Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 03178

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: “П” ХХК-нд холбогдох,

Гэрээ цуцалж, учирсан хохирол 8,588,682 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс 8,004,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Игоос зуслангийн байшин бариулахаар төлсөн төлбөрийнхөө зөрүү болох 8,588,682 (найман сая таван зуун наян найман мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэгч нэхэмжилж байна. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д.Итой ПХХК захирал) Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлхийн зусланд өвөл зуны 7х7 хэмжээтэй байшинг 45 хоногийн хугацаанд бариулахаар гэрээ хийж, гүйцэтгэгчийн шаардлагын дагуу 2017 оны 05 сарын 03-нд 12,450,000 төгрөг, 2017 оны 05 сарын 16-нд 12,450,000 төгрөг, 2017 оны 06 сарын 02-нд 12,450,000 төгрөг гээд нийт 37,350,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,150,000 төгрөгийг түлхүүр гардаж авахад төлөх нөхцөлөөр тохиролцсон.

Гэтэл Д.И нь байшин барьж дуусгалгүй орхин хэтрүүлж 1 жил боллоо. Утасны дугаар нь ажиллахгүй болсон болохоор гэрээр нь очиж 1 удаа амаар, 2 удаа бичгээр хугацаанд нь дуусгаж өгөхөөр болсон (гарын үсэг зурсан) боловч 3 удаагийн тохирсон хугацаандаа барьж дуусгаж өгсөнгүй.  Саяхан шинээр солигдсон утсыг эгчээр нь дамжуулан олж ярихад дуусгаж чадахгүй гэж хэлсэн. Тиймээс Б.Б миний бие дутуу орхисон сууцан дээрээ Дамно ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн болно. Дамно ХХК-ийн үнэлгээний ерөнхий дүн 35,427,297 төгрөг гэж гарсан.

Иймд миний одоогоор төлсөн буй 37,350,000 төгрөгөөс тус үнэлгээний компаний гаргасан дүнгийн зөрүү болох 1,922,704 төгрөгийг нэхэмжилж байна.

Бидний амаар тохиролцсоны дагуу тээвэр, машин ашиглалтыг үнэ төлбөргүй хийж өгнө гэсэн. (Д.Игийн зардлын тооцоо хавсралтанд бий. Үнэгүй хийнэ гэсэн тул хоосон орхисон) Тиймээс үнэлгээний компаний гаргасан тээвэр 1,991,600, машин ашиглалт 1,053,159 төгрөг, нийт 3,044,759 төгрөгийг мөн нэхэмжилсэн байна.

Мөн Д.И нь “П”ХХК-ийн нэрээр гэрээ хийсэн боловч хувь хүний дансаараа мөнгийг авсан тул Дамно ХХК-ийн гаргасан НӨАТ-ын 10 хувь болох 3,621,219 төгрөгийг, тэрээр төлөөгүй учир нийт дүнгээс хасуулж тооцон гаргуулан авахаар нэхэмжилж байна. (Хувийн дансаар авсан баримт хавсралтад)

Нийт: 1,922704+3,044,759+3,621,219=8,588,682 төгрөг. Б.Б миний бие ПХХК-иас 8,588,682 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч анх зуслангийн байшин барина гэж тохирсон боловч иргэн Б.Бын байшин бариулах газар нь эвдрэл ихтэй тэгшилж янзлах ажиллагаа ихтэй, хашаагаа тэгшлүүлж зам тавьж өгөх мөн цахилгаангүй байсан тул шинээр шугам татах, бохирын шугам татах, хүнд машин механизм болон тээврийн хөлсний зардлыг өөрөөсөө гаргасан, байшинг барьж эхлэхээс өмнө эдгээр ажлыг хийж гүйцэтгэж өгөөч төлбөрийг төлнө гэсний дагуу урьдчилж авсан төлбөрөөс дээрх ажлуудыг хийж гүйцэтгээд хийсэн ажлынхаа төлбөрийг төл гэхээр удахгүй өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“П”ХХК нь 2017 оны 05 сарын 03-ны өдөр Б.Бтай гэрээ байгуулан сэлх зусланд 41,500,000 төгрөгөөр 7х7 харьцаатай зөвхөн байшин барихаар тохиролцсон. Тус байшинг барих гэрээ байгуулахаас өмнө тухайн газар дээр очтол байшин бариулах газар нь эвдрэл болон бутлаг ургамал ихтэй, цахилгаангүй байсан тул бидний зүгээс эдгээрийг шийдвэрлэж байж тухайн байшинг барих боломжтой гэтэл Б.Б нь та нар өөрсдөөсөө зардал гаргаад хийгээд өг ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон мөнгөн дээр нэмж өгнө гэж тохирсон.

Миний зүгээс дараах ажлуудыг урдчилаж хийсэн: Бохирын цооногын нүх ухсан 850,000 төгрөг, бохирын цооногоос гарсан шороог зайлуулсан 240,000 төгрөг, торлог зайлуулж шороо дэвсэж зам тавьж нягтаршуулахад 2,480,000 төгрөг, сууринд дайрга дэвсэж дүүргэх 320,000 төгрөг, түр цахилгаан татахад цахилгааны утас 384,000 төгрөг, зураг төсөл хийхэд 1,500,000 төгрөг, тээврийн зардалд 2,230,000 төгрөг, нийтдээ 8,004,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах гэхээр өнөөдрийг хүртэл хойшлуулсаар ирсэн.

Иймд Б.Баас нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 8,004,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2018 оны 06 сарын 11-ний өдөр “П”ХХК-ийн захирал Д.Игийн гаргаж байсан сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд хэргийн материалын 85-112-р талд байгаа болно. Тухайн баримтуудад “П”ХХК болон түүний захирал Д.Игийн нэр бичигдсэн байдаг гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “П”ХХК захирал Д.Итой барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний нийт ажлын хөлс 41,500,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа төлбөр болон ажил гүйцэтгэх явцад 37,350,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 10 хувь болох 4,150,000 төгрөгийн ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгсний дараа төлөхөөр тохирсон. “П”ХХК захирал Д.И нь байшин барьж дуусгалгүй 1 жил өнгөрч байна. Барилгын ажлыг бүрэн дуусгаагүй атлаа Д.И нь бид харилцан тохиролцож нэмж тохирсон мэтээр нэмж хийсэн ажлын төлбөр 8,004,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлд бохирын цооног нүх ухсан 850,000 төгрөг, бохирын цооног гарсан шороог зайлуулсан 240,000 төгрөг, торлог зайлуулж шороо дэвсэж зам тавьж нягтаршуулахад 2,480,000 төгрөг, сууринд дайрга дэвсэж дүүргэх 320,000 төгрөг, түр цахилгаан татахад цахилгааны утас 384,000 төгрөг, зураг төсөл хийхэд 1,500,000 төгрөг, тээврийн зардалд 2,230,000 төгрөг, нийтдээ 8,004,000 төгрөгийг нэхэмжилсэн. Анх барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг майлаар явуулж 41,500,000 төгрөгөөр нийт ажлыг гүйцэтгэхээр тохирсон байтал сүүлд нэмж гүйцэтгэсэн ажил гэж 8,004,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “П”ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцлан хохиролд 8,588,682 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “П”ХХК нь нэмж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 8,004,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас Б.Б, нөгөө талаас “П”ХХК нар “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан, уг гэрээгээр гүйцэтгэгч “П”ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхэд 7х7 хэмжээтэй амины орон сууц барьж хүлээлгэн өгөх, захиалагч Б.Б нь ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлс 41,500,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 5-7 дахь талд/

Тус гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, зорилгоос дүгнэн үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.

Зохигчид гэрээний гурав дахь хэсэгт төлбөр төлөх нөхцөлийг тохиролцож, 3.3, 3.4, 3.5 дахь хэсгүүдэд заасан ажлын хөлс болох 37,500,000 төгрөгийг ажлыг гүйцэтгэх явцад, үлдэх 10 хувь болох 4,150,000 төгрөгийг ажлыг бүрэн дуусган хүлээлгэн өгсөн тохиолдолд захиалагч нь гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Уг тохиролцооны дагуу захиалагч буюу нэхэмжлэгч нь 37,500,000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна. /х.х-ийн 8-10 дахь талд/

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т заасны дагуу гүйцэтгэгч “П”ХХК нь гүйцэтгэх ажлын төсвийг 43,364,813 төгрөгөөр тооцож төсөв зохиосныг талууд 41,500,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.Манлайбаатарын мэдүүлэг, Manlaibaatar bayndalai фэйсбүүк хаяг болон,  [email protected] цахим хаягт тус тус хийсэн үзлэгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 152-153, 170-171, 173-175 дахь талд/

Гэрээний 4.1-т барилгын ажлыг дуусган түлхүүр хүлээлцэх хугацааг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байхаар талууд тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээний уг үүргээ зөрчиж, барилгыг хугацаанд нь барьж дуусгаагүй гэж тайлбарлаж, тус гэрээг цуцлан гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үнийг хасч, илүү төлсөн төлбөрийг гаргуулна” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч уг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гэрээгээр зөвхөн байшин бариулахаар тохирсон бөгөөд гэрээгээр тохиролцоогүй буюу байшин барих газар нь эвдрэл ихтэй тэгшилж янзлах ажиллагаа ихтэй, хашаагаа тэгшлүүлж зам тавих, түр цахилгааны шугам шинээр татах, бохирын шугам татахтай холбоотой хүнд машин механизм болон тээврийн хөлсний зардлыг захиалагч төлнө гэсний дагуу урьдчилж авсан төлбөрөөс дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, дурдсан ажлуудыг нэмж хийж гүйцэтгэсэн зардал болох 8,004,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “гэрээний үнийн дүнд гэрээний хавсралтаар баталсан төсөвт өртөгт заасан бүхий л ажлын хөлс, материалын зардал багтсан болно”, 9.2-т “... гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус тохиролцсноос үзэхэд гэрээний нийт үнэ 41,500,000 төгрөг байх, ажлыг гагцхүү энэ батлагдсан төсөвт багтаан гүйцэтгэх, гэрээгээр зохицуулаагүй асуудлыг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бичгээр тохиролцох агуулгыг илэрхийлсэн нь талууд хуулийн хүрээнд гэрээний агуулыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан төсөвт өртөг нэмэгдэхээр бол “П”ХХК нь энэ талаар захилагч Б.Бд мэдэгдэж, төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор гэрээг цааш үргэлжлүүлэх, эсхүл өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх эсэхийг нэхэмжлэгч шийдвэрлэх эрхтэй байснаас гадна, барилгын ажлыг гүйцэтгэхэд төсөвт заасан ажил дээр нэмж ажил гүйцэтгэж зардал гаргах болсон талаар захиалагчид мэдэгдэж, улмаар уг төлбөрийг захиалагч төлөхөө амаар илэрхийлж зөвшөөрсөн гэх тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй болно.

Түүнчлэн уг үндэслэл нь барилга барих үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны “Баталгаа” гэх гараар бичсэн бичвэрт “Б.Бын сэлх дэх 7х7 байшинг 2018.05.15-нд төсөв зургийн дагуу дуусгаж өгнө” гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэх үндэслэлтэй. /х.х-ийн 11 дэх талд/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзан гэрээг цуцлан учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “П”ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иар үнэлүүлсэн 35,427,296 төгрөгөөс гүйцэтгэгчид илүү төлсөн 1,922,704 төгрөг, төсөвт тусгагдаагүй тээвэр машин ашиглалтын 1,991,600 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 3,621,219 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг баримтыг хариуцагч үгүйсгэж, баримтаар няцаагаагүй. /х.х-ийн 13-45, 132-133 дахь талд/

Мөн нэхэмжлэгч нь дутуу баригдсан барилгыг бусдаар бүрэн дуусгаж гүйцэтгүүлэхээр 13,500,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 69-72 дахь талд/

Иймд гэрээнд заасан үүргээ ажил гүйцэтгэгч зөрчсний улмаас захиалагчид 8,588,682 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул дурдсан дээрх  үндэслэлүүдээр хариуцагч “П”ХХК-иас 8,588,682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлийн 350.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “П”ХХК-иас 8,588,682 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгч Б.Баас 8,004,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “П”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Баас төлсөн 152,368 төгрөг, хариуцагч “П”ХХК-иас төлсөн 143,015 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П”ХХК-иас 152,368 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭНХЖАРГАЛ