Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 03221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Л-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ё.С миний бие Б.Лтай зээлийн гэрээг 2017-10-25-ны өдөр 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаанд зээлж гэрээг нотариатаар баталгаажуулсан.

Гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг Б.Лгийн хүсэлтийн дагуу түүний төрсөн дүү Б.Пүрэвсүрэнгийн дансанд тухайн өдрөө өөрийн Хаан банкны 5071074858 данснаас шилжүүлж байсан ба Б.Л нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлөлгүй хоцорч байгаад 2017-12-26-ны өдөр 8,000,000 төгрөг, мөн 2018-02-01-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

Үүнээс өөрөөр ямар нэг байдлаар мөнгө төлөөгүй ба гэрээнд заасны дагуу хүү болон хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй байгаа үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон учир одоо миний биеөб№-фй дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалт болон гэрээний 1 дүгээр заалтын дагуу нэг сарын хүү болох 500,000 төгрөг мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалт болон тэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутамд тооцсон алданги болох 1,920,000 төгрөг нийт 2,420,000 төгрөгийг Б.Лгаас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Б.Лг хариуцагчаар татаж түүнээс зээлийн гэрээний үүрэг болох 2,420,000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.       

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.С нь хариуцагч Б.Лд холбогдуулж зээлийн хүү 500,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 1,920,000 төгрөг нийт 2,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч хэргийн материалтай танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй өөрт олгогдсон эрхийг эдлээгүй тул шүүхээс түүний эрхийг албадан эдлүүлэх боломжгүй болно.

Зохигч талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж зээлдүүлэгч Ё.С нь зээлдэгч Б.Лд 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан уг зээлийн гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 3-4 дэх талд/

Тус гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.

Уг зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ хэрэгжсэн байх бөгөөд гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх зээлдүүлэгчид үүсчээ. /.х.х-ийн 3 дахь талд/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг эгүүлэн төлсөн боловч тохирсон хугацаандаа төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэний алданги, гэрээгээр тохиролцсон нэг сарын хүүг тус тус” гаргуулна гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч уг тайлбарыг үгүйсгэж мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дэх хэсэгт “... сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эгүүлэн төлөх үүргийг хүлээнэ” гэж тохиролцсоноор зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн үүрэг буюу нэг сарын хүү 500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол алданги нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд гэрээний 3-т талууд “зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлүүлэх”-ээр тохиролцсон байна.

Тус тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул зээлийг буцаан төлөх 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш алданги тооцоход /2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 30 хоног 10,000,000 төгрөгөөс тооцоход 1,500,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл 2,000,000 төгрөгөөс тооцоход 36 хоног 360,000 төгрөг, 1,500,000+360,000/ 1,860,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Лгаас зээлийн хүү 500,000 төгрөг, алдангид 1,860,000 төгрөг нийт 2,360,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Сэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Лгаас 2,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Сэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лгаас 52,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Сэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                             Л.ЭНХЖАРГАЛ