Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 03216

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Н-д холбогдох,

1,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Н нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны үед Солонгос Улсаас над руу утсаар ярьж, “Маргааш өгчихнө чи түр мөнгө зээлдүүлээч, манай энд Хаан банкны Мобайл банк гацсан байна” гэж надаас гуйж, Доржийн Алтанзул гэдэг хүн рүү 1,050,000 /нэг сая тавин мянга/ -н төгрөгийг надаар түр шилжүүлчихээд мөнгийг маань эргүүлэн өгөхгүй, одоо болтол намайг хохироож байна. Ч.Н нь Д.Алтанзул гэгчээс анх мөн л мөнгө зээлж авчихаад, тэр мөнгөө надаас зээлж шилжүүлэн төлсөн юм байна лээ.

Би Ч.Нг Цагдаагийн болон Прокурорын байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан боловч эрүүгийн хэргийн шинжгүй байх тул Иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулга бүхий хариуг надад өгсөн.

Иймд Ч.Нгаас миний 1,050,000 /нэг сая тавин мянга/-н төгрөгийг маань гаргуулж өгөхийг хүсэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 06-нд Ж.Эгээс иргэн Ч.Н надтай  холбогдох нэхэмжлэлийн тайлбар гаргах. Би БНСУ-аас FC мессенжэрээр ярьж хүнд 1,050,000 /нэг сая тавин мянга/-н төгрөг өгүүлсэн нь үнэн. Гэхдээ нотлох баримтын 2-т заасан мессэж байгаа гэдэг нь худал. Миний жимобайл интернэт 98306761дугаар мессеж бичдэггүй зөвхөн ярьж болдог.

Би энэ мөнгийг өгчих байсан. 2018 оны 01 дүгээр сарын 23-нд би баруун өвдөгний үений мэс ажилбарт өндөр өртөгтэй хагалгаанд орсон учир боломж болоогүй. Надтай байнга утсаар ярьдаг байсан. Би гэр бүлийн хүн Л.Ганчимэгтэйгээ 2018 оны 06 дугаар сарын 12-нд БНСУ-аас ирнэ тэр үед больё гэсэн. Гэтэл Ж.Э надтай яриагүй нисэх дээр уулзаа ч үгүй. Би эхнэрээ тосоод гараад ирсэн чинь хулгайч барьж байгаа юм шиг /манай хүнээр БНСУ-аас дайвар явуулсан олон хүний хажууд мөнгөө авъя гэж/ эвгүй байдалд оруулсан. Тэгээд Ж.Э би цагдаа сэргийлэхээр явлаа гээд л салсан. Тэрнээс биш бид хоёр өгөхгүй гээгүй өгөх сэтгэл үнэхээр байсан. Юуны учир одоог болтол өгөөгүй учир нь:

1. Нисэх дээр надтай байнга ярьдаг байж хулгайч барьж байгаа юм шиг зан гаргасан. /миний хань бид хоёр нэг эдийн засагтай/

2. БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст надыг залилан хийсэн гэж өргөдөл өгөөд би нэг сар гаран цагдаа прокуророор яваад эрүүгийн хэргийн шинжгүй гэж гарсан.

Одоо би энэ хүний мөс чанаргүй, эр хүний жудаггүй, хүний тусыг усаар хариулдаг мөн чанарыг дурьдахад:

1. Ж.Эгийн төрсөн дүү Ж.Гэрэлт-Одыг Инчеон олон улсын нисэх буудлаас имергеэшнээс буцаах гэж байхад нь миний төрсөн охин Н.Өнөрцэцэг утсаар ярьж байж батлан дааж БНСУ-руу  нэвтрүүлж 80-аад хоног ажил хийж мөнгө олоод буцсан.

2. Би БНСУ-ын баталгаатай өөрийн хаягаа өгч Ж.Э нь БНСУ-ын визэнд орж виз гарч, над дээр очиж би өөрөө машинаараа үйлчилж би очсон өдрийн маргааш өглөө л өөрөө дагуулж ажилд гарч энэ хүнээс ямар ч шан харамж аваагүй 100 хувь тусалсан.

3. Ж.Э Монголоос чатаар надтай яриад төрсөн ах Энхтайвангийн охин БНСУ-ын Ансан хотод шинээр очсон банкны данс нээж өгөхгүй байна чи тус болооч гэсэн 1 виза хадгаламж байна хууль ёсоор хэрэглэх юм бол өгье гэсэн.

Гэтэл би таньдаг хүмүүстэй хоолонд ороод бага сага архи ууж байтал утас дуугараад Би Энхтайваны охин нь байна танай Бусан Ёг дээр ирчихлээ надад мөнгө байхгүй орой 20 цаг 30 минутаас буцах билеттэй газар мэдэхгүй гэж ярьсан. Тэгэхээр би гайгүй байх гэж тэр охинд өгөх Пусан банкны виза дэвтэрээ аваад өөрийн машинаа бариад Пусан Ёг гарсан. Гэтэл гай болж үнэртүүлэг таарч 0,98 согтолттой гарч 2 сая вонноор торгуулж жолоодох эрхээ хасуулж би БНСУ-д машин барих эрхгүй болж хохирсон. Энэ бүгд би Ж.Эд л тус болсон. Зөвхөн баталгаатай хаяг өгөхөд л 800-аас 1 сая вонн байдаг. Дүү нь хэрэв Инчеоноос буцсан бол хэдэн төгрөгийн хохирол амсах, би энэ хүний ахынх нь охинд туслах гэж яваад жолоодох эрхээ хасуулж 2 сая вонны хохирол амссан. Харин ч ийм хүний тусыг усаар хариулдаг хүнээс хохирлоо нэхэмжлэх санаа төрж байна. Даанч би ийм жудаггүй, ухамсаргүй хүн биш. Миний бие 8 дугаар сарын эхээр бага зэргийн харвалт өгч одоо хэл яриа бага зэрэг гацаад байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Ч.Нд холбогдуулан 1,050,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэл болох үйл баримтыг “Бүгд найрамдах Солонгос улсаас хариуцагч Ч.Н утсаар ярьж 1,050,000 төгрөг түр өгөөч гэж гуйсны дагуу түүний хэлсэн дансруу тухайн мөнгийг шилжүүлсэн бөгөөд зээлдүүлэх хүсэл зориг байгаагүй, туслах л зорилготой байсан” гэж тодорхойлж байна.

Хариуцагч тухайн 1,050,000 төгрөгийг өөрийнхөө бус бусдын дансанд хийлгэж, хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Э нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Ч.Нгийн гуйсны дагуу 1,050,000 төгрөгийг өөрийн 5029063869 тоот данснаас 5906033747 тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 4 дахь талд/

Дурдсан үйл баримтаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцан тодорхой үүрэг үүсгэх зорилгооор хүсэл зоригоо хэн аль нь илэрхийлээгүй байх тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх зорилготой гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан тодорхой төрлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж зохицуулснаар талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт заасан “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших”-тэй холбоотойгоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс түүнээс гарах байсан зардлыг төлж өөрөөсөө зардал гаргасан байх тул гаргасан тус зардлаа хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт заасан “учруулсан хохирлыг арилгуулах” хамгаалалтын аргаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хариуцагч Ч.Нгаас 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Нгаас 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нгаас 29,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                             Л.ЭНХЖАРГАЛ