Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 181/2017/02544/И |
Дугаар | 97 |
Огноо | 2018-01-05 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 97
“ЖБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02673 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “ЖБ” ХХК-ийн,
Хариуцагч “ЖО” ХХК-д холбогдох
Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч “ЖБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх “ЖО” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ15/380 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ү-000256584 тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 205 000 000 төгрөгөөр тооцон худалдан авсан. Ингэхдээ төлбөрийг бараа материалаар тооцон төлж, “ЖО” ХХК нь гэрээний 2.1.4-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 50 хувийг авснаар хөрөнгийн өмчлөх эрхийг “ЖБ” ХХК-д шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн.
Үүний дагуу 205 000 000 төгрөгөөс 166 418 308 төгрөгийг төлсөн, “ЖО” ХХК-иас Ү-000256584 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус компани нь шилжүүлж өгөхөөс зайлсхийж байна.
Иймд худалдах-худалдах авах гэрээний дагуу “ЖО” ХХК-д Ү-000256584 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний дагуу “ЖБ” ХХК нь 205 000 000 төгрөгөөс 166 418 308 төгрөг төлсөн. Бид үлдэгдэл 38 581 691 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр 38 581 691 төгрөгийг бэлнээр төлсөн тохиолдолд дээрх эд хөрөнгийг “ЖБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “ЖО” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч “ЖБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 182 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй боловч агуулгын хувьд хуульд зааснаар байж болох хэлцэл хийгдсэнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Гэрээ байгуулахдаа талууд нөхцөл, агуулгаа өөрсдөө тодорхойлж байгуулсан байхад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор хариуцагчид давуу эрхийг олгож, үл хөдлөх хөрөнгийг цааш нь дахин худалдах боломжийг олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч тал гомдол гаргасан боловч шүүх хуралдаанаас өмнө хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигчид маргааны зүйлийн талаар гэрээ байгуулсан байна.
Гэрээгээр хариуцагч “ЖБ” ХХК нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Ү-2201011384 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ЖМ-15/380 тоот худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг нэхэмжлэгч “ЖБ” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, гэрээний дүн болох 205 000 000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тооцохоор тохиролцжээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх ашгийг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “ЖБ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЦЭНД