| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0082/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/86 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/86
2022 06 30 2022/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга О.Анхтуг,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч Б.Амарсанаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт Баатарын Амарсанаад холбогдох 2229000000060 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Энержи ресурс ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 6, Эхнэр, хүү, бэр, 2 ачийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо 54 дүгээр байр 5 тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Мянган овогт Баатарын Амарсанаа, /РД:РЭ69093015/,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Амарсанаа нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-ний тусгаарлах байранд С.Сэргэлэнбаатартай маргалдаж толгой хэсэгт архины шилээр цохиж, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан хураа, тархины эдийн няцрал, зүүн зулай-дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч Б.Амарсанаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Цаашид нөхөн төлбөрийг баримтын дагуу төлнө гэж бодож байна гэв.
Улсын яллагч Т.Солонго шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Амарсанаа нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-ний тусгаарлах байранд С.Сэргэлэнбаатартай маргалдаж толгой хэсэгт архины шилээр цохиж, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан хураа, тархины эдийн няцрал, зүүн зулай-дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хохирогч С.Сэргэлэнбаатарын мэдүүлэг, Гэрч Л.Пүрэвням, Гэрч П.Мөнхбаяр, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт, Яллагдагч Б.Амарсанаа нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Амарсанаа нь хохирогч С.Сэргэлэнбаатарт хохирол төлбөрт 2,910,000 төгрөг төлсөн болно” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүгдэгчийн гэм бураагийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Амарсанаа нь үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч С.Сэргэлэнбаярын тархин тус газар архины шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан байдаг. Тухайн хэргээс болж хохирогчид хүнд гэмтэл учруулсан хохирогчийн хараа сонсгол муудсан гэж биеийн байдал тогтворгүй байгаа. Хохирол төлбөр бүрэн барагдаагүй энэ талаар баримт бүрдүүлээгүй. Шүүгдэгч Амарсанаа учирсан хохирол төлбөрийг нь төлнө өгнө гэж өдийг хүртэл явснаас болоод хохирол төлбөр төлөгдөөгүй байдалд хүрсэн. Тухайн хэргийг үйлдсэн нь нотлогдож байгаа хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй байгаа. Харин хохирогчийн нүдний хараа цаашид муудах эрсдэлтэй учраас цаашид гарах эмчилгээний зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Амарсанаа нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-ний тусгаарлах байранд С.Сэргэлэнбаатартай маргалдаж толгой хэсэгт архины шилээр цохиж, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан хураа, тархины эдийн няцрал, зүүн зулай-дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал:
Хохирогч С.Сэргэлэнбаатарын “...2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цагиийн үед байсан байх Энержиресурс ХХК-ний тусгаарлах байранд хамт ажилладаг Амарсанаагийн хамт хоёулаа 0.75 литр хэмжээ бүхий нэг шил архи хувааж уугаад сууж байсан Амарсанаатай юм яриад сууж байсан чинь тэр надад хандаж чи яагаад чанга дуугараад байгаа юм бэ гэж асуухаар нь би дуугаа чамаар хориулахгүй гэж хэлсэн чинь гөлөг минь ална шүү гэж хэлээд босч ирээд миний толгой хэсэг рүү хатуу зүйлээр цохисон тэгээд ухаан орсон чинь түргэн тусламж ирсэн байсан. Намайг аваад Цогтцэций сумын эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн.Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод ирсэн...Миний толгой руу архины шилээр цохисон юм байна лээ энэ талаар би дараа нь Амарсанаагаас мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Гэрч Л.Пүрэвнямын “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Энержиресурс ХХК-ний кемпийн тусгаарлах байрны гадна талын хашаа барьж байгаад би амрах өрөөндөө яваад ортол амрах өрөөнд С.Сэргэлэнбаатар, Б.Амарсанаа хоёр нэг шил архи ууж байсан архи нь дуусах гэж байсан.Тэгээд тэр хоёр ууж байсан архинаасаа надад хийгээд өгөхөөр нь би амсаж өгөөд орон дээрээ гараад гар утсаараа юм үзээд хэвтэж байтал С.Сэргэлэнбаатар, Б.Амарсанаа хоёр хоорондоо юм ярьж байхдаа чи ямар чанга ярьдаг юм бэ жоохон зөөлөн яриач гээд байсан.Тэгтэл гэнэт пижигнээд явчихаар нь хартал С.Сэргэлэнбаатар орон дээрээ толгойгоо гараараа дараад хэвтээд өгсөн.Тэгтэл амрах өрөөнөөс Б.Амарсанаа гараад явчихсан.Тэгээд С.Сэргэлэнбаатар дээр юу болсон талаар асуухад миний толгой өвдөөд байна гээд хэлэхээр нь би Энержиресурс ХХК-ний эмч болон хариуцсан хүмүүст хэлээд эмч ирж өвчин намдаах тариа хийгээд байж байгаад Цогтцэций сумын нэглсэн эмнэлэг рүү С.Сэргэлэнбаатар гэдэг хүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Гэрч П.Мөнхбаярын “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Амарсанаа нь С.Сэргэлэнбаатарын эрх чөлөөнд нь халдсан талаар мэдээлэл ирж Энержиресурс ХХК-ний эмч үзээд Цогтцэций сумын нэгдсэн эмнэлэгт С.Сэргэлэнбаатарыг хүргүүлж үзүүлээд яаралтай Улаанбаатар хот явуулах шаардлагатай гэж эмч нар хэлээд Улаанбаатар хот руу С.Сэргэлэнбаатарыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлэхээр Энержиресурс ХХК-ний эмч авч яваад гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлсэн гээд хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 222 дугаартай “...С.Сэргэлэнбаатарын биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархины эдийн няцрал зүүн зулай-дагз хэсгийнэ зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39-р тал/,
Яллагдагч Б.Амарсанаагийн “...Би 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд байдаг кемп дээрээ С.Сэргэлэнбаатар бид хоёр нэг шил хараа нэртэй архи хувиааж ууж байгаад бид хоёр маргалдаж байгаад би С.Сэргэлэнбаатар гэдэг хүний толгой тус газарт нь шилээр нэг удаа цохисон юм. С.Сэргэлэнбаатар бид хоёрын хооронд нэг нэгэндээ өс хонзон санаж бодож явсан зүйл байхгүй бид хоёр урьд өмнө нь нэг газарт хамт 16 жил хамт ажиллах хугацаанд нэг удаа ч маргалдаж байсан удаа байхгүй.Бид хоёр гэр цагаан сараар гэр бүлээрээ орж гарч явдаг найзууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс шүүхийн хэлэлцүүлэгийн өмнө гаргаж өгсөн 10 хуудас хохиролтой холбоотой баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан боловч өмгөөлөгч хохирол төлбөртэй холбоотой баримтуудаасаа татгалсныг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч С.Сүхбаатар нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаараа бичгээр хүсэлтээ 2022 оны 06 сарын 28-ны өдөр ирүүлснийг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Амарсанаа нь чанга дуугарлаа гэх үл шалтгаанаар хохирогч С.Сэргэлэнбаатарын толгойн тус газар архины шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Амарсанаа нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг байдлаар тухайн гэмт гэмт бүрэн нотлогдож байна гэж дүгнэв.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Амарсанааг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Амарсанаа нь хохирогч С.Сэргэлэнбаатарт хохирол төлбөрт 2,910,000 төгрөг төлсөн. Хохирогч С.Сэргэлэнбаатар нь хохирол төлбөр, эмчилгээний зардлын талаар шаардлага хангасан нэг ч баримт ирүүлээгүй, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө гаргаж өгсөн хохиролтой холбоотой 9 баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тул цаашид гарах эмчилгээний зардал болон хохирол нэхэмжлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нээлттэй үлдээж өгөх санал гаргасныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Амарсанаа нь үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Амарсанаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Сэргэлэнбаатар нь хохирол төлбөрт 2,910,000 төгрөг авсан ба шүүгдэгч Б.Амарсанаа нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан дүгнэлтдээ: “…Тухайн хэргээс болж хохирогчид хүнд гэмтэл учруулсан хохирогчийн хараа сонсгол муудсан гэж биеийн байдал тогтворгүй байгаа. Хохирол төлбөр бүрэн барагдаагүй энэ талаар баримт бүрдүүлээгүй. Шүүгдэгч Амарсанаа учирсан хохирол төлбөрийг нь төлнө өгнө гэж өдийг хүртэл явснаас болоод хохирол төлбөр төлөгдөөгүй байдалд хүрсэн. Тухайн хэргийг үйлдсэн нь нотлогдож байгаа хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй байгаа. Харин хохирогчийн нүдний хараа цаашид муудах эрсдэлтэй учраас цаашид гарах эмчилгээний зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Харин хохирогчийн өмгөөлөгч хохирол төлбөрийг төлөөгүй гэж байгаа ч хэрэгт хохирол төлбөр, хохирогч С.Сэргэлэнбаатарын эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримт байхгүй, ирүүлээгүй тул өмгөөлөгчийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мянган овогт Баатарын Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Амарсанааг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Амарсанаад оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Сэргэлэнбаатарт 2,910,000 төгрөг төлсөн. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА