| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0063/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/72 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/72
2022 оны 05 сарын 30 өдөр у 2022/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Даваанаран, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Гантулга,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Иргэдийн төлөөлөгч: Б.Сугирсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: Н.Батпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Батпүрэвт холбогдох эрүүгийн 2229000240036 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гагнуур сантехникч мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Цогтцэций сум 1 дүгээр баг уурхайчин хороололын 5-129 тоотод оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хайнаг овгийн Нямхүүгийн Батпүрэв, регистрийн дугаар: /КЮ90100472/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Батпүрэв нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум Уурхайчин 5-129 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Түвшинжаргалыг хутгаар хатгасны улмаас Ц.Түвшинжаргалын хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батпүрэв мэдүүлэхдээ: “12 сарын 31-ээс 01 сарын 01-ны шилжих шөнө ажлаасаа буугаад амарч байсан. Тэгээд Түвшинжаргалтай уулзаад ойрд уулзаагүй бас шинэ он гарч байна хамтдаа шинэ оноо гаргая гэж ярилцаад орой 8 өнгөрч байхад Түвшинжаргалыг гэртээ дуудсан. 0.75 аврог задалсан байсан тэрийг хоёулаа хувааж уучаад байж байсан. Тэгээд Ц.Түвшинжаргал гараад найз нь нэг юм аваад ирье гээд 0.75 соёрхол авчирсан тэрийг нь хоёулаа хувааж уусан нилээн юм ярьж суусан цаг ч орой болсон байсан. Ц.Түвшинжаргалыг гэрлүүгээ явъя гэхэд нь уусан юм нилээн болчихлоо найзтайгаа хамт шинэ он гаргачаад явдаггүй юм уу гээд тэрнээс болоод маргалдалдсан би нилээн согтолттой байсан болохоор тухайн үед юу болсон талаар тодорхой санахгүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан дүгнэлтдээ: “…Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас миний үйлчлүүлэгч Н.Батпүрэвыг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар яллаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад манай үйлчлүүлэгч мэдүүлэг өгдөг. Анхнаасаа зүйл анги маргаагүй, хохирогчийн талаас хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч талаас 999,373 төгрөгний эм тариа эмчилгээний зардалыг гаргаж өгсөн, шүүхийн шатанд 5.000.000 төгрөгний баримтыг гаргаж өгсөн нийт 5,999,373 төгрөгний төлбөр гаргаж өгсөн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хуулийн шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж харж байна. Мөн дээрээс нь гэмт хэрэг үйлдсний улмаас хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан шүүгдэгч талаас цаашид хохирол төлбөртэй холбоотой баримтаа гаргаж өгвөл төлнө гэснээ илэрхийлдэг. Эрүүгийн ангийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т тусгай ангийн хорих ялын дээд хэмжээ 12-15 жил хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн учруулсан хохиролоо нөхөн төлсөн тухайн зүйл заалтад заасан ялын дээд хэмжээ 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээ 3/2-оос багаггүй ял оногдуулж болно гэж заасан учраас эрхэм шүүх бүрэлдэхүүн энэ зүйл ангийн хэрэглэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Батпүрэвийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Ц.Түвшинжаргалын “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг аав, ээжийн гэрт нь байж байхад манай Батпүрэв намайг утсаар “намайг юу хийж байна хүрээд ирээ” гэж хэлсэн. Би тэр үед ажлаасаа буучхаад гэртээ амраад байж байсан. Тэгээд би ганцаараа Батпүрэвийн гэрт очиход гэртээ Батпүрэв нэг шил 0.75 граммын задалчихсан хагас шилтэй байсан тэр архийг бид хоёр хувааж ууж дуусчхаад би дэлгүүр лүү явж дэлгүүрээс 0.75 граммын Соёрхол нэртэй архийг худалдаж аваад буцаж очоод Батпүрэвийн гэрт нь очиж хоёулаа хувааж уучхаад би одоо харилаа гэсэн чинь Батпүрэв “би ганцаараа шинэ оноо гаргах юм уу” гээд бид хоёр маргалдсан тэгэхэд цаг 22 цаг өнгөрч байсан би гэртээ очиж аав ээж дээрээ шинэ оноо гарганаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрүүл хийж байгаад хоорондоо барьцалдаад авсан чинь Батпүрэв намайг гэрийн зүүн тал руу түлхчихсэн чинь би ширээн дээр унасан. Би тэгээд уначхаад босож ирээд Батпүрэвийг цааш нь түлхсэн чинь миний зүүн тал руу халуун оргиод час хийгээд явчихаар баруун гараар бариад үзсэн чинь цус гарчихсан байсан.Тэгээд би явах гэсэн чинь явж чадахгүй байхаар гэрийн зуухны хавьд доошоо хараад хэвтсэн би тэр үед жоохон согтуу байсан.Тэгээд удаагүй аавыг би гар утсаар залгаж дуудсан.Тэр үед Батпүрэв миний хажууд сууж байсан. Тэгээд удаагүй аав гэрт орж ирээд “яасан миний хүү” гэж хэлэхийг сонсож байсан тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...Намайг ширээн дээрээс босож ирээд зогсоход миний баруун тал руу хатгаж өвдөхөөр би Батпүрэв муу пиздаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/
2022.04.29-нд хохирогч Ц.Түвшинжаргалын дахин өгсөн“...Гомдол санал хүсэлт байхгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.Биеийн байдал гайгүй болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/
Гэрч Н.Батпүрэвийн “...2017 оноос хойш найзалж байгаа найзууд байгаа юм. Тухайн үед Түвшинжаргал бид хоёроос өөр хүн гэрт байгаагүй...Бид хоёр архи уугаад сууж байсан.Тэгээд юунаас болж маргалдсан яагаад хутгалснаа огт мэдэхгүй байна...би маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/
Гэрч С.Оюунтунгалагын “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд байдаг гэртээ амарч байхад манай аав Буянбаатар утас руу залгаад “Түвшинжаргал айлд хэвтэж байна бие нь муухан байна хүнд зодуулсан юм уу яасан юм босож чадахгүй байна намайг хурдан ирээ” гэж хэлэхээр би нөхрөө дагуулаад Уурхайчин хороолол 5-129 тоот хашаанд гэр лүү очиход манай дүү Түвшинжаргал гэрийн зуухны зүүн талд газар хэвтчихсэн байдалтай байхаар би очоод юу болсон талаар асуухад өөдөөс юм хэлэхгүй ёолоод байхаар нь манай нөхөр Түвшинжаргалыг дээш татах гэсэн чинь босож чадахгүй байсан. Тэгэхэд манай нөхөр хутгалуулчихсан юм шиг байна цус гарсан цус гарсан байна гэрийн ширээний хавьд хутга байна гэж хэлсэн...Бид нар араас нь эмнэлэг дээр очиход эмч нар Түвшинжаргалын баруун хавирганы доод хэсэгт нэг улаа хутгалсан шарх байна, одоо аймгийн эмнэлэг рүү яаралтай авч явна, дотуур цус алдсан байж магадгүй гэж хэлээд тэр шөнөдөө аймаг руу авч явсан...Тэр хоёр архи дарс ууж байгаад хоорондоо маргалдаж байгаад Батпүрэв нь Түвшинжаргалыг хутгаар дүрсэн байх гэж бодож байна.Гэрт гаднаас өөр хүн байгаагүй...Түвшинжаргалыг эмнэлэг дээр байхад Батпүрэв нь “уучлаарай найзыгаа гэмтээчихлээ” гэж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-н 29-р хуудас/
Л.Буянбаатарын “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг гэртээ амарч бахад манай эхнэр Цэцэгээ над руу утсаар залгаад “Түвшинжаргал айлд хутгалуулчихсан юм шиг, цагдаа дууд” гэхээр би том охин Оюунтунгалаг руу утсаар яриад охиноо дуудчихаад би Түвшинжаргалын байгаа айл руу явган алхаад гэрт нь очиход миний хүү Түвшинжаргал гэрийн зуухны өмнө талд доошоо бөхийгөөд цээж хавьдаа хутгалуулсан байдалтай хэвтэж байсан.Өөрөө гараараа дарчихсан байсан тэгээд удаагүй цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-р хуудас/
Гэрч Э.Дашнямын “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөлжих шөнө 03 цагийн үед Цогтцэций сум ын эмнэлэг дээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад “хутгалуулчихлаа босч чадахгүй байна” гэсэн дуудлага ирсэн.Тэгээд уг дуудлагын дагуу Уурхайчны гэр хороололд очиход хашаатай ганц гэр байсан тэгээд гэр лүү ороход гэрийн зуухны өмнө талд нэг эрэгтэй доошоо харсан байдалтай /дөрвөн хөлөлсөн/ байхаар нь би очоод тэр хүнийг хаана өвдөж байна гэж асуухад тэр хүн би хутгалуулчихлаа гэхээр биед үзлэг хийхэд тухайн өвчтөний баруун хавирганы нуман доогуур 3см орчим зүсэгдсэн шархтай байсан, цус алдсан байхаар нь эмнэлэг рүү тээвэрлэн авчирч уг хүнийг эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт оруулан шархыг дахин шалгахад 6-8 см орчим гүн байсан арьсны өнгөн хэсэгт оёдол тавьж аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төв рүү тэр шөнө дөө хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2022 оны 01 дүгээр с арын 17-ны өдрийн 33 дугаартай “...Ц.Түвшинжаргалын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...Ц.Түвшинжаргалын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...Ц.Түвшинжаргалын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,/хх-н 50-51-р хуудас/
Монгол Улс Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1084 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн иштэй хутганаас цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов...Хутганаас илэрсэн цус ДНХ-ийн тогтцоороо Ц.Түвшинжаргалын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 57-59-р хуудас/
Яллагдагч Н.Батпүрэвийн “...нэг мэдсэн чинь би цагдаа дээр ирчихсэн байсан. Би тэгээд 2-3 хоногийн дараа найз Түвшинжаргал руу утсаар залгаад юу болсон талаар асуухад Түвшинжаргал би бид хоёр маргалдаад би намайг түлхсэн тэгээд гэдэс рүү халуу оргиод явсан би одоо аймгийн эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн...Би архи ууж байснаа л санаж байна цаашаа юу болсон талаар огт мадэхгүй байна...Гэрийн хойд талын хивсэн дээр 1,2 ширхэг дусал цус байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 69-70-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Батпүрэв нь хохирогч Ц.Түвшинжаргалыг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг нотолсон нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан, шүүгдэгч Н.Батпүрэв нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Н.Батпүрэвийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Н.Батпүрэвийн үйлдэл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Батпүрэв нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Түвшинжаргалыг хутгаар хатгасны улмаас хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Сугирсүрэн шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчтой тохиролцож гомдлыг барагдуулсан тул гэм буруугүй” гэж дүгнэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Батпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Н.Батпүрэв нь хохирогч Ц.Түвшинжаргалд 5,999,373 төгрөг төлсөн ба хохирогч Ц.Түвшинжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Батпүрэвийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Шүүгдэгч Н.Батпүрэв нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ:“…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас миний үйлчлүүлэгч Н.Батпүрэвыг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар яллаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад манай үйлчлүүлэгч мэдүүлэг өгдөг. Анхнаасаа зүйл анги маргаагүй, хохирогчийн талаас хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч талаас 999,373 төгрөгний эм тариа эмчилгээний зардалыг гаргаж өгсөн, шүүхийн шатанд 5.000.000 төгрөгний баримтыг гаргаж өгсөн нийт 5,999,373 төгрөгний төлбөр гаргаж өгсөн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хуулийн шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж харж байна. Мөн дээрээс нь гэмт хэрэг үйлдсний улмаас хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан шүүгдэгч талаас цаашид хохирол төлбөртэй холбоотой баримтаа гаргаж өгвөл төлнө гэснээ илэрхийлдэг. Эрүүгийн ангийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т тусгай ангийн хорих ялын дээд хэмжээ 12-15 жил хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн учруулсан хохиролоо нөхөн төлсөн тухайн зүйл заалтад заасан ялын дээд хэмжээ 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээ 3/2-оос багаггүй ял оногдуулж болно гэж заасан учраас эрхэм шүүх бүрэлдэхүүн энэ зүйл ангийн хэрэглэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.
Н.Батпүрэвийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Батпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Батпүрэвийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хайнаг овогт Нямхүүгийн Батпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Батпүрэвт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батпүрэвт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Н.Батпүрэв нь хохирогч Ц.Түвшинжаргалд 5,999,373 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Батпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Батпүрэвийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Батпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА
ШҮҮГЧИД Г.БАТМӨНХ
Г.ДАВААНАРАН