Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/476

 

 

 

 

 

 

2022         03          30                                        2022/ШЦТ/476

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хонгорзул ,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

        Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мт холбогдох

105/2022/0415/Э

дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 1992 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй,халх,  бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, 2 дүү, эхнэр, хүүхдийн  хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-р  гудамжны 40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл хүлээж  байгаагүй, бие эрүүл , ухаан санаа  бүрэн , Хардал овогт Тын М /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Т.М нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Tseegii Loveгэх фейсбүүк цахим хаягт “25 дугаар эмийн сангийн хажууд 1 өрөө байр түрээслэнэ” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Г.Бямбасүрэнг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4/а/ хэсгийн Сургуулийн гудамжны 1322 тоотод гэртээ байхад нь “тухайн байранд хүн орох гээд байна урьдчилгаа шилжүүлбэл чамд түрээслүүлнэ ” гэж хуурч мэхлэн 325,000 төгрөгийг иргэн Ж.Далайцэцэгийн “ХААН”  банкны 5400880233 тоот данс, Д.Тын “ ХААН” банкны 5016313158 тоот дансыг тус тус ашиглан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

Мөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Tseegii Loveгэх фейсбүүк цахим хаягт ‘байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч Ч.Төрмандахад “урьдчилгаа мөнгө өгөхгүй бол хүн орох гээд байна” гэж итгүүлэн хуурч 360,000 төгрөгийг иргэн Ж.Далайцэцэгийн “ХААН” банкны /5400880233 /тоот дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүх хуралдаанд  шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих  зүйлгүй гэв.

 

        Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

-Хохирогч Г.Бямбасүрэнгийн гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.-н 06-18-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бямбасүрэнгийн өгсөн: ... 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ байхдаа би өөрийн эзэмшлийн “Byambaa Galbadrah” гэх фейсбүүк цахим хаягаар “Tseegii love” гэх цахим хаяг руу 1 өрөө байр түрээслэхээр чат бичсэн. Тэгээд 25 дугаар эмийн сангийн хажууд 1 өрөө байр түрээслэхээр болж би нөхрийнхөө”  ХААН” банкны 5057616766 дугаарын данснаас тэр хүний”  ХААН” банкны 5400880233 дугаарын Ж.Далайцэцэг гэх хүний данс руу урьдчилгаа 175,000 төгрөг шилжүүлээд. Тэгээд өөр хүн орох гээд байна гээд 150,000 төгрөг дахиж шилжүүлсэн. Тэгээд намайг чат бичихээр хариу бичихээ больсон...Би  байраа үзээгүй. Утсаар 88385663 дугаартай холбогдсон тэгэхээр нь найдвартай гэсэн... гэх мэдүүлэг /хх-н 31-р тал /,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Т.Мын гэрч болон яллагдагчаар өгсөн:  ...   Би 2021 оны 10дугаар  сарын 09-ны  өдөр байр түрээслүүлнэ гэж фэйсбүүк цахим хаягт өөрийн Tseegii love гэх нэртэй өмнө нь ашиглаж байсан фэйсбүүкээрээ 25-р эмийн сангийн хажууд байр түрээслүүлнэ гэж зар тавьсан. Нэг хүнтэй чатаар холбогдож эхнэрийн дүү Түвдэндоржийн   88385663  дугаарын утсаар  тухайн хүнтэй ярьж байраа түрээслүүлэхээр болсон. Тэгээд би өөрийн мөрийтэй тоглодог “wolf” гэх нэртэй сайт руу өөрийн тоглогчийн нэр болох 16681 гэх утгатай эхлээд 175.000 төгрөг дараа нь 150.000 төгрөгийг 5400880233 Далайцэцэг гэх тухайн сайтын цэнэглэлт хийдэг дансанд авсан. Миний “ХААН” банкны цалингийн зээлийн төлбөр хэтэрсэн байсан. Би тэрэнд зарцуулсан....  гэх мэдүүлэг /хх.33-34-р тал/

 

   ...Би “Говь хангай буйдан” ХХК-д 2017 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 08 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд 2017 онд “ ХААН” банкнаас 3.400.000 төгрөгийн цалингийн зээл авч сар бүр 125.000 төгрөг төлдөг байсан боловч ажилгүй байх үедээ Wolf гэсэн апликэйшн ашиглаж интернет покер тоглодог байсан бөгөөд өөрийн Tseegii love гэсэн фэйсбүүк хуудсанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны үед “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн пост оруулахад Г.Бямбасүрэн гэх эмэгтэй фэйсбүүк чатаар холбогдож   түрээслэх байр байна уу? гэж асуусан тул  хүн байр түрээслэх гээд байна урьдчилгаа 325.000 төгрөг хийчих гэж хэлээд интернет покер тоглуулдаг Ж.Далайцэцэг гэх хүний 5400880233 дугаар дансанд шилжүүлэн авч Ж.Далайцэцэгт мөнгө шилжүүлсэн талаар чатаар гүйлгээ хийсэн дансны хуулгаа явуулж интернет покер тоглохдоо ашигладаг ээж Тын эзэмшлийн “ХААН” банкны 5016313158 тоот дансанд шилжүүлэн авч тухайн мөнгөөр “ХААН” банкны зээлээ төлсөн... гэх мэдүүлэг  /хх-н 45-р тал/,

Жавзмаагийн Далайцэцэгийн “ ХААН” банкны  5400880233 дугаартай  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35-р тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 43, 78-79-р тал/,

       -Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 51-р тал/ ,

      -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 53-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Төрмандахын өгсөн ... Би Дорнод аймгийн Хэрлэн сумын гаралтай бөгөөд тэндээ оршин сууж амьдардаг байсан. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод очиж ажил хийж мөнгө олох зорилгоор нутгаасаа гарсан. Тэгээд хотод ирээд түрээсийн байранд орох санаатай фэйсбүүкээр байр түрээслүүлэх зар хайж байгаад нэг хүнтэй чатаар холбогдоход  Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн хойд талд байх 9-н  давхар байранд 1 өрөө байр сарын 500.000 төгрөг гэж байна, чи орох бол яаралтай урьдчилгаа 360.000 төгрөг шилжүүл  гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олдож байгаа дээр нь өгөхгүй бол байр олдохгүй байх” гэж бодоод тус өдрөө буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5400880233 дугаарын данс руу өөрийнхөө 5076635540 дугаарын данснаас 360.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөгөө хүн надтай холбогдохоо больсон. 360.000 төгрөгөө нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /хх-н 58-59-р тал /,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Т.Мын гэрч болон яллагдагчаар өгсөн: ...би “tseegii love” гэсэн нэртэй эмэгтэй хүний зурагтай хуурамч фэйсбүүк аккаунт нээж “байр түрээслэнэ” гэсэн фэйсбүүк хуудсанд 25 дугаар эмийн сангийн хойд талд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар бичээд өөр хүний байрны зургийг давхар оруулсан. Тэгсэн нэг танихгүй залуу холбогдоод “Байрыг чинь түрээслэх санаа байна, хэд гэж байгаа вэ? Үзэж харж болох уу?  гэж асуусан. Хариуд нь би  ер нь бол үзэж болно, гэхдээ одоо бол би ажилтай байна, сарын 600.000 төгрөг гэж байгаа, чи орохоор бол урьдчилгаа 360.000 төгрөг 5400880233 дугаарын данс руу хийгээрэй, тэгэхгүй бол өөр хүн орох гээд байгаа шүү  гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу удалгүй “хийчихлээ шүү” гэж хэлээд интернэт банкныхаа гүйлгээг харуулсан. Тэгээд тэр залууг шууд фэйсбүүкээр блок хийгээд хаясан. Ийм л зүйл болсон.  Би тухайн үед ажилгүй байсан болохоор мөнгөний хэрэг их гараад байсан юм. Тэгэхээр нь фэйсбүүк зарын групп орж байгаад байр түрээслүүлнэ гэсэн хүмүүсийн заруудыг харж байгаад гайгүй харагдсан байрны зургуудыг нь утсан дээрээ татаж аваад ашигласан. Түүнээс биш надад байр огт байхгүй. Энэ үйлдлээс гадна нэг  байгаа. Тэрийг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс шалгаж байгаа. Ингээд надад  хоёр  л үйлдэл байгаа гэсэн үг. Тиймээ маш богино хугацаанд нөхөн төлж барагдуулна. Би тэр эгчид огт хэлээгүй. Зүгээр “Та дансаа түр ашиглуулаач миний данс болохгүй байна, надад мөнгө өгөх ёстой хүн мөнгөө шилжүүлэх гээд байгаа юм  гэж хэлээд дансаар нь мөнгө оруулж дараа нь бэлнээр гаргуулж авсан. Би хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...   гэх мэдүүлэг /хх.-н 62-63-р тал/,

...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа маш их ухамсарлаж байна. гэх мэдүүлэг /хх-н 82-р тал/,

Хохирогч Ч.Төрмандахын “ХААН” банкны дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 65-69-р тал /.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд:

Шүүгдэгч  Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/  хх-н 49-р тал/

Шүүгдэгч  Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50, 73-р тал/,

Шүүгдэгч  Б.Мын оршин суугаа  газрын хаягийн бүртгэл /хх-н 74-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

          Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг.

 

 Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг.

Хуурч мэхлэх гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг ойлгох юм.

 

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Tseegii Loveгэх фейсбүүк цахим хаягт “25 дугаар эмийн сангийн хажууд 1 өрөө байр түрээслэнэ” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Г.Бямбасүрэнг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4/а/ хэсгийн Сургуулийн гудамжны 1322 тоотод гэртээ байхад нь “тухайн байранд хүн орох гээд байна урьдчилгаа шилжүүлбэл чамд түрээслүүлнэ” гэж хуурч мэхлэн 325,000 төгрөгийг иргэн Ж.Далайцэцэгийн “ХААН” банкны 5400880233 тоот данс, Д.Тын “ ХААН” банкны 5016313158 тоот дансыг тус тус ашиглан шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Tseegii Loveгэх фейсбүүк цахим хаягт ‘байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч Ч.Төрмандахад “урьдчилгаа мөнгө өгөхгүй бол хүн орох гээд байна” гэж итгүүлэн хуурч 360,000 төгрөгийг иргэн Ж.Далайцэцэгийн “ХААН” банкны /5400880233/тоот дансаар шилжүүлэн авч, залилах  гэмт хэргийг үйлдсэн  нь хохирогч нарын мэдүүлэг,  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Жавзмаагийн Далайцэцэгийн “ХААН” банкны  5400880233 дугаартай  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35-р тал/,  хохирогч Ч.Төрмандахын “ХААН” банкны дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-н 65-69-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

 Шүүгдэгч Т.М нь  2 удаагийн үйлдлээр  өөрт  байхгүй  хөрөнгийг  байгаа мэтээр “Tseegii Loveгэх фейсбүүк цахим хаягт ‘байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгө мөнгийг  хуурч мэхлэн авч  буцааж өгөхгүй, хариу  төлбөр хийхгүй  өөрийн өмчлөлд шилжүүлэн  авч захиран зарцуулж буй  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч,цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын мөнгө  буюу  эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж  байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт : ... энэ хуулийн тусгай ангид заасан  нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр  хангасан байвал  үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 Шүүгдэгч Т.М нь бусдыг залилах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэнийг үргэлжилсэн  үйлдэл  гэж үзэх  үндэстэй   байна.

 

 Шүүгдэгч  Т.М  нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтэйгээр үйлдсэн байх бөгөөд амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн санаа, зорилготой байжээ гэж шүүх дүгнэв.

 

          Баянзүрх  дүүргийн  Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  гэмт хэрэгт Т.Мыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Т.Мт  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

             Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, / адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөгийг засах зэргээр / буюу  учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө.  гэж тус тус хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Т.М нь энэ гэмт үйлдлийн улмаас  хохирогч  Г.Бямбасүрэнд  325.000 төгрөгийн,  хохирогч  Ч.Төрмандахад   360.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба  шүүх  хуралдаанд төлсөн талаар мэдүүлж  байх боловч түүнийгээ нотолсон баримтыг   ирүүлээгүй тул  хохирлыг төлсөн гэж  үзэх үндэсгүй   бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Т.Маас гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   ... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Т.М  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй  байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...   Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан ш ударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Т.Мт  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Т.Мт  эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Мт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  540/таван зуун дөчин /цаг нийтэд тустай ажил  хийлгэх  ялын саналыг гаргаж байна.

 

   Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн , үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас   учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  үзэж  эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн   авч   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт  битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас Т.М нь цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.  Хардал овогт Тын Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан үргэлжилсэн  үйлдлээр бусдыг хуурч,  цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Тын  Мыг  540 /таван зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М нь шүүхээс оногдуулсан  540 /таван зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Энэ хэрэгт  битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  тус тус зааснаар Тын Маас /РД:ЛЙ92082411/ 325.000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг хохирогч Галбадрахын Бямбасүрэнд /АЗ94090301/ 360.000 /гурван зуун жаран мянган /төгрөгийг хохирогч  Чулуунхүүгийн Төрмандахад / ЖЮ00251619/ тус тус гаргуулан олгосугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди  1 /нэг /ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд Т.Мт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ