| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0622/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/810 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/810
2022 6 02 2022/ШЦТ/810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Ю.Батсүх,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Зурхайч *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 0718 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “................... ” МСҮТ-д автозасварын ангид сурдаг, ам бүл 2, *******
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хамт амьдардаг С.Атай тоглож байгаад хэрэлдэж маргалдан эрүүнд нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-14/,
- Насанд хүрээгүй хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүүхэд залуучуудын тусгай цогцолборт тоглож байгаад фамили бүлгийн хүүхэд болох Этай муудалцаад Э нь уурлаад миний гар руу цохисон. Тэгтэл манай төвийн хүүхдүүд болиулаад би өрөөндөө ороод байж байтал Э ах манай өрөөнд орж ирээд миний эрүү рүү 1 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгээд би манарч унаад орон дээр хэвтсэн ба тэгтэл араас Төмөртогоо багш, Эрдэнэчимэг багш нар орж ирээд болиулсан. Тэгээд намайг Эрдэнэчимэг багш, Э нийгмийн ажилтан нар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Э бид 2 зөөлхөнөөр цохилцож хоорондоо тоглож байгаад больтол Э болихгүйгээр шаралхаад үргэлжлүүлээд цохиод байсан. Тэгэхээр нь би Эг “ямар ээж аав нь үхэж хагацсан хүн нь цохичихвоо” гэж хэлсэн. Тэгтэл Э ах уурлахаар нь би багшийг дуудаад өрөө рүүгээ орчихсон. Э бид 2 хоорондоо өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Бид 2 урд өмнө нь хоорондоо муудалцаж байгаагүй. Миний эрүү хугарсан. Тухайн гэмтлийг Э ах намайг эрүү рүү 1 удаа цохиж учруулсан. Э миний нүүр рүү цохихоос өөрөөр зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай төвд ковид-19 халдвар гараад зарим өрөөнөөс хүүхдүүд ирсэн. А 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай өрөөнд орж ирсэн. Тэгээд өчигдөр орой 18-19 цагийн үед байх Э, А 2 утсаараа холбогдож тоглож байгаад хоорондоо маргалдсан. Тэр 2 хөөцөлдөөд байсан. Хоорондоо хараалын үгээр хэрэлдээд байсан. Тэгээд салгаад тэр 2 өрөөндөө байж байхад Алдараа ахиж Эг хараагаад байсан. Э босож очоод зүүн гараараа Алдараагийн шанаа руу нь 1 удаа цохиход Алдараа газар нүүрээ бариад унасан. Тэгээд тэр хоёрыг салгаад байж байтал Алдараагийн амнаас цус гараад уйлаад байсан. Удалгүй Төмөртогоо багш орж ирээд түргэн дуудаад эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2274 дүгээр:
1. О.Агийн биед доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,
- Насанд хүрээгүй хохирогч С.Агийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 42-70/,
- Өсвөр насны шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн үед А бид 2 хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор дотор гар утсаараа паб жи тоглоом тоглож байсан. Тэгтэл А намайг өдөөд “жунгаа” гэж хэлээд дооглоод хэл амаар өдөөд байсан. Тухайн үед ч гэлтгүй өдрөөс хойш л намайг хэл амаар өдөөд байсан. Тэгэхээр нь Аг “чи намайг битгий өдөөд байгаарай, өдөржингөө тэвчлээ шүү” гэж хэлтэл А надаас зугтаагаад л намайг өдөөд гүйж байгаад коридор руу гараад зугтаасан. Тэгэхээр нь би хойноос нь коридор руу гараад барьж аваад толгой руу нь 2, 3 удаа алгадсан. Тэгтэл А уурлаад “танай ээж аав чинь насаараа бөгсдүүлсэн” гэж хэлээд байхаар нь би Агийн бөгс рүү өшиглөтөл А уурлаад намайг янз бүрээр харааж байгаад өрөө рүүгээ орчихсон. Тэгэхээр нь би араас нь явж очоод Агийн нүүр, эрүү хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл А орон дээр хэвтээд уйлаад орилсон. Тэгтэл багш нар орж ирээд, хүүхдүүд болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хамт амьдардаг С.Атай тоглож байгаад хэрэлдэж маргалдан эрүүнд нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хамт амьдардаг С.Атай тоглож байгаад хэрэлдэж маргалдан эрүүнд нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-14/,
- Насанд хүрээгүй хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Этай муудалцаад Э нь уурлаад миний гар руу цохисон. Тэгтэл манай төвийн хүүхдүүд болиулаад би өрөөндөө ороод байж байтал Э ах манай өрөөнд орж ирээд миний эрүү рүү 1 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгээд би манарч унаад орон дээр хэвтсэн ба тэгтэл араас Төмөртогоо багш, Эрдэнэчимэг багш нар орж ирээд болиулсан. ... Миний эрүү хугарсан. Тухайн гэмтлийг Э ах намайг эрүү рүү 1 удаа цохиж учруулсан. Э миний нүүр рүү цохихоос өөрөөр зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Э, А 2 утсаараа холбогдож тоглож байгаад хоорондоо маргалдсан. Тэр 2 хөөцөлдөөд байсан. Хоорондоо хараалын үгээр хэрэлдээд байсан. Тэгээд салгаад тэр 2 өрөөндөө байж байхад Алдараа ахиж Эг хараагаад байсан. Э босож очоод зүүн гараараа Алдараагийн шанаа руу нь 1 удаа цохиход Алдараа газар нүүрээ бариад унасан. Тэгээд тэр хоёрыг салгаад байж байтал Алдараагийн амнаас цус гараад уйлаад байсан. Удалгүй Төмөртогоо багш орж ирээд түргэн дуудаад эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2274 дүгээр дүгнэлт /хх-ийн 37-38/,
- Өсвөр насны шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ... А намайг өдөөд “жунгаа” гэж хэлээд дооглоод хэл амаар өдөөд байсан. Тухайн үед ч гэлтгүй өдрөөс хойш л намайг хэл амаар өдөөд байсан. Тэгэхээр нь Аг “чи намайг битгий өдөөд байгаарай, өдөржингөө тэвчлээ шүү” гэж хэлтэл А надаас зугтаагаад л намайг өдөөд гүйж байгаад коридор руу гараад зугтаасан. Тэгэхээр нь би хойноос нь коридор руу гараад барьж аваад толгой руу нь 2, 3 удаа алгадсан. Тэгтэл А уурлаад “танай ээж аав чинь насаараа бөгсдүүлсэн” гэж хэлээд байхаар нь би Агийн бөгс рүү өшиглөтөл А уурлаад намайг янз бүрээр харааж байгаад өрөө рүүгээ орчихсон. Тэгэхээр нь би араас явж очоод Агийн нүүр, эрүү хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл А орон дээр хэвтээд уйлаад орилсон. Тэгтэл багш нар орж ирээд, хүүхдүүд болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй байх тул өсвөр насны шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч *******д 6 /зургаан/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь Баянгол дүүргийн шүүхээс цагдан хоригдсон байх тул энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч *******-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******* болон түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА