| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/03840/И |
| Дугаар | 03055 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 03055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.У-д холбогдох,
Гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохирол 14,587,411 төгрөг гаргуулах, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 2017/12 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвасүрэн, хариуцагч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага “Голомт банк”-тай 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр жилийн 24 хувийн хүүтэй, ЗГ8115100450 тоот зээлийн гэрээ /хугацаа сунгасан нэмэлт гэрээ/ түүнтэй холбогдох бусад гэрээг байгуулан хамтран ажилласны үр дүнд УСУГ-ОС-2015 тоот гэрээний дагуу Ус сувгийн удирдах газрын захиалгаар 180 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын комисс ажиллуулж 2017/53 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу ашиглалтын шаардлага, Монгол улсад мөрдөгдөж буй стандартыг хангасан орон сууцыг хүлээлгэн өгч, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн билээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захилагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т захиалагч нь “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэгтэй гэж тус тус заажээ.
Гурван талт гэрээг 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “ажилтан нь ипотекийн зээлд хамрагдах шалгуур нөхцөлийг хангах эсэхээ урьдчилан судалж, уг шаардлагыг хангасан тохиолдолд захиалж буй орон сууцныхаа нийт үнийн дүнгийн 30 хувийн төлбөрийг ерөнхий захиалагчид 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлсөн байна”, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д “ажилтан орон сууцын төлбөрөө бүрэн төлсөн байна”, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д “ажилтан орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд захиалсан орон сууцаа өмчлөлд шилжүүлэн авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй”, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “орон сууц захиалагч ажилтан төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдах хүртэлх хугацаанд тухайн орон сууц нь ерөнхий захиалагч буюу ерөнхий гүйцэтгэгчийн мэдэлд байна” гэж заасан хэдий ч захиалагчийн хүсэлтийн дагуу төлбөрөө бүрэн төлөхөөс нь өмнө нилээд хэдэн сарын өмнө уг орон сууцанд нь оруулж, орон сууцны төлбөрөө төлөхийг удаан хугацаанд хүлээж, уян хатан байдлаар аливаа асуудлыг шийдвэрлэхийг урьтал болгосоор ирсэн.
Гэтэл орон сууц захиалагч иргэн нь улсын комисс тус байрыг хүлээн авнаас хойш /2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш/ төлбөрөө төлөлгүй 9-10 сарын хугацаа хэтрүүлсний улмаас Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу манай компанид 14,587,411 төгрөгийн хүүгийн хохирол учирсан. Талууд энэхүү хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан зөвшилцөж, хугацаа хэтрүүлсний улмаас бодогдсон зээлийн хүүг “Г.К” ХХК нэгэнт төлсөн бөгөөд энэ нь утга агуулгаараа танай байгууллагаас зээл авсантай төсөөтэй байгаа учраас энэхүү төлбөрийг танай байгууллагад өөрийн орлогын түвшиндээ тулгуурлан урт хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах зээлийн гэрээ байгуулъя хэмээх иргэн Г.Уийн гаргасан саналыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөрийн хэмжээгээ зөвшилцөн багасгаж, зээлийн гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа билээ.
Бид орон сууцны төлбөрийн асуудлаа нэн даруй шийдвэрлэхгүй бол банкны жилийн 24 хувийн хүүтэй авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож байгууллагын эрх ашиг хөндөгдөж, компаний үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулаад байна. Өөрөөр хэлбэл захиалагч иргэдийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хариуцлагагүй үйлдлийн улмаас зээлийн хүүгийн өрөнд орж, төрийн байгууллагад төлдөг татвар, ажилтнуудын хөлс, НДШ, аж ахуйн нэгжид төлөх төлбөрөө удаан хугацаагаар төлөлгүй хуулийн байгууллагад дуудагдах, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах гэх мэт сөрөг үр дагаварууд гарсаар байна хэмээн удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж байсан ч ямар ч үр дүн гарахгүй хэвээр байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “үүрэг гйүцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасны дагуу “Г.К” ХХКХХК-нд учирсан бодит хохирол болох 14,587,411 төгрөг гаргуулж өгнө үү.
Түүнчлэн талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 5,600,000 төгрөгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлж өгөөгүй тул 2017/12 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №23 “Ус сувгийн удирдах газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ерөнхий захилагч, ерөнхий гүйцэтгэгч, ажилтан нарын хооронд байгуулсан гурван талт гэрээ”-ээр байр худалдан авч 30 хувь болох 27,055,000 төгрөгийг төлсөн. Голомт банкинд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 18-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтүүд гаргасан. Нэхэмжлэлд “Гэрэгэ Констракшин”-ий 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2017/12 тоот зээлийн гэрээг намайг байгуулья гэсэн санал гаргасан гэсэн нь огт үндэслэлгүй худал тайлбар юм. Надад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банкнаас 60,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан, гарсан шийдвэрийг “Г.К” ХХК-нд аваачиж өгөөд, удаа дараа шаардлага тавьж очиж байсан, ипотекийн зээлд хамрагдах гээд гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авах гэтэл үл хөдлөх хөрөнгийн газарт “Г.К” ХХК-иас өгөх шаардлагатай бичиг баримт барьцаалж орлогч захирал Э.Ялалт, ерөнхий захирал Д.Цэнд нь манай компани энэ барилгыг барихын тулд бид нар банкнаас зээл авсан. Зээлийн хүүг чи төлөх ёстой, зээлийн гэрээ хий гэж тулган шаардсан, хэрвээ зээлийн гэрээг хийхгүй бол Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй гэсэн. Иймд миний бие аргагүй эрхэнд бэлэн болсон гэрээний загварт бичгийг авахын тулд гарын үсэг зурсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг хүчээр хийлгэж мөн 400,000 төгрөг өг гэж тулган шаардсны дагуу тус компанид бэлнээр өгсөн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний төлбөр гэж 120,000 төгрөгийг удаа дараа утсаар дарамталж нэхээд байсан учир “Г.К” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, дахин утсаар зээлээ төл гэж дарамтлаад нэхээд байсан тэр үед нь би танайхаас зээл авахгүй, төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Би тухайн байгууллага ямар хөрөнгийн эх үүсвэрээр барилга барьсан талаар мэдэхгүй. Энэ нь тухайн барилгын компаний асуудал, энэ компаний банкинд төлөх зээлийн хүүг би төлөх үндэслэлгүй гэж үзэж учир нь банк Компаний хооронд байгуулсан зээлийн хүүгийн асуудал тул үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьдчилгаа төлбөр болох 26,128,000 төгрөгийг төлсөн, зээлийн зөрөө болох 927,000 төгрөг, нийт 27,055,000 төгрөг төлж Голомт банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авч үлдэгдэл төлбөрөө 100 хувь төлсөн. Иймд урьдчилгаа төлбөрийг оруулж бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй юмаа, энэ нь банк компани хоёрын зээлийн гэрээний асуудалд зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г.К” ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохирол 14,587,411 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/12 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 14,587,411 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэг талаас Ус сувгийн удирдах газар нөгөө талаас “Г.К” ХХК, гуравдагч талаас Г.У нар 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Ус сувгийн удирдах газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ерөнхий захилагч, ерөнхий гүйцэтгэгч, ажилтан нарын хооронд байгуулсан гурван талт” 23 дугаартай гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 5-7 дахь талд/
Уг гэрээгээр гүйцэтгэгч “Г.К” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 давхар180 айлын ажилчдын орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, ажилтан Г.У нь тус орон сууцны 2 дугаар орц 6 давхар F тоот 75 м.кв талбай бүхий орон сууцны төлбөр тооцоог хийх, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус харилцан хүлээсэн байна.
Гэрээгээр талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, зорилгоос дүгнэн үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.
Талууд гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал буюу гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 87,055,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин ажилтан гүйцэтгэсэн ажлын хөлс болох үлдэгдэл 60,00,000 төгрөгийг хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас банкинд хүү төлж хохирсон хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж маргасан.
Хариуцагч Г.У нь “Голомт банк”-ны ипотекийн зээлд хамрагдан үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Г.К” ХХК-нд төлсөн болох нь хэрэгт авагдсан мемориалын баримт, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 34, 47 дахь талд/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “ерөнхий гүйцэтгэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөр ерөнхий захиалагч нь үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулсан буюу ипотекийн зээлийн нөхцөлийг бүрэн хангасан ажилтанд орон сууцны Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээнэ” гэж тохиролцсон байх ба гүйцэтгэгч “Г.К” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын комисс хүлээн авсан байна. /х.х-ийн 15-16 дахь талд/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “гэрээний 2.2-т заасан хугацаа буюу улсын комисс хүлээн авсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул уг өдрөөс хойш нэхэмжлэгч нь “Голомт банк”-наас авсан зээлийн хүүгээр тооцож хохирол” гаргуулна гэж тодорхойлсон.
Талууд гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх хугацааг гэрээгээр тодорхой байдлаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн хөлс төлөх үүрэг, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж тус тус зохицуулснаар ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг нь захиалагчийн үүргээр тодорхойлогдож байна.
Өөрөөр хэлбэл, орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан өдрөөс хойш хариуцагчид хөлс төлөх үүрэг үүссэн байна.
Хэдийгээр хариуцагчид хөлс төлөх үүрэг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс үүссэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролыг хариуцагч хариуцах үүрэгтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийе.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч “Г.К” ХХК нь “Голомт банк” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ8115100450 дугаартай “зээлийн гэрээ”-г байгуулж 5,000,000,000.00 төгрөгийг 24 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн байх ба гэрээнд оролцогч талууд тохиролцон тус гэрээнд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбаруудаар тогтоогдож байх ба энэ нь бие даасан иргэний эрх зүйн харилцаа байна. /х.х-ийн 9-14 дахь талд/
Тус гэрээний дагуу төлөх хүүг нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохирол гэж тайлбарлаж байна.
Тодруулбал, бие даасан гэрээний харилцаатай холбоотойгоор нэхэмжлэгчид үүссэн үүрэг нь хариуцагч Г.У үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй, шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь Голомт банкинд 14,587,911 төгрөгийг зээлийн гэрээний хүүнд төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бичгийн баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/12 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагын тухайд:
Зохигч талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2017/12 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Г.К” ХХК нь зээлдэгч Г.Ут 5,600,000 төгрөгийг 47 сарын хугацаатайгаар зээлдүүлэх агуулгаар тохиролцож, уг гэрээг бичгээр байгуулсан байна. /х.х-ийн 17 дахь талд/
Нэхэмжлэгч уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчид 5,600,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй, нэхэмжлэгч талд учирсан зээлийн хүүгийн хохиролыг хариуцагч барагдуулах зорилгоор урт хугацаатай зээлийн гэрээ хэлбэрээр байгуулж хууль зөрчсөн” гэж тайлбарласан.
Талуудын хооронд хэдийгээр бичгээр “зээлийн гэрээ”-г гэх баримтыг үйлдэж гарын үсэг зурсан байх боловч зээлийн гэрээний харилцаа үүсгэх зорилгоор хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тус гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй гэж үзнэ.
Иймд нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэн тул тухайн бичгээр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.7 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Уээс 14,587,411 төгрөг гаргуулах, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2017/12 дугаартай “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч “Г.К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г.К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,934 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ