Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

 

  

Д.А, Э.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Д.А, Э.Х, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.А, Э.Х нарт холбогдох эрүүгийн 1808038601368 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Д.А, Э.Х нар бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 64 дүгээр гудамжинд иргэн Ц.Одбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.А, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "гэмт хэрэг гарсан байдал"-ыг мөрдөгч бүрэн тогтоосон гэхэд эргэлзээтэй болсон.

Өөрөөр хэлбэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 64 дүгээр гудамжны 02 тоот хашааны үүдэнд үүссэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлийг шалгахад тухайн цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь тус дүүргийн 64 дүгээр гудамжны 16 тоотын цагаан өнгийн байшингийн орчмоос эхэлж дусал үүсгэсэн болох нь тогтоогдож байна. Мөн хэрэг учрал болсон цаг хугацаанд байсан гэрч нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй буюу мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.Нанзадын мэдүүлэгтэй бусад гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй байна.

Нөгөө талаар хохирогч Ц.Одбаяр, гэрч М.Мөнхбаярын нарын мэдүүлэгт дурдагдсан Ууганаа гэгч нь гэмт хэргийн эх сурвалжийг зааж анхдагч мэдүүлэг өгөх, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялган шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан эсэхийг тодорхойлох боломжтой эх сурвалж байхад тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй байх тул тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг минутыг тогтоож, тухайн дуудлага мэдээлэл дээр ажилласан цагдаагийн алба хаагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай.

Иймд  шүүгдэгч нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.А, Э.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Н.Ундрах эсэргүүцэлдээ: “...Прокуророос дараах үндэслэлээр шүүхийн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дараах нотлох баримтуудаар Э.Х, Д.А нар нь  хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзнэ. Хохирогч Ц.Одбаярын "Намайг цохиж зодсон байхад хамт байсан хүмүүс 2 залуу хүүхэд байсан гэж хэлсэн. Дээрх гэмтлийг сүүлд нэрийг нь мэдсэн Адъяа, Хүрэлтулга хоёр зодож учруулсан гэмтэл байна" гэсэн мэдүүлэг /хх 4-7/, гэрч М.Нанзадын "Хашааны урдуур цагаан хувцастай, бараан хувцастай 2 хүн өнгөрөөд явсан, манай урдуур өнгөөд явсан 2 залуу буцаж ирээд цагаан хувцастай нь нөгөө сууж байсан хүний нүүр хавьд өшиглөтөл хамт явсан бараан хувцастай нь нөгөө залуугийн дээрээс хэд хэд дэвсээд авсан" гэсэн мэдүүлэг /хх 10-13/, гэрч А.Ганчимэгийн "Баяраа ахыг тэр 2 залуу дээрээс нь дэвсээд өшиглөөд байсан" гэсэн мэдүүлэг /хх 14-15/, гэрч М.Мөнхбаярын "Одбаяр өөдөөс нь үг сөрж байгаад хашааны гадаа зодуулсан гэдгийг Ууганаа надад ирж хэлсэн. Одбаярыг тэд нар зодуулж байхыг хараагүй, түрүүлээд явцгаачихсан. Одбаяр үлдээд хойноос нь гарч яваад хашааны гадаа зодуулсан байсан" гэсэн мэдүүлэг /хх 22/, шинжээч эмч О.Болороогийн "Хүнд гэмтэл тархины баруун чамархайн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт бүхий гэмтэл нь хүнд, харин доод уруулын шарх гэмтэл нь хөнгөн гэмтэлд орно. 2 удаагийн мохоо хөнгөн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаа унах үед 2 гэмтэл үүсэх боломжгүй" гэх мэдүүлэг /хх 29-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10664 дугаартай "Ц.Одбаярын биед тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, доод уруулын шарх гэмтэл, цусан хурааг авах, идээт нэвчээсийг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэсэн дүгнэлт /хх 26-27/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 90-92/, яллагдагч Д.Агийн хэргээ хүлээн мэдүүлсэн "Ц.Одбаярын шанаанд нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон, өөр нэмж цохиж зодоогүй. Шинжээчийн 10664 дугаартай дүгнэлтээр Ц.Одбаярын биед учирсан гэмтлийг би нэг цохиж байхдаа учруулсан гэмтэл байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх 41-44/, яллагдагч Э.Хүрэлтулгын хэргээ хүлээн мэдүүлсэн "Би хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх 49-52/, хохирогч Ц.Одбаярын мэдүүлгийг шалгасан тэмдэглэл /хх 94/, гэрч М.Нанзадын мэдүүлгийг шалгасан тэмдэглэл /хх 127-129/, хохирогч Ц.Одбаярт Э.Х, Д.А нараас хохиролд 7 сая төгрөгийг төлсөн баримт /хх 126/ зэрэг нотлох баримтууд мөрдөн байцаалтын шатанд авагдсан байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Нанзад "Цагаан цамцтай хүн ирээд 2-3 удаа өшиглөсөн, араас нь бараан хувцастай залуу ирээд өшиглөсөн. Царайг нь харж чадаагүй. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирэх үед хохирогч Ц.Одбаяр цохиулсан газраа хэвтэж байсан. Босоогүй байсан. Цагдаа нар түргэний эмчийг дуудаад түргэний эмч аваад явсан" гэж мэдүүлсэн, шинжээч О.Болор "Гэмтлийн зэрэг тогтоох журамд нэг хүний биед олон тооны гэмтэл байвал аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтоодог, баруун чамархайн зулайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлийг тухайн хэсэг газарт хэд хэдэн удаа хүч үйлчилсний улмаас үүсч болно. Доод тал нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг цэгт 2-3 удаа өшиглөхөд үүсэх боломжтой" гэж мэдүүлсэн, шүүгдэгч Э.Х, Д.А нар нь шанаа хэсэгт цохисон, мөн цагаан өнгийн болон бараан хувцастай явсан, хохирогч хашааны гадаа байсан талаараа мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хохирогч Ц.Одбаяр нь гэрч М.Нанзадын хашаа болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 64 дүгээр гудамжны 02 тоот хашааны үүдэнд зодуулсан газраа шууд ухаан алдсан, түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн. Хэрэг үйлдэгдэх үед хашааны гадна хохирогч Ц.Одбаяр, гэрч М.Нанзад, яллагдагч Э.Х, Д.А нараас өөр хүмүүс байгаагүй болохыг хэргийн оролцогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг...бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ", 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж хуульчилсан байна. Д.А, Э.Х нар нь хохирогч Ц.Одбаярын бие, эрх чөлөөнд нь халдан, нэгдмэл санаа зорилготойгоор бүлэглэн хүч хэрэглэсэн болох нь хангалттай тогтоогдсон болно.

Хохирогч Ц.Одбаяр, гэрч М.Мөнхбаяр нарын мэдүүлэгт дурдагдсан Ууганаа гэгчийг гэмт хэргийн эх сурвалжийг зааж анхдагч мэдүүлэг өгөх, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялган шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан эсэхийг тодорхойлох боломжтой эх сурвалж байхад тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Хохирогч Ц.Одбаярыг тус дүүргийн 64 дүгээр гудамжны 02 тоот хашааны гадна зодуулж байхыг гэрч М.Нанзад, 16 тоот хашаанд зодуулсан болохыг гэрч А.Ганчимэгийн мэдүүлэг, хохирогчийн өөрийн мэдүүлэг, шинжээч эмч О.Болорын мэдүүлэг, шинжээчийн 10664 дугаартай дүгнэлт, Ц.Одбаяр болон М.Нанзад нарын мэдүүлэг шалгасан тэмдэглэл зэрэг баримтууд, Д.А, Э.Х нар нь хохирогч Ц.Одбаярыг цагаан болон бараан хувцастай Д.А, Э.Х нар зодож хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг шинжлэн судлуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Нөгөөтэйгүүр гэрч М.Мөнхбаяр нь "Ууганаа гаднаас маргааш өглөө нь орж ирээд танайхаас өчигдөр орой хөөгдөөд бүгд гарсан, харин Одбаяр үлдсэн харав уу гэж асуусан. Одбаяр үлдээд зодуулсан байх гэж хэлсэн. Одбаярыг тэд нар зодуулж байхыг хараагүй, түрүүлээд явцгаачихсан" гэж мэдүүлсээр байтал Ууганаагаас гэрчээр мэдүүлэг авах нь хэргийн зүйлчлэл болон хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

Мөн дуудлага мэдээлэл дээр ажилласан цагдаагийн алба хаагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй байна. Учир нь, зодуулсан гэх цаг хугацаанд цагдаагийн алба хаагч нарт хохирогч Ц.Одбаярыг зодуулж байхыг нүдээр хараагүй, хэрэг үйлдэгдсэний дараа ирсэн байх тул тэдгээр цагдаагийн алба хаагч нараас гэрчээр мэдүүлэг авах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

Хохирогч Ц.Одбаярт учирсан гэмтэл нь амь биед аюултай гэмтэл бөгөөд шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр шинэ гэмтэл болох нь тогтоогдсон, уг гэмтэл нь шүүгдэгч Э.Х, Д.А нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэснийг шүүх удирдлага болгон хэрэгт цугларсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Э.Х, Д.А нарын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Шүүх гэрч нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй буюу мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.Нанзадын мэдүүлэгтэй бусад гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж дүгнэсэн боловч гэрч М.Нанзадын мэдүүлэг нь бусад гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгтэй яг ямар байдлаар зөрүүтэй байгаа үндэслэлээ тайлбарлаж чадаагүй нь шүүхийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгаа тусгаж чадаагүй гэж үзнэ.

2. Шүүх дараах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шүүх хурлын тэмдэглэл болон хэргийн материалтай танилцахаар шүүхэд хүрэлцэн очиход:

"Шүүх хуралдааны тов" тогтоосон захирамж үйлдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн атал хэлэлцүүлгийн тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргаагүй, уг тэмдэглэлийг прокурор, оролцогчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг, урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж үйлдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн. Энэ талаар "Прокурорын тайлбар" бичиж шүүгчийн туслахад хүлээлгэн өгч хэргийн материалд хавсаргуулсан болно. Шүүхийн тогтоолд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар дурьдаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгосон нь 36.2 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн тогтоолыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр буюу 65 хоногийн дараа ирүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Д.А, Э.Х нарын үйлдсэн хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирогч Ц.Одбаярт учирсан гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Э.Х нь хохирогч Ц.Одбаярт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шүүгдэгч нар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нар зүй бус харилцааг зогсоох зорилготой байсан нь харагддаг. Тухайн үед 4 эрэгтэй, нэг эмэгтэй байсан байдаг. Тэр хүмүүс дотор боксчин гээд нэг залуу байсан. Боксчин гэх залуу эхлээд шүүгдэгч нарыг цохисон. Шүүгдэгч нар цохиулсан учраас зодооныг болиулах гэж боксчин залуутай маргалдсан байдаг. Гэтэл боксчин залуу эсэргүүцэл үзүүлж шүүгдэгч нартай зодоон хийх гээд зүтгээд байхад нь Одбаяр дундуур нь орсон гэх мэдүүлэг байдаг. Хохирогчид шүүгдэгч Д.А, Э.Х хоёр санаатай гэмтэл учруулсан уу, үгүй юу, эсхүл зүй бус үйлдлийг зогсоох үйлдэл хийхэд Одбаяр санамсаргүй байдлаар цохигдсон уу, ер нь уг гэмт хэргийг хэн нь үйлдсэн болохыг тодорхойлоогүй. Гол гэрч болох Нанзад анхан шатны шүүх хуралдаанд оролцож өөрийн өгсөн мэдүүлгээсээ буцсан байдаг. Гэрч Ганчимэг шүүх хуралд ирээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Х тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.

                                 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Д.А, Э.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 35 дугаартай шүүгдэгч Д.А, Э.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийж эргэлзээтэй асуудлыг шалгаж нэг мөр болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” зэргийг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгахыг, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад яллагдагчийн үйлдсэн “гэмт хэргийн шинж нь” Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгахыг тус тус заажээ.

Гэтэл прокурор  шүүгдэгч Э.Адьяа, Э.Х нар нь хохирогч Ц.Одбаярыг хэн нь хэрхэн яаж зодсон талаарх гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтэдээ тодорхой дүгнээгүй байх тул яллах дүгнэлтийг хуульд нийцүүлэн үйлдэж ирүүлвэл зохино.

 

 Хэргийг шийдвэрлэхэд хохирогчийн биед хэн, хэрхэн  яаж гэмтэл учруулсан болохыг тогтоож, дүгнэх нь чухал ач холбогдолтой юм.  

 

Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн тохиодолд яллагдагч бүрийн тухайн гэмт хэргийг үйлдэхэд ямар хэлбэрээр оролцсон, ямар үүрэг гүйцэтгэснийг тогтоож, уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол буруутгах хууль зүйн үр дагавар үүсдэг тул үйлдэл оролцоог тодорхой дүгнэж, яллах дүгнэлтэд заах нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ. 

 

Иймд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан байх тул шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Харин шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг минутыг тогтоож, тухайн дуудлага мэдээлэл дээр ажилласан цагдаагийн алба хаагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй байна.

 

Мөн  шүүхийн тогтоол 2019 оны 3 дугаар сарын 4-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд прокурор тогтоолыг 2019 оны 5 дугаар сарын 8-нд гардан авсан байх тул тогтоолыг хуулийн хугацаанд гаргаж ажиллах тал дээр анхаарах шаардлагатайг мэдэгдэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                     ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ