Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

2022      02        17                            2022/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2022/0131/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч Н.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-д холбогдох эрүүгийн “2109011110004” дугаартай хэргийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ........ тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Н.Ц

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Ц нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гоодойн зуслангийн задгай тоотод иргэн Э.Б-г ямар нэг шалтгаангүйгээр байшингийн хоёр давхрын тагтан дээрээс түлхэж унагааж, улмаар биед нь “...цээжний зүүн хажуу ар хэсэг, баруун гарын бугуй, шууны зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол, Мөн тэрээр согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гоодойн зуслангийн задгай тоотод дээрх үйл баримт бий болсны дараа Э.Б-г өмөөрч очсон иргэн Ө.М “бусдыг өмөөрлөө” гэх үл ялиг зүйлээр шалтаглан толгойн тус газар нь архины шилээр цохиж биед нь “...хуйхны няцарсан шарх, тархины доргилт, хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэхүү хэргийн улмаас дараа нь миний биед ямар нэгэн хор уршиг гарж магадгүй хэмээх эрсдэлийг тооцож дараа нь эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү...” гэв.

Эрүүгийн 2109011110004 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Б “...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бид нар салхинд гаръя гэж ярилцаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гоодойн зусланд очсон. Тухайн үед Маргулан, Н.Ц, Бооёо, Сэлэнгээ, Өлзий, Мөнхөө, Хулан бид нар байсан бөгөөд бид нар тухайн үед архи уусан юм. Тэгээд би согтоод унтаад босоод ирсэн. Тэр үед уг байшингийн 2 дугаар давхрын тагтан дээр Сэлэнгээ, Хулан хоёр байсан би тэр хоёртой юм яриад сууж байсан. Тэгтэл Н.Ц гарч ирээд “би чамайг түлхээд унагачих уу, шидчих үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та юу яриад байгаа юм бэ” гэтэл үгийн зөрөөгүй түлхээд намайг хоёр давхраас унагасан. Би унаад арай гэж боссон. Тухайн үед тэнд байсан хүмүүс “хүн алчихлаа” гэж хэлээд бөөн юм болсон. Тэр үед миний барьж байсан гар утасны дэлгэц хагарч эвдэрсэн. Би гэрт ороод сууж байтал манай танил дүү Ө.М сэрээд Н.Ц рүү “та яаж байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ” гэж хэлээд буйдан дээр сууж байсан. Тэгтэл манай дүү Ө.М-н толгой руу Н.Ц гэгч нь “Эддэн” гэх нэртэй архины шилээр цохиход дүү маань толгой руугаа цохиулаад гараад дээшээ уул руу гүйсэн. Би тэр үед нь эмнэлэг цагдаа, дуудсан. Эмнэлэгт ирэхэд Н.Ц байж байсан ч цагдаа ирэхэд тэрээр алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Хохирогч Ө.М-н “...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай таньдаг ах Бооёо гэдэг хүн “амралтанд гаръя” гэж хэлсэн. Тэгээд бид нар 10 дугаар хороололд уулзаад Өлзий гэгчийн машинаар тухайн үед өөрийн танил ах Баярсайханыг “хамт явья” гээд дагуулж явсан. Бид нар замаасаа ууж, идэх юм аваад Гоодойн зусланд байшин түрээсэлж орсон. Тэр газраа ууж идээд би унтаад өгсөн унтаж байхад хүмүүс “хүүе ээ хүн алчихлаа” гээд орилоод байхаар нь сэрсэн. Тэгтэл манай ах Б-г цохоор шидчихлээ гээд хүмүүс орилоод Б ах нэг давхарт ороод ирсэн байсан. Н.Ц надтай ойролцоо сууж байхаар нь би түүнд хандаж “та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед би дөнгөж сэрээд унтаж байсан буйдан дээрээ сууж байтал Н.Ц гэгч нь над руу “чи муу юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд дайрсан. Тэр үед Бооёо нар болиулсан. Тэгтэл намайг сууж байхад Н.Ц миний толгой руу хажуудаа байсан архины шилээ аваад шууд цохисон ба толгойноос маань маш их цус гараад байхаар нь толгойгоо бариад мод руу гүйсэн. Модон дотор ороод сууж байтал нэг хүн ирээд “зүгээр үү” гээд асуугаад байсан. Тэр хүнийг би хэн гэдгийг бас сайн санахгүй байна. Тэгээд цагдаа дуудсан ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/

Гэрч Ж.Х-н “...Тэр өдөр би амарч байтал манай нөхөр М “найз нарын хамт салхинд гараад ирье” гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт явсан юм. Тэнд очоод хоол унд хийж идсэн. Тэд нар архи, дарс уусан ба би харин архи, дарс огт хэрэглээгүй. Тэгтэл хоорондоо маргалдаад эхэлсэн ба манай нөхөр М хоёр давхарт унтаж байсан. Тэд нартай явсан би нэрийг нь мэдэхгүй нэг эгч нөхөртэйгөө маргалдаад байсан. Тэр эгч надтай хамт юм яриад хоёр дугаар давхрын тагтан дээр сууж байсан. Тэгтэл одоо зодуулсан гээд байгаа Б гэдэг залуу ирээд бид хоёртой юм ярьж байтал үл таних, махлаг, намхан ах ирээд надтай цуг байсан эгчийн нөхөр Бөмөөрөөд Б гэх залууг нүүрэнд нь мангасдаад түлхсэн. Тэгтэл нөгөө залуу хоёр дугаар давхраас доош унасан. Тухайн үед би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд араас нь хартал нөгөө залуу босоод шатаар өгсөөд тагтан дээр гараад ирэхэд нь “зүгээр үү” гэж асуутал тэрээр “зүгээр" гэж хэлсэн. Тэгтэл нөгөө Б гэх залуутай хамт ирсэн казак нэртэй залууг сэрээгээд тэр хоёр нөгөө түлхэж унагасан ах руу дайраад, тэр гурав зодолдсон. Нөгөө Б-г түлхсэн ах зодолдож байгаад юм аваад шидэх шиг болсон. Яг юу шидсэн гэдгийг би хараагүй. Гэтэл нөгөө сүүлд сэрсэн казак нэртэй залуугийн толгойноос нь цус гарсан ба Б нь цагдаа дуудсан. Би дээшээ гарч нөхөр М-г сэрээхэд манай нөхөр босож ирээд “юу болоод байна” гэж хэлээд салгасан. Энэ хооронд цагдаа ирсэн. Б болон казак нэртэй залууг зодсон ах гараад зугтаад яваад өгсөн. Ийм л асуудал болсон. Цагдаа нар тэр ахыг хайгаад олоогүй ба нөгөө ах модонд ороод нуугдсан. ...Тэр хоёр залууг өөр зодсон хүн байхгүй бөгөөд Бооёо гэх ах нь нэлээд согтсон эхнэртэйгээ л маргаад байсан. Харин зодоонд бол оролцоогүй. Б нь Бооёогоос эхнэрийг нь өмөөрөхөд нөгөө зодсон гэх намхан бүдүүн ах болох Бооёо гэх залууг өмөөрөөд Б-тэй маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаж зодоон эхэлсэн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Гэрч Э.М-н “...Бид нар буюу миний танихаас Ба, Н.Ц, М, Бнар байсан, мөн Бооёо түүний эхнэр, бүдүүн эгч нар байсан. Бид нар 17-гийн буудлын орчим уулзаад зусланд нэг байранд очсон. Тэнд очоод мах шарж ирээд архи уусан. Би архи ууж чаддаггүй болохоороо тасраад унтаад өгсөн. Нэг мэдэхэд манай эхнэр “хүмүүс зодолдоод байна” гэж хэлээд сэрээсэн. Намайг босож ирэхэд цагдаа ирсэн бид нарыг авч яваад цагдаагийн хэлтэс дээр ирээд бид хоёрыг “энэ асуудалд хамаагүй, яв” гэж хэлсэн. Тэгээд бид яваад өгсөн ийм асуудал болсон. Намайг босож ирэхэд Маргуланы толгойноос цус гарсан харагдаж байсан ба харин Баярсайхан гэдэг залууг хүн түлхэж унагасан гэж манай эхнэр хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 8152 дугаартай “...Э.Б биед цээжний зүүн хажуу ар хэсэг, баруун гарын бугуй, шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 8153 дугаартай “...1. Ө.М биед хуйхны няцарсан шарх, тархины доргилт, хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 “Өнө Энх-Ачлал” эмнэлгийн КТ кабинетад хохирогч Ө.М үзүүлсэн тухай компьютер томографын шинжилгээний хариу /хх-ийн 56 дугаар хуудас/, Шинжээч эмч М.Энхбаярын “...Э.Б, Ө.М нарын биед учирсан гэмтлүүд нь хоёулаа нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх хоёр хүний биед учирсан гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-иас гаргасан “...Айфоне 6 эс” загварын дэлгэц хагарсан, асахгүй болсон гэх эвдрэлийн үнэлгээг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 42.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-121 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Н.Ц нь согтуугаар 2021.08.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гоодойн зусланд хохирогч Э.Б-г шалтгаангүйгээр зодож улмаар байшингийн хоёр давхрын тагтан дээрээс түлхэн унагааж эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу ар хэсэг, баруун гарын бугуй, шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн үүний дараа Э.Б-г догшин хэрцгийгээр зодсон явдлыг буруутгасан хохирогч Ө.М-г толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хуйхны няцарсан шарх, тархины доргилт, хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцаж тэднийг илтэд дээрэлхэн хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, догшин хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Шүүгдэгч нь хохирогч нарыг зодох үедээ тэднийг байшингийн тагтан дээрээс доош түлхэж унагаах, толгойн тус газар нь архины шилээр цохих зэргээр зэрлэг догшин, харгис хэрцгий авирыг гаргасан байх ба золоор хохирогч нар нь түүний энэ гэмт үйлдлийн улмаас бие эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл хохирол авсан байх ба үүнээс илүү хүнд гэмтэл хохирлыг авах цаашилбал амь насаараа хохирох ч боломжтой нөхцөл байдал тухайн үед үүсч болохоор байсан байна. Иймд шүүгдэгч Н.Ц-н гэмт үйлдлийн сэдэлт, санаа зорилго, арга хэрэгсэл, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, түүнийг гүйцэтгэж байгаа арга барил зэрэг нь ихээхэн ноцтой байсныг тэмдэглээд шүүгдэгч нь цаашид гэмт зан байдалдаа туйлын ухамсартай дүгнэлт хийхийг шүүхээс анхааруулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Ц санаатайгаар хохирогч нарын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б, Ө.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ө.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Турк улсад амьдарч байгаа. Хохирол төлбөрийг нэхэмжилж байна...” гэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц нь хохирогч Ө.М Хаан банкны ......6945 тоот дансанд 172.180 төгрөгийг, хохирогч Э.Б-д 42.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэсэн хэдий ч хохирогч Э.Б, Ө.М нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой асуудлаар цаашид шүүгдэгч Н.Ц-с нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Ц-г хоёр /2/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-г 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Э.Б, Ө.М нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Н.Ц-с нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР