| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0066/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/73 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/73
2022 05 30 2022/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга О.Анхтуг,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Сосорбарам нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лут овогт Ганбатын Сосорбарамд холбогдох 2229000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Шандас транс ХХК-д нүүрс тээврийн машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг, 12 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Лут овогт Ганбатын Сосорбарам, Регистрийн дугаар: ВК92031711/,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Сосорбарам нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Шандас транс” ХХК-ийн тусгаарлах байранд байхдаа Н.Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цээжин тус газарт нь ир үзүүр бүхий зүйлээр хатгаж, түүний эрүүл мэндэд цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Г.Сосорбарам нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Шандас транс” ХХК-ийн тусгаарлах байранд байхдаа Н.Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цээжин тус газарт нь ир үзүүр бүхий зүйлээр хатгаж, түүний эрүүл мэндэд цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-19-р хуудас/,
Хохирогч Н.Өлзийн: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Шандас транс ХХК-ийн тусгаарлах байранд Д.Энхтөр, Б.Бадамгарав, Г.Сосорбарам бид нар гурван шил архи хувааж ууж дуусгаад байж байтал Г.Сосорбарам, Д.Энхтөрийн гар утас булааж аваад шидэхээр нь би Г.Сосорбарамд хандаж “наадах утас чинь маргааш хэрэг болно шүү дээ” гэж хэлээд бид хоёр тэрнээс болж маргалдаад бид хоёр орон дээр сууж байхдаа заамдалцаж аваад барилцаж аваад ноцолдоод орны хажууд өнхөрч ойчоод босоод иртэл миний цээж хэсгээр халуу оргиод явчихаар нь үзтэл миний цээж хэсгээс цус гарч байсан. Тэгээд би Г.Сосорбарам руу хартал Г.Сосорбарам гартаа хутга бариад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч Б.Бадамгаравын: “...2022 оны 03 сарын 31-ний өдөр 23:00 цагийн үед Шандас транс ХХК-ийн тусгаарлах байрны амрах өрөөндөө байж байхдаа ...эхлээд нэг шил 0,75 граммын Хараа архи аваад бид нар ууж дуусгаад дахиад нэг шил Хараа нэг шил Соёрхол архи аваад бид нар хувааж уугаад ...би орондоо ороод унтаад өгсөн юм. Тэгээд унтаж байтал эмч дуудаарай гээд бөөн юм эхлэхээр нь би босоод хартал Н.Өлзий хутгалуулчихсан хувцас хунар нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Д.Энхтөрийн: “...2022 оны 03 сарын 31-ний өдөр 23:00 цагийн үед ...эхлээд нэг шил Хараа архи авч Б.Бадамгарав, Н.Өлзий, Г.Сосорбарам бид дөрөв хувааж ууж дуусгаад дахиад хоёр шил Хараа, Соёрхол архи аваад хувааж ууж дуусгаад Б.Бадамгарав орондоо ороод хэвтээд өгсөн. Тэгээд би орон дээр гараад хэвтэж байхдаа гар утсаар юм үзээд байж байтал Г.Сосорбарам миний гар утас тоглоод булаагаад авсан чинь Н.Өлзий “чи яагаад хүний утас булааж аваад байгаа юм бэ” гээд тэр хоёр муудалцаж байгаад барилцаад авсан. Тэгээд би тэр хоёрыг боль гэж хэлээд орон дээрээс босоод иртэл Н.Өлзий “чи намайг хутгалчихлаа” гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 203 дугаартай “Н.Өлзийгийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Н.Өлзийгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Өлзийгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/,
Яллагдагч Г.Сосорбарамын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Шандас транс ХХК-ийн тусгаарлах байранд Б.Бадамгарав, Д.Энхтөр, Н.Өлзий бид нар эхлээд нэг шил Хараа нэртэй архи хувааж ууж дуусгаад дахиад нэг шил хараа нэртэй архи задалж хувааж ууж дуусгаад байж байгаад би тоглоод Д.Энхтөрийн гар утсыг булааж аваад байж байтал Н.Өлзий “чи яах гэж ингэж байдаг юм бэ” гэж хэлээд тэрнээс болж маргалдаж бид хоёр барилцаж аваад түр салахдаа жижиг бор үүрдэг цүнхэнд байсан жижиг хутгаа аваад ноцолдож байтал Н.Өлзий “чи намайг хутгалчихлаа” гээд надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Сосорбарам нь бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Сосорбарам нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Сосорбарам нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Г.Сосорбарамыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Өлзий нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Сосорбарамыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Сосорбарам нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар прокуророос гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сосорбарамд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул дүгнэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Сосорбарамд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19,5 сантиметрийн урттай, хутганы ажлын хэсгийн ар хэсэг болон хутганы бариул хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толботой 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лут овогт Ганбатын Сосорбарамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сосорбарамыг 500 /таван зуун мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Н.Өлзий нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Сосорбарамын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19,5 сантиметрийн урттай, хутганы ажлын хэсгийн ар хэсэг болон хутганы бариул хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толботой 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА