Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/483

 

 

 

 

 

 

 

   2022         04          01                                       2022/ШЦТ/483

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 2106 00000 2350 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Түшээгүн овогт Бат-Эрдэнийн Б, Монгол Улсын иргэн, Орхон аймагт 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 68 тоотод оршин суух, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн урд талын зам дагуу байрлуулсан иргэн В.Ганболдын эзэмшлийн хар өнгийн Рэнж ровер маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрлийг нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол гаргасан баримт /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  В.Ганболдын өгсөн: “... Миний бие 2002 онд үйлдвэрлэгдсэн Рэнж ровер машиныг 2020 онд дүүгээсээ авч байсан бөгөөд сүүлд 2021 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн урд зогсоол дээр өөрийн Рэнж ровер машиныг байрлуулаад тавьсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа явах гээд гараад явж байтал миний машины арын 2 ширхэг гэрлийг бүхлээр нь тайлаад аваад явсан байсан... Машины чанх урд дэлгүүрийн камер байсан бөгөөд би өөрөө шүүж үзэхэд 2 эрэгтэй хүн ирээд шууд миний машины арын гэрлийг аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Төрбатын өгсөн: “... Би 2021 оны 10 сарын 05-ны орой Хан-Уул дүүрэгт гэртээ байж байтал Б гэх найз маань манай гэрт 23 цагийн үед ирээд гадуур салхилъя гэсэн бөгөөд Зайсан толгойн зогсоол орчхоод Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн урд зам дээр хар өнгийн Рэнж ровер маркийн машин дээр 01 цагийн үед ирсэн бөгөөд Б юм харчхаад ирье гээд машинаас буусан бөгөөд би хар өнгийн “Би Эм Би” икс-5 маркийн машин дотор охинтойгоо утсаар яриад байж байсан. Тэгээд Б гарсны дараа араас нь харахад Б тухайн Рэнж ровер машины арын гэрлийг хөдөлгөж байсан бөгөөд “юу хийгээд байгаа юм бэ” гэсэн чинь з”үгээрээ, зогсчихсон машин байгаа юмаа” гээд байсан. Тэгээд хэлээд болохгүй болохоор нь “хүн байна” гэж хэлсэн чинь сандраад шууд тэр гэрлийг нь салгаад аваад явсан. Тэгээд машин дотор орж ирээд “мөнгөөрөө худалдаж аваач” гэсэн чинь “за за “гээд өнгөрсөн. Тэгээд би гэртээ буусан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнхжаргалын өгсөн: “... Миний бие 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр найз охин болон бас нэг найзынхаа хамт кино театрт кино үзчихээд гараад явж байтал Билгүүн гэх найз маань над руу 99535755 дугаарын утаснаас залгаад “хөгшөөн машинаа өгч байгаач, нэг юманд явчхаад ирье” гэж хэлээд аваад явсан. Тухайн үед цаг ойролцоогоор 22 цаг болж байсан. Миний машиныг хэзээ авч ирснийг нь мэдэхгүй байна. Билгүүн зуурмагийн компанитай, тэндээсээ бартераар машин тэрэг аваад байдаг юм шиг байна лээ. Одоо Рэнж ровер маркийн машин унаж байгаа...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.19/,

“Дамно” ХХК-н 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БЗ1-21-1025 дугаартай дүгнэлт /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий яллагдагчаар өгсөн: “Намайг ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг сайн ойлгож, хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед Төрбат миний машинд утсаа оролдоод сууж байсан бөгөөд би Рэнж ровер маркийн машины баруун хойд талын гэрлийг сугалж аваад машины хойд талын суудлын урд хэсэгт тавьсан. Тэгэхэд Төрбат надаас “юу хийгээд яваад байгаа юм” гэхээр нь “юу ч биш” гэж хэлээд хэсэг сууж байгаад буцаад машинаас буусан. Тэр үед Төрбат намайг машины гэрэл авсныг мэдээгүй байсан бөгөөд би буугаад нөгөө гэрлийг нь авах гэж байхад Төрбат “юу хийгээд байгаа юм, яах гэж байгаа юм” гэхээр нь “байж бай” гэж хэлээд гэрлийг татсан. Тэр үед чимээ гарсан бөгөөд Төрбат “хөөе чи хугалчхаж байгаа юм уу, хүн ирж байна” гэж хэлэхээр нь би тэр гэрлийг татахад мултраад гараад ирсэн. Тэгээд би тэр чигээр нь гэрлийг аваад машинд суугаад явсан” гэх мэдүүлэг /хх.39/,

Б.Бий иргэний үнэмлэхийн хуулбар /хх.28/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.29/,

Хохирогч В.Ганболдын нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.27,43/,

Б.Бий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.45/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.47/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн урд талын зам дагуу байрлуулсан иргэн В.Ганболдын эзэмшлийн хар өнгийн “Рэнж ровер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрлийг нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн урд талын зам дагуу байрлуулсан иргэн В.Ганболдын эзэмшлийн хар өнгийн “Рэнж ровер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрлийг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Рэнж ровер маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрэл 1.100.000 төгрөг”-өөр үнэлгээ гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.Б нь хохирогч В.Ганболдын эзэмшлийн хар өнгийн “Рэнж ровер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрлийг хулгайлан авч түүнд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эзэмшлийн эзэмшлийн хар өнгийн “Рэнж ровер” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг гэрлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинбат нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”” гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Хохирогч В.Ганболд нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Бийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг танилцуулж, Б.Б нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түшээгүн овогт Бат-Эрдэнийн Бийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ