| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/02269/И |
| Дугаар | 101/ШШ2018/03323 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2018/03323
2018 оны 10 сарын 30 өдөр Дугаар 101/ШШ2018/03323 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К банк” ХХК /Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48, Улаанбаатар-211238, Төв байр хаягт байрлах,РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж, 1072 тоот хаягт оршин суух, Харчин овогт Лхагвын Н /РД:ТА61111601/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 94 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 22а байрны 81 тоот хаягт түр оршин суух, Гөрөөчин овогт Бямбажавын А /РД:СА83122318/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8.202.837.52 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
Л.Нийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “К банк” ХХК-тай байгуулсан ЗГ-03 тоот зээлийн гэрээ болон БГ-03 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайхан, Ч.Нямсамбуу,
Хариуцагч Л.Н, өмгөөлөгч С.Базарсад /ШТ№2338/,
Хариуцагч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайхан, Ч.Нямсамбуу нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус банк нь зээлдэгч Л.Н, Б.А нартай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ-03 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 13.300.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж, 1072 тоот хаягт байршилтай 60 м.кв хувийн сууц,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж, 1072 тоот хаягт байршилтай 700 м.кв эзэмших эрхтэй газар,
42-55 УНӨ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монголд орж ирсэн Hyundai Sonata-5 маркийн суудлын авто машин барьцаалсан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.9-д зээлийг харилцах дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу тус банк дээр Б.Нийн 2002008258 тоот дансанд 2015.01.15-ны өдөр 13.300.000 төгрөгийг шилжүүлсэн.
Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 6.128.058,67 төгрөг, зээлийн хүүнээс 2.105.409,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.032,15 төгрөг, нийт 8.235.500 төгрөг төлсөн.
Гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2017 оны 11 дүгээр сараас зөрчигдөж эхэлсэн, 2017.11.07-ны өдөр үндсэн зээлээс 9.893 төгрөг төлөгдсөн, үүнээс хойш төлөлт хийгдээгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг зээлдэгч нараас шаардаж байсан.
Зээлдэгч нар нь үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 7.171.941,33 төгрөг, зээлийн хүү 881.210,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136.242,52 төгрөг, нийт 7.989.393,52 төгрөг төлөөгүй байсан.
Зээлдүүлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, зээлийн гэрээний 8.3 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.11-д заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Л.Н, Б.А нараас үндсэн зээл 7.171.941,33 төгрөг, үндсэн хүү 681.210,16 төгрөг байсныг 859.080,16 төгрөг болгож 177.870 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 136.242,03 төгрөг байсныг 171.816,03 төгрөг болгож 35.573,51 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 213.444 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 8.202.837,52 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эзэмших эрх бүхий газар, хувийн сууц зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Барьцаа хөрөнгө болох Hyundai Sonata-5 маркийн суудлын авто машины өмчлөх эрхийг банкинд шилжүүлсэн тул “К банк” ХХК нь шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус 42-55 УНӨ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монголд орж ирсэн Hyundai Sonata-5 маркийн суудлын авто машинд холбогдох хэсгээс татгалзаж байна гэв.
Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч С.Базарсадын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Н нь тус банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн үед зээл авах ямар ч шаардлага, нөхцөл, боломж бололцоо байгаагүй. Зээл хүссэн өргөдлийг би бичиж өгөөгүй, Б.А хуурамчаар зурж өгсөн.
Тухайн үед хүргэн Б.А нь хүү багатай, урт хугацаатай зээл авах боломж байна, гэхдээ барьцаа хөрөнгө байхгүй байгаа учраас банкны барьцаанд эд хөрөнгөө тавиад зээл аваад өгөөч, зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцна, санаа зоволтгүй, хугацаанд нь төлөөд дуусгана, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурахад болно гэхээр нь Л.Н зөвшөөрсөн.
Л.Н тухайн үед Төв аймгийн Баянчандмань суманд амьдарч байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр банкин дээр ир гэж дуудахаар нь очоод зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулаад, Б. А өөрөө зээлээ аваад явсан.
Зээлийн мөнгийг гардаж аваагүй. Хэрэв зээлийг би өөрөө авсан бол зээлийг зарцуулсан байх ёстой гэж үзэж байна. Энэ зээлийг анхнаасаа Б.Аын зээл гэж ойлгосон. 2016 оны 9,10 сард зээлийн эргэн төлөлт хийх үедээ зээл авсан гэдгээ мэдсэн.
Ийнхүү Б.А нь хэлж ярьсныхаа дагуу зээлээ тасралтгүй төлж байснаа 2017 оны 10 дугаар сараас төлөхөө больсон тул энэ талаар даруй хууль, шүүхийн байгууллагад хандаж байсан ба мөн тус банкинд ч албан ёсоор мэдэгдэж арга хэмжээ авах тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн.
Гэтэл Б.А нь зээл авахын тулд надад хуурамч амлалт өгч, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж хууран мэхэлж үндсэн зээлдэгчээр бүртгүүлсэн, мөн нэхэмжлэгч К банкинд бодит байдалд нийцэхгүй худал хуурмаг бичиг баримтуудыг үйлдэж зээл гаргуулан авсныг мэдсэн.
Л.Н намайг тус “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг”-аас олгож буй зээлийн талаар олж мэдэж судлаад, зээл авахын тулд “Хагас боловсруулсан хөлдөөсөн төмс үйлдвэрлэх төсөл” гэгчийг боловсруулсан, уг хүсэлтээ илэрхийлж банкинд баримт материал бүрдүүлж өгсөн мэтээр миний нэрийг оруулан эдгээр бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, гарын үсгийг маань өмнөөс минь зурах зэргээр хуурамч нөхцөл байдлыг зориуд бий болгож банкнаас зээл авсан.
Гэтэл энэ тухай миний бие нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн баримт материалуудыг үзэх хүртэл юу ч мэдэхгүй явж ирсэн бөгөөд банкнаас зээлээ төл гэхээр нь эдийн засагч н.Цогтсайхантай уулзаж баримтуудаа үзье гэхэд үзүүлээгүй.
Ийнхүү миний бие бусдын хууран мэхлэлт, төөрөгдөлтөнд орж гэрээ хэлцэл хийж улмаар өөрийн өмч хөрөнгөө алдахад хүрээд байна. Иймээс миний бие 2017 оны 10 дугаар сараас хойш хууль шүүхийн байгууллагад хандаж эрх ашгаа хамгаалуулахаар өнөөдрийг хүртэл явж, энэ тухай К банкинд удаа дараа мэдэгдэж байсан.
Миний бие дээрх зээлийг өөрийн хүсэлтээр аваагүй, өөрөө зээл хүссэн өргөдөл бичиж өгөөгүй, ийм хэмжээний зээл авах зорилго байгаагүй, тэгээд ч ийм хэмжээний зээлийг эргүүлэн төлөх боломжгүй байгаагүй. Учир нь би сард 287.000 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авдаг байхад буцааж яаж төлөх боломжтой гэж зээл олгосныг ойлгохгүй байна.
Л.Н нь зээл авах хүсэл зориггүй байсан учир талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна.
“К банк”-ны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 7.171.941,33 төгрөг, үндсэн хүү 859.080,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.816,03 төгрөг, нийт 8.202.837,52 төгрөг нэхэмжилсэн тооцоолол дээр маргаан байхгүй.
Иймд тэтгэвэрт байдаг өндөр настан Л.Нийн хувьд ямар ч төлбөрийн чадваргүй, зээлийг төлөх боломжгүй ба тэгээд ч уг зээлийг аваагүй, зээл авах хүсэл зориг байгаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсантай маргах зүйлгүй. Авсан зээлийн зарцуулалтаас харахад бүгд Л.Н болон өөрсдийнх нь хүүхдүүдэд үлдсэн болно. Зээл аваад 4.000.000 төгрөгөөр үхэр, 3.200.000 төгрөгөөр буйдан, 1.670.000 төгрөгөөр 43-55 УНӨ улсын дугаартай Соната маркийн автомашиныг барьцаанд тавихын тулд өмнөх ББСБ-ын зээлийг төлж чөлөөлсөн, 1.500.000 төгрөгөөр 10 ширхэг гахай, 300.000 төгрөгийг төсөл бичсэн хүнд, 400.000 төгрөгөөр Эрдэнэт хивс, 700.000 төгрөгөөр фарм төлбөр, 1.530.000 төгрөгийг гэр бүлийн бизнест зориулж эргэлдүүлж байсан ба үүнээс н.Нэргүйгийн сургуульд явах зуучлалын төлбөрт 1.990.000 төгрөгийг дансанд шилжүүлсэн.
Дан ганц миний малыг хараад, өвс тэжээлээр хангаж байсан мэтээр хариу тайлбарт дурдсан байна.
Зээлийн тодорхой хувиар худалдан авсан үхэр бүгд өөрсдөд нь байгаа, би нэг ч ширхэг мал аваагүй. Харин ч би багагүй зардал гаргаж хувь нэмэр оруулсан болно. Өвс тэжээл машины засвар үйлчилгээ, худалдан авахад 7.555.000 төгрөг зарцуулсан.
Зээлийн тодорхой хувь нь 43-55 УНӨ машиныг ББСБ-ын өмнөх зээлээс нь чөлөөлөхөд зарцуулагдсан болно. Зээлийн зарцуулалт хэсгээс харна уу.
Уг нь бол миний бие зээлийн барьцаанд байгаа хашааг барихад тодорхой хөрөнгө оруулсан болно. Мөн хашаан доторх байшингийн 4*8 м өргөтгөлийг өөрийн хөрөнгө болон 4 сая гаруй төгрөгөөр барьсан. Энэ талаар яагаад дурдахгүй байгаа юм бэ, энэ байшинг 3-4 жил түрээсэлж сард тодорхой хэмжээний орлого олж байгаа шүү дээ. Тиймээс өөрийн оруулсан хөрөнгө болох 4 сая төгрөг, түүнд дүйцэх орлогыг манай хүүхдүүдэд шилжүүлэх хүсэлтэй байна.
Мөн эсрэгээрээ миний бие өнгөрсөн хугацаанд төлсөн зээлийн төлбөр болон бусад зардлыг хүүгийн хамт 2 хүүхдийн данс руу шилжүүлэн авах хүсэлтэй байна.
Зээл бүгд Б.Нийн өөрийнх нь хүүхдүүдэд зарцуулагдсан. Харин би нэг ч төгрөг аваагүй хэрнээ зээлийн тодорхой хувийг нь төлж өгсөн.
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 6.128.058,67 төгрөг, зээлийн хүүнээс 2.105.409,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.032,15 төгрөг, нийт 8.235.500 төгрөг төлсөн нь үнэн. Дээрх мөнгөнөөс би ажилгүй болчихсон байгаа тул Л.Нийг банкны хүү төлөөд өгөөч гэж гуйсан, энэ үед тэрээр 600.000 гаруй төгрөг төлсөн, бусдыг би төлсөн.
Нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.171.941,33 төгрөг, үндсэн хүү 859.080,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.816,03 төгрөг, нийт 8.202.837,52 төгрөг нэхэмжилж байгаа тооцоололтой маргах зүйлгүй.
Л.Н зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлийг авсан мөртлөө 1 ч төгрөг аваагүй гэж байгаад гайхаж байна. Банкнаас мөнгийг Л.Нийн охин н.Нэргүй бид 2 очиж авсан. Автомашин нь Л.Нийн хүүхдүүд болох н.Даваажаргал, н.Баттогтох нарын эзэмшилд байгаа, миний эзэмшил, өмчлөлд нэг өдөр ч байгаагүй.
Зээлийн хөрөнгийг авч ашигласан, зээлийг авсан хүмүүс эргүүлэн төлөх ёстой гэж үзэж байна, энэ зээлийн үр шим өөрт нь байгаа учраас Л.Н эргүүлэн төлөх ёстой, би өөрийгөө төлчихсөн гэж бодож байгаа тул би төлөхгүй гэв.
Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч С.Базарсадын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Н нь тус банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн үед зээл авах ямар ч шаардлага, нөхцөл, боломж бололцоо байгаагүй. Тухайн үед хүргэн Б.А нь хүү багатай, урт хугацаатай зээл авах боломж байна, гэхдээ барьцаа хөрөнгө байхгүй байгаа учраас банкны барьцаанд эд хөрөнгөө тавиад зээл аваад өгөөч, зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцна, санаа зоволтгүй хугацаанд төлөөд дуусгана, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахад болно гэхээр Л.Н зөвшөөрсөн байдаг.
Ингээд Л.Нийг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр банкин дээр дуудаад зээлийн болон барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зуруулаад, Б. А өөрөө зээлээ аваад явсан. Ийнхүү Б.А нь хэлж ярьсныхаа дагуу зээлээ тасралтгүй төлж байснаа 2017 оны 10 дугаар сараас төлөхөө больсон тул энэ талаар даруй хууль, шүүхийн байгууллагад хандаж байсан ба мөн тус банкинд ч албан ёсоор мэдэгдэж арга хэмжээ авах тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн.
Гэтэл Б.А нь зээл авахын тулд надад хуурамч амлалт өгч, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж Л.Нийг хууран мэхэлж үндсэн зээлдэгчээр бүртгүүлсэн, мөн нэхэмжлэгч К банкинд бодит байдалд нийцэхгүй худал хуурмаг бичиг баримтуудыг үйлдэж зээл гаргуулан авсныг мэдсэн.
Тухайлбал: Л.Н намайг тус “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг”-аас олгож буй зээлийн талаар олж мэдэж судлаад, зээлийн авахын тулд “Хагас боловсруулсан хөлдөөсөн төмс үйлдвэрлэх төсөл” гэх-ийг боловсруулсан, уг хүсэлтээ илэрхийлж банкинд баримт материал бүрдүүлж өгсөн мэтээр миний нэрийг оруулан эдгээр бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, гарын үсгийг маань өмнөөс минь зурах зэргээр хуурамч нөхцөл байдлыг зориуд бий болгож банкнаас зээл авсан. Гэтэл энэ тухай миний бие нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн баримт материалуудыг үзэх хүртэл юу ч мэдэхгүй явж ирсэн.
Ийнхүү миний бие бусдын хууран мэхлэлт, төөрөгдөлтөнд орж гэрээ хэлцэл хийж улмаар өөрийн өмч хөрөнгөө алдахад хүрээд байна.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар Б.Аын дээрх амлалтууд нь төөрөгдөх үндэслэл болсон гэж үзэж байна. Учир нь Б.А танай эд хөрөнгө барьцаанд байгаа учраас гэрээнд гарын үсэг зурах ёстой гээд байхаар нь гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл гэрээнээс гарах үр дагавар буюу хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн. Энэ бүгдээс үзэхэд банкныхан Б.Атай тохиролцсон гэж үзэж байна.
Б.А нь Л.Нийн охиноос гэрлэлтээ цуцлуулснаас хойш зээлээ төлөхөө больж, энэ зээлийг гэр бүлийнхээ хөрөнгөтэй холих болсон.
Банкинд бүрдүүлж өгөх бүхий л баримтуудыг Б.А бүрдүүлэн өгч, хууран мэхэлсэн байдаг. Барьцааны зүйл Л.Н, М.Жаргал нарын хамтран өмчлөх эд хөрөнгө боловч М.Жаргал нь наториатч дээр очоогүй, харин дүүг нь аваачиж итгэмжлэлд гарын үсэг зуруулсан. Гэхдээ үүнийг нотолсон баримт байхгүй, наториатчид энэ талаар мэдэгдээгүй.
Ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэдгээ Б.Аыг зээлээ төлөхөө больсон цагаас мэдэж, энэ талаар К банкинд мэдэгдсэн, ийнхүү мэдсэн даруйдаа 2017 оны 10 дугаар сараас хойш хууль шүүхийн байгууллагад хандаж эрх ашгаа хамгаалуулахаар өнөөдрийг хүртэл явж, энэ тухай К банкинд удаа дараа мэдэгдэж байсан.
Иймд К банктай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ-0З тоот зээлийн гэрээ болон БГ-03 тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайхан, Ч.Нямсамбуу нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Н, Б.А нар нь “К банк”-тай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ-0З тоот зээлийн болон БГ-03 тоот барьцааны гэрээ байгуулж 13.300.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлдэгч Л.Н нь дээрх гэрээнүүдийг өөрөө байгуулаагүй, хууран мэхлэгдсэн, төөрөгдөлд орсон мэтээр тайлбарлаж, улмаар банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь дээрх хэлцлийг хийхдээ талууд өөрсдийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж хуульд заасан шаардлагад нийцүүлж, тодорхой эрх эдэлж үүрэг хүлээж, түүнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцахаар тохиролцож Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Түүнээс биш зээлдэгч Л.Нийн гарын үсгийг зээл болон барьцааны гэрээнд Д.А өмнөөс нь зурсан зүйл огт байхгүй юм.
Түүнчлэн хариуцагч Л.Н нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “хүргэн Б.А нь К банкинд бага хүүтэй, урт хугацаатай зээл авмаар байгаа боловч өөрт нь барьцаа хөрөнгө байхгүй учраас зээл авч чадахгүй байна гэсэн. Ингээд Б.А нь зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцна, санаа зоволтгүй хугацаанд нь төлөөд дуусгана, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурахад л болно гэхээр нь итгээд өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар болсон. Гэтэл Б.А намайг хууран мэхэлсэн байна” гэх боловч энэ нь зөвхөн хариуцагч Л.Нийн гаргасан тайлбар болохоос биш үүнийг нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар хөрөнгөө барьцаалуулахыг Л.Н нь өөрөө зөвшөөрсөн болохоос хэн нэгэн хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн зүйл байхгүй байх тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу Л.Нийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнээс гадна зээл олгохын тулд банк Б.Атай тохиролцсон зүйл байхгүй.
Иймд хариуцагч Л.Нийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн зарцуулалтын талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хийсэн. Үндсэн зээлдэгч Л.Н нь зээлийн үр шимийг хүртсэн атлаа Баянгол дүүгийн шүүхэд зээлийн эх үүсвэрээр авсан өөрсдийн малын өвс тэжээл, ажлын хөлсийг надаас нэхэмжилсэн, түүгээр ч зогсохгүй Хүү н.Баттогтох нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээлийн барьцаанд тавьсан 43-55 УНӨ авто машины төлбөрийг надаас нэхэмжилсэн.
Шүүх тухайн үед нь автомашины төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн буцаасан. Бусад нэхэмжлэлийг 102/ШШ2018/00681 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ бүгдээс харахад надад мэхлүүлсэн мэтээр ярьж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрсдийн авсан зээлийнхээ гэрээг цуцлах гэж байгаа нь эсрэгээрээ өөрсдөө залилан хийж байна. Өмнөх шүүхийн шийдвэрийг нотлох материалд хавсаргасан болно. Уг шийдвэрт зээлийн мөнгөөр авсан малыг Л.Н өөрсдийн хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсөн. Одоо ч өөрөө үр шимийг нь хүртээд явж байгаа.
Ирээдүйд бидний /Л.Нийн охин болон миний бие/ амьдрал салж, сарнина гэж яаж мэдэх билээ. Гэр бүлийн дотор болж буй бүх асуудлаа хамтдаа ярилцаж шийдвэрлэдэг байсан. Тэр тусмаа шарсан төмсний төсөл бичихдээ Л.Нийг хүнсний үйлдвэрт ажиллаж байсных нь хувьд олон зүйлийг асууж, тодруулж, хоорондоо ярилцсан болно. Харин өнөөдөр юу ч мэдээгүй мэтээр ярьж явна. Барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрээгүйгээс анх батлагдсан зээлийг дутуу авсан тул өөр зүйл хийхээр хамтын шийдвэр гаргасан. Зээлийн зарцуулалтыг нотлох материалд хавсаргасан болно.
Тухайн үед би хүргэн нь байсан түл зээлийг 2017 оны 10 сар хүртэл төлсөн, энэ хугацаанд Л.Н нь 2 сарын зээлийн төлбөр төлсөн болно. Тиймээс хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөх хэрэгтэй. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр н.Нэргүй бид 2-ын гэр бүл цуцлуулах шүүхийн шийдвэр гарахад охин н.Нэргүйд нь би 2 хүүгээ бодоод бүх зүйлээ чамд өглөө, Л.Нийн зээлийг 3 сар төлж өгнө, цааш нь өөрсдөө үргэлжлүүлээд төлөхөөр аман байдлаар тохиролцсон болно.
Гэтэл намайг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн энэ зээлийн талаар огт мэдээгүй мэтээр ярьж байгаагаас харахад юу ч гэж худал ярихад бэлэн байгааг илтгэнэ. Миний бие зээлийн анкетыг бөглөхөд нь тусалсан. Харин бусад барьцаа хөрөнгийн баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах зэрэг бүхий л үйл явцад Л.Н өөрөө оролцсон.
Л.Н нь насанд хүрсэн эрүүл, саруул иргэн, ямар бичиг баримтад яах гэж гарын үсэг зураад байгаагаа мэдэхгүй, хууран мэхлэгдсэн гээд байгааг зөвшөөрөхгүй.
Наториатч дээр н.Жаргал очсон эсэхийг мэдэхгүй, эдгээр гэрээнд гарын үсэг зур гэж хууран мэхэлсэн, ятгаж шахсан, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Л.Нийн өмнөөс ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зураагүй.
Зээлийн гэрээний дагуу мөнгийг банкны дансанд шилжүүлснийг хүлээн авч, өөрсдийн амьдрал ахуйд хэрэглэсэн мөртлөө уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй.
Иймд Б.Нийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч Л.Н, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.989.393,52 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8.202.837,52 төгрөг болгон нэмэгдүүлсэн,
Хариуцагч Л.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “К банк” ХХК-тай байгуулсан ЗГ-03 тоот зээлийн гэрээ болон БГ-03 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4355 УНӨ улсын дугаартай Соната 5 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, бусад шаардлагаа дэмжсэн болно.
Хариуцагч Л.Н нь зээлийн гэрээгээр тохиролцсон хөрөнгө болох 13.300.000 төгрөгийг хүлээн аваагүй, зээл хүссэн өргөдөлд гарын үсэг зураагүй, зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй тул зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, зөвхөн Б.Аын хөрөнгө барьцаалж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу ноцтой төөрөгдлийн улмаас гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг Б.А авч зарцуулсан, зээлийн гэрээний үндсэн зээлдэгч биш тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй гэж,
Хариуцагч Б.А нь зээл авах хүсэл зоригоо илэрхийлж банкнаас зээл хүссэний үндсэн дээр хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн эргэн төлөлтийг хийж байсан тул үлдэх төлбөрийг төлөхгүй гэж,
Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч Л.Н, Б.А нартай 2015.01.07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 13.300.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу дансаар хүлээлгэн өгсөн, хүчин төгөлдөр зээлийн болон болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлтэй гэж,
Зээлийн гэрээний дагуу хөрөнгийг Л.Нт хүлээлгэн өгсөн тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“К банк” ХХК, зээлдэгч Л.Н, хамтран зээлдэгч Б.А нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ-03 тоот зээлийн гэрээгээр, 13.300.000 төгрөгийг, сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, 60 сарын хугацаатай, “жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээл” зориулалттай зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлөлтийн талаарх дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
Уг зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “зээлдэгчийн хамтран зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн зээлийн үүргээ гэрээний хавсралт 5-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрөө гүйцэтгэхээ үүгээр баталж байна” гэснээс үзэхэд хамтран зээлдэгч нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэх, зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй байхаар тохиролцож, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.А оролцжээ.
/хх-ийн 7-11 дүгээр тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч Л.Н, Б.А нар нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Л.Нийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж, 1072 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644316028016 дугаартай, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалтаар эзэмших эрхтэй газар, мөн хаягт байршилтай, Л.Н, М.Жаргал нарын хамтран өмчлөх, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204045394 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай, хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Соната 5 маркийн 43-55 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж, №БГ-3 тоот барьцааны гэрээ байгуулсан байна.
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн барьцааны №БГ-03 тоот гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 11-352518 тоот барьцаалбар үйлдэж, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.
/хх-ийн 12-18 дугаар тал/
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д :”Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасны дагуу Л.Нийн амины хашаа зориулалтаар 5 жилийн хугацаатай 700 м.кв газрын №000414207 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэлд барьцаалагчийн нэр хэсэгт “К банк”, 2015.01.15 гэх тэмдэглэлээс үзэхэд талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан №БГ-03 тоот барьцааны гэрээ бүртгэгдэж, тэмдэглэл хийлгэсэн гэж үзэхээр байна.
/хх-ийн 17 дугаар тал/
Зээлдүүлэгч К банк нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.9-д :”Банк зээлдэгчийн 2002016880 тоот харилцах дансанд зээлийн эх үүсвэрийг шилжүүлсэн өдрөөс эхлэн гэрээний дагуу хэсэгчлэн авсан болон нийт авч ашиглаж буй зээлийг олгосонд тооцон гэрээнд заасан хувиар зээлийн хүүг тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Л.Нийн дээрх дансанд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээгээр тохиролцсон 13.300.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн өдөр уг данснаас хамтран зээлдэгч Б.А 13.299.850 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн болох нь тус банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байгаагаас үзэхэд зээлдүүлэгч хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ.
/хх-ийн 47 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д :”Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн байхыг шаардах бөгөөд ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгчээс шаардах эрхтэй.
Түүнээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцжээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд “К банк” ХХК, Л.Н, Б.А нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 235 дугаар зүйлийн 235.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Л.Н, Б.А нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч нараас шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох” эрхтэй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “К банк” ХХК болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч Л.Н, Б.А нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 6.128.058,67 төгрөг, хүүд 2.105.409,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.032,15 төгрөг, нийт 8.235.500 төгрөгийг зээлдүүлэгчид эргүүлэн төлсөн, үүнээс Л.Н нь 2016 оны 9,10 дугаар сарын эргэн төлөлтөд 575.797 төгрөг төлсөн,
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчигдсөн болон нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлд 7.171.941,33 төгрөг, үндсэн хүүд 859.080,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 171.816,03 төгрөг, нийт 8.202.837,52 төгрөг нэхэмжилсэн тооцооллын талаар зохигч маргаагүй болно.
Зээлдэгч, хамтран зээлдэгч нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.11-д тус тус зааснаар хугацаанаас өмнө цуцлахаар шаардсаныг Л.Н, Б.А нар зөвшөөрч байх тул гэрээг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр цуцалсанд тооцох нь үндэслэлтэй.
Талууд байгуулсан зээлийн гэрээгээ 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тооцон цуцалж байх тул мөн өдрөөр тооцон гэрээний үүргийг дуусгавар болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн зээл 7.171.941,33 төгрөг, үндсэн хүү 859.080,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.816,03 төгрөг, нийт 8.202.837,52 төгрөг нэхэмжилсэн тооцооллын талаар маргаагүй боловч тэдний зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг дараах байдлаар тооцох нь аль аль талын эрх ашигт нийцнэ гэж үзэв.
Талууд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №БГ-03 тоот барьцааны гэрээнд 4355 УНӨ улсын дугаартай Соната 5 маркийн автомашины үнэлгээг 3.500.000 төгрөгөөр тохиролцож тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан агуулгыг тусгасан байх боловч уг барьцааны гэрээгээр барьцаалсан гэх автомашин нь барьцаалагч буюу “К банк” ХХК-ийн өөрийнх нь өмчлөлд бүртгэлтэй, улмаар өөрийн өмчлөлд бүртгэлтэй автомашинуудыг өөртөө барьцаалсан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
/хх-ийн 18 дугаар тал/
Өөрөөр хэлбэл дээр дурдсан гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Фидуцийн гэрээний шинжийг агуулж байна гэж үзэхээр байх бөгөөд “К банк” ХХК нь 4355 УНӨ улсын дугаартай, Соната 5 маркийн автомашины үнийг 3.500.000 төгрөгөөр тооцон өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх бөгөөд уг үнийг зээлийн гэрээний үүргийн дүнгээс хасч тооцоогүй байх тул уг үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.171.941,33 төгрөг, үндсэн хүү 859.080,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.816,03 төгрөг, нийт 8.202.837,52 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4355 УНӨ улсын дугаартай, Соната 5 маркийн автомашины үнэ болох 3.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 4.702.838 төгрөгийг хариуцагч Б.А, Л.Н нараас гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Л.Нийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж, 1072 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644316028016 дугаартай, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалтаар эзэмших эрхтэй газар, мөн хаягт байршилтай, Л.Н, М.Жаргал нарын хамтран өмчлөх, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204045394 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай, хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Л.Н, Б.А нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Л.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “К банк” ХХК-тай байгуулсан ЗГ-03 тоот зээлийн гэрээ болон БГ-03 тоот барьцааны гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “К банк” ХХК, хариуцагч Б.А нар зээлийн болон барьцааны гэрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, зээлийн хөрөнгийг зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн, хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Л.Нийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“К банк” ХХК, зээлдэгч Л.Н, хамтран зээлдэгч Б.А нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ-03 тоот зээлийн гэрээгээр, 13.300.000 төгрөгийг, сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, 60 сарын хугацаатай, “жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээл” зориулалттай зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлөлтийн талаарх дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т:”Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 40.2-т:”Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж заажээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнээс үзэхэд талууд уг гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан шаардлага хангасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзнэ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “К банк” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13.300.000 төгрөгийг Л.Нийн тус банк дах 2002016880 тоот харилцах дансанд шилжүүлсэн, мөн өдөр хамтран зээлдэгч Б.А уг данснаас 13.299.850 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн болох нь тус банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байгаагаас үзэхэд зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон хөрөнгийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан шаардлагыг хангаж, мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
Л.Н нь зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд Б.Аын хөрөнгө барьцаалж байгаа учир гэрээнд гарын үсэг зурах ёстой гэх шаардлагаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн хөрөнгийг бэлнээр хүлээн аваагүй, Б.А хуурамч бичиг баримт банкинд бүрдүүлэн өгсөн, хамтран өмчлөгч М.Жаргалаар бус өөр хүнээр гарын үсэг зуруулсан, миний өмнөөс хуурамч гарын үсэг зурсан, хууран мэхэлж үндсэн зээлдэгчээр бүртгүүлсэн, дээрх гэрээнээс гарах үр дагавар буюу хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тул зээлийн болон барьцааны гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж тайлбарласан боловч энэхүү үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Энэ хариуцагч Л.Нийг өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
Түүнээс гадна Л.Н нь ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэдгийг 2016 оны 9,10 сард зээлийн эргэн төлөлт хийх үеэс, мөн Б.А зээлийн эргэн төлөлт хийхгүй болсон үеэс 2017 оны 11 сараас мэдсэн гэх боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар энэ байдлыг гэрээний нөгөө тал буюу “К банк” ХХК-д мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00681 тоот шийдвэрээр Л.Нийн “К банк” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Б.Ааас шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
/хх-ийн 69-70 дугаар тал/
Дээр дурдсан байдлаас үзэхэд Л.Нийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “К банк” ХХК-тай байгуулсан ЗГ-03 тоот зээлийн гэрээ болон БГ-03 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д:”хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн”, 58.2.2-т:”хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тохиолдолд” ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Л.Нийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “К банк” ХХК-тай байгуулсан ЗГ-03 тоот зээлийн гэрээ болон БГ-03 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3,116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Н, Б.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 4.702.838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Кадитал банк“ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Нийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “К банк” ХХК-тай байгуулсан ЗГ-03, БГ-03 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь Соната-5 маркийн 43-55 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталсугай.
4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Н, Б.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
Л.Нийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж, 1072 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18644316028016 дугаартай, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалтаар эзэмших эрхтэй газар, мөн хаягт байршилтай, Л.Н, М.Жаргал нарын хамтран өмчлөх, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204045394 дугаарт бүртгэгдсэн, 60 м.кв талбайтай, хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Л.Н, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 160.396 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275.150 төгрөг, хариуцагч Л.Нээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441.500 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ