Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 723

 

 

 

 

 

 

 

Э.Т, О.Анарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Т, О.Анарт холбогдох эрүүгийн 1911004720198 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Э.Т, О.Анар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбажавд хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боон "ОРРО R15" загварын гар утсыг дээрэмдэж 950.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Т, О.Анарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн прокуророос шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн, шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцож Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцүү буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нийт 30 хоногийн хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 30 хоног байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Э.Т, О.Анар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Т, О.Анарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Тт 2 жил 30 хоногийн ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж болно гэсэн заалтыг үндэслэн энэхүү гомдлыг гаргасан. Учир нь, Э.Т нь миксерний жолооч мэргэжилтэй бөгөөд байгууллагуудтай гэрээ байгуулан хөлсөөр ажиллаж, олсон ажлын хөлсөөрөө гэр бүлээ буюу ээж, охин дүүгээ тэжээдэг юм. Э.Тийн ээжийн бие 2018 болон 2019 онд өвчний улмаас чилээрхүү байсан бөгөөд Э.Тийг хоригдож байх хугацаанд бамбайн хорт хавдар өвчтэй хэмээн оношлогдсон, дүү Э.Золбаяр нь Гурван эрдэнэ багшийн дээд сургуульд суралцдаг бөгөөд түүний сургалтын төлбөрийг шүүгдэгч ажлын хөлсөөрөө төлдөг байсан болно. Иймд шүүгдэгч Э.Тийн ар гэрт тохиолдоод буй асуудлууд, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч А.Төгөлдөрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Э.Т, О.Анар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбажавд хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боон "ОРРО R15" загварын гар утсыг дээрэмдэж 950.000 төгрөгний хохирол учруулсан, мөн Э.Т нь хүч хэрэглэсний улмаас Д.Бямбажавын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Бямбажавын “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн үед утсаар яриад Баянбүрдийн уулзвар луу явж байхад араас үл таних нэг залуу ирсэн. Тухайн залуу улаан өнгийн хантаазтай куртик, хар бараан өнгийн юүдэнтэй цамцтай байсан ба ахаа Өмнөговь аймгаас ирлээ, 32 клубт орсон чинь найздаа муруйлчихлаа, та утсаараа яриулаад өгөөч гэхээр нь утсаа өгөлгүй шууд халаасандаа хийчихээд такси барих гээд зогсож байтал нөгөө араас ирж байсан залуу урд шонгийн модны ард нуугдаж байсан нэг залууг хэнээ гээд нэрээр нь дуудсан, би тухайн үед хэн гэдгийг анзаараагүй. Тэгээд урдаас нэг залуу ирээд зөрөөд явсан чинь удалгүй араас ирээд улаан өнгийн хантаазтай залуу нь миний хажуунаас цамцны захаар боогоод замын хажууд байх жалга руу чирч оруулсан. Тэгээд намайг доороо оруулаад нөгөө залуугаа дуудаад ирэхэд миний дээр байсан залуу утсыг нь аваач гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний халааснаас Оппа маркийн гар утсыг авсан. Би эхэндээ гар утсаа өгөхгүй тэмцэлдсэн боловч улаан өнгийн хантаазтай залуу улам боогоод ухаан алдах гээд байсан. Тэгээд нөгөө залуу утас аваад зугтаахад би улаан хантаазтай залуутай зууралдаад үлдсэн. Би тэр залууг зуурч тавилгүй цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн. ...” /хх 20-23/,

 

Э.Тийн яллагдагчаар өгсөн “...би хоолойг нь хувцасаар нь боогоод хавирч унагаагаад замын хажуугийн ус зайлуулах суваг руу оруулаад цээжин дээр нь гарч суусан ...Амарсанаа араас гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь Амарсанааг гар утсыг нь ав гэсэн чинь Амарсанаа халааснаас нь гар утсыг нь аваад доошоо уруудаад гүйсэн. ...” /хх 32-33/,

 

О.Агийн яллагдагчаар өгсөн “...Төгөлдөр ах тэр ахыг заамдаад чирээд хажуугийн бохир зайлуулах суваг руу чирээд орсон. Би араас нь очиход Төгөлдөр ах халаасанд нь гар утас нь байгаа аваад зугт, би барьж байя гээд Төгөлдөр ах цээжин дээр нь суужихсан, ...би өмдний халааснаас нь гар утсыг нь аваад зугтаасан. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “1.Д.Бямбажавын биед хүзүүний зулгаралт, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 38/ гэх 1779 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч Д.Бямбажавын мэдүүлгээс үзэхэд түүний биед учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Э.Т учруулсан байх бөгөөд шүүгдэгч О.Агийн үйлдлээс хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн Э.Тийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.Аг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Агийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тухайн зүйлд заасан хорих  ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан  прокуророос  шүүгдэгч Э.Тт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр  хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нар нь ял шийтгэлийг хөнгөлж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

   Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцож, Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцүү буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нийт 30 хоногийн хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 30 хоног байхаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.

 

Гэхдээ, шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлсөн байх бөгөөд хохирогч Д.Бямбажавын зүгээс гомдол саналгүй болохоо илэрхийлжээ. Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын:

“...Шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, ...” гэж,

 

5 дахь заалтын  “...нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 30 хоног байхаар тогтоосугай.” гэснийг “...нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 30 хоног байхаар тогтоосугай.”  гэж,

 

6 дахь заалтын “ ...шүүгдэгч Э.Тт оногдуулсан 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...шүүгдэгч Э.Тт оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧ                                                                 Л.ДАРЬСҮРЭН

  

                      ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ