Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч М.Батчулуу нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.Батчулууд холбогдох 201616010099 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, 4-7 тоотод оршин суух, урьд 1996 онд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 131 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Даш овогт Мөнхөөгийн Батчулуу /РД:КН77052078/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч М.Батчулуу нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Цагаан-Овоогийн 5-7 тоотод 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн  И.Жанчивсэнгэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хутгаар гарыг нь зүсэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батчулуу мэдүүлэхдээ: “2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүмбэр гэх айлд Баярмагнай гэх найзтайгаа хамт 6 тооны мал янзалсан. Тухайн айлд 2 шил архи хувааж ууцгаасан. Дараа нь би Отгонбаяр гэх найзынхаа гэрт нь очсон. Тухайн үед манай найз гэртэй байгаагүй. Манлай сум руу явсан байсан. Энхэр нь 2 хүүхдийн хамт, мөн Жанчивсэнгэ архи уугаад сууж байсан. Би түүнд хандаж манай найзыг эзгүй байхад яагаад гэрт нь архи ууж байгаа юм бэ? гэж гэхэд Жанчивсэнгэ гараад явахдаа амандаа нэг юм хэлчих шиг болохоор нь би ардаас нь гарсан. Тэр үед би яавтай явж байсан учир ганзганд хутга байсан. Жанчивсэнгийг айлгах зорилгоор гаргаж ирсэн. Түүнийг хутганаас барьсныг мэдэхгүй татсан тул гарыг нь зүсчихсэн. Жавчивсэнгэ гэр лүүгээ явсан бөгөөд Баярмагнай намайг гэрт хүргэж өгсөн. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж гэрт нь очиж эмнэлэг авч явж үзүүлсэн. Хохирол төлбөрийг төлсөн” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч И.Жанчивсэнгийн: “...2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 21 цаг өнгөрч байхад намайг Отгонбаярын гэрт ганцаараа 0,33 граммын архи уугаад сууж байхад гаднаас Баярмагнай, Батчулуу нар орж ирсэн. Тэгээд Батчулуу нь намайг “чи нөхөр нь байхгүй байхад энд юу хийж сууж байгаа юм бэ” гээд хэрүүл хийгээд байхаар нь би юм хэлэлгүй гэрээс гараад явсан. Тэгтэл Батчулуу нь миний араас гарч ирээд намайг барьж татаж унагаагаад хаанаас ч юм мэдэхгүй нэг хутга гаргаж ирэхээр нь би хутганаас бариад автал Батчулуу нь нөгөө хутгаа татсан чинь миний хуруу зүсэгдэж, цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Баярсайханы: “... 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20-21 цагийн үед Жанчивсэнгэ гэх хүн ирээд 0,33 граммын “Ерөөл” архи авчирахдаа “эхнэртэйгээ маргалдсан” гээд сууж байтал гаднаас Баярмагнай, Батчулуу нар орж ирсэн. Тэгээд Батчулуу сууж байгаад гэнэт Жанчивсэнгэ рүү “чи манай найзыг эзгүй хойгуур эхнэр дээр нь ирээд юу хийж байгаа юм” гэж уурлахад Жанчивсэнгэ өөдөөс нь юм ярилгүй гэрээс гараад явсан. Гэтэл Батчулуу араас нь гарч яваад удалгүй хүмүүс маргалдах чимээ гарсан. Тэгээд Баярмагнай араас нь гараад тэр хоёрыг салгах шиг болтол Жанчивсэнгэ цаашаа хашааны баруун талаар яваад өгсөн ба гэрт Баярмагнай, Батчулуу нар ороод ирсэн. Тэр хоёр гэрт орж ирээд юм ярилгүй байж байгаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Баярмагнайгийн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Батчулуу гэх найзынхаа хамтаар 14 цагийн үед Зүмбэр гэх айлд очиж 6 тооны мал гаргасан ба тэнд байсан улсууд бүгд 2 шил архи хувааж ууцгааж байгаад ажлаа дуусгаад Отгонбаяр гэх айлд Батчулуу бид хоёр 22 цагийн үед очсон. Тухайн айлд Отгонбаярын эхнэр 2 хүүхдийн хамт, Жанчивсэнгэ гэх хөгшин урдаа 0,33 граммын “Ерөөл” архи тавьсан ганцаараа уугаад сууж байсан. Тэгтэл Батчулуу Жанчивсэнгэд хандан “чи манай найзын эзгүйд юу хийж байгаа юм” гэж уурлахад би Жанчивсэнгэд “эндээс хурдан яв” гэтэл удалгүй гараад явсан. Тухайн үед ямар нэг хэрүүл хийгээгүй ба гараад явсаны дараа Батчулуу араас нь  гараад удаагүй хүн зодолдож байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээс гартал Батчулуу Жанчивсэнгийг гараараа энгэрээс нь барьсан нөгөө гартаа хутга барьсан байхаар нь би хутгыг нь Батчулуугийн гараас аваад тэр хоёрыг салгатал Жанчивсэнгэ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 517 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 20 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогдод танилцуулсан баримт /хх-ийн 39 дүгээр хуудас/

Хохирогч И.Жанчивсэнгийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.  

Шүүгдэгч М.Батчулуу нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Цагаан-Овоогийн 5-7 тоотод 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн  И.Жанчивсэнгэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хутгаар гарыг нь зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч И.Жанчивсэнгийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ болон гэрч нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 517 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 20 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч И.Жанчивсэнгэ нь шүүгдэгч М.Батчулуутай сайн дураараа эвлэрэх хүсэлтийг өөрөө бичгээр гаргасан /хх-ийн 46 дугаар хуудас/, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Батчулуу Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцлоо.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч М.Батчулууг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр М.Батчулууг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Даш овогт Мөнхөөгийн Батчулуу нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас М.Батчулууд холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201616010099 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар М.Батчулууг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар лентээр ороосон цэнхэр өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. М.Батчулуу нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Батчулууг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО