Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1225   

 

    2022         08          18                                   2022/ШЦТ/1225   

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Батбямба /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2202 00345 0256 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Х овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Санни таун хотхоны 830 дугаар байрны 34 тоот орон сууцанд Г.Оргилын хэрэглэж байсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисноос 0,3665 граммыг хэрэглэхээр гуйж авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан. Улмаар тухайн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй 0,3665 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Санни таун хотхоны 850 дугаар байрны гадна худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн гар утасны гэрт хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:    

             

- Хар тамхитай тэмцэх газрын 401 тоот мэдүүлэг авах өрөөнд *******-ын биед 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 50 минутад эхэлж, 21 цаг 05 минутад дууссан, "******* нь миний биед мансууруулах сэтгэцэд нөлөөлөх буюу шавар байгаа гэж Ай фоне Икс загварын гар утасны кэйсний араас гялгар уутанд боосон шавар мэт зүйл гаргаж ирснийг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,6 грамм заасныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав." гэсэн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13 дахь тал/,

- *******-оос биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргээс 07-09 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 2967 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан шавар мэт зүйлээс Дельта-9 Тетрагидроканнабинол илэрсэн. 2. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтад хамаарна. 3. Шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,5714 гр, цэвэр жин нь 0,3665 гр, дээж аваад үлдсэн цэвэр жин нь 0,3427 гр байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-38 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 2971 дугаартай “1.3 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “******* ОЮ97102416" гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол (THC) илэрч байна. 2. Тетрагидроканнабинол (ТНС нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтад хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 30-32 дахь тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "3. ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэсэн 597 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд *******-ын яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 5-р сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Санни таунд байдаг өөрийн таньдаг ах болох Оргилын гэрт очиход Оргил, Цогтбаатар Отгонцэцэг нар сууж байсан ингээд тэнд хамт пиво ууж сууж байгаад явсан тухайн үед Оргил, Цогтбаатар хоёр шавар гаргаж ирээд тугалган цаасан дээр шатааж хэрэглэсэн. Би тухайн үед бол хэрэглээгүй. Оргил ахад шавар байсныг мэдээд бага хэмжээний шавар гуйж авсан Оргил ахаас би тухайн шаврыг ямар нэгэн мөнгө төгрөгөөр худалдаж авсан асуудал байхгүй. Ингээд би эхнэрээ сургуулиас нь авахаар Соёл урлагийн их сургууль явсан замдаа өөрийн зүс таних найз Ганбаяртай тааралдаж хамт Хангай хотхоны гадаа сууж байгаад Оргил ахаас авсан шавраас бага зэргийг хэрэглэсэн. Ингээд үлдсэнийг нь өөртөө хадгалж байгаад маргааш нь буюу 2022-05-26-нд Оргил ахад буцааж өгөх гэж яваад байрных нь гадаа цагдаад баригдсан байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 дахь тал/,

- Яллагдагч Г.О-ын "2022 оны 5-р сарын 25-ны өдөр найз Ц, хуурай дүү Т, найз эмэгтэй Ог бид дөрөв нийлж 12 орчим пиво ууж сууцгаасан. Ингэж сууж байгаад би гэнэт нөгөө олсон шавраа санаж гаргаж ирсэн. Ингээд 4 үүлээ хамт нэг гожгор шавраас нь эмтэлж байгаад гэрт байсан хүнсний мөнгөн цаасан дээр нааж байгаад шатааж утааг нь хуйлсан мөнгөөр сорж хэрэглэхэд надад бол ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ өдрийн орой харанхуй болсон хойно ******* харьлаа гээд явахаар болсон ба хэрэглэж байсан нэг гожгор шаврын улдэгдэлийг авчих уу гэхээр нь би тэг тэг л гэсэн. Т яваад Ц, О бид гурав амарцгаасан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 дахь тал/,

- Гэрч Б.С-н“Миний хүү ******* нь 1997 онд Увс аймагт төрсөн. Манай отгон хүү юм. Т дээрээ 3 эгчтэй. 1999 онд манай гэр бүл Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан. ******* бага насаа гэрээрээ өнгөрөөсөн цэцэрлэгт яваагүй. 2003 онд Баянзүрх дүүргийн 68-р сургуульд орж суралцаад бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Сургууль төгсөөд Улаанбаатар эрдэм сургуульд орж суралцаж байгаад чөлөө авсан ба одоогоор сургуулиа төгсөөгүй байна. 2021 онд охинтой болсон. Эхнэр нь мөн оюутан хүүхэд байдаг юм. ******* 2021 оноос гэр бүлийн хамтаар тусдаа амьдарч байгаа. Тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй ойр зуурын ажил хийж гэр бүлээ тэжээж явдаг юм. *******-ын зан байдлын хувьд их нийтэч, илэн далангүй зантай. Муу зуршил гэвэл тамхи л татдаг юм. Архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Надад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай харагдаж байгаагүй. Би хүүгээ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг талаар нь мэдэж байгаа зүйл байхгүй. Ийм төрлийн асуудлаар цагдаад шалгагдаж байгаагүй. Харин нэг удаа зодооны асуудлаар шалгагдаж торгуулийн ял авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

- Гэрч Г.Д-ийн “******* нь манай отгон хүүхэд ба 1997 онд Увс аймагт төрсөн. Бага насаа Увс аймагт эцэг эхийн гар дээр байсан. 1999 онд манай гэр Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Бага насаа гэрээрээ байсан ба 2004 онд Баянзүрх дүүргийн 68-р сургуульд суралцаж байгаад 2014 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж сургуулиа төгссөн. Улмаар 2014 ондоо ШУТИС-н Газрын тосны инженерийн ангид элсэн орж суралцаж байгаад сургуулиасаа гарсан. 2015 онд Гандийгийн нэрэмжит мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд механик инженер засварчнаар 1,5 жилээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд нэг хувийн компанид 1 жил орчим засварчнаар ажиллаж байгаад дахин элсэлтийн шалгалт өгч Улаанбаатар эрдэм дээд сургуульд бизнесийн удирдлагын ангид элсэн орж суралцаад 2021 онд сургуулиа төгссөн. Хүү Төрболд маань 2020 оноос эхнэр Мөнхнарангийн хамт амьдарч байгаа ба 2021 онд охинтой болсон байгаа. Одоо охин нь 1 настай юм. Эхнэр нь одоо оюутан юм. Манай хүү их төлөв томоотой, хүний үгээр байдаг их итгэмтгий зантай. Хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй. Эцэг эхийнхээ үгнээс бол гарахгүй. Юм даалгахаар түргэн шуурхай чадлаараа л хийдэг. Элдэв муу зан ааш авиргүй хүүхэд. Архи согтууруулах ундаа хэргэлдэггүй. Гэртэй бол согтуу ирж байсан удаа байхгүй. Тамхи татдаг юм шиг байгаа юм гэхдээ гэртэй тамхи татаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

- Гэрч С.Б-ийн “******* 1997 онд Увс аймагт төрсөн. Дүү маань ээж аав болон гурван эгчийнхээ гар дээр өссөн. Гурван эгчтэй учраас их зөөлөн уян сэтгэлтэй болж өссөн. Дүү маань их зөөлөн уян, их цайлган, хүнд их итгэмтгий зантай. Дүү маань урлаг спортод их сонирхолтой. 10 жилийн сургуульд байхдаа хал бөмбөг, гар бөмбөгийн спортоор их хичээллэж сургуулиасаа дүүргийн болон бусад тэмцээнүүдэд оролцож шагнал авч байсан. Сүүлийн 2-3 жилээс хип хоп урсгалын дуу хөгжим сонирхож өөрөө дууны уг ая зохиодог байсныг нь мэдсэн. Энэ ажилдаа их сонирхолтойг нь саяхнаас мэдсэн. Архи согтууруулах ундаа хэргэлдэггүй. Гэртэй бол согтуу ирж байсан удаа байхгүй. Тамхи татдаг гэхдээ аав ээж эгч нарынхаа хажууд тамхи татаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 57 дахь тал/,

- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-ийн 58 дахь тал/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59 дэх тал/,

- Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 60 дахь тал/,

- Эд хөрөнгийн лавлагаа / хх-ийн 61 дэх тал/,

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62 дахь тал/,

- Байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн-63 дахь тал/,

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/,

- Иргэнийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дахь тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 66 дахь тал/,

- Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 67 дахь тал/,

- Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 68 дахь тал/,

- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 69-71 дэх тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Санни таун хотхоны 830 дугаар байрны 34 тоот орон сууцанд Г.О-ын хэрэглэж байсан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисноос 0,3665 граммыг хэрэглэхээр гуйж авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан. Тухайн шавар гэх нэршилтэй 0,3665 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох прокурорын  тогтоол, яллагдагч *******, Г.О нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгээр хураан авсан өвс мэт зүйлийг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болохыг тогтоосон, уг шавар мэт зүйлийг хэрэглэсэн гэх *******-ын шээсэнд делта-9 тетрагидроканнабинол бодис илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэргийн газрын үзлэгээр тэдний татсан шаварны үлдэгдлийг хураан авсан, шинжилгээгээр уг хураан авсан өвснөөс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй бодис илэрсэн, мөн шаврыг хэрэглэсэн *******-оос дээрх бодис илэрсэн гэх үйл баримт тогтоогджээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох”-оор тодорхойлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч *******-ын гар утасны гэрээс хураан авсан “шавар” мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол илэрч, энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

“Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд ******* нь гар утасныхаа гэрэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй шаврыг хийн авч очсон үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх шинж хангагджээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг зориуд хийсэн тул уг гэм хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хадгалсан үйлдэл болон шавар гэх бодисыг хэрэглэж мансуурсан хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Нийслэлийн Прокурорын газраас *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна. 

Гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******-ыг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд болон учирсан бодит хохирол байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралгүй болох нь тогтоогдсон, түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй  байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Миний үйлчлүүлэгч 24 настай. Эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь оюутан учраас гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж амьдарлаа авч явдаг. Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай, донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна гэж гарсан. Миний үйлчлүүлэгч тухайн үед бусдын нөлөөнд автаж шавар гэх бодисыг нэг л удаа хэрэглэсэн. Хэрвээ тухайн өдөр шавар гэх бодисыг буцааж өгөхөөр О-ын гэрт очоогүй байсан бол энэ хэрэг илрэх байсан эсэх нь тодорхойгүй. Т шавар гэх бодисыг дахиж хэрэглэхгүйгээр 0,3665 граммыг анх авсан хэмжээгээр нь буцааж өгөхөөр явж байсан. Иймд миний үйлчлүүлэгч бол мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай, донтой этгээд биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Иймд миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээтэй давхар оногдуулах саналтай байна гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ял оногдуулах сонгох санкцтай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Тус гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.

Хэдийгээр ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учрах хор уршиг ихтэй гэмт хэрэгт холбогдсоныг онцлох нь зүйтэй.

Гэм буруугаа буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг ухамсарлан ойлгосон, дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан заавал хорих ялыг сонгон хэрэглэж нийгмээс тусгаарлах нь тохиромжгүй, 

Сонирхлын журмаар мансуурах зорилгоор шаврыг зориудаар биедээ авч явсан гэх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял сонгон хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.   

*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор тус тус шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй эсхүл хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Бусад асуудал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон уутны хамт 0,3665 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд тэр даруй ирүүлэхийг даалгаж хяналтын прокурорт тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт *******-г “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалтыг тогтоож, оршин суугаа газраа өөрчлөх, ажил сургуулиа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон уутны хамт 0,3665 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст болон хяналтын прокурорт эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд тэр даруй ирүүлэхийг тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ