Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 115/ШШ2021/0006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, иргэн Б овогт Б-ийн У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгийг хүчингүй болгуулж,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1720 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл бүхий шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.У-д одоо авч байгаа тэтгэврийнх нь хэмжээгээр тооцож 16,800,000 (арван зургаан сая, найман зуун мянга)  төгрөгийн мөнгөн урамшуулал олгохыг Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монголын Үндэсний шигшээ багийн пара жүдо бөхийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.У нь Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан болохоо тогтоолгож хуульд заасан тэтгэвэр, тэтгэмжийг сар бүр авч байсан бөгөөд тэрээр 2016 онд Бразил улсын Рио Д Жанеро хотод зохион байгуулагдсан РИО-2016 зуны олимпийн 15-р паралимпийн наадамд жүдо бөхийн төрлөөр 60 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн тул Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, олимп, паралимп, дифлипм, тусгай олимп, тивийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасны дагуу урамшуулал авахаар холбогдох байгууллагад хандсан. Гэтэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хууль эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгаа тул ямар сангаас, ямар эх үүсвэрээс олгох нь тодорхойгүй тул зохицуулалтын дагуу урамшуулал олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.  Улмаар энэ асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 1/1836 тоот албан бичгийг хүчингүй болгож, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хөгжлийн бэрхшээлтэй хуний эрхийн тухай хуульд заасан урамшуулал олгох чиглэл өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох”-ыг тогтоон, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг тус газарт даалгаж шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №128/ШШ2020/0455 тоот шийдвэр гарсныг хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд улмаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1720 тоот албан бичгээр Б.У-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт,мөнгө, хүрэл медаль хүртсэн байх тул түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшууллыг олгох чиглэлийг Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өгсөн боловч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан хариу албан бичиг нь тус газрын хувьд дээд шатны байгууллагаас өгсөн чиглэл, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.У-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.У нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болох нь тогтоогдсон  бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан урамшууллыг авах үндэслэлтэй болохыг мөн тогтоосон байдаг.

Б.У нь эхээс төрөхдөө харааны хувьд согогтой хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бөгөөд тэрээр уг үндэслэлээр анх 2013 онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоо хуульд заасны дагуу тогтоолгож, 2016 онд үндэслэлгүйгээр завсардаж  улмаар 2017 онд дахин эргэж тогтоогдон одоог хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох хуульд заасан тэтгэвэр, тэтгэмжээ аваад явж байгаа билээ.

Гэтэл Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай хариу албан бичгийн агуулгаас харвал Б.У нь 2016 онд хөгжлийн бэрхшээлгүй байсан учраас хуульд заасан урамшуулал авах эрхгүй гэж ойлгогдохоор байгаа нь түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг нэгэнт тогтоосон шүүхийн шийдвэрээс давсан үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хариуцагч байгууллагаас ирүүлсэн тайлбартаа Б.У-гийн хүсэлт нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлд хамаарч байгаа ба 2016 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон шийдвэр ЭХМК-ийн мэдээллийн санд байхгүй талаар ирүүлсэн аймгийн Нийгмийн даатгалын газрын албан бичгийн дагуу холбогдох баримт бичгийн бүрдлийн хүрээнд татгалзах үндэслэлтэй хэдий ч уг тэтгэмжийг олгох хэмжээг эрх бүхий байгууллагаас тогтоосон тохиолдолд олгох боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн тайлбараас үзвэл хариуцагч тал зөвхөн 2016 онд нэхэмжлэгчийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон шийдвэр байхгүйгээс хуульд заасан урамшууллыг хэрхэн тооцож олгохоо мэдэхгүй байгаа. Харин түүний хэмжээг тогтоосон шийдвэр гарсан тохиолдолд урамшууллыг олгохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байхын хамт үүнийг хариуцагчийн тайлбарт “тэтгэмжийг олгох хэмжээг” гэсэн байгаа ба энэ нь “тэтгэмж” биш бөгөөд хуульд зааснаар “тэтгэвэр” гэж байгаа болохыг залруулах нь зүйтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4 дэх хэсэгт “... түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно...” гэж заасан ба үүнд заасан “ногдох тэтгэвэр” гэдэг нь зөвхөн тэмцээнд оролцох үед авч байсан тэтгэвэр гэсэн ойлголт биш бөгөөд харин тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний авч байгаа тэтгэврийн тухай асуудал бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2017 онд эргэж тогтоогдсон эмнэлэг ,хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу зохих тэтгэврийг буюу 350, 000 төгрөгийн тэтгэврийг одоог хүртэл авч байгаа ба түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №128/ШШ2020/0455 тоот шийдвэр гарах үед ч мөн хэмжээний буюу 350,000 төгрөгийн тэтгэврийг авч байсан болно.

Иймд хуульд заасан “ногдох тэтгэвэр”-ийг нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэвэр 350000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй тул энэ дагуу Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, хангамж үйлчилгээний газарт дээд байгууллагын өгсөн чиглэлийг биелүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У-д түүний оролцсон тэмцээн болох 4 жил тутамд болдог паралимпийн тэмцээний хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний буюу 48 сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний 16 800 000 төгрөгийн урамшууллыг олгохыг даалгаж өгнө үү.

Б.У нь өнөөдрийн байдлаар ТОКИО - 2021 олимпийн бэлтгэлд гарсан байгаа бөгөөд түүнд олгогдох ёстой Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан урамшуулал болох мөнгөн тусламжийг мөн хуульд заасан нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн нэгэн адил үзэж, үүнийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24 9-д заасан чиг үүрэг болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх зүйлд заасан зорилт, 33 дугаар зүйлийн 33.3.2, 33 3.3-т заасан үүргийн дагуу олгох нь түүнд төрийн зүгээс нийгмийн халамжийн хүрээнд олгож байгаа маш том дэмжлэг болох бөгөөд ТОКИО - 2021 оны олимпийн наадмын тэмцээнд амжилтаа ахиулж улс орон, төрсөн нутгаа дуурсгах үйлсэд нь үнэлж баршгүй дэмжлэг туслалцаа болохыг хариуцагчаас онцгой анхаарах нь чухал байна.

Нэхэмжлэгч иргэн Б.У-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт шүүхээс нотлох баримт шаардсанаар Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2021.07.07-ны өдрийн 192 дугаар албан бичиг дэх нэхэмжлэгчийг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 02 дугаар сарын 09-ний суурин хурлаар дахин орж үндсэн (Н54 Сохор ба хараа муудах) оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар, 24 сарын хугацаагаар тогтоолгон, өнөөдрийг хүртэл Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэвэр авч байна...” гэсэнд болон мөн хариуцагчаас тус шүүхэд 2021.07.05-ны өдрийн 365 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбар дахь “... Нийгмийн даатгалын сан болон Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ялгаатай байдаг учир иргэний хүсэлтээр тооцон олгох боломжгүй байна. Харин тухайн үед мөрдөж байсан Засгийн газрын 2016 оны 293 дугаар тогтоолоор баталсан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ тогтоосон шийдвэрийн дагуу олгож болох юм... " гэсэнд тус тус дараах тайлбар тодруулгыг гаргаж байна.

1. Тус Нийгмийн даатгалын газрын албан бичигт нэхэмжлэгчийг “хөдөлмөрийн чадвараа тур алдсаны тэтгэвэр авч байгаа гэсэн алдааг залруулах нь зүйтэй. Учир нь тэтгэвэр, тэтгэмжийн тухай ойлголт нь хоёр өөр ойлголт бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийгмийн даатгалын сангаас олгох “тэтгэмж-ийн төрлийг зохицуулсан байх ба иргэн хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 5-д заасан эрх бүхий этгээдээс тогтоосны дагуу уг хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан тэтгэмж”-ийг авах зохицуулалтай байна.

Харин нэхэмжлэгч Б.У-гийн авч буй тэтгэвэр нь дээрх “тэтгэмж”-д хамаарахгүй бөгөөд өөрөөр хэлбэл түүний тахир дутуу болсныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосны дагуу түүний авч буй тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн төрөлд хамааран улмаар мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “тахир дутуугийн тэтгэвэр” авч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг тодруулах нь зүйтэй.

2. Хариуцагчаас ирүүлсэн албан бичигт дурдсанаар нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ялгаатай болох нь тодорхой боловч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4-т заасан “нотлох тэтгэвэр” гэдэг дан ганц нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг хамааруулж ойлгохгүй бөгөөд ийм байдлаар ялгаж зааглаагүй нь хуулийн уг заалтаас ч тодорхой байгаа болно. Учир нь хуулийн уг заалтад заасан болзлыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй тухайн тамирчны хувьд нийгмийн даатгалын сангаас олгодог “тахир дутуугийн" тэтгэвэр эсвэл нийгмийн халамжийн тэтгэврийн алиныг нь ч авдаг байх боломжтой тул хуульд үүнийг ерөнхий байдлаар зохицуулж өгсөн байна.

Нөгөө талаар хуулийн уг заалт дахь “ .. ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний ..." гэсний гол зорилго нь мөн тухайн заалтаар олгох нэг удаагийн мөнгөн урамшууллын хэмжээг тогтооход л тухайн тэтгэврийн хэмжээг үндэслэх тухай ойлголт тул хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд аль тэтгэвэрт хамаарч байгаагаас нь шалтгаалан нийгмийн даатгалын сангаас авч буй тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг эсвэл халамжийн сангаас авч буй халамжийн тэтгэврийн хэмжээг үндэслэн тооцож тогтоох зохицуулалт юм.

Иймд хариуцагчийн тайлбарлаж буй тухайн үед мөрдөж байсан 2016 оны 293 дугаар тогтоолоор баталсан журамд заасан нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож болох юм гэж байгааг зөвшөөрөх үндэслэлгүй.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т “... түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний ...” гэж заасныг тодруулахад тухайлбал нэхэмжлэгчийн оролцсон паралимпийн тэмцээний давтамжийн хугацаа нь 4 жил (48 сар) бөгөөд уг тэмцээний давтамжийн хугацаа болох 4 жилийн (48 сар) хугацаанд нэхэмжлэгчийн авч байсан нийт тэтгэврийн хэмжээ нь хуульд заасан “тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэр” болох юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.У-гийн оролцож хүрэл медаль хүртсэн “Рио- 2016 паралимпийн тэмцээн нь 2016 оны 09 дүгээр сард болсон ба уг тэмцээний 4 жилийн давтамжийн хугацаа болох 2016 оны 09 сараас 2020 оны 09 сарын хугацаанд нэхэмжлэгчийн авч байсан тэтгэвэр нь тухайн тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэр болж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т нийгмийн даатгалын тэтгэвэр, нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр авч байсан бол нийгмийн халамжаас олгоно гэж заагаагүй. 2019 онд энэ шийдвэрээ авах талаар хандсан боловч санхүүжилт нь шийдэгдээгүй учраас өгөх боломжгүй гэсэн хариу өгч байсан. Төсөв санхүүгийн боломжид тааруулж хөгжлийн бэрхшээлтэй хүний хуулиар олгосон эрхийг хязгаарлаж болохгүй асуудал.

Иймд хариуцагч, Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Уд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан “оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд” буюу уг паралимпийн тэмцээний 4 жилийн давтамжийн хугацаа болох 48 сарын хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн урамшуулал 16, 800, 000 /арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг олгохыг хариуцагчид даалгахаар тодруулан нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж хөнгөлөлтийг заасан байдаг. Хэдийгээр иргэн Б.У-гийн хүсэлт уг хуулийн 33 дугаар зүйлд хамаарч байгаа ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны 128/ШШ2020/0459 дүгээр шийдвэрийг үндэслэн уг тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас олгохоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэх явцад дараах эргэлзээтэй асуудал үүсэж түр түдгэлзээд байна. Үүнд:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, олимп, паралимп, дифлипм, тусгай олимп, тивийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасан.

Мөн тухайн үед мөрдөгдөж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10.1-д “Иргэн хөгжлийн бэрхшээлтэй болохыг дараах байдлаар тогтооно”,10.1.2-т “16 ба түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох ажлыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтооно” гэж заасан.

Эдгээрээс үзвэл Б.У-г 2016 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон шийдвэр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын мэдээллийн санд байхгүй байсан бөгөөд тухайн цаг хугацаанд нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “нэхэмжлэгчийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг ... нийслэлийн захиргааны хэргийн шүүх тогтоосон” гэжээ. Хуульд заасны дагуу иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоодог. Иймд анхан шатны баримт бичгийн бүрдлийн хүрээнд татгалзсан.

Гэвч тухайн иргэний тив дэлхийд нэрээ дуурсган яваа амжилт, дээд газраас ирүүлсэн шийдвэрүүдийг үндэслэн хуульд заасан урамшууллыг олгох боломжтой гэж үзэж байна.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “2017 онд эргэж тогтоогдсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу ... нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэвэр 350,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй” гэсэн хэдий ч нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ялгаатай байдаг тул нэхэмжлэгчийн гаргасан 16,800,000 төгрөгийн хэмжээнд санал нийлэхгүй. Харин тухайн үед мөрдөж байсан Засгийн газрын 2016 оны 293 дугаар тогтоолоор баталсан нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ тогтоосон шийдвэрийн дагуу буюу 140,000 төгрөгөөр тооцож олгож болох юм.

Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүн дахин олимпод оролцож медаль авлаа гэхэд үүнийг нийгмийн халамжийн сангаас олголоо гэхэд хүмүүст ялгавартай тэтгэвэр олгогдохоор байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас өндөр тэтгэвэр авдаг. Нийгмийн халамжийн сангаас бага тэтгэвэр авдаг. Дараа дараагийн удаад хүмүүсийг ялгасан асуудал болох учраас Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тухайн сарын тэтгэврийг нь барьж олгох боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд анх “Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 1/1720 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг чиглэл бүхий шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хүрээнд хуульд заасан мөнгөн урамшуулал олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, иргэн Б.У-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг түүний одоо авч байгаа тэтгэврийн хэмжээгээр тооцож 16,800,000 төгрөг олгохыг тус газарт даалгах” агуулгаар тодорхойлсноор тухайн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.У нь эхээс төрөхдөө харааны согогтой буюу хөгжлийн бэрхшээлтэй төрсөн, анх 2013 онд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор орж хөгжлийн бэрхшээлтэй  болохоо тогтоолгосон, 2016 онд үндэслэлгүйгээр завсардсан ч 2017 оноос дахин үргэлжлүүлэн тогтоолгож, ...тэтгэвэр авч байгаа, түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг авах үндэслэлтэй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон, шүүхийн хүчин төгөлдөр уг шийдвэрийн дагуу  Б.У-д мөнгөн урамшуулал олгох чиглэлийг дээд шатны байгууллагаас нь хариуцагч байгууллагад хүргүүлсэн байхад энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.У-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж,

Хариуцагч байгууллагаас “... урамшуулал олгохоор холбогдох баримтыг бүрдүүлэх явцад Б.У нь паралимпийн наадамд оролцож медаль хүртсэн тухайн үед буюу 2016 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон шийдвэр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын мэдээллийн санд байхгүй  байсан бөгөөд мөн хугацаанд нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй,  … түүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх тогтоосон гэжээ, гэтэл хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоохоор хуульд заасан, …анхан шатны баримтын хүрээнд урамшуулал олгохоос татгалзах үндэслэлтэй ч дээд газраас ирүүлсэн шийдвэрүүд, эрх бүхий этгээдээс тэтгэвэр олгохоор тогтоосон тохиолдолд тухайн урамшууллыг олгох боломжтой, гэхдээ нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүний одоо авч байгаа тэтгэврийн хэмжээгээр тооцож олгох боломжгүй, нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ялгаатай байдаг тул тухайн үед нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгож байсан халамжийн тэтгэвэртэй тэнцэх хэмжээгээр буюу Засгийн газрын 2016 оны 293 дугаар тогтоолоор баталсан 140,000.00 ( нэг зуун дөчин мянга) төгрөгөөр тооцон олгож болох юм” хэмээн уг урамшууллыг олгохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэг. Маргааны үйл баримтын тухайд: 

             Нэхэмжлэгч Б.У нь 2016 онд Бразил улсын Рио-Де-Жанеиро хотод зохион байгуулагдсан РИО 2016  зуны олимпийн 15 дугаар паралимпийн наадамд жүдо бөхийн төрлөөр 60 кг-ийн жинд барилдаж хүрэл медаль хүртсэн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох РИО 2016 Паралимпийн наадмын хүрэл медалийн үнэмлэх[1], Монголын паралимпийн жүдо бөхийн холбооны тодорхойлолт[2], Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны тодорхойлолт[3] зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын тухайд маргаагүй.

            Нэхэмжлэгч нь ийнхүү паралимпийн наадмаас медаль хүртсэнтэйгээ холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасны дагуу зохих мөнгөн урамшуулал авах тухай өргөдлийг анх 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр албан ёсны хаягийн бүртгэлтэй оршин суух газрынхаа харьяаллаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргаж, тус газраас “... ерөнхий газраас нэгдсэн чиглэл ирэх хүртэл ... шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг авснаар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт нь мөн хандсан, тус ерөнхий газраас “...урамшууллыг ямар санхүүжилтээр хэрхэн олгох нь тодорхойгүйгээс олгох боломжгүй” гэсэн хариу авч улмаар тус ерөнхий газрын энэхүү татгалзалтай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0459 дүгээр шийдвэрээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт  “... Б.У-д ... мөнгөн урамшуулал олгоно уу” гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн, гэвч хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “… урамшууллыг олгох боломжгүй” талаарх татгалзсан хариуг дээд шатны байгууллагад, хувийг нь өргөдөл гаргасан иргэн Б.У-д хүргүүлснээр нэхэмжлэгч нь тухайн татгалзлыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаж улмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэхүү маргаан үүссэн зэрэг үйл баримтууд хавтаст хэргийн 33-43, 76-86, 9 дүгээр хуудсанд тус тус авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Хоёр. Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичиг хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:

            Хариуцагч Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь дээд шатны байгууллага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн “ Б.У-д ... нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно уу” гэсэн агуулга бүхий 2020 оны  12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1720 тоот албан бичгийн[4] дагуу нэхэмжлэгч Б.У-д хуульд заасан мөнгөн урамшууллыг олгохоор холбогдох баримтыг бүрдүүлэх явцдаа тухайн иргэнийг паралимпийн наадамд оролцож медаль хүртсэн тухайн үедээ буюу 2016 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа тогтоолгоогүй байсан талаарх мэдээллийг[5] холбогдох байгууллагаас авснаар уг мөнгөн урамшууллыг олгохоос татгалзжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хөгжлийн бэрхшээлтэй хүн”  гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг ойлгохоор тодорхойлсон, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараахь комисс тогтооно” гээд 37.2.2-т “16 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс”, 37.2.3-т “хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс” гэж, улмаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1.1-д “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс (цаашид "комисс" гэх)-ын зорилго нь  ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах,  хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршино”, 1.2-т “... аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс (цаашид "орон нутгийн комисс” гэх) тус тус ажиллана”, 6.1-д “Орон нутгийн болон салбар комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 6.1.4-т “тухайн орон нутгийн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний мэдээллийн цахим санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд судалгаа хийх, дүгнэлт гаргах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах” хэмээн тус тус зохицуулжээ.

Иргэн Б.У нь анх Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1234 тоот шийдвэрээр[6] (H54 Сохор ба хараа муудах) оношоор хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 %-иар, 6 сарын хугацаагаар тогтоолгосон байх боловч тус комиссын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 334 тоот шийдвэрээр[7] түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг “заалтгүй” гэх шалтгаанаар цуцалжээ.

Улмаар дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгоогүй байсаар 2016 онд паралимпийн наадамд оролцсон, үүнийхээ дараа тус комиссын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 34091 тоот шийдвэрээр дахин (H54 Сохор ба хараа муудах) оношоор хөдөлмөрийн чадвар алдалтаа 79%-иар, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 сарын хугацаагаар тогтоолгосноос хойш өнөөдрийг хүртэл тухайн оношоор, мөн хувиар тус тус 24 сарын хугацаагаар (2019.02.09-2021.02.09; 2021.02.09-2023.02.09 хүртэл) тогтоолгож, улмаар ийнхүү тогтоолгосноосоо эхлэн  нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 192 тоот албан бичиг[8], тус хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 34091, 2019 оны 0246151 дугаар шийдвэрүүд[9], Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0034091, 0246151, 0354897 дугаар актууд[10], Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/991 тоот албан бичиг[11] зэргээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид мөн эдгээр үйл баримтын тухайд маргаагүй.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд “...хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтоохоор хуульд заасан, ... 2016 оны байдлаар нэхэмжлэгчийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоосон шийдвэр байхгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч энэ нь хуульд заасан болзлыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй тухайн иргэнд төрийн дэмжлэгийг үзүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спортын тэмцээн, уралдаанд оролцоход нь төрөөс дэмжлэг үзүүлнэ”, 33.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” хэмээн заажээ.

Дээр дурдсан хуулийн 33.4 дэх хэсгийн зохицуулалт нь “хөгжлийн бэрхшээлтэй иргэн тухайн хэм хэмжээнд нэрлэн заасан уралдаан тэмцээнд оролцож медаль хүртсэн тохиолдолд түүнд мөнгөн урамшуулал шууд олгох” гол агуулгатай байх бөгөөд улмаар тухайн мөнгөн урамшууллын хэмжээг “... тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх ...” гэж тодорхойлсноос үзвэл уг мөнгөн урамшууллыг авах эрх нь зөвхөн тэмцээнд оролцсон тухайн цаг хугацаагаар буюу тэмцээн зохион байгуулагдсан 2016 оноор хязгаарлагдахгүй, харин тус тэмцээний давтамжийн хугацаанд буюу тодруулбал, 2016 оны 09 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарыг хүртэлх 4 жилийн буюу 48 сарын хугацаанд нээлттэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч У нь хэдийгээр оролцсон тэмцээнийхээ давтамжийн хугацаа болох 2016 оны 09 дүгээр сараас, 2020 оны 09 дүгээр сарыг хүртэлх дөчин найман сарын тодорхой хугацаанд буюу 6 сарын хугацаанд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа тогтоолгоогүй завсардсан хэдий ч тэрээр дөчин хоёр сарын хугацаанд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа тогтоолгон зохих тэтгэврээ авч ирсэн, улмаар уг мөнгөн урамшууллыг авах хуульд заасан нөхцөл болзлыг нэгэнт хангаж хөгжлийн бэрхшээлтэй буюу харааны согогтой иргэдийн тэмцээн болох паралимпийн наадамд оролцож хүрэл медаль хүртсэн байхад зөвхөн паралимпийн наадамд оролцсон тухайн цаг үед буюу 2016 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа тогтоолгоогүй байсан гэх шалтгаан зааж түүний мөнгөн урамшуулал авах эрхийг бүхэлд нь хязгаарлаж буй нь үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...комиссын дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ”, 38.2-т “Энэ хуулийн 38.1-д заасан үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, ...үндсэн баримт болно” хэмээн заасан, энэхүү зохицуулалтын хүрээнд эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч Б.У-д №01 дугаартай “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх” олгосон болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/991 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт[12] болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэмлэх олгосон жагсаалт[13] зэрэг баримтуудаар тогтоогдож байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Б.У нь хуулиар олгогдсон боломжийг эдлэх бүрэн эрхтэйг бөгөөд тухайн этгээдийн паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн нөхцөл байдал нь түүний хувьд төрийн дэмжлэгийг хүртэж тухайн мөнгөн урамшууллыг авах хангалттай үндэслэл болно.

Нөгөөтэйгүүр “нэхэмжлэгч Б.У-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу мөнгөн урамшуулал олгох үндэслэлтэй” болохыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, ...заавал биелүүлэх үүрэгтэй...” хэмээн заасан тул хариуцагч захиргааны байгууллага нь шүүхийн энэхүү шийдвэрийн үр дагаврыг мөн хэрэгжүүлэх үүрэгтэй болохынхоо хувьд нэхэмжлэгч Б.У-д хуульд заасан мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.У-д хуульд заасан мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан хариуцагч захиргааны байгууллагын  шийдвэр хууль бус  бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул тухайн татгалзсан шийдвэр болох Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Гурав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэврийн хэмжээгээр буюу 350,000 төгрөгөөр тооцон нийт 16,800,000 төгрөг олгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Б.У-д мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг буюу нэхэмжлэгчид хуульд заасан мөнгөн урамшуулал олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэвч уг мөнгөн урамшууллын хэмжээний тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэврийн хэмжээгээр буюу сарын 350,000 төгрөгөөр тооцон, тэмцээний давтамжийн 48 сарын хугацаанд ногдох нийт 16,800,000 төгрөгийг гаргуулах”-аар шаардсан бол, хариуцагч байгууллагын зүгээс “урамшууллыг олгох тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон 350,000 төгрөгөөр тооцох боломжгүй, нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийн хэмжээ ялгаатай учраас нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийн хэмжээгээр олгох боломжтой, ингэхдээ тус паралимп зохион байгуулагдсан 2016 оны нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээгээр буюу тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2016 оны 293 дугаар тогтоолоор батлагдсан нэг сарын 140,000 төгрөгөөр тооцож олгох боломжтой” хэмээн тэмцээний давтамжийн  хугацаа болох 4 жилийн буюу 48 сарын хамгийн эхний болон сүүлийн сарын тэтгэврийн хэмжээгээр тооцуулахаар маргаж байгаа ч тэдгээрийн  хэн алины нь тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзэв.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-дТэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ... хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ З-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж, 8 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилна”, 2-т “Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно” гэж,  Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно”, 12.1.3-т “хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн” хэмээн тус тус зааснаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд нэг бол нийгмийн даатгалын сангаас, эсхүл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрхтэй байна.

Энэхүү маргаанд холбогдох харилцааг зохицуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “... оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх...” гэж зааснаас үзэхэд тухайн мөнгөн урамшуулал болон түүний хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй тухайн иргэний авч буй тэтгэврийн хэмжээнээс болон түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанаас харилцан хамааралтай байхаар байна.

Хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын хорооны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/414 тоот албан бичигт[14] “... паралимпийн наадам нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг...” хэмээн тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгчийн оролцсон паралимпийн наадмын давтамжийн хугацаа 4 жил буюу 48 сар байх бөгөөд уг хугацаа 2016 оны 09 дүгээр сараас, 2020 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацааг хамарч байна.

Нэхэмжлэгч Б.У нь дээр дурдсан 48 сарын 42 сард буюу тодруулбал, 2017 оны 03 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд нийгмийн даатгалын сангаас нийт 12,470,275 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр авсан, түүний нэг сарын тэтгэврийн хэмжээ тухайн хугацаанд (тэмцээний давтамжийн хугацаанд) 251,000 - 350,000  төгрөг болж нэмэгдсэн, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлон нэхэмжилж буй сарын 350,000 төгрөгийн тэтгэврийг нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сараас эхлэн 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл нийт 7 сарын хугацаанд авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч болон тус хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын гаргаж ирүүлсэн Б.У-д 2017 оноос 2021 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон тэтгэврийн тооцоолол[15], холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Харин хариуцагчийн тайлбарт дурдагдсанаар нэхэмжлэгчид олгох боломжтой хэмээн маргаж буй “халамжийн тэтгэвэр”-ийн тухайд Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно”, 12.1.3-т “хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж заасны дагуу нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгож буй халамжийн тэтгэвэр байх бөгөөд уг тэтгэврийн хэмжээг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтоох”-оор заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 293 дугаар тогтоолоор 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 140,000 төгрөгөөр, 2018 оны 17 дугаар тогтоолоор 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 155,000 төгрөгөөр, 2019 оны 27 дугаар тогтоолоор 2019 оны 02 дугаар 01-ний өдрөөс сард 174,000 төгрөгөөр, 2020 оны 25 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард 188,00 төгрөгөөр тус тус тогтоон олгож буй тэтгэвэр болно.

Хуульд тухайн мөнгөн урамшууллыг олгоход харгалзан үзэх тэтгэврийг нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэвэр эсхүл нийгмийн даатгалын сангаас олгодог тахир дутуугийн тэтгэвэр гэж тухайлан зааглаагүй, улмаар “...тэтгэвэртэй нь тэнцэх...” хэмээн тодорхойлсон байгаагаас үзэхэд энэхүү “тэтгэвэр”-ийг тэмцээнд оролцсон тухайн иргэний авч буй тэтгэвэр гэж ойлгохоор байх ба нэхэмжлэгч Б.У-гийн хувьд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаагүй, тэрээр хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчийнхаа хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 03 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа, энэ нь тухайн иргэн хөгжлийн бэрхшээлтэй болохынхоо хувьд авч буй “тэтгэвэр” мөн болохыг хариуцагч байгууллагын зүгээс үгүйсгээгүй.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад хүргүүлсэн “Аргачлал, чиглэл хүргүүлэх тухай” 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2622 тоот албан бичгийн хавсралт болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн сангаас үзүүлэх зарим тусламж, хөнгөлөлтийг олгох аргачлал”-ын 9-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан урамшуулал олгох давтамж, мөнгөний хэмжээг заахдаа “нэг удаа тэмцээний давтамжид, тэтгэврийн хэмжээнээс хамаарах” гэж томьёолсон байгаагаас үзэхэд тухайн мөнгөн урамшууллыг нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэврээр тооцоолох үндэслэлгүй болох нь батлагдаж байна.

Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.У-д олговол зохих мөнгөн урамшууллыг нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэврээс, хэмжээг нь 2016 онд олгож байсан 140,000 төгрөгөөр тооцон олгох боломжтой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх хэдий ч энэ нь нөгөө талаар уг мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэврийн хэмжээгээр тооцон олгуулах талаарх шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл биш.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшуулал авах болзол (паралимпэд оролцож хүрэл медаль хүртсэн)-ыг нэхэмжлэгч Б.У нь хангасан  байх боловч түүнд олговол мөнгөн урамшууллын хэмжээ нь тухайн тэмцээний давтамжийн хугацаанаас хамааралтай, нэхэмжлэгч нь уг хугацааны туршид тэтгэвэр авч байгаагүй, тодруулбал тухайн 48 сарын, 42 сард нь тэтгэвэр авч байсан, үлдэх 6 сарын хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа эрх бүхий этгээдээр тогтоолгоогүйн улмаас нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас зохих тэтгэврийг авч байгаагүй байх тул уг 6 сарын хугацаанд ногдох тэтгэвэртэй тэнцэх мөнгөн урамшууллыг олгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.У-д түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд бодитоор авч байсан тэтгэврийнх нь хэмжээгээр тооцож буюу нийт 12,470,285  төгрөгийн мөнгөн урамшуулал олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж, тухайн даалгах шаардлагын үлдэх хэсэг болох  4,329,715 төгрөгийн урамшуулал олгохыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 306.3.4, 306.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.У-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшуулал болох 12,470,285 (арван хоёр сая, дөрвөн зуун далан мянга, хоёр зуун наян тав) төгрөгийг олгохыг хариуцагч Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,329,715 (дөрвөн сая, гурван зуун хорин есөн мянга, долоон зуун арван тав) төгрөгийн мөнгөн урамшуулал олгохыг даалгах хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 (гучин таван мянга нэг зуу)  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У-д олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.СИЙЛЭГМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 106 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас,

[5] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас,

[6] Хавтаст хэргийн 72, 118 дугаар хуудас,

[7] Хавтаст хэргийн 73, 118  дугаар хуудас,

[8] Хавтаст хэргийн 118 дугаар хуудас,

[9] Хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас,

[10] Хавтаст хэргийн 43-44, 122-124 дүгээр хуудас,

[11] Хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас,

[12] Хавтаст хэргийн 139 дүгээр хуудас,

[13] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудас,

[14] Хавтаст хэргийн 106 дугаар хуудас,

[15] Хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас,