкинс үйлдвэрийн Комлер-100 маркийн цахилгаан үүсгүүрийг 05-87 ӨМЭ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-J100” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-21 дэх тал/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-32 дахь тал/,

 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантөмөрийн өгсөн “...Манай И-Сет ХХК нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 2 дугаар өртөөн дээр байрлаж төмөр замын дохиолол суурьлуулалтын ажил хийж гүйцэтгэж байгаа юм. 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай компанийн кемпийн байрлалд байсан 100 кв-ын 2 ширхэг генераторын 1 нь алдагдсан байсан... уг алдагдсан генератор нь шар өнгөтэй. Цагаан өнгийн обудтай 4 ширхэг дугуйтай. РР8257R026833F гэсэн серийн дугаартай генератор байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баатарсүхийн өгсөн "...Би өчигдөр шөнө буюу 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд гарч харахад манай кемпэд байгуулсан хоёр ширхэг генератор /цахилгаан үүсгэвэр/ байж байсан. Тэгээд унтаад өглөө 09 цагийн орчимд босоод харахад хоёр ширхэг генераторын нэг нь байхгүй байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  43-44 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэдэндамбын өгсөн "...Алтангэрэл 2022 оны 05 дугаар сарын эхээр ганцаараа Ланд-105 маркийн машинтай өглөөгүүр нар дөнгөж гарч байхад авч ирж тавиад явсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Алтангэрэлийн яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 05-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Цогтцэций сумаас Баян-Овоо сум руу танихгүй эхнэр нөхрийг хүргэж өгөх гэж таксинд явсан юм... Баян-Овоо сумын чиглэлд шороон замаар явж байтал ...зам дээр модон хайрцагтай материал буулгасан байсан. Тэдгээрийн хажууд байсан генераторыг хараад өнгөрсөн юм. Би Баян-Овоо суманд очоод буцахад харанхуй шөнийн 00 цаг орчим байсан. Тэгээд нөгөө хараад өнгөрсөн генератороо харсан чинь хүн байхгүй шиг болохоор нь өөрийн машинаараа ухарч зогсоод генераторыг чирээд явсан юм. Тухайн генератор нь 4 дугуйтай, шар өнгийн шинэ генератор байсан. Чирэх зориулалтын гартай байсан. Би тэр генераторыг машиндаа холбочихоод голын данхратыг нь буулгахгүй шууд хөдлөөд 100 метр орчим яваад зогсож би өөрөө хөлийг эвхээд цааш нь чирээд явсан. Тэгээд би генераторыг чирээд ... Манлай сумаас зүүн урагш 40 км-т байх Дамба гэдэг айлд аваачиж гражид нь хийчихээд буцаад Цогтцэций сум руу явж гэртээ ирсэн... Би хөдөө Цогтцэций сумаас Ханги Мандал явдаг засмал зам дагуу найз Эрдэнэбаттай хамтарч хайрганы кариер, Бутлуурын газар байгуулах гэж байсан учир надад дизель генератор хэрэг болж байсан. Тэгээд надад хэрэг болох юм байна гээд авчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

Харин шүүгдэгч Н.Алтангэрэлийг хулгайлах гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр “Хулгайд алдагдсан, ашиглагдаж байсан гэх Perkins үйлдвэрийн Комлер-100 маркийн Генератор /цахилгаан үүсгүүр/ нь 2022 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ хэдэн төгрөгийн үнэтэй байсан;Toyota Land Gruisor 100” маркийн 05-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 2022 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ хэдэн төгрөгийн үнэтэй байсан” эсэхийг тус тус тогтоолгохоор “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон.

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан байх ба тайланд: “цахилгаан үүсгүүр 100 kw-44.333.330 төгрөг” гэж үнэлсэн байна. /хавтаст хэргийн 159-172 дахь тал/

 

Хавтас хэрэгт “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022.05.31-ний өдрийн ТХҮ-922/3859 дугаартай “Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ”, 2022.06.03-ны өдрийн 1001099 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан”, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2022.09.12-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний тайлан” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байна. /хавтас хэргийн 62-65, 74-75, 159-172 дахь тал/

 

Шүүх “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлээ “Ашид Билгүүн” ХХК-иас илүүтэйгээр тайлбарлаж тайландаа тусгасан байх тул “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь хулгайд алдагдсан цахилгаан үүсгүүр /100 kw/-ийг 44.333.330 төгрөгөөр үнэлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хүрэхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хулгайлах гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэж үзэх гэмт хэргийн шинж хангагдахгүй байх тул Н.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Алтангэрэл нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Хулгайлах” гэж бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хэлэх ба шүүгдэгч Н.Алтангэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Сет инженеринг” ХХК-ийн төв кемпийн агуулах ил талбайгаас Перкинс үйлдвэрийн Комлер-100 маркийн цахилгаан үүсгүүрийг 05-87 ӨМЭ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-J100” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Н.Алтангэрэлийн дээрх үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд шүүгдэгч Н.Алтангэрэлийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар нь гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор И-Сет Инженеринг ХХК-ийг хохирогчоор тогтоосон. Тус хуулийн этгээд нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 35 дахь тал/

 

Хохирогч нь И-Сет Инженеринг ХХК нь өөрийн байрлаж байсан төв кемпийн ил талбайгаас Перкинс үйлдвэрийн Комлер-100 маркийн цахилгаан үүсгүүрээ хулгайд алдаж, тус компанид 44.333.330 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн  159-172 дахь тал/,

 

Хохирогч И-Сет Инженеринг ХХК нь хулгайд алдсан цахилгаан үүсгүүрээ буцаан хүлээн авч, хохиролгүй болсон болох нь Эд зүйлийг хүлээлгэн өгсөн “...Perkins үйлдвэрийн Comler-100 маркийн PP82576R026833F арлын дугаартай генератор /цахилгаан үүсгүүр/-ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 30 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 15 дахь тал/

 

Иймд хохирогч И-Сет Инженеринг ХХК нь шүүгдэгч Н.Алтангэрэлээс хулгайд алдсан цахилгаан үүсгүүрээ буцаан хүлээн авч, хохиролгүй болсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/160 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Т.Болорцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно. /хавтаст хэргийн 139-144 дэх тал/

 

Шүүгдэгч Н.Алтангэрэл нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “Тоёота Ланд Крузер-J100” маркийн 05-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь иргэн Т.Болорцэцэгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гаргасан тайлбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 115 дахь тал/

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Өмнөговь аймаг дахь Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд хадгалагдаж байгаа “Тоёота Ланд Крузер-J100” маркийн 05-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч болох Т.Болорцэцэгт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Н.Алтангэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Сет инженеринг” ХХК-ийн төв кемпийн агуулах ил талбайгаас Перкинс үйлдвэрийн Комлер-100 маркийн цахилгаан үүсгүүрийг 05-87 ӨМЭ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-J100” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь “Улсын яллагчийн зүгээс гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь хулгайлсан эд зүйл болох цахилгаан үүсгүүрээ хохирогчид буцаан өгч, хохирогчид төлөх төлбөргүй болсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож, шүүгдэгч Н.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Өмнөговь аймаг дахь Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд хадгалагдаж байгаа “Тоёота Ланд Крузер-J100” маркийн 05-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч болох Т.Болорцэцэгт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 24.033.330 төгрөгийг шүүгдэгч Н.Алтангэрэлээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.Алтангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Хайнаг овогт Нямдаваагийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч Н.Алтангэрэл нь хохирогч И-Сет Инженеринг” ХХК-д хулгайд алдагдсан эд зүйл болох цахилгаан үүсгүүрийг буцаан өгч, хохирогчид төлөх төлбөргүй болсныг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Өмнөговь аймаг дахь Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд хадгалагдаж байгаа “Тоёота Ланд Крузер-J100” маркийн 05-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч болох Т.Болорцэцэгт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтангэрэлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 24.033.330 төгрөгийг шүүгдэгч Н.Алтангэрэлээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Шүүгдэгч Н.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН